BLkhagvasurenBaasanEgchБританийн Монголчуудын дунд зохиогдож буй “Оюунлаг Оршихуй” уулзалт ярилцлагын 13 оны цувралыг отголуулж, шинэ оноо хамт угтах ажиллагаанд оролцохоор их найрагч, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, эхнэр С.Баасан эгч нар бидний урилгыг хүлээн авч хувийн ажилаа хойш тавин зорин зорин ирсэн билээ.

…Өдрийн онгоцноосоо хоцорсон зочидоо оройн онгоцноос тослоо. Бодсоноос их бөхийжээ. “Нуруу өвддөг болсон. Суудлын өвчин” гэв. Царай зүс толигор сайхан. Хэдий өдөржин замын явдалд шовшоргодсон ч, гэрт ирсний дараа цөөнгүй цагаар нутаг орны хууч сонин ярьж, залгуулан шинэ номоо дэлгэн найргийн бяцхан хур буулгалаа.

“Жүжиг энэ тэр бичиж солиорсоор 10-аад жил шүлгийн ном гаргаагүй. Ингээд олон жил тархиндаа зовоосон шүлгүүдээ нэгтгэн “Зовсон сүү” нэртэй номоо хэвлүүллээ” хэмээсэн. Номонд уянгын болоод бодролын шүлгүүд, дууль, жүжгийн зохиолууд нь багтжээ.

Тэрээр шүлгүүдийнхээ санааг хэрхэн олсон, ямар санааг шүлгийнхээ хаана хэрхэн гаргасан зэргээ догдлон ярих. Би дагаад “дуугуй” догдолно.

Монголын Их Нүүдэл шүлгийнхээ тухай тэрээр “Монголчууд нүүдэлчид, эх нутгаа сэтгэлдээ байнга тээдэг нүүдэлчид. Амь халисан ч нутаг руугаа нүүнэ гэсэн санаанаас

Бусдын нутагт амь халивал
Булшин дороосоо “оргож”
Яргасан үндэс чулууг сийчин тэмцэж
Ясаа үйрэн үйртэл зүтгэж
Эргээд нутаг руугаа нүүдэг
Их монголын нүүдэл.

гэж бууж байгаа юм. Өмнөх мөрүүд нь чимэг төдий, гэхдээ мэдээж сайхан буулгана шүү дээ” хэмээгээд инээвхийлнэ. Тэгснээ удалгүй бас нэгэн шүлгийнхээ тухай яриа эхлүүлэн номоо шүүрэн авч уншаад “… гэж хэлж байгаа юм даа” хэмэээгээд хав хийтэл хаан буцааж тавих ч удалгүй дараагийн шүлгийнхээ тухай яриа дэлгэж, үйлдэл давтагдана. Их найрагчийн шүлгээ тайлбарлаж бас уншиж буйг харахуйд ёстой л зовж хурсан сүү сад тавин асгаж буй агшин. Ийм мөчийг юугаар солихсон.

AlbertHaanyHushuuniiUmnu

Маргааш нь бид Лондон хөдөлж товлосон уулзалтаас өмнө ганц нэг гудамж зээлийн газраар ороод Алберт хааны хөшөөнөө очлоо. “10 жилийн өмнө ирэхэд миний сэтгэлд үлдсэн хөшөө. Хөшөөг ингэж олон үетэй (8 үе байна гэж хамтдаа тоолов) утга агуулгатай барина гэдэг гайхамшиг. Викториа хатан хаан нөхөртөө ийм хөшөө босгоно гэдэг, мөн ч их хайр байсан хэрэг ээ,” шогшроно. 4 талд нь гарч тэр цагт Британийн эзэнт гүрний эзэрхэж байсан 4 тив дэх улс орнуудын төлөөллийг бэлэгдсэн баримал бүрийн өмнө зургаа татууллаа. Бичиж туурвих бүтээлийнхээ чимэг болгон ийнхүү зураг татуулж буйгаа дурссан. Их найрагч урлагийн бүтээлүүд тэр дундаа уран зургийн талаархи мэдлэг мэдрэмж тун өндөртэй нь ярианаас нь илт. Төгөлдөр хуур таарсан ч нэг ая тоншоод өнгөрөх, “хөгжмийн энэ төрөл ийм тийм” гээд яриа эхлэх. “…Би чинь зураач мэрэгжилтэй хүн шүү дээ. 4 хүү маань зураач. 20 зураг бүтээх бодолтой, сэдвүүд нь тархинд явдаг юм. Хүүхдүүдэд хожим хоол болно. Зураач нар өөрсдийнхөө насанд ойлгогдох нь бараг үгүй шүү дээ. Цаг хугацаа л ойлгуулна. Дараа үе нь ойлгоно. Миний “Зоргоороо” гэдэг зураг С.Баярынд бий. Сүрэг адуу нэг тийш давхиж байхад ганц цагаан адуу нөгөө зүг рүү нь давхиж яваа зураг… “ сонсоод л явлаа

