Mongolia Travel Guide, Mongolia Travel, Travel to Mongolia, Travel in Mongolia
0

Монголчууд ийм байдалтай эвлэрэхгүй байхыг уриалан дуудаж, бодит байдлын тусгалыг уран сайхны аргаар дүрслэлээ

Лондон хотноо уран бүтээлээ туурвиж байдаг зураач Тодын Отгонбаяр ахтай бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэднийд ороход айлд биш уран зургийн галарейд орсон мэт санагддаг. Отгоо ах маань 10 жилийн өмнөх нэгэн бүтээлийнхээ шинэчилсэн хувилбарыг 3 жил хагас зурж дөнгөж дуусгаад буй тухайгаа ийнхүү хүүрнэв.

  • Бүтээлийн нэр: Хар Мангас!
  • Зураач: Тодын Отгонбаяр.
  • Зургийн хэмжээ: 123х160 см
  • Бүтээсэн огноо: 2014.07.06- 2017.11.24 /3 жил,4 сар,18 хоног
  • Бүтээсэн материал: Акрилик будаг, зотон даавуу.
  • Бүтээсэн арга барил: Сюрреализм
  • Бүтээлийн хэлбэр, зохиомж: 20-иод хэсэг, 150 гаруй элементээс бүрдэнэ.
  • Нэмэлт тодруулга: 2005-2007 онд бүтээсэн “Хар Мангас” зургийн 2 дахь хувилбар.
  • Бүтээлийг туурвисан газар: Лондон хот, Их Британи Улс 

Д.Цэрэнбат: Тантай би яг 10 жилийн өмнө нийгэм дэх авилгал хээл хахуулийн байдлыг дүрсэлсэн зургийн тань тухай “Орчин цагийн бүжиг хийгээд ороо бусгаа цагийн байдал” ярилцлага хийж байснаа санаж байна.  Гэтэл та 10 жилийн дараа бүр аймаар! илүү олон дүрслэл, өгүүлэмж багтаасан “Мангас” зуржээ. Таны энэ 2 зургийг харахад өнгөрсөн 10 жилийн хувьд манай нийгмийн гажуудлын түгэн дэлгэрсэн байдал сэрд хийтэл харагдах шиг санагдав. 10 жилийн өмнөх тэр бүтээл дараагийн хувилбараа бүтээсэн нь нэг талаар тун эмгэнэлтэй юм.

Т. Отгонбаяр: Тийм шүү! Харамсалтай байна. Өнгөрсөн 10 жилийн турш авилга хээл хахууль Монголд хэрхэн улам бүр тархаж улс нийгмийг туйлдуулж буй нь миний оюун санаанд ингэж л дүрслэгдэж байна. Энэ зураг бол бидний Монголчууд ийм байдалтай эвлэрэхгүй байхыг уриалан дуудсан, бодит байдлын тусгалыг уран сайхны аргаар дүрслэн үзүүлсэн бүтээл гэж ойлгох хэрэгтэй. Бүтээлийн агуулгын хувьд эдүүгээ авилга, хээл хахуулийн сүлжээ нийгмийн бүх давхрагыг хамран Монголын сайхан орон, монголчууд биднийг эрхшээлдээ (бүрэн?) оруулж байна гэсэн  утга санааг би энэ зургаараа илэрхийлэх гэсэн юм. Би зургаа бүхэлд нь бараан саарал өнгөөр бүтээсэн нь өнөөгийн манай нийгмийн амьдралд бараан тал нь давамгайлаад байна гэсэн санаа.Мэдээж манай Монголд гэрэл гэгээтэй зүйлс бишгүй л байгаа гэж хэн нэг нь маргах байх. Тэр үнэн. Манай зураачид Монголынхоо өнгөлөг талыг харуулсан олон сайхан бүтээл тууриваж буй учир би нөгөө талыг нь үзүүлэе гэж зорисон юм. Учир нь нийгмийн амьдрал гэрэлтэй бас сүүдэртэй билээ. Зураг маань 20-иод хэсэг, 150-иад элементээс бүрдсэн нүсэр эд. Тэхээр энд дүрслэгдсэн зүйлсийн илэрхийллийг хэсэг нэг бүрчлэн тайлбарлах нь зүйтэй болов уу.

Д.Ц: Ийм дүрслэл урд өмнө харж байгаагүй юм байна.

