said 1Уулзалтын сэдэв “Монгол Улсын гадаад харилцааны бодлого, чиг хандлага” гэсэн өргөн цар хүрээтэй сэдэв боловч уулзалтын цагаас хамаарч уг сэдвийн талаар ерөнхийд нь товч ярилцаж, иргэдийн асуулт хариултуудад ялангуяа Элчин сайдын яамны үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал санаачлага, хамтын ажиллагааг өрнүүлэх тал дээр илүү ярилцсан юм.

Монгол улс бол 1990 оноос хойд Ардчилал, зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжсэн. Үүнийг дагаад манай улсын гадаад харилцааны бодлогын үндсэн чиглэлүүд өөрчлөгдсөн. Өмнө нь бид социалист хамтын нөхөрлөлийн орнууд хэмээх ЗХУ-ын тэргүүлсэн социалист лагер, коммунист лагер гэж хоёр хэсэгт хуваагдсан нийгэмд амьдарч байсан. Одоо бидний амьдралын хэв маяг хүн төрлөхтний нийтлэг үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, ардчиллыгбэхжүүлэхэд чиглэгдэж байна.

Манай улс газарзүйн байрлалаараа Азийн төвд байршиж байгаа боловч газарзүйн нэр томъёоллын хувьд зүүн хойд азийн бүс нутагт хамаарагддаг. Бид далайд гарцгүй, дэлхийн хоёр том гүрнээр хүрээлэгдсэн. Тиймээс ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлдэг.

Мөн бид Ази Номхойн далайн бүс нутгийн улсуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд чиглэсэн бодлого баримтладаг. Манай улсын гадаад харилцааны бодлогын гол зарчим Европ болон бусад хөгжингүй орнууд болон хөгжиж байгаа орнуудтай харилцах харилцааг хөгжүүлэхэд чиглэдэг.

Түүнээс гадна манай улсын гадаад харилцааны бодлогод олон улсын байгууллагуудад болон бүс нутгийн олон улсын байгууллагуудад манай улсын эзлэх байр суурь, үүрэг чухалд тооцогддог.

Олон улсын байгууллагууд

Олон улсын байгууллагуудаас хамгийн гол нь НҮБ бөгөөд манай улс 1961 онд элссэн. Бид хэдхэн жилийн өмнө НҮБ-д элссэний 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. НҮБ-д манай улс аль болох идэвхитэй үйл ажиллагаа явуулахыг хичээдэг. Бид тус байгууллагын хүрээнд хэлэлцэж байгаа асуудлуудад өөрсдийн байр суурыг илэрхийлж, улс орноо сурталчлах, нэр хүндийг нь дээшлүүлэх бодлого баримтлан ажилладагаас гадна Монгол улсад ашигтай шийдвэрүүдйиг гаргахад нөлөөлөхыг хичээдэг. Ялангуяа НҮБ-ын Нарийн Бичгийн Дарга нарын газартай нягт хамтран ажиллаж түүгээр дамжуулан орж ирж буй төсөл, хөтөлбөрүүдийг өөрийн оронлуу чиглүүлэх бодлого баримтлан ажилладаг.

Бүс нутгийн олон улсын байгууллагууд

Бүс нутгийн олон улсын байгууллагууд дотор бүс нутгийн улс төрийн байгууллага, бүс нутгийн эдийн засгийн байгууллага гэж хоёр байгууллага байдаг.

Бүс нутгийн улс төрийн байгууллагууд: Бүс нутгийн улс төрийн байгууллагуудаас одоогоор хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага юм. Манай улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн бус бөгөөд ажиглагч улс гэж явдаг. Ажиглагч улс дотроо манай улсын хамгийн гол ашиг сонирхол тус байгууллагын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байгаа юм. Мөн түүнээс гадна АП (AP-Asia Pacific) гэж байгууллага байдаг. Энэ нь зүүн өмнөд азийн бүс нутгийн байгууллага бөгөөд ази номхон далайн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангах асуудлууд дээр бид өөрсдийн дуу хоолойгоо оруулж, бүс нутгийн хэмжээнд явагдаж байгаа альваа нэг хурцадмал байдлыг намжаах чиглэлүүдээр байнга өөрсдийн байр сууриа илэрхийлж ажилладаг.