ОЮУНЛАГ ОРШИХУЙ уулзалтаас хийсэн тэмдэглэл

BLkhagvasurenUulzalt1Дээр хэлсэнчилэн Лондонд ирсэн түүний гол зорилго Оюунлаг Оршихуй цувралын хүрээнд Монголчуудтайгаа уулзаж ярилцах, шүлэг найргийн дээжээсээ уншиж сонирхуулахад байсан. Элчин сайдын яамнаа 100 орчим хүн найрагчийнхаа үгийг сонсож, найргийн сайханд нь оюунаа баясгахаар цуглажээ.

Уулзалт дээр их найрагч маань эх нутгаас ирсэн хүний хувьд, бас эцэг хүний хувьд хэмээн тодотгон хэлээд нутгийн сонин сонсгож улмаар сонирхсон асуултуудад хариулан төгсгөлд нь шинэхэн гаргасан “Зовсон сүү” номынхоо талаар танилцуулж бүтээл найргаасаа уншиж сонирхуулав.

…Эх орон тань муухай байна гэж би туйлширахгүй, сайхан байна гэж хөөрөгдөхгүй. Эх орон тань сайн муу, сайхан муухайтайгаа бүтэн байгаа л гэж хэлэе.

…Би та нарыг эргэж оч, эх орноо хөгжүүл гэж шавдуулахгүй. Та бүхэнд энэ нутагт байх өөрсдийн бодсон бодол, зорьсон зорилго бий. Тэрийгээ л хичээж сайн биелүүлээрэй хэмээн захая.

…Гадаад улс орнуудад сайн сайхан яваа нь ч бий тааруу яваа нь ч бий. Хүн шиг л байх нь хамгийн чухал.

… Монгол хүн тэртэй тэргүй хаана ч явсан эх нутгаа гэдэг. Би Монголын Их Нүүдэл шүлгэндээ энэ санааг гаргаж илэрхийлсэн нь бий.

Би гадаадад суугаа нэг хүнээс ясаа хаана тавих вэ гэхэд хариулж чадахгүй хэсэг дуугуй түгдэрсэн. Тэгэхэд нь би “чиний энэ хариулж чадахгүй түтгэлзэж буй агшинд эх орон чинь байдаг юм” гэж хэлсэн. Та нарын бүгдийн дотор эх орон чинь яваа.

…Загнуулсан хүн сайн хүн болдоггүй гэж эцэг хүний хувьд боддог юм. Үр хүүхдээ битгий загнаж байгаарай, учирлаж ухааруулж байгаарай…

Асуулт хариултууд

Их найрагчийн шүлгүүдээс уншихыг хүссэн, хэрхэн бичсэнийг нь, зарим шүлгүүдийн эзэн хэн болох тухай лавласан асуултуудад тэрээр ийнхүү хариулав

Яруу найрагч, зохиолч хүнд ажиглаж мэдэрсэнээ зохиомжилж бичих эрх бий. Заавал бүгдийг үзэж туулах албагүй шүү дээ. Миний олон шүлгүүдэд хүмүүс эзэн хайдаг, асуудаг. Тийм юм байхгүй. Хөдөөний ахуй амьдралын тухай олон шүлэг бий. Би чинь 3 наснаасаа суурин газар амьдарсан хүн. Яг туулж амсаагүй ч тэр ахуйг мэдрээд бичдэг. Хөдөөний найр наадам дээр тэр бүр хэсээд байдаггүй ч тухайлбал “Хуримын зар” шүлгийг ийм болов уу гэж мэдрээд бичсэн хэрэг. Эмэгтэй хүний тухай шүлгүүд ч мөн ялгаагүй. Тэр шүлгүүдээс маань уншигчид “эзэн” асуугаад байдаг. Хэдхэн жилийн өмнө Монголд нууц амрагийн тухай шүлгийн уралдаан болж Улаанбаатарт болсон шувтаргын хэсэгт нь “Аргагүй амраг” шүлгээ уншаад түрүүлж байлаа. Энэ бол бас нууц амраг гэж ийм л болов уу гэж мэдрээд бичсэн хэрэг.