Т.О: Зургийн дээд төв хэсэгт энэрэнгүй дүртэй бурханы дүртэй хослон догшин сахиус архирч байгаа. Ийм гаж дүр төрх өнгөрсөн 30 шахам жилд төр засгийн эрхийг ээлжлэн барьсан манай улс төрчдийн үнэн нүүр царай, аймшигт мангасын толгой нь! Сонгуулийн сургаар тэдний инээд алдсан, энэрэнгүй сайхан дүр төрх, үг яриа, хэд гурван төгрөгт нь хууртан саналаа өгч толгой дээрээ залдаг ард түмэн билээ, бидний монголчууд! Гэтэл тэд сонгууль дуусмагц их мөнгөний санд нэвтрэн орж авилга, хээл хахуульд автан хуурамч багаа хуулан догшин ширүүн дүрд хувирдагыг бид бишгүй дээ нэг харлаа. Дотроо идэх төдийгүй хэдэн тэрбумаар нь хулгайлан хилийн чанад (off-shor) аваачиж нуучихаад ард түмэндээ хандах болохоор харамч хахир! Тэдний дүр төрх миний оюун санаанд ингэж л буугаад байдаг юм даа. Түүнийгээ зурсан нь энэ.

Д.Ц: “Титэмтэй могой”, танил дүрс байна, бас харь зүгийн хар саарал шувуу мэт амьтныг урин дуудах мэт 

Т.О: Чи таньж байна. Энэ зургийн анхны хувилбараа зурж байх 2007 онд Монголын хаан шахуу болчихсон байсан нэг хүн байсан дээ. Богд хааны малгайн копиг өмсчихсөн нэг зураг байдаг. Тэрнээс санаа авсан. Гэхдээ үүнийг зөвхөн ганц тэр муу нэрт гэж харах хэрэггүй. Угаасаа л тэдний нийтлэг дүр. Тэрхүү гаж дурсийг урин дуудах нь өнөөгийн монгол авилга хээл хахуульд автах ухааныг гаднаас авсан гэсэн санаа. Түүнийг анхааралтай уншвал энэ хар мангасын дотор байгаа элементүүд тэнд байгаа.Тэдний доогуур цээжин биед байгаа аймшгийн дүрүүд ямар санааг илэрхийлж байна?Т.О: Аан энэ үү! Тэд өөрийн “үрсээ” төрүүлэн бойжуулж гавлын яс, эрднэсийн ч

имэг зүүлтээр гоёсон байгаа биз! Хойч үеээ системтэй, хатуухан бас муугүй боловсролтой бэлтгэж байна гэсэн утга!  Чөтгөрийн бага нь адтай гэгчээр тэдний “үрс” хамгийн орчин үеийн техник, технологи, мэдлэг мэдээлэл,менежмент ур чадварыг эзэмшсэн гэдгийг гар утсаар төлөөлүүлэв. Тэд алт мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй хатуу хүмүүс болж өсч өндийж байх шиг. Ер ч алалцаж байна даа. Өөрийн ухаан боловсрол, хүч хөдөлмөрөөр хуулийн хүрээнд ёс зүйтэй баяжсан хүмүүсийг би хүндэлдэг. Тэднийг капиталистууд гэж нэрлээд байх шиг. Харин улс төр лүү намаар дамжин хэн нэг ивээгчийн өвөрт шурган өсөж бойжоод албан тушаалд хүрч авилга хээл хахуулиар баяжиж байгаа хүмүүсийг хараад зэвүү хүрдэг. Эднийг олигархиуд гээд байх шиг. Тэд нам дамжин сүлжилдээд полигархи гэгч болчихдог байх. За тэгээд капиталист нь полигархитайгаа нилээд замаа алдаж байна доо.Тэр дээр цээжин биеийн дүрүүд эд нар шүү. Нийгмийн баян ядуугийн ялгаа дээд цэгтээ хүрээд дэлбэрэх цагт ядуус эднийг хэн нь хэн бэ гэдгийг ялгахгүйгээр арчаад л өнгөрнө ш дээ…

Д.Ц: Энэ Шүгдэн үү?
Т.О: Тийм. Их сонин шүү. Аймаар мундаг боловсролтой юм шиг мөртөө шал мухар сүсэгтэй хүмүүс тэдэн дотор байх юм. Шүгдэнг бүгд мэдэх учир тайлбар хэрэггүй биз ээ.