Сүүлийн хэдэн жилд зүүн өмнөд азийн бүс нутагт хамгийн хурцадмал байгаа асуудал Солонгосын хойгийн асуудал юм. Түүхийн хувьд гэвэл дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Солонгос улс хоёр хуваагдсанаас эхлэлтэй. Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудал нь тухайн бүс нутгийн тогтвортой байдлыг ганхуулж улмаар бусад улсуудын аюулгүй байдалд занал хийлж байгаа юм. Солонгосын хойгийн асуудал дээр манай улс цөмийн зэвсгээс ангид, зургаан талт хэлэлцээрийг сэргээн улмаар шргэлжлгглэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Энэ чиглэлээр манай улс бүс нутагтаа илэвхитэй үйл ажиллага явуулдаг гэж үзэж болно. Жишээлбэл: 2013 онд Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлэлцээрийн механизм” гэсэн нэртэй санал дэвшүүлсэн. Үүний гол санаа нь зүүн хойд азийн бүс нутгийн улсууд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг г|м бүх чиглэлүүдээр хамтран ажиллах, хөгжих тухай яриа хэлэлцээр өрнүүлэх гэсэн санаатай ажил юм.

Олон улсын харилцааны яриа хэлэлцээрт Тrack-I, Тrack-II гэж ойлголтууд байдаг. Track-I гэдэг нь засгийн газрын хоорондын яриа хэлэлцээр, Тrack-II нь ерөнхийдөө судалгааны байгууллагууд, төрийн бус байгууллагуудын хоорондын яриа хэлэлцээр. Манай улс ерөнхийдөө 1.5 буюу Тrack-I, Тrack-II-ын дундын гэж ойлгож болох бодлого баримтлаж оролцдог. Энэ утгаараа “Зүүн Хойд Азийн Аюулгүй Байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлэлцээрийн механизм”-ын саналаа бид өөрсдийнхөө хөрш орнуудад эхлүүлсэн байгаа. Мөн гадаад яам, бүс нутагт суугаа элчин сайдын яамдууд маань энэ чиглэлээр маш идэвхитэй ажиллаж байгаа.

Бүс нутгийн эдийн засгийн байгууллагууд: Үүнд хамгийн гол нь Азийн хөгжлийн банк бөгөөд манай улсад 1990 оноос хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд манай улсын хөгжилд их нэмэр үзүүлж байгаа байгууллага юм. Азийн хөгжлийн банкыг бид олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, зээл тусламж олгодогоор нь сайн мэддэг.

Гадаад харилцааны бодлогын дараагийн нэн чухал бодлого бол гадаад оршиж байгаа иргэдийнхээ эрх ашгыг хамгаалахад чиглэгддэг. Үүний дагуу засгийн газар мөрийн хөтөлбөртөө хэд хэдэн чухал заалтуудыг тусгасан байдаг. Жишээлбэл: аливаа нэг хэрэг зөрчил, гэмт хэрэгт холбогдсон иргэдийнхээ эрх ашгийг юуны түрүүнд гадаад улс дахь элчин сайдын яамдуудаараа дамжуулж хамгаалах, санхүүгийн хүндрэл тулгарсан иргэдэд гадаад дахь Монгол иргэдэд зохиулсан тусгай сангаас мөнгөн тусламж үзүүлэх зэрэг чухал заалтуудыг оруулсан байдаг.

Гадаад харилцааны яам маань Монголын хэмжээнд харьцуулбал том яам, 130 орчим хүнтэй, гэхдээ бусад улсуудын гадаад харилцааны яамдуудтай харьцуулахад жижиг юм. Манай улсын гадаад харилцаа өргөн учир зарим тохиолдолд ялангуяа практик ажил дээр боловсон хүчин дутагдах асуудал гардагч засгийн газрын бүтэц, орон тооны хувьд ажиллах хүчийг нэмэх боломжгүй байдаг. Тиймээс зарим тохиолдолд зарим нэгэн жижиг асуудал дээр гадаад харилцааны яамны зүгээс хүн хүч хүрэлцэхгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан асуудлууд гардаг. Бидэнд их гүрнүүд шиг гадаад харилцааны бүхий л асуудалд хүн хүч, хөрөнгө гарган хүч түрэн орж шийдвэрлэх боломж хараахан байхгүй.