Түүхэн сэдэвтэй зохиол гэхэд зохиолч өөрийн үзсэн судалсан дээрээ тулгуурлан мэдэрч бичнэ. Тухайлбал “Тамгагүй төр” жүжигт би Чингис хаан ингэж л хэлэх болов уу гээд зохиогоод бичсэн зүйлс бий.

Найрагчийн хамтран хөтөлж сүүлийн үеийн олонд хүргэж буй оюуны нэгэн томоохон бүтээл болох “Монгол тулгатаны 100 эрхэм” нэвтрүүлгийн тухай асуултууд цөөнгүй гарлаа

…Уг нэвтрүүлэг хамт олны бүтээл…Бид хэнийг сонгох юу асуухаа хамтдаа ярилцаж шийддэг… Миний хувьд хэлж зөвлөж суудаг. Туургатан гэж анх байсныг туурган дотроо бусад Монголчуудаа багтаахаа байсан тул дундаа дүрэлзэх тулга аа тойрон нэгдэе гэсэн санаагаар тулгатан болгосон.

Энэ цагийн эрхэм хүмүүсийг олж үгийг нь өөрсдөөр нь хэлүүлж авч үлдэх нь нэвтрүүлгийн гол санаа. Хэлчихээсэй гэсэн үгийг хэлж өгдөггүй хэцүү зүйлс ч бий. Тухайлбал Цэдэнбал даргын амьсгал татахдаа хэлсэн сүүлийн үгийг Шагдарсүрэн гуайгаар хэлүүлэх гээд бараагүй. Надад өөрийн сонссон золибон хувилбар байдаг ч чихээр дам сонссоныг амаар гаргаад байж болохгүй. Шагдарсүрэн гуай бол яг үнэнээр нь мэдэх хүн юм. Таарах эсэхийг нь мэдэх, түмэнд хүргэх гээд байсан хэрэг..

…Зарим нь чамлалттай ч нэвтрүүлэг бий байх, үзэгч олны оюуны шүүлтүүрт очиж дүнгээ тавиулдаг. Нэг нэвтрүүлэг хийхэд багагүй цаг хугацаа шаардагддаг. Цацаж гаргахын өмнө дор хаяад 10 өдрийн эрчимтэй бэлтгэл ажиллагаа явагдана. Наана нь Анужин маань зочины гэрээр болон зохих газруудад нь очиж яриа авна. Миний хувьд ерөнхий зөвлөлгөө өгч, студиод хийгдэх үед асуултуудаа тавьж хөтөлж оролцдог.

..Нэвтрүүлгийг тойрсон хэл ам тасардаггүй. Олонд хүрч бодох, ярих сэдэв болж буй хэрэг. Хойшид ямар хэлбэрээр хэрхэн хийх вэ гэсэн бодол санаа бидэнд бас бий. Илүү хурц асуултууд тавигдаж мэдэх…

…Бүх хар зургаа улсын архивт өгдөг тул нэвтрүүлэгт оруулаагүй өөр олон мэдээлэл хойч үед үлдэж буй гэсэн үг.

Бид ямар ч байсан 100 эрхэм хүнээсээ нэвтрүүлгээ аваад дуусгана. Монголын ард түмний оюунд барих бидний бүтээл болж үлдэнэ.