Д.Ц: “Баруун талын ясан гар нөгөө харь зүгийн хар саарал шувуу мэт амьтны зүг заан далдын холбоог хүсэмжлэхүйд…гэж та бичжээ. Энд “барууны” гэсэн утга байна уу.
Т.О: Барууны үзэл санаа-Либерализм- Неолиберализм гээд яриад байна даа. Одоо эргэж бодоход 1990 онд ядуу Монголд барууны либерал эдийн засгийн цочир эмчилгээний арга хэт хатуу бодлого хэрэгжүүлсэн нь алдаа болсон байх аа! Дээр нь улс төрийн шинэчлэл давхар хийсэн. Ардчилал нь анархизм болж хувирсан.Авилга хээл хахууль ил цагаан ичих айх юмгүй болсон.Аймаар! Нийгэм аймаар хатуу харгис учир хүмүүс ч их эвдэрсэн. Барууны хэт ардчилал Монголд маань зохихгүй байх шиг. Одоо Монголд хатуу гар хэрэгтэй байна. Түүхээс үзвэл Монгол хатуу гартай удирдагчийн үед хөгжиж байсан байх юм. Гэтэл Монгол маань өнгөрсөн 28 жилд хөгжсөн нь бас түүхэн үнэн. Зөрчилтөй л дөө.

Д.Ц: 2 төрлийн амьдралыг илтгэсэн монгол гэр, туйлдаж ядарсан цагаан унага
Т.О: Монголд маань нэг хэсэг нь сайхан амьдарч байнаа. Би түүнийг үгүйсгэхгүй! Харин нөгөө буюу дийлэнх хэсэг нь? Ядуусыг өөрийн муугаас гэж зэмлэх нь бий. Микро орчинд авч үзвэл тийм байж магад. Гэвч макро орчинд бол яах аргагүй Төр засгийг эзэгнэж буй энэ гаж төрхт Хар Мангасын буруу! Авилга, хээл хахууль,ажилгүйдэл, ядуурал,архидалт, өвчлөл,гэмт хэрэг, нийгмийн тогтворгүй байдал бүгд салшгүй холбоотой.

Цагаан морин жил мэндэлсэн хөөрхөн цагаан унага минь хөсөр хэвтэн орон гэр лүү нь бэдрэх гаж төрхт хилэнцэт хорхойг яахаа ч мэдэхгүй алмайран харна! Аав ээж, авгай хүүхэд, ахан дүүс, анд нөхдийнхөө хамт миний зүтгэж явсан Монголын Ардчилал ийм болжээ гэсэн санаа л даа. 1789 оны Францын хувьсгалаас тоолж үзвэл нийгмийн ардчилал, барууны ардчилал ч гэж ярьдаг үзэл санаа дэлхий нийтэд түгээд 228 жилийн урт хугацаа өнгөрлөө. Түүнтэй жишихэд Монголын ардчилал дөнгөж л унаган насан дээрээ байна даа.

Д.Ц: Аймшигт хар мангас нөгөө талдаа 3 гартай юм байна. Эрлэг хааны дохиур,100 саяын үнэтэй цаг, дээгүүр тавтай зугаалах хилэнцэт хорхой, хос могой, хүний далдалж явах биеийн хэсгээс урган гарсан хар гарт…Зориг агсны толгой !
Т.О: Харин тийм. Би зурах уу, болих уу? гэж удаан бодсон. Өнгөрсөн түүхэн богино хугацаанд олон хүн зүй бусаар амь насаа алдсныг түүний хөргөөр төлөөлүүлсэн юм. Бүгд мэдэж байгаа. Зориг, Дангаасүрэн, Дашбалбар, Зэнээ, О.Энхсайхан, ирвэс хамгаалагч хүү, сэтгүүлч Болормаа, Онцгой байдлын гал сөнөөгчид…гээд зөндөө! Эд нар хууль ёс, эх орныхоо газар шороо, байгаль орчноо хамгаалж яваад эрсэдсэн. Миний эргэлзээнд С.Зоригийн хэргийг шүүж байгаа жүжиг цэг тавьсан. Яагаад захиалагчийг зарлахаас айгаад байна?
“Засгийн газар С. Зоригийн хэргийг нууцаас гаргах эсэхийг хэлэлцээд уг хэрэгтэй холбоотой 15 мянган хуудас материалаас 14926 хуудсыг нууцаас гаргах аж. Харин үлдсэн 74 хуудас материал нь захиалагчтай холбоотой мэдээлэл учраас нууцын зэрэглэлд үлдээнэ гэж эх сурвалж мэдээллээ” гэнэ. Тэр 74 хуудас л сонин болохоос бусдыг нь монголчууд ерөнхийдөө мэднэ ш дээ.

