altannar

Монгол Германы Технологийн Их Сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй, Цахим Өртөө Холбооны гишүүн, Математикийн ухааны Др, Төрийн шагналт Ч.Алтаннартай удирдан ажиллаж буй сургуулийнх нь талаар товч хөөрөлдсөнөө хүргэж байна.

Тэрээр 2010 онд Английн Империал Коллежед судлаачаар ажиллаж байхдаа “Монгол орны хөгжилд” 6 -р чуулганыг хамтран зохион байгуулалцаж “Математик, Мэдээлийн Технологи, Инженерийн” салбар хуралдааныг удирдан, мөн “Портфелийн Онол” сэдэвт илтгэл тавьж байсан билээ.

Юуны өмнө Монгол Германы засгийн газар хоорондын гэрээгээр байгуулагдсан сургуулийн захирлаар томилогдон ажиллаж буйд тань баяр хүргэж, амжилт хүсье. Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль гэсэн нэрээс нь харвал уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийг Герман технологи мэдлэгээр сурган гаргах эрдэм номын уурхай гэж ойлгож болох уу

Баярлалаа. Ер нь бол инженер, технологийн сургууль гэж ойлгож болно. Өнөөдөр уул уурхайн салбар манай эдийн засгийн нэгэн томоохон хөдөлгөгч хүч болж байна,  энэ байдал ойрын хорин жил өөрчлөгдөхгүй байх. Харин энэ салбарыг өндөр мэдлэг боловсролтой, хариуцлагатай инженерүүд зөв хөгжүүлнэ. Тэгэхээр тэр инженерүүд нь Монголчууд өөрсдөө байх ёстой. Нөгөө талаас дэлхий дахинд техник технологи асар хурдацтай хөгжиж байна үүнийг дагаад инженерүүдэд тавигдах шаардлага бас өндөрсөж байна. МГТИС-ийн хувьд тэр өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах инженерүүдийг бэлтгэх зорилготой юм. Сургалтын хөтөлбөр Германы стандартаар англи хэл дээр явагдана харин оюутнуудын хувьд зөвхөн Герман технологи гэлтгүй дэлхийн тэргүүлэх технологийг эзэмших болно.

Оюутан элсүүлэн авах шалгуур журам, хэдэн жилийн сургалттай, яг ямар мэргэжлүүдээр төгсгөх зэргийнхээ талаар товч танилцуулбал

Мэргэжлүүдийн хувьд судалгаа хийсний үндсэн дээр өнөөдөр хамгийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа уул уурхайн боловсруулалтын инженер, механикийн инженер мөн байгал орчны инженерийн чиглэлээр бакалаврын ангид оюутан элсүүлнэ. Мөн дээр нь нэг жилийн бэлтгэл ангийн хөтөлбөр байгаа. Энэ нь бакалаврын түвшинд суурь мэдлэг нь арай хүрэхгүй байгаа оюутнуудыг нэг жилийн турш англи хэл болон байгалийн шинжлэх ухааны хичээлүүдээр түлхүү бэлддэг хөтөлбөр юм. Амжилттай төгссөн оюутнууд нь бакалаврын ангид шууд элсэх боломжтой. Цаашид бакалаврын хөтөлбөрийн тоог нэмэх мөн магистр, докторын хөтөлбөрүүдийг судалгаа хийсний үндсэн дээр нээх төлөвлөгөөтэй байна.

Германы тодорхой сургуультай оюутан солилцоо хийх эсвэл Монгол оюутнуудаас Германд очиж Магистр, Докторын зэрэгт үргэлжлүүлэн суралцах хэлбэрүүд бий юу

МГТИС-ийн хөтөлбөр нь Германы стандартаар явагдаж байгаа болохоор амжилттай суралцсан оюутнууд оюутан солилцооны шугамаар Германы түнш их дээд сургуулиудад очиж суралцах боломжтой. Мөн бакалавраа төгссөн оюутнуудын хувьд магистрын түвшинд Германы их дээд сургуульд нэмэлт сургалтгүйгээр шууд элсэн орж суралцах нь нээлттэй болж байна. МГТИС нь англи хэл дээр сургалт явагддаг гэдгээрээ зөвхөн Германы их дээд сургуулиуд биш өөр улсын их дээд сургуулиудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Саяхан та бүхэн гадаадад инженерийн чиглэлээр суралцаж  ажиллаж буй элэг нэгтнүүдээ хамтран ажиллахыг уриалсан уриалга гаргажээ. (Доор зүүв ) “Монгол орны хөгжилд” 10-р чуулган Улаанбаатар хотноо болно. Та өмнөх чуулгануудыг хамтран зохион байгуулалцаж , салбар хуралдааныг удирдаж,  илтгэлээрээ орлцож байсаны хувьд энэ бол бас гадаадад нарийн  мэргэжлээр ажиллаж суралцаж буй хүмүүст хүрэх нэг суваг гэдгийг мэднэ. Бас 10-р чуулганы зохион байгуулах багт орсон байгаа. Энэ чуулганыг бас өөрийн сургуульдаа үр өгөөжтэй холбон ашиглах боломж та бүхэнд нээлттэй гэдгийг хэлэе

10-р чуулганы зохион байгуулах багт урьж оруулсанд тань баярласнаа юуны өмнө илэрхийлэе.  6-р чуулганы бэлтгэл, зохион байгуулалтын ажиллагаанд оролцож байсны хувьд Европын орнуудаас нарийн мэргэжлийн залуус энэ чуулганд ирж оролцдог уламжлалтайг сайн мэднэ. Эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах хүсэл зорилготой хэн бүхэнтэй хамтран ажиллахыг хичээх тул мэдээж чуулгантай боломжит хэлбэрээр хамтран ажиллах болно.  Олон жил энэ чуулганыг тасралтгүй зохион байгуулж өргөжүүлэн тэлж бусад орнуудад байгаа Монголчуудынхаа оролцоог бий болгож чадсан  Британийн Монголчууд та бүхэнд болон Цахим Өртөөчиддөө  талархаж буйгаа энэ дашрамд хэлэе.

хөөрөлдсөн Д.Цэрэнбат

Urilga