Uulzalt “Oюунлаг оршихуй” цуврал уулзалтын 2014 оны эхний дугаарын зочиноор сэтгүүлч Б.Ганчимэгийн нэгэнтээ тодорхойлсончилон “энэ цагийн жинхэнэ монгол эмэгтэйн манлайллыг харуулсан” Аюушийн Лхамжав гуай уригдан оролцлоо.

Уулзалтын өмнөх зарлал, мэдээлэл, “бие халаах” ярилцлага болон уулзалтын үед ярьж хэлж буйгаас нь олон мэрэгжилтэй, оломгүй авъяастай, хийж бүтээхийн одонд төрсөн, хэн бүхнийг эхийн хайраар ивээх энэ эрхэм хүнийг соён гэгээрүүлэгч, бүтээн байгуулагч, нэгэн сайхан Монгол ээж хэмээвэл илүү товч, тодорхой болох мэт.

Уулзалт 2014 оны 1 дүгээр сарын 17 ны 15 цагт  “Rudolf Steiner House” -т зохион байгуулагдав.

Яруу найрагч, орчуулагч А.Лхамжав гуай уулзалтыг зохион байгуулж байгаа нийт хамт олонд болоод охин Ч.Ариунгэрэлдээ баярласанаа илэрхийлээд, “би бол сүрхий алдартай хүн биш, амьдралын замд үзсэн туулсан зүйлтэй үр хүүхэддээ хэлж ярих үгтэй жирийн нэгэн ээж. Тиймээс би энэ уулзалтын сэдвийг хүн бүр л тодорхой цаг үед өөрсдөөсөө асууж байдаг “Би гэж хэн бэ?”, “Амьдралын утга учир юу вэ?” гэдэг асуултын талаар амьдралынхаа хугацаанд үзэж харсан, уншиж судалсан зүйлүүд дээрээ тулгуурлан ярилцая гэж нэрлэсэн” хэмээн уулзалтаа нээв.

… Амьдрал бол давтамж. Өнгөрснөө марталгүй ажиглаж давтамжийг нь мэдэрч чадвал ирээдүйнхээ үйл хэргийг зөв сайн хийх нэг гол нөхцөл болдог. Та амьдралын “зохиол”-д хөтлөгдөх бус, та амьдралынхаа эзэн байхын үндэс тэндээс эхлэнэ. Лхамжав гуайн ингэж хэлэхийн үндэс нь эзэмшсэн эрдэм мэдлэг, өөртөө бий болгосон дадал, туулсан амьдралынх нь туршлага, хүрсэн ололт амжилт нь.

Тэрбээр гурав дугаар ангиасаа эхлэн өдрийн тэмдэглэл хөтлөж, 2010 онд нийт 2500-аад тэмдэглэлээ нэгтгэн “Хос тэнхлэг” тэмдэглэл, нийтлэлийн номоо хэвлүүлжээ. Уг номондоо орсон олон зүйлийг тэрээр яриандаа иш татан өгүүлж байсан. Алив зүйлийн зүй тогтолыг ажиглаж шинжиж явдаг, түүнийгээ яруу найраг, шүлэг зохиолоороо илэрхийлж байдаг нь түүний бүтээлүүдээс харагддаг. А.Лхамжав найрагчийн шүлгүүд үг хөөсөн бус утга ундраасан, ухаарал бэлэглэсэн байх нь сайхан.
2004 онд “Хүйн Ижии Уул”, 2006 онд “Зүрхэний Үг”, 2010 онд “Ирэхүй Оршихуй Одохуй” гэсэн яруу найргийн номуудаа хэвлүүлжээ.