Гадаад харилцааны бодлогын өөр нэг чухал ажил бол иргэдийг гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар бусад улс оронтой гэрээ хэлэлцээр байгуулах ажил юм. Үүний дагуу бид аль болох иргэдээ бусад улс орнуудад визгүй зорчих, визний нөхцөлийг нь хөнгөвчлөх болон урт хугацааны виз олгодог болох тал дээр анхаарч ажилладаг. Жишээлбэл: АНУ өмнө нь өөрийн харилцаа сайтай орнуудын иргэдэд 10 жилийн виз олгодог бусад орнуудад богино хугацаагаар виз олгодог байсан.  2000 оны эхээр манай улс АНУ-ын харилцаа сайтай улс орнуудын тоонд ордоггүй байсан тухайн үед бид АНУ-тай харилцан ярилцаж Монгол улсын иргэдэд 10 жилийн виз олгодог болгосон. Манай улсын иргэд бусад хөгжингүй орнууд руу визны хүндрэлгүй зорчдог болохын тулд тухайн орнуудаас манай улсын иргэдийн паспортны асуудал дээр ялангуяа манай гадаад паспортын аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг дээшлүүлэх тал дээр шаардлага тавьдаг. Тиймээс цаашид бид энэ тал дээр анхаарч, гадаад паспортын аюулгүй байдлыг олон улсын хэмжээнд баримтладаг шинэ технологын түвшинд нийцүүлэх шаардлагатай. Ирэх хоёр, гурван жилд бид хурууны хээний нууцлалтай, олон улсын түвшинд нийцэхүйц паспорттой болохоор ажиллаж байгаа.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар 

Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар та бүхэн мэдээлэл сайтай байгаа байх. Энэ асуудал дээр ерөнхийдөө бид хоёр байр суурьтай байгаа харагддаг. Зарим хэсэг нь манай улсын эдийн засаг сайжирч байна, зарим хэсэг нь эдийн засаг хүндхэн байна гэлцэж байгаа. Үндсэндээ дэлхийн эдийн засгийн хурд саарч, Хятадын эдийн засгийн эрэлт хэрэгцээ буурсан энэ үед манай эдийн засаг буурч үүнээс шалтгаалан валютын ханш өсөх, төгрөгийн ханш буурах, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг сөрөг үр дагаварууд ажиглагдаж байгаа.

Сүүлийн арван жилд манай улсын эдийн засаг 10 дахин томорсон. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь уул уурхай. Оюутолгой ажиллаж эхэлсэнээс манай эдийн засаг хурдацтай өссөн. Жишээлбэл: 2011 онд 17%, 2012 онд 14%, 2012 онд 12%-тай байсан. Энэ жилийн хувьд дээд тал нь 12%, доод тал нь 9% орчим хувьтай байна гэж таамаглаж байгаа. Монгол улсын засгийн газар эдийн засгийн өсөлтыг өндөр хэмжээнд нь барих бодлого явуулж, эдийн засгийг идэвхижүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг өнөөдөрхөн баталсан. Эдийн засгийн гол хөдөлгүүр нь хувийн хэвшил байдаг. Хувийн хэвшил манай улсын ДНБ-ын 80%-ыг эзэлдэг. Засгийн газар цаашид хувийн хэвшлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа. Манай улсын ажилгүйдэл ерөнхийдөө буурсан дүн гарсан.

Иргэдийн асуулт, хариулт

  • asuultHariult2Асуулт: Манай улсын гадаад харилцааны бодлогод соёлын асуудал дээр ямар бодлого баримтладаг вэ? ЭСЯам “Asian House” байгууллагатай ямар харилцаатай байдаг вэ?

