Mongolia Travel Guide, Mongolia Travel, Travel to Mongolia, Travel in Mongolia
0

Эх хэлэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй

Enkhtuul“Оюунлаг Оршихуй” цуврал уулзалт Ирланд улсад анх удаагаа зохиогдож буй анхны дугаарын зочиноор хэл бичгийн ухааны доктор Г. Энхтуул уригдан оролцож байна.

Др Г. Энхтуул нь 2000 онд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургууль- хэлбичгийн ухааны бакалавр, 2003 онд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургууль- англи хэлний заах арга зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан ба 2012 онд Ирланд улсын боловсролын яамнаас баталсан олон улсад англи хэл заах эрх бүхий мэргэшсэн англи хэлний багшлах эрх TEFL-ийн зэрэг хамгаалсан бөгөөд Английн Лондон хотын “Белл” коллеж болон Ирландын “Swan- Language Institute”-д англи хэлний багш нарын заах аргазүйн мэргэжилt дээшлүүлэх дадлага хийсэн. 2013 онд “XIX зууны уламжлалт монгол хэл шинжлэлийн сэтгэлгээний хөгжил” сэдвээр хэлбичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Монгол судлаач, монгол хэл, бичгийн багш, англи хэлний багш мэргэжилтэй. Түүний судалгааны үндсэн чиглэл- монголын уламжлалт хэл шинжлэлийн түүх- эх бичиг, сурвалж бичгийн судалгаа, монгол хэлийг гадаад хүнд заах арга, монгол-англи зэрэгцүүлсэн хэлзүй, утга судлал. Одоо Ирланд улсад англи хэлний албан ёсны орчуулагчаар ажиллахын зэрэгцээ “Монголын үндэсний хэл, бичиг соёлын төв”-ийн гадаад харилцааны албаны даргын алба хашиж байна.

Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

З: Юуны өмнө бидний урилгыг хүлээж авсан Танд баярлалаа. Таны илтгэлийн сэдэв, гол санаа юу вэ, ямар асуудлыг хөндөж ярих вэ?

Э: За баярлалаа, юуны өмнө та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Олон нийтэд нээлттэй “Оюунлаг оршихуй” хэмээх цуврал хэлэлцүүлгийн Ирланд улсад болж буй анхны дугаарын зочиноор намайг оролцуулан санал бодлоо илэрхийлэх боломж олгосонд баярлалаа. Энэ удаа бид “ОРШИХУЙН ҮНДЭС НЬ ХЭЛ, БИЧИГ, СОЁЛ” гэсэн сэдвээр ярилцна. Аливаа үндэстний оршихуй хийгээд тусгаар тогтнолын хамгийн гол дотоод хүчин зүйл нь тухайн үндэстний хэл байдаг. Бидний ярих өнөөдрийн сэдэв чухам үүнтэй холбоотой бөгөөд үндэстэн оршихуйн суурь хүчин зүйл болох эх хэл, эх хэлний дархлаа, хэл сэтгэлгээний холбоо болон хэлийг мохоож, гажуудуулж байгаа хүчин зүйлсийн талаар ярилцах болно.

З:Өнөөдөр бид эх хэлэндээ хэр хүндэтгэлтэй хандаж байна гэж та боддог вэ ?

Э: Монгол хэл бол монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа юм. Харамсалтай нь сүүлийн үед эх хэлээрээ ярьдаг монгол хүн атлаа монгол хэлээрээ ярихдаа гадаад үгийг ихээр хэрэглэх, монгол гадаад үгсийг хольж ярих байдлаар хэлний хэм хэмжээг зөрчиж буй нь үнэндээ эх хэлэндээ хүндэтгэлгүй, харийн сэтгэлээр хандаж буйн хэрэг юм. Тухайн ойлголт, ухагдахууных нь нэршил нь монгол хэлээр байтал гадаад үгсийг ихээр хэрэглэх нь эх хэлээ зэрэмдэглэж байгаа хэрэг гэдгийг манай залуус ухаарах хэрэгтэй байна. Учир нь хэл бол зөвхөн хүмүүсийн харилцааны хэрэглүүр төдий ойлголт биш тухайн үндэстний соёл, түүх, уламжлалыг зуунаас зуунд хойч үедээ дамжуулан хүргэж байдаг оюунлаг оршихуйн хөлөг юм. Бид ирээдүй хойчдоо эх хэл бичгээрээ дамжуулан түүх, соёл, уламжлалаа үлдээх тул монгол хэлнийхээ цэвэр ариун байдлыг хамгаалахад хүн бүр сэтгэл зүрх, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэмээр байна. Хэл бол аливаа улсын оршихуйн дотоод хүчин зүйл билээ.

З: Тэгвэл эх хэлнийхээ дархлааг хамгаалахын тулд бид юу хийх хэрэгтэй вэ таны бодлоор?

Э: Монгол улс оршин байгаа цагт монгол хэл маань устахгүй ч эх хэлний бүрэн бүтэн, цэвэр ариун байдал гажуудахгүй гэсэн баталгаа алга байна. Техник, технологийн хөгжлийг дагаад гадаад үг хэллэг өнөөгийн эрин зуунд дэлхий даяар нэвтрэх болсон ч бид тэдгээр шинээр орж байгаа үгсийг монгол хэлээр хөрвүүлэх, шинэ нэр томъёо зохиож үгийн сангаа баяжуулах нь чухал юм. Харин огт хөрвүүлэх бололцоогүй үгсийг монгол хэлний авиа зүй, хэлзүйн бүтцэд тохирсон монголжсон үг болгож нутагшуулан хэрэглэх хэрэгтэй байгаан дээр төрөөс нэр томьёог монголчлох, үгийн санд шинэ үгсийг бүртгэх, албан байгууллагын нэр, хаягийг монгол хэлээр бичих, телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэл найруулга, зөв хэллэг болон хэлний зөв хэрэглээг нэвтрүүлэх талаар баримтлах хууль гаргаж журамлах, даган мөрдөх хэрэгтэй байна. Монгол хэл, бичиг, соёл урлагаа сурталчилсан олон талт соёлын ажил, сургалт, арга хэмжээнүүдийг залуусын дунд тогтмол зохион байгуулах, эх хэл соёлоороо бахархах, хайрлан хамгаалах үндэсний ухамсартай монгол иргэнийг бэлдэхэд төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй байна. Өнөөдөр тулгамдаад байгаа монгол хэлний дархлааг хамгаалах талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа, монгол хэл, бичиг, соёлоо дэлгэрүүлэх үйлсэд тань амжилт хүсье! ЭХ ХЭЛ, БИЧИГ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ИЛРЭЛ, ОЮУНЛАГ ОРШИХУЙН ҮНДЭС ЮМ. Эх хэл, соёлоо дээдэлье!

 

Ангилал: Оюунлаг Оршихуй Таг: , , ,

Leave a Reply

Submit Comment

Британийн Монголчуудын санаачилгаар зохиогдож эхэлсэн "Монгол орны хөгжилд" уламжлалт чуулган

ШУУД ХОЛБОГДОХ

Гадаад Хэргийн Яамнаас хилийн чанадад, дотоодод байгаа иргэд, байгууллагын санал хүсэлт авах, хариу өгөх 24 цагийн хотлайн 6226-2222 утас ажиллуулж эхэллээ. 

 

Бичлэгийн архив – Огноогоор

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Designed by SmartDesign.