Уулзалтын төгсгөлд нь найрагч маань Зовсон сүү номынхоо зарим бүтээлүүдээс уншиж сонирхууллаа.ZovsonSuuNomynNuur

 Хайку шүлгүүд – “Японы 3 мөрт шүлгийн төрөл байдаг. Миний бичсэн хэдэн хайкуг Японд орчуулж хэвлээд гаргасанд урам ороод нэмэж хэдийг бичин номондоо оруулсан” хэмээгээд хэдийг сонирхуулав

Ижий минь
Хөдөөнөөс ирлээ
Гал “хашгичин” асав
*******
Хөсрий шагай шиг ганц зээр
Хөх талд гуйвна.
Хавар аж
*******
Хоёр юм нэг болдог
Хагацаад…
Эсвэл бие биедээ уусаад
*******
Чимээгүй зуудаг нохой
Булуу мэрнэ
Өөрийнхөө сүүдэрт архирна
*******
Цастай хаврын эцэнхий адуу
Цаасаар хайчилсан юм шиг
Салхинд хийснэ

Бодлын шимэлдэг буюу афоизм мөртүүд

Хүн чамд бялдуучилж “үнэрлэж”
“долоож” байна
Араатан л идшээ ингэж иддэг
*******
Сүүнд “шартсан” хүн гэж үгүй
*******
Ухаан – хувцасгүй нүцгэн
*******
Хүмүн – үхэж амжина
Бүтээж эс амжмуй
*******
Дэлхий хүнээсээ бузартдаг
*******
Муу санаа гэдэг
Итгэхээс татгалзсан БЭЛГЭВЧ

BLkhagvasurenUulzalt2“Аргагүй амраг”

2012 онд Улаанбаатар хотноо зохиогдсон нууц амрагын тухай шүлгийн уралдаанд түрүүлсэн бүтээл

Нуурандаа оройтож ирсэн шувуу шиг
Нууцхан хайр ханиас хождож ирдэг…
Илүүдсэн дутсан сэтгэлээс болоогүй мөртлөө
Ирэх л гэж ирдэг үйлийн үр
Бүтэн амьдралын хайр цавлаж
Бөртийж ирсэн битүү лай
Өөрсдөө л шаналахаар заяасан
Өвс багтахгүй бачуу зай
Саран наран хагацахуйн
Бүрэнхийн заагт оногдсон
Сүүдэр гэрэл хоёрын
Бүлээхэн завсарт хавчигдсан
Үзэхүй сонсохуй хоёроос
Үргэж дандаа зуларсан
Үүлэн чөлөөний жаргалдаа
Үхэж алдан зуларсан
Халирч явахын эз шүглэсэн
Хайртай байхын ад зайдалсан
Хорвоогийн зохионгуйн хөлд тарамдаж
Хатуу зохицонгуйн “солгойд” заяасан
Буруу юу? Зөв үү? гэж асуухад
Бурхан хүртэл дуугардаггүй хачин хайр
Хайр хэмээх далайн ёроолын
Хясаан дундах далд сувд
Халуун улаан голондоо, өөрөө л олохоор нуусан
“Хатан” суудалгүй, “аргагүй амраг”
Онголуулаахад минь хүртэл дутаж дуусах
Орчлонгоос надад өгсөн хагас эрх чөлөө

Монголын их нүүдэл

Өчигдөр
Хүний бузар булайд шархдаж жаргасан нар
Өглөө
Эдгэж мандах цагаар

Үүрийн туяагаар
Ачаагаа цалмаж
Тэнгэрийн заадсаар
Татлага чивчлээн
Монголын их нүүдэл хөдлөнө

Зовсон өвстэй буурин дээрээ
Сүү дусааж хагацаад
Зогдор сэгсэн найгаж
Сүрэг сүүдэр хоёроо урдаа тууна

Намхан, намхан толгодыг
Нуга нуга дарж
Наран саран хоёрыг
Суга, суга өргөж нүүнэ.

Түүчээ атны нуруунд
Тооно, хуур хоёроо ачиж
Түрэмгий хонгор салхины
Ирийг эмтэлж ганхана

Өөжинд суулгасан үр нь
Сүүл хөхөж зүүрмэглэнэ
Өнгөт дөрвөн улиралыг мохоож
Монголын их нүүдэл хөвөрнө

Хөөг хөөг дуунд нь
Хөх тэнгэр хөвсөлзөнө
Хааяа! Хүүе! чимээнд нь
Хавийн уулс босож сууна
Хараацай замыг нь эрэмдэнэ.

