PhotoJag6 сарын 13-ны Баасан гарагт зохиогдох “Оюунлаг Оршихуй” 8-н зочин, Цахим Өртөө Холбооны гишүүн,  IBM-д мэрэгжлээрээ ажиллаж буй Э.Жагдагдоржтой уламжлалт “бие халаах” яриа хийснээ хүргэж байна

Таны Улсын математикийн олимпиадын 2 удаагийн аваргаас IBM-д ажиллах хүртэлх 30 гаруй жилийн хооронд та үндсэндээ мэдээлэл технологийн салбартай салшгүй холбоотой явлаа. Энэ хугацаанд энэ салбарт гарсан хөгжил дэвшлийг товчхоноор тодорхойлооч гэвэл та юу гэхсэн бол?

Их хурдтайгаар хөгжин дэвшиж, огцом хувьсалтай байгаа салбарын нэг бол мэдээллийн технологи.

Мэдээлэл технологийн хувьсгалын давлагааг зөвхөн хэрэглэгчийн хувьд харж мэдрэх бус мэргэжилтний хувьд хүмүүсийн ажил амьдралд зөв зохистойгоор хүргэх ажилд оролцож яваа маань миний мэргэжлийн онцлог.

Намайг ажиллаж байгаа хугацаанд гарсан хамгийн том өөрчлөлт гэвэл Интернэт гэж болно. Тухайн үед мэргэжлийнхэн дундаа өөрийн орон зайтай болж, Интернэтийн Монгол пионер гэж болох хүмүүстэй цугтаа хамтран ажиллаж, Монголд Интернэтийн хэрэглээ бий болгоход оролцож байснаараа их бахархалтай байдаг.

Анх персонал компьютер гарч ирж зах зээлийг эзэлж хаа сайгүй эзэлж байх үед би мэргэжлийнхээ захаас зууралдсан хүн. Новосибирскт комьютерийн инженер мэргэжлээр сургууль төгсөж ирээд Ардын Эрх сонинд ажилд орсон. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг компьютержүүлэх, тугалга цутгадаг өндөр хэвлэлээс дэсктоп паблишинг буюу компьютерын сүлжээгээр дамжуулан сонин хэвлэх том өөрчлөлтийг техникийн талаас нь удирдан ажилласан. Өдөр тутмын сонины эх бэлтгэх компьютерын иж бүрдмэл сүлжээний шинэ систем нэвтрүүлэх боломж гарсан нь тэр үедээ цоо шинэ зүйл байлаа. Компьютер дээр эх нь бэлтгэгдээд орчин үеийн хэвлэлийн машинаар хэвлэгдсэн сониныхоо анхны дугаарыг би одоо хүртэл нандигнан хадгалдаг.

Компьютер хувь хүний хэрэгцээгээр зогсохгүй бүхэл бүтэн байгууллага бизнесийн үйл ажиллагааг автоматжуулж болохыг оюутан байхдаа хичээл дээр үздэг байсан бол тэр ажлыг бодит амьдралд хэрэгжүүлэх ажилд олон жил зарцууллаа. Энэ бүх ажлын цөм нь компьютерын тархийг удирдах программ зохиох ажил байдаг. Монголд дэлгүүрийн кассаас авахуулаад нягтлан бүртгэлийн тайлан хүртэлх, зочид буудлын үүдний захиалгаас эхлээд бүтэн үйл ажиллагааны тайлан гаргах, үйлдвэрийн будаг, оёдол, нярваас эхлээд санхүүгийн бүрэн тайлан гаргах мэтээр мэдээллийг боловсруулах програм хангамжууд зохиож нэвтрүүлэх чиглэлээр ажилласан. Тодруулбал, компьютер, сүлжээ, шийдвэр гаргахад туслах мэдээлэл боловсруулах зэрэг нь шинэ зүйл байж. Одоо бол энэ бүгд стандарт, байж байх ёстой энгийн зүйл болж хувирчээ.

Өнөөдөр ажил, мэргэжил маань үндсэндээ mobile/social, big data & analytics, cloud гэсэн чиглэлд өөрчлөгдөн хувьсаж байгаа. Одоо компьютерээс мобайл төхөөрөмжид шилжиж, өгөгдөл боловсруулалт өмнөөс шууд шийдвэр (cognitive computing буюу machine learning, artificial intelligence гэдэг дээ) гаргах болж өөрчлөгдсөн үед ажиллаж байна.

Энэ их өөрчлөлтийн дунд өөрчлөгдөхгүй байхын чухлыг та бас ярьдаг. Юу гэсэн үг вэ?

Аливааг том хэмжээгээр харах, богино хэмжүүрээр үнэлэх гэсэн ойлголт байдаг. Тухайлбал, мэргэжлийн чадвар (professional skills) гэж ойлголт бий. Тухайн үеийн технологийг эзэмших мэдэх хэрэгтэй, тэгэж байж чадварлаг мэргэжилтэн байна, үйлчилгээний дэлхийн чанар гэж ярьж болно. Гэтэл манай мэргэжлийн нүдээр харвал 12-18 сар тутам программын шинэ хувилбар гарна, дараагийн шатанд орж хөгжинө, тэр бүгдийг хөөж гүйцэх заримдаа өмнө нь гарч тэргүүлэх хэрэг гарна. Энэ бол чадвартай холбоотой харьцангуй богино хугацааны хэрэг буюу маш түргэн өөрчлөгдөж байх хэрэгцээ, нэг талаас.