Хариулт: Гадаад соёлын харилцааны асуудал өмнө нь 20-оод жилийн өмнө ГХЯамд харъялагддаг байсан. Одоо энэ асуудлыг ССАЖЯ-д хариуцуулсан байгаа. Гэхдээ элчин сайдын яам аль болох соёлын харилцааг сурталчлах тал дээр ажилладаг. ЭСЯ-ны зүгээс зарим нэг соёлын ажлуудыг эхлүүлэхээр ярилцаж байгаа. “Asian House”-тай ЭСЯ харилцаа холбоотой байдаг. Тус байгууллагаас зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд бид идэвхитэй оролцдог.

  • Асуулт: Англи-Монголын соёлын харилцааны асуудал хэр зэрэг байгаа вэ?

Хариулт: Миний бие Элчин сайдаар томилогдож ирээд удаагүй байгаа. Гэхдээ ирсэнээсээ хойш хэд хэдэн соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж үүнтэй холбоотой зарим нэгэн албаны хүмүүстэй танилцсан. Үүшээр дамжуулан зарим нэгэн хүмүүсийн сонирхолыг Англи-Монголын соёлын харилцааны асуудал дээр төрүүлж чадсан гэж бодож байгаа.

  • Асуулт: Монголоос Англи улсруу зорчихоор виз мэдүүлж байгаа иргэдийн материалыг Филипин улсад шалгадаг болсон байгаа. Үүнд ямар нэг учир байгаа юу? Ямар учиртай ийм өөрчлөлт гаргасан юм бэ? Англиас Монголруу ачаа бараа явуулахад манай улсын хил дээр гаалын албан татвар аваад байдаг. Албан ёсоор татвар авах ёстой байдаг уу? Эсвэл тухайн гаалийн байцаагч дундаас нь дур мэдэн татвар ноогдуулаад байдаг юм болов уу?

Хариулт: Визний асуудал дээр энэ бол цэвэр Английн засгийн газраас гаргасан шийдвэр. Үүн дээр манай талаас ямар нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Гаалийн татварын хувьд манайх гаалийн тухай хуультай, уг хуулийг үндэслэн гаалийн албан татвар ноогдуулдаг. Магадгүй барааны төрөл зүйл, тоо ширхэгээс шалтгаалан янз бүрийн хэмжээтэй татвар ноогдуулдаг байх.

  • Асуулт: Сүүлийн үед ЮНЕСКО-д Монголын соёлын өв Хятадын нэр дээр бүртгэгдээд байгаа энэ талаар та юу гэж боддог вэ?

Хариулт: ЮНЕСКО-д аливаа нэг улсын соёлын өвийг бүртгүүлэх асуудал аль ч улс оронд нээлттэй байдаг. Олон улсын харилцаанд дэлхий дээр хуваагдмал улс гэсэн нэр томъёо байдаг. Монгол улс дэлхий дээр хуваагдмал улсын тоонд ордоггүй ч түүхээ бид бүгд сайн мэдэж байгаа учир энэ ойлгомжтой байгаа байх. Чингис хаан Монгол гэдэг том улсыг байгуулсанаас өнөөдөр халх нутаг нь л Монгол гэдэг улсын газар нутаг болж үлдсэн байгаа. Буриад Монгол, Өвөр Монгол, Шинжааны Монгол, Халимаг Монгол гээд эдгээр бүгд Монгол ахуйтай, Монгол соёлтой улсууд. Чингис хаанаас хойш бид бүгдээрээ нэгдсэн Монгол. Хятад улс өөрийн харьялалд байдаг Монгол үндэстний өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Үүнийг Хятадын талаас хараад үзэхээр буруу юм байхгүй. Харин бид болохоор үүний эсрэг, Монгол үндэстний өв соёл Монголчуудынх л байх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Энэ нь Монголчуудын хувьд, Монгол хүний сэтгэл зүйд хүнд тусдаг. Ер нь түүхийн асуудал дээр нэг асуудал байдаг Хятадууд Монгол үндэстэн, Чингис хааныг Хятадын нэг хэсэг, манай хаан гэж үздэг. Хятадын нүдээр харахад түүх гуйвуулаад байгаа юм байхгүй. Харин бид үүнийг Хятадууд түүх гуйвуулж байна гэж үздэг.