А. Лхамжав гуайн бас нэг цаг сэтгэлээ зориулж яваа зүйл нь зурхайн ухаан. “Багаасаа нар, сар, од, гариг эрхсийг сонирхдог, одон орон судлаач болно гэж их мөрөөддөг хүүхэд байсан маань нөлөөлсөн байх Зурхайн ухааныг шимтэн судалдаг. Зурхайн тухай мэдэж байваас өөрийгөө ямар од, эрхсийн нөлөөгөөр амьдардаг, ямар зан, авиртай, өөрийн давуу болон сул талууд зэргийг тогтоох боломжтой болохыг мэдээ, хүн бүхэн төрсөн төөргөөрөө хувь заяандаа эзэн болж явах боломжтой юм” хэмээсэн. Одон орон, зурхайн ном зохиолуудыг шимтэн судалж ирсэн тэрээр Монгол түмэндээ зурхайн ухааныг таниулах зорилгоор 2005 онд Линда Гудмений “Одон Зурхай Хувь Заяны Мишээл”, 2010 онд “Амьдралын Зурхай” түүнчилэн “Дэлхийд танигдсан зурхайн шилдэг аргууд” номнуудыг орос хэлнээс орчуулан хэвлүүлжээ.

Уулзалтын сэдвийн учир шалтгаанаа А.Лхамжав гуай ийнхүү тайлав.

..“Хүний “би”-гээ хайх эрэл гарал угшлаа мэдэхээс эхэлдэг. Тэгэхээр Монгол хүн “би”-гээ хайхын тулд Монголчууд гэж хэн юм бэ?” гэдэгт хариулт хайдаг. Би-гээрээ, Монголоороо байхын тулд үүсэл гарал, ёс уламжлалаа судлан ойлгож, өөрийн ухаанаар баяжуулан хөгжүүлж, үр хойчдоо өвлүүлэн залгамжлуулах хэрэгтэй. Эцэг өвгөдөөс уламжлагдсан оюуны их өв соёлтой, эх дэлхийгээ хайрлан хамгаалах дадалтай нүүдлийн соёл иргэншил л хүн төрөлхтөний хэтийн амьдралын үндсэн хэлбэр болвоос хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ зөв зохистой харьцаанд байж урт даан оршин тогтнох тухай эрдэмтэд ярих боллоо. Тэгвэл хэдэн зууны өмнөөс бидний өвөг дээдэс хүн төрөлхтөн, хүж дэлхийтэйгээ хэрхэн харилцан хамааралтай хайрлан тэтгэж оршин тогтнох тухай хэлж, сургаж байжээ. Нэгэн жишээ нь 16 элчээр дамжин амаар уламжлагдан ирсэн “Чингэс хааны алтан аялгуун нууц” хэмээх сургааль. Үүнийг Налайх дүүрэгт амьдарч байсан Нүрзэд гэж хүний хэлж дуудсанаар Хүрэлтогоо гуай өнөөгийн Монгол хэлэнд буулган хэвлүүлсэн. Тэнд олон зүйлийг гайхалтай тодорхой сурган хэлсэн нь бий тул заавал уншиж сонирхоорой. Өөрийгөө, Монголоо танихад тань нэгэн дусал нэмэр болох сургааль…

…Хүнд Төрөх, Өөрөө бүтээх гэсэн хоёр боломж байдаг. Хэний ч төрсөн ордонд гайхалтай амжилт ололтод хүрсэн хүмүүс байдгаас үзэхэд хүн бүр өөрөө тухайн хүмүүсийн адилаар хийж бүтээх боломж бийг илтгэж буй. Иймд тухайн хүн амьдралынхаа утга учрыг хэр зөв тодорхойлж зүйлийг бүтээж чадав гэдэг нь өөрөөс нь хамаарах хэрэг.

Амьдралын утга учрын талаар эртний гүн ухаантнууд тухайлбал Арьстотелийн “Амьдралын утга учир гэж зугаа цэнгэлийг хэлдэг”, өөр нэгэн сэтгэгчийн “Амьдралын утга учир бол аз жаргал, аз жаргал гэдэг бол амьдралын гүн тэнцвэрт байдалд орохыг хэлдэг” зэргээр хэлсэн байдаг ба харин миний бодлоор хүн өөрийнхөө сэтгэхүй, хүртэхүйн хэмжээсээрээ жаргалтай эсвэл зовлонтой амьдардаг. Чухамдаа хүн амьдралд хайр тэр дундаа хүнийг хайрлаж сурах гэдэг юу юунаас илүү чухал. Хүнд хайр өгдөггүй хүн бусдаас хайр нэхэх утгагүй. Хүн хайрлаад байвал цаад хүн тэр хайрын эрч нөлөөг мэдэрч буцаагаад хайрлаж эхэлдэг. Хүн амьдралынхаа хугацаанд хайраар л их дутаж явдаг…

