UzuurTuruuСар шинийн баярт зориулан Британийн Монголчуудын дунд зохиогдсон үндэсний бөхийн барилдаан 2014 оны 1 сарын 25-ны Бямба гарагт Westminster Academy-н спорт зааланд амжилттай болж өнгөрлөө.

Энэ жилийн сар шинийн барилдааны нэгэн онцлог нь улс аймгийн цолтой болоод өмнөх сар шинийн барилдаанд түрүүлж байсан бөхчүүд оролцож амжихгүй болсон тул Лондонгийнхоо наадамд жил бүр хүч үздэг залуусын хувьд энэ оны сар шинийн барилдаандаа сайн барилдах хүсэл тэмүүллүүд дүүрэн буй нь урьдаас мэдэгдэж байлаа.

Ингээд зүүн талын жигүүрийг 2011 оны Лондонгийн түрүү бөх, Лондонгийн заан, чөлөөт бөхийн спортын дэд мастер, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харъяат Ц.Батбаяр,  баруун талын жигүүрийг  2011 оны Лондонгийн үзүүр бөх, Лондонгийн начин, Төв аймгийн Угтааалцайдам сумын харъяат Б. Хадбаатар нар  магнайлан Улаанбаатар хотын харъяат Лондонгийн начин М.Мөнхзоригт, Архангай аймгийн Булган сумын харъяат залуу бөх Ц.Цэрэнбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат залуу бөх Ц.Мөнгөн-Эрдэнэ, Улаанбаатар хотын харъяат, залуу бөх Б.Пүрэв-Өлзий,  Налайх дүүргийн харъяат, залуу бөхС.Пүрэвсан, Баянхонгор аймгийн Шаргалжуут сумын харъяат, залуу бөх Ч.Алтангэрэл, Завхан аймгийн Шилүүстэй сумын харъяат залуу бөх Б.Батхишиг, Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харъяат залуу бөх Сандагсүрэн нарын хүчит 10 бөх энэ жилийн сар шинийн барилдаанд барилдлаа.

Нэгийн давааг бөхчилж, 2-н даваанаас 5 бөх тойргоор барилдацгаав.  Ингээд 5 давааны байдлаар арал жац өндөртэй залуу бөх Мөнгөн-Эрдэнэ 4 даваа 1 унаатай болсон бол  энэ даваанд нэг ч унаагүй яваа Лондонгийн начин Хадбаатар, үзэгч олон түрүүлэх магадлалтай бөхийн тоонд оруулаад байсан ч залуу бөх Мөнгөн-Эрдэнэ, Лондонгийн начин Мөнхзоригт нарт унаж түрүүлэх боломжоо алдаад байсан Лондонгийн заан Батбаяр нар учираа таарлаа.  Энэ хоёр 2011 оны Лондонгийн баяр наадмаар үзүүр түрүүнд үлдэж Батбаяр нь даван түрүүлж байсан билээ.  Даагаа нэхэх энэ барилдаанд Хадбаатар давбал энэ жилийн сар шинийн барилдаанд өвдөг шороодолгүй түрүүлэх, унавал Мөнгөн-Эрдэнэтэй дахин барилдаан хийх нөхцөл бүрдсэн юм.  Заан начин 2 их шийдэмгүй барилдаж олон сайхан барилдааны хувилбарууд үзүүлсэн билээ. Хадбаатар начин арал бяраар ааглан барьц аван тайвшрах тэр үед нь Батбаяр заан зайлж татаад тохойлдуулчихав. Ингээд түрүү бөхөө тодруулах барилдаан  Хадбаатар, Мөнгөн-Эрдэнэ нарын дунд дахин болох нөхцөл бүрдлээ. 