  • Асуулт: Английн хөрөнгө оруулагч нарын талаар мэдээлэл өгнө үү?

Хариулт: Английн нийт хөрөнгө оруулагч нарын хувьд сүүлийн зургаан жилд нийт долоо орчим тэр бум долларын хөрөнгө оруулаад байгаа. Оюу толгойн уурхай ажиллаж байгаатай холбоотой цаашид 4-5 тэр бум долларын хөрөнгө Оюутолгойн далд уурхайн олборлолттой холбоотой манай улсад орох байх.

  • Асуулт: Англи-Монголын хөрөнгө оруулагч нараас уул уурхайн салбараас өөр ямар нэгэн салбарт хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагч нар байгаа юу?

Хариулт: Одоогоор голлон уул уурхайн салбарт хөрөнгө оруулж байгаа. Гэхдээ бид цаашид уул уурхайгаас өөр салбарт бас хөрөнгө оруулж хамтран ажиллахыг санал болгож байгаа.

  • Асуулт: Сүүлийн үед байдал хурцадмал байгаа ОХУ, Украйны асуудал дээр Манай улс ямар байр суурьтай байгаа вэ?

Хариулт: Энэ асуудал дээр бид асуудлыг гол нь энх тайвны хүрээнд шийдвэрлэх нь зөв гэсэн байр суурьтай байгаав түүнээс биш аль нэгэн улсын талд орох асуудал байхгүй, байх ч ёсгүй.

  • Асуулт: Манай улс хойд болон урд хоёр хөрш орнуудтайгаа харилцдаг харилцааны түвшин ямар хэмжээнд байгаа вэ?

Хариулт: Бодлогын хувьд манай улс хойд урд хоёр хөрш улсуудтайгаа энэ тэнцүү хэмжээнд харилцана гэсэн бодлогын заалт байдаг. Гэхдээ эдийн засаг, материаллаг харилцаа дээр энэ тэнцвэрт хэмжээг хадгалах хэцүү. Учир нь бид Оросоос нефтын  бүтээгдэхүүн авдаг, манай улсын уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг зөвхөн Хятад авдаг. Хэдийгээр бид уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэж үздэгч эдийн засгийн бодлогоо солонгоруулах чиглэл баримтладаг. Өөрөөр хэлбэл, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бараа бүтээгдэхүүнтэй болох бодлого баримтлаж байгаа. Энэ нь уул уурхайн салбараа болино гэсэн үг биш, уул уурхайгаас бусад салбараа уул уурхайтайгаа адил хэмжээнд хөгжүүлнэ гэж ойлгож болно. Тиймээс манай бодлого цаашид өөр өөр зах зээлүүдийг хайж олох шаардлагатай тулгарч байгаа юм. Улс төрийн харилцааны хувьд манай улс хоёр хөрш улсуудтайгаа сайн харилцаатай байдаг. Манай төрийн тэргүүн, эрх баригчид хоёр хөрш орнуудын удирдлагуудтай тогтмол уулзаж, санал бодолоо солилцдог.

  • Асуулт: МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлагаар Дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцвэл сургалтын төлбөрыг МУ-ын засгийн газраас даах шийдвэр гарсан. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлсэн үү?

Хариулт: Энэ шийдвэр хэрэгжиж эхэлсэн гэж ойлгож байгаа. Энэ жил Дэлхийн шилдэг их сургуулиудад тэнцсэн нийт 85 оюутан шалгарсан байсан. Шалгарсан оюутнуудын нэрсийн жагсаалт, тэнцсэн сургуулиуд болон үүнтэй холбоотой бусад мэдээллийг БШУЯамны вэб хуудсаас авах боломжтой. Ерөнхийдөө энэ тэтгэлэгт хөтөлбөр нь зөвхөн Бакалаврын түвшинд суралцах оюутнуудад хамаатай бөгөөд дэлхийн шилдэг сургуулиудын жагсаалтын эхний 20 сургуульд тэнцсэн оюутнууд мэргэжил харгалзахгүй, 20-100 хүртлэх сургуулиудад тэнцсэн оюутнууд тухайн жилд засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Монгол улсад эрэлт хэрэгцээтэй чиглэлээр сурахаар тэнцсэн байх ёстой гэж заасан байгаа.