Социализмийн үед нам төр боловсон хүчнээ нухацтай сонгодог, бэлтгэдэг байсан. А.Лхамжав гуай МАХН-ын энэ шалгуураар орж бэлтгэгдэж байсан нэгэн боловсон хүчин нь. Тэрээр 3 их сургууль төгсгөж. Улаанбаатар хотын МАХНамын Хороонд өндөр албан тушаал эрхэлж байх үедээ нөхрийнхөө албан томилолтод “хөтлөгдөн”, “бүсгүй заяагаа” даган Архангай аймагт очжээ. Энэ үе нь улс оронд өрнөсөн ардчилалын хувьсгал, зах зээлийн эдийн засагт шилжихтэй давхцаж, тэрээр айсуй цагийн өнгийг мэдэрч бусдаас зөрөн зөрөн нэгэн эрс шийд гаргасан нь улс төрийн ажилаа орхин бизнест хөл тавихаар шийдсэн явдал. 4 хүүхдээ хүний дайтай өсгөх, ирж буй зах зээлийн нийгэм орчинд бусдаас хамааралгүй амьдрах хүсэл зоригоороо бизнест хөл тависнаасаа хойш Монгол улсын бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмэр оруулж яваа, ялангуяа барилгын салбарт амжилттай бизнэс эрхлэж яваа нэгэн. Хүнд бэрх үед тэсэж үлдсэн цөөхөн барилгын компани байдагийн нэг нь манай “Сайхан Булган”  компани хэмээн тэрээр бахдалтай өгүүлсэн.

OyulenEhБизнесээ амжилттай эрхэлийн хамтаар түүх соёл, улс орноо хэмээсэн томоохон зүйл бүтээхсэн гэсэн хүсэл тэмүүлэл түүнд байсаар ирсэний нэгэн илрэл нь санаачилан бүтээн босгож буй “Өүлэн Эхийн хөшөө, дурсгалын цогцолбор”. Энэхүү тухай тэрээр “Миний нүүр тахлах нэг зүйл бий. Тэр бол энэхүү цогцолбор” хэмээсэн. Цогцолбор нь Монголын түүх соёл уламжлалыг ард түмэн, залуу хойч үе, дэлхий нийтэд үнэн зөв сурталчлан таниулах, түүхийн томоохон уламжлал соёлын өвийг өвлүүлэн үлдээх зорилготой.

Өүлэн эх цогцолбор Улаанбаатараас 53 км Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Чингис хааны морьт хөшөөнөөс 500 орчим метрт зүүн урд энгэрт нь зүүн аймаг руу зорчих төв замаас 50 метр зайтай нийт 17 га газарт баригдаж буй. Одоогоор Өүлэн эхийн 12 метр өндөр хөшөө 15 метр өргөн, 8 метр өндөр цул боржин чулуун хаалга , 2.5 км урт гоёлын болон жирийн төмөр хашаа, хашааны дагуу 11000 ширхэг хайлаас тарьсан. Мөн 15 монгол гэр, 3 давхар 3 одтой зочид буудлын краказ хийгдээд байгаа. Уг цогцолборын хөшөөт толгойд Өүлэн эхийн хөшөөнөөс гадна Монголын түүхэнд онцгой гавьяа байгуулсан 9 хатадын релепен хөшөө 25 метр урт, 2.5 метр өндөр ханан дээр хийгдэх бөгөөд 4 ханатай гэрийн голчтой тулганд Чингис хааны гал голомт мөнх асан бадарч байхыг билэгдсэн мөнх гал асч байх аж. Хатадын хөшөөний өмнө эхийн баяр тэмдэглэх зориулалттай 1000 м.к талбай засагдахын зэрэгцээ өндөр гэгээн Занабазарын тэг жаягаар урласан 21 Дарь эхийн номын өргөө баригдана. Амрагчдад зориулсах 15 жижиг байшин баригдахаас гадна нийт цогцолборын хүрээнд Монголд ургадаг бүх мод, жимсний бут сөөгийг тарихаар төлөвлөсөн ньь аль болох хүмүүс сэтгэл санаагаа амирлуулах газар байхаар төлөвлөөд байгаа ажээ.
Өүлэн эхийн хөшөөний гол зохиомж нь дэлхийг байлдан дагуулаад ирж байгаа хүүгээ тосон алхаж буй ээжийг дурслэн харуулсан утгатай.