Д.Ц: Энд нэг эрвээхий байна.
Т.О: Чи сайн ажвал дуран мэт дүрлийсэн, аймаар ч юм шиг хоёр нүд үл цавчин анхааралтай ажиглан “бичлэг” хийж байгаа. Хүн хүндээ чоно болсоон гэдгийг үүгээр харуулж байгаа юм.

Д.Ц: Генийн кодоор бүгд холбогдож. Авилгал эсийн түвшинд  нэвтэрчээдээ

Т.О: Наадах чинь мангасын гени. Тийм ээ, бүгдийг нь нэвт шувт сүлбээд, холбоод, бохиртуулаад, хордуулаад, алаад хаяж байгаам. Наадах чинь энэ зургийн маань утга агуулгыг илэрхийлж буй Амин Сүнс нь!

Д.Ц:Хар мангасын нөгөө тулгуур буюу хөл нь нэгэн биеийн толгойг няц гишгэжээ. Энэ зэрэмлэгдэн хэвтэж буй толгойгүй бие бол өвөг дээдсээс бидэнд бараг л бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн эх нутгийн маань өнөөгийн бодит байдлын тусгал! Хайлж буй эх орон, газар шороо минь хайран! хэмээн гаслах мэт гунихаран зогсоо нь зураач би.  Өмнө нь газрын дороос их баялаг нээгдэхэд баярлан баясдаг тэр цаг өнгөрчээ. Хэрэв эх орных нь баялаг эх орныхоо эздэд нь хүртээлгүй юм бол түүнийг ашиглахын хэрэг юун!

Чухам яагаад архины хөшөө оруулсан, бөхчүүд хэрхэн авилгажсан нийгмийн томоохон төлөөлөл эд эс болж эрх мэдлийн оргил өөд тэмүүлэх болсон, цулгай одон медаль нь хомроглон тараах болсноор үнэ цэнэгүй болсныг илэрхийлсэн тухай, энэ бүгдээс гарах зам хувьсгал гэхдээ сонгуулийн хувьсгал болох тухай, бүтээлээ олонд  хэрхэн хүргэх тухай,  Сюрреализмын (Surrealism) гэж юу болох, зураач хүний цаг үеэсээ  ангид амьдрахын жаргал зовлон гээд бидний яриа олон сэдвийг хөндөн удаан үргэлжилсэн. 

Отгоо ахын бүтээлийн утга санааг өөрөөр нь яриулж, сэтгэлгээнийх нь гайхам өнцгийг бусад олонтойгоо хуваалцахсан гэсэн адгуу бодол эрхгүй төрсөн. Ингээд юун түрүүн Оюунлаг Оршихуй цуврал ярилцлагын нэг дугаарт урьж уг уулзалтыг зохион байгуулахаар Лондон дахь Монгол сургалтын төвийн хамт олонтойгоо хэлцэж тохирлоо

Отгоо ах гэдэг нэг ийм өвөрмөц сонин сэтгэлгээтэй зураач бидний дунд даруухан амьдарч уран бүтээлээ тууриваж явна. Түүний энэ бүтээл энгийн нэгэн зураг биш далд санаа, гүн бодол эрэгцүүлэл, бясалгал, хачирхам этгээд  ёгт утга, аймшиг, хошин өгүүлэмж, дүрслэл хослосон нүсэр эд ажээ. Бас цагтаа маркийн Отгоо хэмээн нэртэй явсны ул мөр, уран нарийн зураач, нягт нямбай урлал энэ зурагт нэвт шингэжээ. Анхааралтай үзэхтун, бясалгахтун! 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ангилал: Ярилцлага Таг: ,

Leave a Reply

Submit Comment

Британийн Монголчуудын санаачилгаар зохиогдож эхэлсэн "Монгол орны хөгжилд" уламжлалт чуулган

ШУУД ХОЛБОГДОХ

Гадаад Хэргийн Яамнаас хилийн чанадад, дотоодод байгаа иргэд, байгууллагын санал хүсэлт авах, хариу өгөх 24 цагийн хотлайн 6226-2222 утас ажиллуулж эхэллээ. 

 

Бичлэгийн архив – Огноогоор

December 2017
M T W T F S S
« Nov    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Designed by SmartDesign.