2006 онд Лондонд Хэл бичгийн ухааны Др Ж.Бат-Ирээдүйгээр удирдуулан бидний хэсэг нөхдийн хэвлэн гаргаж байсан “Монгол Мэдээ” сонинд зориулж бичсэн нэгэн нийтлэлээ Бразилийн дэлхийн аваргын тэмцээн болох гэж буйтай холбогдуулан дахин сонирхуулж байна

Өнөөгийн та бидний тэсгэл алдан хүлээж суудаг Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өдий зэрэгт хүрэхдээ шулуун дардан замаар явсан гэж та бодно уу.
Дэлхийн Хөл Бөмбөгийн Холбоо (ФИФА) аль 1904 онд байгуулагдсанаас хойш бүтэн 26 жилийн дараа 1930 онд л анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Уругвайд болж тэнд Европод хамгийн ихээр хөгжиж байсан энэ спортын төлөөлөл болж дөрөвхөн орон оролцож байсан зэргийг харахад л “сэжиг төрж” эхлэх нь дамжиггүй. Ингээд түүхийг хамтдаа жаахан төнхөж учир шалтгааныг эрье.
Хамгийн эхлээд л үүссэн бэрхшээл нь Францид долоон орны Хөл Бөмбөгийн Холбоод ФИФА-г анх байгуулахад энэ спортыг эх барьж авсан Английн Хөл Бөмбөгийн холбоо оролцоогүй явдал юм.
Тэд ФИФА-аас уг холбоонд элсэхийг хүссэн хүсэлтийг аваад татгалзаагүй хэдий ч шийдтэй хариу өгөхгүй ихэд удсан байдаг. Халуухан захидлууд ч шидэлцэж байсан түүхтэй аж. Тухайн үед ФИФА-г удирдаж байсан зарим нэг хувь хүмүүсийн тухайлбал Baron Edouard de Laveleye(President of the Union Belge des Sociétés de Sports Athlétiques)-н ихээхэн хичээл зүтгэлийн дүнд Английн Хөл бөмбөгийн холбоо ФИФА-д 1905 оны 4 сарын 12-нд нэгдсэн нь тэр үед зөвхөн цаасан дээр л хэлбэршиж байсан энэхүү байгууллага өндийж босоход том үйл хэрэг болсон хэмээн үздэг. Энэ үйл явдалыг гүйцэлдүүлж чадсанийг нь өндрөөр үнэлэн Baron-ийг ФИФА-ийн анхны хүндэт гишүүн болгосон түүхтэй.
Английг нэгдүүлэхээр зууралдаж байх энэ жилийн хугацаанд анхны 7 дээр нэмэгдэн Герман, Австри, Итали. Унгарийн Хөл Бөмбөгийн Холбоод ФИФА-д хэдий нь нэгдээд байсан бөгөөд 1905 оны 6 сарын 10-12 хооронд Парист болсон ФИФА-ийн 2 дах конгрессоор Уельс, Шотланд, Ирландийн хөл Бөмбөгийн Холбоод Английн жишээг дагажээ. Энэ конгрессоор хөндсөн нэг үйл явдал нь олон улсын анхны тэмцээнийг 1906 онд багтаан зохиох тухай асуудал байсан ба 4 хэсэгт хуваагдан тоглож хагас шигшээ, шигшээ тоглолтуудыг Швейцари өөрийн орондоо зохиох тухай яригдаж, тэр ч байтугай Швейцарийн дэд ерөнхийлөгч Victor Schneider уг тэмцээнд зориулсан цомыг хандивлачихаад байв. Гэвч бэрхшээлүүд гарсаар. Харамсалтай нь энэ тэмцээн зохиогдож чадаагүй бөгөөд ФИФА бас нэгэн хямралд автаад байсан нь Францийн Хөл Бөмбөгийн Холбоо дотроо хуваагдаж энэ үйл явдлаас болж энэ спортын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж ажиллаж байсан ФИФА-ийн анхны ерөнхийлөгч Францийн иргэн Robert Guérin албан үүргээ хүлээлгэн өгөхөд хүрсэн явдал байв.
Хаа очиж  Английн хөл бөмбөгийн Холбоо ФИФА-д элссэн нь цаашдын үйл явц илүү хурдацтай явагдах нэг гол хүчин зүйл болж байж. 1906 онд хуралдсан ФИФА-ийн конгрессоор Английн иргэн Daniel Burley Woolfall ФИФА-ийн ерөнхийлөгчөөр сонгогдон түүний удирдлага дор Английн болон эх газрын хөл бөмбөг илүү нэгдмэл болж иржээ.