Уулзалтын зочин маань ярианыхаа төгсгөлд “би бол та нарын бүгдийнх нь ээж. Ээж, эх орон хоёр л та нарыг хэзээ ч ирсэн хүлээж авна. Та бүхэн миний шүлгүүдийг уншиж, үгэнд нь дуу хийж байна гэдэг намайг үзгээ тавилгүй үргэлжлүүлэн бич гэсэн үг хэмээн би ойлгож байгаа, тиймээс би үргэлжлүүлэн бичнээ” хэмээсэн.

Асуулт хариулт.

Асуулт: Та “Болор Цом” яруу найргийн наадмыг МУ-ын яруу найргийн чанар чанасааг шалгасан яруу найргийн наадам гэж үздэг үү?
Эмэгтэй хүний гоо сайхныг та юу гэж ойлгодог вэ?
Сүүлийн үед оюунлаг, ухаарал хайрласан шүлгүүд байдаг. Иймэрхүү шүлгийн төрлийг хүн бүр өөр өөрийнхөөрөө ухаж ойлгож болдог. “Болор Цом” яруу найргийн наадамд иймэхрүү төрлийн шүлгүүд ерөөсөө байр эзлэхгүй байгаад байгаа явдал ажиглагддаг. Аман зохиол, магтаал, зүйрлэл маягийн шүлгүүдийг түүж байр эзлүүлээд байгаа юм. Одоо үед иймэрхүү шүлгүүд шүлэг гэхээсээ илүү аман зохиол болсон. Өөрөөр хэлбэл: Монголын яруу найраг шинэ түвшинд буюу сэтгэлгээний өндөр түвшинд шилжээд байгаа. Сэтгэлгээний өндөр түвшинд бичиж буй шүлгүүдээ онцлож шалгаруулахгүй байгаад миний бие жаахан харамсаж явдаг.
Эмэгтэй хүний гоо сайхныг та юу гэж ойлгодог вэ? гэж та асуулаа. Гоо сайхангүйгээр ертөнцийг төсөөлөх аргагүй. Эмэгтэй хүний гоо сайхныг хайр, инээмсэглэл хоёр гэж би боддог. Эмэгтэй хүн хичнээн ноорхой хувцастай ч байлаа сайхан инээмсэглэж явбал тэр хэмжээгээрээ сайхан харагддаг. Эмэгтэй хүн энэ ертөнцөд сайхны төлөөлөл юм.

Асуулт. Таны хувьд яруу найрагч гэж хэнийг хэлэх вэ? Сүүлийн үед яруу найрагч гэхээр сэтгэлдээ орж ирсэн хэдэн үгээ бичээд л яруу найрагч болчихдог? Ийм хүн болгоныг яруу найрагч гэх үү? Ер нь яруу найрагч гэж хэнийг хэлэх вэ?
“Яруу найрагч” гэж яруу гэдэг энэ үгнээсээ хэн байх нь харагдах ёстой. Би боддог ямар нэгэн юм олон болоод ирэхээрээ үнэ цэнээ алддаг, цөөхөн байхаараа үнэтэй, цэнэтэй болдог. “Сонгодог урлаг гэж байдгаас, Сонгодог амьдрал гэж байдаггүй” гэж миний нэг шүлэг байдаг. Сүүлийн үеийн дууны үгнүүдийг сонсоод байхад эрээ цээргүй хараал үг хүртэл хэлж байгаа сонсогддог. Иймэрхүү зүйл энэ яруу найргийн нэр хүндийг бууруулж байгаа юм болов уу гэж боддог. Би жинхэнэ яруу найрагч гэж хүн байх ёстой гэж бодож байна. Бид ярьдаг л даа “Монголчууд бид бүгдээрээ яруу найрагч” гэж. Бид энэ дундаасаа шүүж гаргаж ирсэн жинхэнэ яруу найрагчтай байх ёстой юм. Жишээлбэл: Б.Явуухулан, Д.Пүрэвдорж гуай нар шиг яруу найрагч байх ёстой.