Нөгөө талаас урт удаан хугацааны ойлголтоор харвал өөрчлөгдөхгүй байх нь чухал мэт асуудал гарч ирдэг. Чадамж (capacity) гэдэг ойлголтыг жишээ нь өмнөхтэй дүйн харьцуулж болно. Тодруулбал, чадамж нь урт удаан хугацаанд буюу хүний ажлын бүхэл карьерыг тодорхойлдог бол чадвар нь тухайн ажлын байрны баталгааг тодорхойлно. Нэг төрлийн ажлыг маш удаан хугацаанд хийх бол зайлшгүй өөрчлөгдөнө, гэхдээ хүн амьдралынхаа туршид мэдээж өөр өөр ажил хийдэг. Нэг ажлын байрнаас нөгөө рүү шилжих явцдаа сайжирч дэвшиж байхын тулд түргэн түргэн бус удаан өөрчлөгдөх хэрэг гарна.

Заримдаа бүр огт өөрчлөгдөхгүй мэт байх бас чухал. Худлаа хэлдэггүй, хуурдаггүй, суралцаж чаддаг, олны дунд зөв нөлөөтэй байж чаддаг гэх мэт жишээлж болох олон чанар өөрчлөгдөхгүй байх нь чухал. Өөрчлөгдөнө гэхдээ өөрчлөгдөхгүй гээд философи маягаар харвал бас их сонин. Энэ талаар уулзалтаараа дэлгэрүүлэн ярилцъя.

Америкт 15 жил ажиллаж амьдарчээ. Олон нийтийн ажилд цаг заваа их хийж зарцуулж байгаа харагддаг. Юуг өөрчлөх гэж эсвэл эс өөрчлөх гэж тэгж байдаг байна?

Маш товчоор бол хаана амьдарч байгаагаасаа үл хамаараад би Монгол хүн шүү, эх нутгийнхаа хөгжилд нэмэр болох ёстой шүү гэсэн бодол, үүргээ эс өөрчлөх үүднээс чамгүй цагийг олон нийтийн ажилд зарцуулдаг. АНУ-д харьцангуй удаан тогтвор суурьшилтай амьдрах, ажиллах, суралцах боломж өндөр байдагтай холбоотойгоор тэнд манайхан овоо уддаг. Удахын хирээр “Усыг нь уувал ёсыг нь дагана” гээч болох ёстой. Зарим нь ус овоо уусан ч ёс таг, заримд нь ус нь олдохгүй жаахан хуурайхан ч ёс дагаад өмнөх хуучнаа таг болгочих явдал элбэг. Ингэхээр эндээ их олон зүйлийг өөрсдөдөө зориулж хийх босгох хэрэг гардаг, цаг зав их авдаг.

Дээр нь орон зай, цаг хугацаа хамаарахгүйгээр эх орны хөгжилд алсаас нэмэр болж болно гэдэгт би итгэдэг. Заавал ир, заавал нүүрээ харуулж ажилла гэсэн бодлыг өөрчлөх санаа агуулдаг. Америкт хэдэн жил ажиллахдаа ингэж болохыг өөрийн ажил, амьдралаар үзлээ, тодорхой хэмжээний туршлага хуримтлууллаа. Тухайлбал, би хэзээ ч Бразил, Аргентинд өөрийн биеэр очиж үзээгүй, гэхдээ тэнд байгаа технологийг алсаас удирдан зохион байгуулж зохицуулан ажиллаж үзсэн. Өөр тивд байгаа мэргэжилтнүүдтэй цагийн зөрүүг үл харгалзан өдөр тутам утас болон онлайнаар харьцаж ажилласаар тэнд бизнес босож, хөдөлмөр буцалж, нөгөө эдийн засгийн эргэлт явагдаж улсын хөгжилд тодорхой түлхэц авчирч байгааг мэдэрдэг. Өөр нэг жишээ дурдахад би Саудын Араб улсад очиж үзээгүй. Гэхдээ тэндэхийн аварга барилгуудад миний бичсэн программаар тооцоологдож үйлдвэрт бүтээгдсэн бүтээгдэхүүн байрлаж, дээр нь миний оюун ухаанаар зохиогдсон цогц систем тэдгээр бүтээгдэхүүнийг тогтмол ажиллаж байх нөхцөлийг хянан тохируулан ажиллаж буй. Үүгээрээ тэнд мөн л хөгжил хүргэж байгаа гэж санадаг. Ийм маягаар гадаадад амьдарч байгаа хүмүүс Монголынхоо хөгжилд хувь нэмэр оруулах олон боломж буй болгож болно гэж санадаг. Алсын зайн сургалт, онлайн хичээл зэргийг холоос, 14 цагийн зөрүүг даван заадаг. Гадаад оронд сурч ажилласан туршлагаасаа 100 гаруй оюутнуудтай хуваалцсандаа баяртай байгаа. Мэдлэг мэдээлэл бол хүч. Тийм болохоор монголчууд бид бие биенээсээ их зүйл сурмаар, ажил амьдралдаа хэрэг болох мэдээллээ зөв зохистой солилцмоор санагддаг. Олон зуун жилийн түүхтэй нүүдлийн соёл, монгол ёс заншлаа өөрчлөлгүй хадгалж, орчин үеийн дэлхийн хөгжилтэй зохицохын тулд мэдлэг мэргэжил технологийн хувьд байнга хувьсан өөрчлөгдөх нь хувь хүн болон улс орны аль алинд нь чухал гэж боддог.

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат – Зохион байгуулах баг