Арван тавны тэргэл саранг
Тэмээний хүзүүнд жингэнүүлж
Алтан ургийн монголчууд
Дэлхийн энтэй нүүнэ…

Алаг хорвоогийн бөөрөн дээр
Судар бичиж нүүнэ…
Ачаа хөсгийнхөө мөрөөр
Газар тамгалж нүүнэ.

Хөх тэнгэрийн заадасны
Одод хөглөрүүлж нүүнэ
Хүчирхэг дээдсийнхээ
Сүнстэй цуг нүүнэ

Бусдын нутагт амь халивал
Булшин дороосоо “оргож”
Яргасан үндэс чулууг сийчин тэмцэж
Ясаа үйрэн үйртэл зүтгэж
Эргээд нутаг руугаа нүүдэг
Их монголын нүүдэл.

Бурханаас аваагүй юм надад нэг ч үгүй

Би
Бурханы тунирсан мэлмийгээс
Энэрэхийн их сэтгэл олдог

Би
Бурханы намирсан мутраас
Эсэн мэндийн “жимс” хүртдэг

Би
Бурханы жимийсэн ураалаас
Эгэл үнэн, цөөн үгтэй байхыг олдог

Би
Бурханы амарлингуй завилгаанаас
Элдэвт сандуураагүй тэвчихийн ухаан олдог

Би
Бурханы үзмэн товчтой хөхнөөс
Цагаан сүү олоогүй…
Би мөргөж нэхсэн…
Бурхан надад
Ижийтэй чинь цуг өгсөн … гэсэн….

Би
Бурханы төгөлдөр лагшингаас
Халуу төөнөсөн хайр олоогүй
Би залбирч нэхсэн…
Бурхан надад
Эцэгтэй чинь цуг өгсөн … гэсэн…

Хоёр цаг гаруй үргэлжилсэн энэхүү уулзалт ярианаас цугласан олон оюуны их таашаал хүртсэн буй заа. Олон хүн их найрагчид золгож үнсүүлж, зургаа хамт татуулж, шинэхэн номноос нь авахаар захиалгаа өгч байлаа. Оюуны гэгээ татаж, найргийн хур буусан ийм нэгэн сайхан үдэш.

Буриадын зураач барималч Д.Намдаковийн Лондон дах бүтээлүүдтэй танилцсан нь

Namdakov4Буцахын урд өдөр найрагч маань гэргийн хамтаар “Лингуа Глобал” компанийн захирал Ж.Өнөрмаагийн урилгаар Буриадын уран барималч Даши Намдаковийн уран бүтээлүүдтэй танилцлаа.

Найрагч маань Даши Намдаковын бүтээлийн дээжийг хадгалж байдаг Лондонгийн төвд орших “Халсион” галлерейд ирэх замдаа Лондон хотын төвд Марбел Арчийн ойролцоо босгосон Даши Намдаковын урласан Чингис Хааны уран баримлыг очиж сонирхов.

Удалгүй “Халсион” галлерейд хүрэлцэн ирэхэд нь тус галлерейн менежер Майкл Фрутко их найрагчийг гэргийнх нь хамт хүндэтгэлтэйгээр хүлээн авч цай, кофегоор дайлан Дашигийн бүтээлүүдийн дээжээс сонирхуулав. Их найрагч маань ч урлагын өндөр мэдлэгтэйгээ харуулж, хамгийн эхэнд үзүүлсэн Дашигийн “Хулгайлсан нь” гэдэг бүтээлээс Оросын зураач Серовийн “Европaг хулгайлсан нь” бүтээл шууд үнэртэж байна хэмээв. Майкл, “Тантай санал нийлж байна” гээд найрагчийн зүүсэн бөгжийг ихэд шохоорхон “Энэ Дашигийн бүтээл үү?” гэж асуухад нь найрагч, “Үгүй ээ. Энэ бол Хүннүгийн үеийн булшнаас олдсон ганц эвэртэй гөрөөсний толгойг харж хийсэн эд. Газрын өвчнөөс хамгаалдаг учиртай” гэлээ.

Namdakov1Тэрбээр дараа нь Дашигийн бүтээсэн “Амазон бүсгүй” болон баатар эрсийн уран баримлуудыг сонирхоод, “Манай хадны сүг зураг, олдворууд зэрэгт бол ийм чамин донжтой хөдөлгөөн байдаггүй. Харин тэрхүү орон зайг мэдэрч, олон зууны тэртээх эх сурвалжаас үүдэлтэй ийм сайхан бүтээл гаргаж чадсанд л Дашигийн их авъяас, ухаан оршиж байгаа юм” гэж байв.