Асуулт. “Өүлэн эхийн” хөшөөт цогцолборыг байгуулах санаа анх яаж төрсөн бэ?
“Монголын Их Хатадын Нууц” гэж зохиолыг та бүхэн уншсан байх би энэ зохиолыг бичсэн хүнд үнэхээр их баярладаг. Манай эрдэмтэд хүртэл хүлээн зөвшөөрч чадаагүй тэр их Монгол хатадын үйл хэргийг энэ зохиолд тод, томруун тусгасан байдаг.
Би ээждээ их хайртай хүн л дээ. Аав минь намайг гурван настай байхад өөд болж, түүнээс хойш ээж минь бүхий л зүйлд аавын минь оронд аав болж намайг өсгөсөн. “Өүлэн эх”-ийн хөшөөт цогцолборыг бүтээх санаа анх зүүдээр минь дамжиж орж ирсэн. Би ер нь зүүдэндээ итгэдэг хүн л дээ. Миний бүтээн байгуулсан ихэнхи ажлууд маань зүүдээр минь дамжиж санаанууд нь орж ирсэн байдаг юм. Тэгээд би Өүлэн эхийгээ магтаад, цогцолборыг нь байгуулсан байхад дэлхий дээр хэн ч намайг буруу гэж хэлэх байхгүй гэж бодсон.

Асуулт. “Өүлэн эхийн” хөшөөт цогцолборыг хэдэн онд дуусгах төлөвлөгөөтэй байгаа вэ?
Бүтээн байгуулалтын ажил ерөнхийдөө 30 хувьтай явж байгаа. Цогцолбор маань Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг. Энэ жил Эрдэнэ сумын 90 жилийн ой дохиож байгаа юм. Үүнтэй холбогдуулан Эрдэнэ сумын засаг дарга ойн баярын нээлтээ “Өүлэн эх”-ийн хөтөөт цогцолбор дээр хийе гэж санал тавьсан байгаа. Мөн цогцолборыг дагаад түүний хажууд гурван одтой зочид буудал барихаар эхлүүлсэн, энэ ажлынхаа зарим хэсгийг Эрдэнэ сумын 90 жилийн ойн баяраас өмнө дуусгах зорилготой байгаа.

Асуулт. Та бол их сайн ээж. Тэгвэл ээж хүн гэдэг талаасаа хүүхдүүдээ та ямар байх ёстой гэж боддог вэ?
Ер нь хүн гэдэг сайн л хүн байх учиртай. Тэгвэл сайн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? гэсэн асуулт гараад ирнэ. Сайн хүн гэж хүний төлөө сайн зүйлийг хийдэг, тийм үнэт чанартай хүнийг сайн хүн гэнэ. Тэгвэл хүний үнэт чанар хаана бүрэлддэг вэ? хүн гэр бүлд л хүн болдог. Тэндээс л хүн хүнд байх ёстой үнэт чанруудыг олж авдаг. Тэгэхлээр гэр бүлийн орчин чухал юм. Хүн хүүхэд насандаа хүүхэд насаа үзэх ёстой гэж боддог. Өөрөөр хэлбэл хүн хүүхэд насандаа аав ээждээ хайрлуулж , аав ээждээ эрхлэж өсөх ёстой. Би өөрийн дөрвөн хүүхддээ
Нэгдүгээрт: хүүхэд насыг нь өгөх
Хоёрдугаарт: Хүнийг хайрлах, хайр мэдрүүлэх. Хайрлуулж үзээгүй хүнээс хайр гардаггүй гэж боддог.
Гуравдугаарт: Хорвоог өөрөө өөрөөр нь таниулж өгөх.
Бид хүүхдүүдээ хүнийг хайрлаж чаддаг болгож өсгөх хэрэгтэй. Мөн бүх л юмыг сайн сайхнаар хардаг байх хэрэгтэй. Хүн бодлоороо, мөрөөдлөөрөө амьдардаг. Би Английн зүг харах бүрий дээ та бүгдийг хайрлана. Би охиныгоо хайрлах бүрийдээ та бүгдийг хайрлах болно.