  • Асуулт: Гадаад паспортыг дээд тал нь хэдэн удаа сунгуулах эрхтэй байдаг вэ?

Хариулт: Гадаад паспортыг хоёр л удаа сунгуулж болно. Нэг удаа сунгуулахад дээд тал нь таван жилээр сунгуулж болно. Мөн паспортын хугацаа дууссан, сунгуулах боломжгүй тохиолдолд ЭСЯамд хандаж шинэ паспорт авч болно. Шинэ паспорт авахаар захиалга өгсөнөөс хойш 1-2 сарын дотор шинэ паспортоо авах боломжтой.

  • Асуулт: Энэ жилийн Их Британий Монголчуудын наадам хэзээ болох вэ? Ойрын үед ямар ямар арга хэмжээнүүдийг ЭСЯ-наас зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

Хариулт: Энэ жилийн наадмын талаар одоогоор надтай зохион байгуулагчдын талаас ирж уулзаж ярилцаагүй байгаа. Гэхдээ наадам болдогоороо болно. Энэ жил бид Монголд хоёр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

  1. Монгол туургатан хүүхдийн наадам (Найрамдал зусланд зохион байгуулна)
  2. Гадаадад байгаа Монгол иргэдийн төрийн бус байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг 9 дүгээр сард Монголд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯамны вэб хуудаснаас авч болно.
  • Асуулт: Лондонгийн Хөрөнгийн Бирж, Монголын Хөрөнгийн Бирж хоёрын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү?

Хариулт: Лондонгийн Хөрөнгийн Бирж, Монголын Хөрөнгийн Биржүүдийн хамтын ажиллагааны гэрээг 2011 онд байгуулсан. Маш товчхон хэлэхэд, гэрээний гол зорилго нь Манай хөрөнгийн биржийг орчин үеий хөрөнгийн бирж болгох зорилготой. Манай засгийн газрын зорилго бол Монголын Хөрөнгийн Биржийг Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн томоохон санхүүгийн төв болгоход оршиж байгаа юм.

  • Асуулт: Англи улсад Магистрын хөтөлбөрт хамрагдахаар ирж байгаа оюутнуудад ажиллах эрхгүй виз олгож байгаа. Энэ талаар ЭСЯамны зүгээс Английн хилийн албанд хүсэлт гаргаж хандаж болдог уу?.

Хариулт: Энэ нь зөвхөн Монгол улсын оюутнуудад биш, Англи улсад суралцахаар ирж байгаа нийт гадаадын оюутнуудад чиглэсэн Английн засгийн газраас гаргасан албан ёсны шийдвэр тул үүн дээр ямар нэгэн хүсэлт гаргах асуудал байхгүй. Гэхдээ ямар сургуульд сурах гэж байгаагаас шалтгаалан зарим оюутнуудад долоо хоногт 20 цагийн ажиллах эрхтэй виз олгож байгаа. Английн хилийн албаны албан ёсны вэб хуудас дээр “Highly Trusted” эрх авсан сургуулиудад суралцаж байгаа бол ажиллах эрхтэй виз олгож байгаа юм.

  • Асуулт: Манай улс Хойд Солонгостой ямар харилцаатай байдаг вэ?

Хариулт: Манай улс Хойд Солонгостой албан ёсны томъёоллоор уламжлалт найрсаг харилцаатай гэж заасан байгаа. Хойд Солонгос далайд гарцгүй манай улсын хувьд далайд гарах гүүр болох боломтой улс юм. Хойд Солонгосоор дамжуулан далайн тээвэрлэлтээр манай улс өөрийн орны бараа бүтээгдэхүүн, уул уурхайн баялагаа Япон, Солонгос, АНУ зэрэг орнуудруу гаргах боломж, тооцоо байгаа юм. Тиймээс Хойд Солонгостой найрсаг харилцаатай байгаа энэ харилцаагаа бид ямар нэгэн үзэл сурталд авталгүйгээр хадгалж, цаашид улам өрөгжүүлэх сонирхолтой байдаг.