Дашигийн бүтээлүүдийг сонирхсоных нь дараа найрагчаас сэтгэгдлийг нь асуухад тэрбээр, “Монголд Хүннүгийн үеийн булш, хиргэснээс өв соёлын үнэт дурсгалууд олдсоны ихэнх нь сюрреалист бүтээлүүд байдаг. Дашигийн бүтээлүүдэд ч энэ их элбэг тусгагдсан байна. Тэрбээр эртний олдвор, хадны сүг зураг зэрэг дорнын уламжлалт урлагын бүтээлийн эх сурвалжуудыг гярхай ашиглаж, орчин үеийн урлагтай чадварлаг хослуулж чадсанаараа ийм амжилтад хүрчээ. Ийм сайхан чадварлаг хийсэн бүтээлүүдтэй, дээр нь өөрөө их уужим саруул, төлөв тогтуун хүн байдаг. Харин бүтээлдээ их хэрэглэдэг, санаа нийлэхгүй байгаа ганц нэг элементүүд бий. Түүнийг би өөрт нь хэлнэ. Дашиг бид “Монголын 100 эрхэм” нэвтрүүлэгтээ оруулсан. Түүнийг анх Оросын нэгэн баян дэмжиж үзэсгэлэнг нь гаргаж байсан залуухан уран бүтээлч байх үеэс нь би мэдэх юм” гэж байв. Найрагч бас, “Монголын уран бүтээлчид маань Дашитай дүйцэхүйц уран бүтээл хийгээд, дэлхийн тавцан дээр гарч ирэх чадалтай. Хүннүгийн үеийн дурсгал гээд тэр чигээрээ бэлэн материал бидний гар дээр байна шүү дээ. Даанч манайхан залхуу, бие биенээ хоосон хөөргөхөөс цааш сэтгэхгүй байна. Namdakov3Ингэж бодоод л дэмий бухимддаг юм” гэх нь нэг ч гэсэн Монголын уран бүтээлч боломжоо ашиглаж, дэлхийн тавцан дээр өрсөлдөөсэй гэж боддог түүний чин хүслийг харуулах аж.

“Халсион” галлерейн хамт олонд их найрагчийн тухай, түүний уран бүтээл, телевизийн нэвтрүүлгийнх нь тухай тэдэнтэй хамтран ажилладаг Ж. Өнөрмаа, уг айлчлалын гэрэл зургийн сурвалжлагыг хийсэн “Азаа” Студийн Ц. Азхүү нар маань дэлгэрэнгүй танилцуулсан тул тус галлерейн зүгээс найрагчийг маань хүрэлцэн ирснийг ихэд хүндэтгэн түүнд Даши Намдаковын уран бүтээл, гоёл чимэглэлийнх нь бүтээлийг танилцуулсан хоёр номыг бэлэглэсэн нь найрагчийн сэтгэлд ихэд нийцсэн сайхан бэлэг боллоо.

Их найрагчийн онгодоор хөглөгдсөн шинэ жилийн цэнгүүн

Британийн Монголчуудын Холбооны шинэ жилийн цомхон баярт найрагч маань гэргийн хамт уригдан оролцлоо. Өвлийн өвгөнөө урьж, өөрсдийн хамтлагаа босгож, дуугаа дуулж, бүжгээ хийн цэнгэх бидний шинэ жилийг найрагч маань зүйл зүйлээр нь “өхөөрдөж” тодорхойлсон.

BLkhagvasurenShineJIl…Байгаагаараа баярлах шиг сайхан юм үгүй. Энэ хамтлаг удахгүй монголын урлагыг Англи улсад таниулан тоглох сайхан хамтлаг болох нь тодорхой. … Англид ирдэг Өвлийн өвөө даруухан сайхан өвөө байдаг юм байна. Монголд бол дэвхэрч бүжиглэсэн бэлгээ шидэлсэн өвлийн өвөөнүүд бий болоод буй…. Та нарынхаа хүний нутагт сайн сайхан яваа, хамтдаа хийж бүтээж баярлаж хөөрч байгааг хараад сэтгэл маань их хөдөлж байна. Та бүхнийхээ сайн сайхан суугаа энэ мэдээг би бүлээнээр нь Монголдоо хүргэнэ.