Гэхдээ л өөрийн хэмээсэн олон улсын томоохон тэмцээн зохион байгуулах санаа ажил хэрэг болох хол хэвээр. Олимпийн хөтөлбөрт Хөл Бөмбөгийг оруулснаар энэ асуудлыг шийдвэрлэж болох юм хэмээн ФИФА үзэж 1908 оны Лондонгийн Олимп-д Хөл бөмбөгийг оруулсан бөгөөд Английн баг анхны аваргаар нь тодров. Гэхдээ Хөл бөмбөг Мэрэгжлийн спорт гэж нэгэнт өөрийгөө тодорхойлоод байснаас болж мэрэгжлийн бус тамирчид өрсөлдөх учиртай Олимпод зөвхөн үзүүлэх тоглолт байдлаар орсон аж. 4 жилийн дараа 1912 онд Стокхолм-д Олимп болоход энэ асуудал дахин үүсч түүнээс хойш хэдэн 10 жилийн турш маргалдах сэдэв болсон байна. Ямартай ч Английн баг энэхүү Олимпод дахин аваргалсан байдаг.
Англи ерөнхийлөгчтэй байснаар тоглолтын дүрэм нь Английн загвараар явахаар болсон гэж үзэж болох ч ФИФА-ийн албан ёсны хэлийг Франц байхаар зөвшөөрсөн, албан ёсны бюллютен хэвлэгдэж эхэлсэн гэх мэт дэвшлүүд ФИФА-д гарсаар байлаа. Мөн олон улсын тэмцээнүүдийн талаархи маш тодорхой заалтууд гарч, ФИФА-аас өөр байгууллага энэ төрлийн томоохон тэмцээн зохиохыг хориглон хаасан байна. Харин ФИФА өөрийн гэсэн мэрэгжлийн хөл бөмбөгийн олон улсын тэмцээн дэлхийн аваргаа зохиох санаа гүйцэлдэж чадахгүй явсаар.
1909 он хүртэл ФИФА-д зөвхөн Европийн орны төлөөөллүүд байсан бол Өмнөд Африк 1909/1910 онд, Аргентин, Чили 1912 онд, АНУ 1913 онд тус тус элссэн нь ФИФА-ийн олон улсын тавцанд батжиж бэхжихийн үүд өргөсөв.
Ер нь л томоохон олон улсын тэмцээн зохиож эхлэхэд ойртож ирлээ гэсэн тэр үед нь буюу 1914 онд гайтай дэлхийн 1-р дайн дэгдэж хөл бөмбөг, түүний үндэстэнүүдийг  нэгтгэх зорилгын тухай ярих сөхөөтөй хүн алга болж ухралт үүсчихүй.
Нөхцөл байдал хүнд ч жижиг хүрээнд ч болтугай энэ байгууллага үйл ажиллагаагаа явуулж, төвийг сахисан газруудад олон улсын шинжтэй тэмцээнүүдийг зохион байгуулж чадаж байсан нь бахархууштай.
Харамсалтай нь дайны байдлаас болж зарим гишүүд галын шугам нэвтрэхэд бэрхшээл гарч ингэснээр ФИФА-ийн конгресс зохиогдох аргаүй болон дээр нь түүний 2 дах ерөнхийлөгчDaniel Burley Woolfall 1918 онд нас барсан нь энэ байгууллагыг бүр замхарч арилахыг дөхүүлжээ. Азаар энэ холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Голландын иргэн Carl Anton Wilhelm Hirschmann асар их хичээл зүтгэл гарган өөрийн бүх л эрч хүч амьдралаа золиослон ажиллаж гадаад дах ФИФА-ийн гишүүдтэйгээ байнгын холбоотой байж чадсаны дүнд ФИФА энэ цаг үеийн хүнд сорилтыг даван тэсэж тогтсон юм. Дайн дуусангуут тэрээр 1919 онд Белгийн Брюссельд ФИФА-ийн Конгрессийг хуралдуулахаар оролдсон ч олон жилийн цус урсгасан дайнаас үүдсэн сэтгэлийн шарх арилаагүйн улмаас цөөнгүй төлөөлөгчид ялангуяа Английн тал энэ конгресс-т ирэхээс татгалзаснаас энэ санаачилга нь амжилтгүй болсон байна.