  • Асуулт: Манай улс хэзээ давхар харъяаллын асуудлыг хүлээн зөвшөөрдөг болох вэ?

Хариулт: Манай улс үндсэн хуулиндаа хоёрдмол харъяаллын асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс энэ асуудал үндсэн хуульд өөрчлөлт орохоос нааш шийдэгдэхгүй.

  • Асуулт: Монгол улсын харъяаллаас татгалзаагүй байж гадаадын ямар нэгэн улсын харъяаллыг авсан хүмүүс байдаг. Энэ нь Монголын харъяаллаас автоматаар хасагдсан гэсэн үг үү? Ямар учиртай юм бэ?

Хариулт: Монголын харъяаллаас гараагүй байж гадаадын харъят болж байгаа хүмүүс Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж байна гэсэн үг. Хуулийг дагах ёстой, хуулийг мөрдөх ёстой. Харин гадаадад төрсөн 18 аас доош насны хүүхдүүдийн хувьд ЭСЯамнаас төрсний гэрчилгээгээ авч болно. Харин тухайн хүүхэд 18 нас хүрснийхээ дараа өөрөө аль улсын иргэн болохоо шийддэг.

  • Асуулт: ЭСЯам дээр явагдаж байгаа Монгол хэлний сургалтыг маш их дэмжиж явдаг. Энэ сургалт цаашид үргэлжлэх үү?

Хариулт: ЭСЯам бүхий л боломж бололцоогоороо Монгол хэлний сургалтыг дэмжиж, зохион байгуулж байгаа. Цаашид явагдах, явагдахгүй нь Монгол хэлний багшаас маань шалтгаална. Цаашид сургалт явагдана гэж найдаж байгаа.

  • Асуулт: Англи улсын хэмжээнд одоогоор бүртгэлтэй болон бүртгэлгүй хэдэн Монгол иргэн амьдарч байгаа вэ?

Хариулт: Иргэдийн бүртгэлийн ажлаас шалтгаалаад нарийн тоо хэлэхэд хэцүү. Ойролцоогоор 4000 орчим Монголчууд Англи улсад амьдарч байгаа.

  • Асуулт: ЭСЯам саяхан Малайзид төвтэй Лимкоквинг Их Сургуулийн (Limkokwing University) Лондон дахь салбар сургуультай жил бүр Монгол оюутнуудыг үнэ төлбөргүй сургах тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Хариулт: Санамж бичгийн дагуу тус сургууль нь жилд 10 монгол оюутныг Лондон дахь салбартаа тэтгэлэгээр суралцуулахаар болж буй юм. 2014 оноос Бакалаврын зэрэгт-5, Магистрын зэрэгт-5 Монгол оюутныг үнэ төлбөргүй сургаж эхлэнэ. ЭСЯам тус сургуульд сурах сонирхолтой оюутнуудынхаа материалтай танилцсаны үндсэн дээр суралцах боломжтой гэж үзсэн оюутнуудын нэрсийг тус сургуульд санал болгох үүрэгтэй оролцож байгаа. Харин эцийн сонгон шалгаруулалтыг Лимкоквийн их сургуулийнхан гаргах юм. Тийм учраас энэ сургуульд суралцах хүсэлтэй оюутнууд байвал ЭСЯамд хүсэлт гарган хандаж болно. Бид та бүхний ирүүлсэн материал, хүсэлтийг харгалзан тухайн сургуульд санал гаргаж нэр дэвшүүлж болно.

Уулзалтын төгсгөлд Англи улсад хүнд өвчтэй эмчлүүлж байгаа дүүгээ эргэхээр Монголоос ирсэн иргэн н.Алтантуяа Элчин сайд Н.Тулгад хандан хүнд хэцүү үед гүн туслалцаа үзүүлсэн явдалд баярлаж талархаснаа илэрхийлж, ЭСЯамны нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүсэв.

Тэмдэглэл хөтлөсөн: У. Ганзориг, Уулзалт Зохион Байгуулах Баг

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Британий Монголчуудын Холбоо

Цахим Өртөө Холбоо ТББ

 

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Элчин Сайдын Яам

“Азаа” гэрэл зургийн студи

“МГЛ Аурора” ХХК