…За ая тавиарай. Өөрийн нэг нандин шүлэг “Боржигоны бор тал”аа та бүхэндээ уншия. Дуучид аятай дуулаад байхаар манай яруу найрагчид бас шүлгээ ая тавьж уншдаг болоод буй …хэмээн хошигноод шүлгээ уншлаа.

Боржигоны бор тал

Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигоны бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи

Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи

Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан

Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь

Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чиний гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон

Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл
Намайг хүн болгосон

Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд минь буурал сууж
Багадаа хөхсөн эхийн сүү
Гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ
Хүн чулуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь

Энэ гайхамшигт шүлгийг өмнө мөн ч олон сонссон. Youtube дээр тавигдсан бичлэгүүдэд тэрээр намуухан уншсаар дуусгадаг. Харин энэ удаа найрагч шүлгийн мөрүүд үргэлжилэх тусам дуугаа улам бүр өндөрсгөсөөр өндөрлүүлэв. Тэр дүрдээ орсон жүжигчин лугаа адил байгаа нь бусдыг хөглөн хөтлөх шиг болов. Хүний амьдрал, жам ёс, амьд байгаль хүн хоёрын салшгүй, салгашгүй холбоог гайхалтай урнаар хэлж, сэтгэл хөглөсөн энэ шүлгээ их найрагч ийнхүү догдлон уншихийг хараад хэн нэгнийг, бүр эх дэлхийгээ тэврэн авмаар нэг тийм мэдрэмжид эзэмдүүлэв. Хоногийн дараа тэр мэдрэмжээ нэхэн дурсахуйд уг шүлгийн утгын гүн, үгийн уранд дахин автана. Маанийн тарни мэт өдөр бүр уншиж, тунгааж баймаар шүлэг…

Бүгд л хамт зургаа авахуулах, гарын үсэгтэй номыг нь авч, шинэ жилийн баяр яруу найргийн онгод өнгөөр чимэг нэмж дэлгэр сайхан боллоо.

Лхагвасүрэн ах, Баасан эгч хоёртой яриа дэлгэн суухад ижий аавтайгаа хамт мэт “эгэл” дулаан ээнэгшил төрнө, элэг дэвтэнэ. Зарим маань “очоод үнсүүлсэн чинь хацар нь хатгаад ямар гоё юм бэ” гэх. Зарим нэг нь бүр дахиад нэг үнсүүлчихэе хэмээн зүтгэх. Зэрэгцээд их найрагчийн ярьж хэлэхийг нь сонсож суухуй тэр бүр олддоггүй “эгэл”-гүй ховор мөчүүд үргэлжилэх мэт.

Их найрагчтай хамт өнгөрүүлсэн 3 хоногт амьдрал ярихаараа аав, өвөө, ах болох эгэл нэгэн, яруу найраг яриваас онгод нь орж омогшин бадрах эрхэм нэгэн болохыг анзаарлаа.

Хүндэт ах, их найрагч танд болон таны их өмөг түшиг Баасан эгчдээ эрүүл энх сууж, үр ач нараа баярлуулан, өргөн олондоо оюуны түүчээ болон, урт насалж удаан жаргахын ерөөл дэвшүүлэе.

Энэ удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулахад боломжит бүх талын туслалцаа үзүүлж хамтран ажилласан Лондон дах элчин сайдын яамны хамт олон. Цахим Өртөө сүлжээний гишүүн Ц.Тулгаа, Франц улсад суугаа яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасар, Лондон хотноо суугаа докторант М.Саранзаяа, Lingua Global Ltd-ийн захирал Ж.Өнөрмаа, МУСТАжилтан М.Мөнхзоригт,  “Азаа студио” Ц.Азхүү, А.Амарбаясгалан, Ц.Батбаяр, Н.Бат-эрдэнэ, Ж.Жавзаа нар болон Британи дах Монгол Оюутны Холбооны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлэе! 

Уулзалтыг Зохион байгуулах баг

 Тэмдэглэлийг хөтөлсөн Д.Цэрэнбат,  Ж.Өнөрмаа