1920 онд Antwerp-д болсон уулзалтаар ФИФА-ийн шинэ удирдлагын зөвлөл түр бүрэлдэж Францийн иргэн 48 настай Jules Rimet ФИФА-ийн 3 дах ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр ерөнхийлөгч болох үед Дэлхийн 1-р дайнаас болж ФИФА-ийн гишүүд 20 болтлоо цөөрөн өмнө арай хийж оруулсан Британийн Холбоод, дээр нь Бразил, Уругвай бүгд гарсан байлаа.
Түүний ерөнхийлөгчөөр ажилласан 33 жилийн туршид ФИФА-ийн үйл ажиллагаа дэлхийн 2-р дайнаас бусад жилүүдэд гайхалтайгаар цэцэглэн хөгжсөн агаад энэ үеийг “Jules Rimet-ийн эрин” гэж ярих нь ч бий. 1954 онд Швейцарит болсон дэхлийн аварга шалгаруулах 5 дах удаагийн тэмцээнийг нээн энэ албаа хүлээлгэж өгөх үед нь ФИФА хэдийнээ 85 гишүүнтэй болсон байлаа.
Тэрээр ФИФА-г энэхүү өндөрлөгт авчирахдаа арга ухаан ихийг зарж, амаргүй замыг туулсан байдаг. Хөл бөмбөгийг дэлхий нийтэд таниулахын тулд Олимпийн тоглолтийн “сонирхогчийн байх ёстой” гэсэн заалтыг ч зөвшөөрөн гарын үсэг зурж, ингэснээр  Олимпийн тоглолтод хөл бөмбөг анхны 2 удаагийнх шиг үзүүлэн тоглох байдалтай бус жинхэнэ олимпийн нэг төрөл болон орж үүний дүнд өөрийн хөгжөөн дэмжигчдийн хүрээгээ үлэмж тэлж чадсан байна. 1924 оны Олимпийн тоглолдтод 24 орны баг оролцож Уругавайн баг учраа багуудаа төвөггүй буулгасаар аваргын төлөө Швицерландийн багтай 60000 үзэгчдийн өмнө тоглож 3:0 харьцаагаар буулган авчээ.  Энэ ялалтаа тэд “Бид Дэлхийн аварга баг” хэмээн өргөмжлөн тэмдэглэж байж. 1928 оны Олимпод Өмнөд Америкийн багууд илт давамгайлан Аргентин Уругвайн баг үлдэж мөн л Уругвайн багийн ялалтаар дуусав.
Хөл бөмбөг Олимпийн тоглолтын нэгэн төрөл болсноор улам бүр өргөжин тэлж буй энэ байдал нь ФИФА-г өөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохих хүсэл мөрөөдөлийг байнга оргилуулсаар. Удалгүй гишүүн Холбоодод санал асуулга хүргэгдэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдохыг дэмжих эсэх болон ямар нөхцлийн доор энэ тэмцээнийг зохиовол зүйтэй талаар лавлажээ.
Тусгай Комисс гаран энэ байдлыг судалж, Ерөнхийлөгч Jules Rimet ч онцгой эрч хүчтэйгээр ажиллаж өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэж байв.
Ингээд 1928 оны 5 сарын 28-нд Амстердам хотноо ФИФА-ийн Конгресс зохиогдож Гүйцэтгэх Хорооны саналыг дэмжин ФИФА-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиохоор шийдвэрлэжээ. Энэ тэмцээнийг өөрийн орондоо зохион байгуулахаар Унгар, Итали, Голланд, Испани, Швед, Уругвай зэрэг  орнууд нэрээ дэвшүүлсэн ба 1924 болон 1928 оны Олимпийн аварга, 1930 онд тусгаар тогтнолынхоо 100 жилийг хийхээр бэлтгэж буй зэрэг шалтгаанаас үндэслэгдэн бүр гараанаас эхлэн Уругвай улс энэ өрсөлдөөнд ялах хамгийн сайн нэр дэвшигч байсан бөгөөд эрхийг ч авч чадав.
Ийнхүү ФИФА-ийн цаг цагийн удирдагч нарын  олон жилийн шаргуу оролдлогын дүнд өөрийн холбооны нэрэмжит дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах анхны тэмцээнээ 1930 онд Өмнөд Америкийн Уругвай улсад зохиохоор шийдвэрлэж чадсан  түүхтэй.
Бичсэн Д.Цэрэнбат. 2006 он