turuuБритани дахь Монгол бөх сонирхогчид, бөхчүүдийн бүлгээс санаачлан Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Британийн Монголчуудын холбоотой хамтран 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Британийн монголчууын дунд анх удаа “Нутгаа дуурсгана” үндэсний бөхийн тэмцээнийг Лондонгийн баруун дүүрэг дах ShootFighters дасгалжуулалтын  клубт зохион байгууллаа.

Энэхүү барилдаан нь  үндэсний бөхөө сурталчлах, залуу бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, бөхийн спортыг хөгжүүлэхэд бөх сонирхогч иргэдийг татан оролцуулах зорилготой бөгөөд цаашид улирал бүр зохион байгуулах уламжлалт барилдаан болгохоор зорилготой юм.  

Анхны бооцоот барилдаанд аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ, сумын заан Н.Отгонбаяр,  Лондонгийн заан Ц.Батбаяр, Лондонгийн начин Б.Хадбаатар, Лондонгийн начин М.Мөнхзоригт, залуу бөх Багадэлгэр, залуу бөх С.Сайханхангай, залуу бөх Ч.Алтангэрэл нарын 8 бөх оролцон уран мэхийг уралдуулан хийж барилдсанаас Булган аймгийн Тэшиг сумын харъяат, Аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ 7 даван түрүүлж, Төв аймгийн Лүн сумын харъяат, Сумын заан Н.Отгонбаяр 6 даван үзүүрлэн Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат, Лондонгийн наадмын “начин” Б.Хадбаатар, Төв аймгийн Эрдэнцогт сумын харъяат, залуу бөх С.Сайханхангай нар шөвгийн дөрөвт шалгарав. Залуу бөх Алтангэрэл циркийн жүжигчний ур чадварыг үзүүлэн хүчтэй аралтай бөхчүүдийн олон мэхэнд унахгүй үлдэж хурсан олноо баясгаж байлаа. Бөхийн засуулаар Лондонгийн Д.Очирбат,  Лейстэрийн Л.Чингис нар даймгай сайн ажиллалаа

Элчин сайд Н.Тулга тус барилдааныг нээж үг хэлэхийн сацуу шалгарсан бөхчүүдэд шагнал гардуулав. Тэрээр бүх бөхчүүд маань бөхийн өмсгөлтэйгөө барилдаж байхыг зөвлөөд “энэ тал дээр  элчин сайдын яам туслаж дэмжин ажиллах болно” хэмээн өгүүлсэн. 

Барилдаан зохион байгуулах ажиллагааг санаачилж, бөхчүүдээ зохион байгуулан, бүх талын бэлтгэл ажлыг ханган ажилласан Лондонгийн заан Ц.Батбаяртаа гүнээ талархая.   Тавгийн идээ, бөхийн давааны боорцог, хайлмаг зкэрэг амттаныг хийж илүүлсэн Ч.Алтансоёмбодоо баярлалаа.

Анхны бооцоот барилдааныг дэмжин ажилласан Элчин сайдын яамны хамт олон,  сонирхон үзэхээр ирсэн Монголчууддаа мөн чин сэтгэлийн талархал илэрхийлэе. Дараагийн барилдааныг сар шинийн барилдаандтай хамтруулан зохион байгуулахаар боллоо.