Яруу найрагчийн уран бүтээлээс сонирхуулав.
Уулзалтын дараагийн хэсэг яруу найрагч А.Лхамжав гуйн зохиосон дуу, шүлгийг авьяаслаг Монголчууд маань сонирхууллаа.
DavaataiДуучин П.Давааням А.Лхамжав гуайн зохиосон “Ээж минь” шүлгэнд ая хийж дуу болгожээ. Тэрээр дуу төрсөн түүхээ бидэнд сонирхууллаа. “Анх энэхүү шүлгийг А.Лхамжав гуайн охин Ч.Ариунгэрэлийн фэйсбүүк хуудас дээр байхыг харсан Ингээд эхний удаа уншиж үзээд их таалагдаж, хоёр дах удаагаа утгыг нь бодож уншиж сэтгэлдээ буулгасан, гурав дахаа унших үед дууны ая ороод ирсэн. Ингээд МУСТА Цогоо ах дээр очиж аялаж сонирхуулаад хамтран хөгжмөө зохиосон” хэмээн хуучилав. Хүмүүс түүний зохиосон аянд ам сайтай байхаар нь урам зориг орж дуу болгох хүсэлтээ Лхамжав гуайд уламжилснаар энэхүү дуу бүтсэн ажээ. Мөн А. Лхамжав гуайн шүлгээр бүтсэн олон дуу байдаг. Жишээлбэл: “Бид мартахгүй” “Ижий үнэртэй Монгол”, ”Тоорой банди”, “Орхон гол”, “Зүүдэллээ”, ”Бэрийн дуу”, “Бидэн хоёр”, “Ижийтэйгээ хийсэн нүүдэл” гээд олон сайхан дууг нэртэй хөгжмийн зохиолчидтой хамтран бүтээснийг Хишигбаяр, Дэлгэрмаа, Л.Болдбаатар, Бурмаа, Баттулга, Гэрэлчулуун, Энх-Эрдэнэ зэрэг дуучид амилуулсан билээ.

BolortuyataiАя дууны дугараа өргөсний дараа Британи дахь Монгол хэлний сургалтын төвийг үүсгэн байгуулагч, монгол хэл, уран зохиолын багш Я.Болортуяа А.Лхамжав гуайн “Амьдын жаргал” шүлгийг уншиж сонирхуулав. Болортуяагийн уншихийг сонссон эдийн засагч Бордух гуай “уран уншигч Жагдагаас дутахгүй сайхан уншдаг бүсгүй байна” хэмээн урмын үгээр мялаах дуулдсан.

Уулзалтын төгсгөлд уламжлал ёсоор зочиндоо дурсгалын зүйл гардуулсанаар “Оюунлаг оршихуй” цуврал уулзалтын энэ удаагийн дугаар амжилттай зохиогдон өндөрлөв.

Тэмдэглэл хөтлөслөн У.Ганзориг, Д.Цэрэнбат

ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

“Оюунлаг оршихуй” цуврал уулзалтын энэ удаагийн дугаарт уригдан оролцсон А.Лхамжав гуай болон уулзалтыг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн дараах хувь хүмүүст талархал илэрхийлье.

Хувь хүмүүс:
Ц.Азхүү (Azaa Studio) – зураг, бичлэг түүхийн гэрч хэмээх ажлыг гүйцэтгэсэн
А.Баярбаясгалан (Baji Studio) – зураг, бичлэг түүхийн гэрч хэмээх ажлыг гүйцэтгэсэн
Я. Болортуяа – шүлэг уншсан
П. Давааням – дуу дуулсан
Ч. Ариунгэрэл – зохион байгуулалтын ажил сэтгэл гарган оролцсон
Ц. Мөнгөн-Эрдэнэ – зохион байгуулалтын ажил сэтгэл гарган оролцсон
Ч. Булгансайхан – зохион байгуулалтын ажил сэтгэл гарган оролцсон
Энхтуяа – уулзалтанд ирсэн олон түмнийг гарын боорцогоороо дайлсан

УУЛЗАЛТЫГ ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Британийн Монголчуудын Холбоо
Цахим Өртөө Холбоо ТББ

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
ИБУИНВУлс дахь МУ-ын Элчин Сайдын Яам