Мөнгөн-Эрдэнэ-ийн хувьд тойргийн барилдаанд нурууны өндөрөө ашиглан барьж авч баруун хутгах тонгорох мэхийг голдуу хийж учраануудаа  давж байсан бол Хадбаатар зүүн талаараа хутгах тонгорох мэхийг голлон хийдгээс 2 бөхийн мэх хийдэг талууд таарч шууд л зүүн баруун ташаагаа нийлүүлэн золгож байлаа.  Өмнөх тойргийн барилдаанд энэ барьцнаас Мөнгөн-Эрдэнэ хөл тавин урдаараа татах гэхэд нь сөрж хутгаад Хадбаатар давж байсан билээ. Түрүү бөх шалгаруулах барилдаанч хоёр бөх шууд ташаа нийлэн бие биедээ барьц өгөн золгосноор эхэлсэн бөгөөд тонгорох, хутгах, урдаараа гүйлгэж татах гэх мэт хүч шавхсан олон мэхнүүд хийж барилдааны талбайн нэг захаас нөгөө зах хүрэн үргэлжилнэ. Үзэгч олон тэр дундаа Мөнгөн-Эрдэнийг дэмжиж ирсэн охидын уулга алдалтууд үе үе цангинана.  Ингээд Мөнгөн-Эрдэнэ начны гарыг хөшин урдуураа гүйлгэхээр татах үед нь Хадбаатар туршлага заан үлдэж  гэдийх агшинд нь барьц солин араар нь мордож түлхээд  давлаа.

Ийнхүү Билгийн улиралын тооллын  хаврын тэргүүн сар, 17 жарны “Ялгуусан” хэмээх Модон морин жилийн сар шинийн баярт зориулcан үндэсний бөхийн барилдаанд Төв аймгийн Угтааалцайдам сумын харъяат Лондонгийн начин Б.Хадбаатар анх удаагаа түрүүлж Сэлэнгэ аймгийн харъяат залуу бөх Ц.Мөнгөн-Эрдэнэ анх удаагаа үзүүрлэлээ

Гуравдугаар байрт Лондонгийн заан Ц.Батбаяр, 4-р байранд залуу бөх Ц.Цэрэнбат, 5-р байранд Лондонгийн начин М.Мөнхзоригт нар тус тус шалгарч хурсан олноо баясгаж, морин жилийн өнгө, хийморь золбоог сэргээлээ.

Талархал
Бөхийн барилдааны бэлтгэл ажиллагааг гардан зохион байгуулсан М.Мөнхзоригт, Ц.Батбаяр нартаа, гарын даагийн ширээний тавгийн идээ боовоор хангасан Т.Оюунчимэг эгчдээ, бөхийн давааны боорцгыг амттай сайхан хийж өгсөн наадмын засуул Тэгшээдээ. бөхийн барилдааны шагналын санд £50 хандивласан  Aurora MGl Ltd компанийн захриал Г.Амарсайхандаа болон тус компанийн хамт олонд, түрүү бөхийн шагналд шүрэн товчтой үзмэн ягаан өнгийн цэмбэн дээлээр хандив өргөсөн ИБУНВУ-аас Монгол улсад элчин сайдаар ажиллаж байсан асан John Durham гуайдаа, бөхийн засуулаар ажилласан Д.Батбаяр, Д.Батсайхан нартаа, барилдааны бичлэгэн болон зургын сурвалжлага хийсэн Azaa studio-ын Ц.Азхүүдээ болон нийт барилдсан бөхчүүд, хүрэлцэн ирсэн үзэгчиддээ баярлалаа.

Сар шинийн барилдааныг дэмжин ажилласан Монгол улсын элчин сайдын яамны хамт олон, хүрэлцэн ирж хамтдаа баярласан элчин сайд Н.Тулга, элчин зөвлөх С.Ганхуяг, Батхуяг нарт гүнээ талархая.

Бөхийн барилдааны дараа СТА Цогоогийнхоо DJ хийдэг Dudley pub-нд (147 Harrow Road, Paddington) бултаар очиж Moнгол хоолоо зооглож, дуугаа дуулж, бүжгээ үсэрцгээлээ.