BulganҮнэхээр хайрлам ардын багш таны
Үүрд гайхуулам сайхан алдрыг магтъя аа…

Дууны үгээс…

Хишиг-Өндөрийн дунд Сургуулийн 90 жилийн ойд зориулав

Удиртгал

Миний олон жил ажил амьдралын мөр хөөж, аж төрөн сугаа Лондон хотод хавар айсуйг би хоёр юман дээр их тод анзаардаг юм. Нэг нь гэвэл, айлын байрны ар, өвөр, цэцэрлэг зүлэг, ер хаа сайгүй чихэнд чийртэй ёнгинолдох бут, зүлэг тайрах цахилгаан хадуурын чимээ. Их хотын нүргээнт амьдралд дарагдсаар гэрэлт нар алдаг оног үзэгддэг, уйлагнасан усан бороо салдаггүй, бүрхэг зэгэл тэнгэрийн доор өвлийг үдэж байтал ганц хоёрхон өдрийн дотор зурвасхан нар үзээд зүлэг ногоо нэг л мэдэхэд сугсран өтгөрөөд , мод, бут сөөг хүүе гэхийн завгүй салаа мөчрөө тэнийлгэж, навч цэцгээ дэлгэчихсэн сагсайж байна. Энэ үеэр айлуудын цонхны харалдаа хашаагаа дагуулан суулгасан ногоон бутны мөчир салаа гадагш тэлэн ургаж нэвсийгээд, хажуугаар нь өнгөрөх явган хүний чулуун замыг улам ч нарийсгасан мэт үзэгдэнэ.

Нөгөө нь гэвэл, Лондон хотын дундуур мушгиран урсах Таймэс голын эрэг хөвөөнөө бас л дуу дуугаа аван ганганалдах шувуудын чуулга. Хэдэн жилийн өмнө манайх энэ голын эргээс холгүй суудаг байлаа. Эхнэр, хүүхэд бид хэд хааяа, голдуу амралтын өдрөөр талхны зах, юухан хээхэн аваад усны шувуунд өгөхөөр гол уруу явдаг байв. Бараг л гэрийн тэжээвэр болчихсон цахлай, хун, галуу тэргүүтэй зүсэн зүйлийн шувуунд авчирсан талхнаасаа үйрүүлэн чулуудангаа чийглэг агаараар цээж дүүрэн амьсгалж, голын шуугиан чагнасан шигээ ирж яваа урин цагийн аяст сэтгэл уужирч зогсох бас ч таатай. Манайх хэдийгээр голоос холдож нүүсэн ч бид одоо хэр нь зав чөлөө гаргаж Таймэс голынхоо хөвөөгөөр зугаацан алхах дуртай.

hedge-trimmingДөрөвдүгээр сарын дундуур юмсан, иймэрхүү нэгэн өдөр би гол орчихоод нарийн гудамж уруудан харьж явтал нэг хүн гэрийнхээ гадаахь бутыг тайран тэгшилж байгаа бололтой миний явж буй замаар нэг навч мөчир хөглөрүүлчихсэн зогсоно. Хажуугаар нь тойроод гарвал судас шөрмөс нь хөхрөн гүрийж тодорсон хатингар гартаа мөчир тайрдаг том гар хайч дамналдуулан барьчихсан, нөгөө гараа нуруундаа аваад амарч зогсоо ихэд өвгөжөөр англи хүн харагдана. Тэрээр намайг хараад –‘Замыг тань бөглөсөнд уучлаарай!’ гэж байна. Би:

–‘Зүгээр ээ’ гээд цааш алхсаар гудамжны булан тойрлоо. Явж байтал насны эрхэнд ажлаа хүчрэхгүй тамир нь барагдан тэнхээ нь тасран амьсгаадаж зогсоо саяын өвгөний ядрангуй царай, засаж тэгшилж дуусаагүй төгөл бут нь нүдэнд харагдаад салдаггүй шүү. Настай хүн ажлаа дийлж хүчрэхгүй байхад танихгүй ч байсан хажуугаар нь зүгээр өнгөрөөд явчихаж тэвчдэггүй язгуурын монгол хүний зан дотроос хатгаад болох биш. Аливаа зүйлийг өөрийхөөрөө хийж заншсан бардам ихэмсэг зантай англи хүн хүнээс тус авах тун дургүй. Түүний дээр харь нутгийн хар элгийн хүн мөнгөний ажил хайж байна гэж бодохгүй байгаа гэж тээнэгэлзсэн ч буцаад алхлаа. Ойртоод очсон чинь юм асуух нь гэж байгаа бололтой өмнөөс:

–‘Танд юугаар туслахсан бол” гэж байна.

-‘Би танд туслах гэсэн юм аа’ гэсэн чинь.

–‘Өө, зүгээр зүгээр хэрэггүй би ингэж байгаад дуусгачихна, гэхдээ баярлалаа’ гээд гайхасхийн өөдөөс дүрлийн ширтэж байна.

–‘Үгүй би чин сэтгэлээсээ хэлж байна. Би танайхаас холгүй суудаг монгол хүн. Таныг юм хийж байхад хажуугаар нь шууд явчихаж түвдэлгүй буцаад ирлээ. Уучлаарай! Манай заншил тийм юм. Би үлдсэн бутыг тайрч дуусгаад нэлд нь сайн тэгшилж өгчихөөд л явъя. Би танд туслах л гэсэн юм. Үнэ хөлс авах гээгүй’ гэж хэлээд гайхан зогсох өвгөний гараас хайчийг нь авсанд юм хэлсэнгүй. Хэлснээрээ өвгөний гар хүрээгүй хэсэг бутны оройг тайраад морины дэл засаж байгаа юм шиг жигд тэгшилж байх зуур англи өвгөн маань хажууд зогсоод:

–‘Чи их сайхан тэгшилж байна шүү, хараа минь муудсан болохоор өөрөө ингэж нарийн нямбай хийж чадахгүй л дээ, одоо болно доо’ гэх зэргээр яаж зүгээр хараад байхав гэсэн шиг амандаа бувтнаж байна. Захалж дуусгаад хайчийг нь буцааж өгөөд явах гэтэл өвгөн бүр яах учраа олохгүй байгаа бололтой:

–‘Ёстой их баярлалаа, бурхан чамайг өршөөг” гэснээ:

“Чамд хэрэг байгаа бол наад хайчаа түр авч хэрэглэхгүй юу даа’ гэж байна. Үнэндээ надад гаднах бутаа янзлах хайч хэрэгтэй байсан ч гэлээ танихгүй хүнээс нэрэлхэж:

-Үгүй, үгүй. Зүгээр ээ, гэж хэлчихээд замаа хөөж цааш алхсаар булан тойрохдоо эргэж нэг харвал мань өвгөн нөгөө газраа хадаастай юм шиг хөшчихөөд араас минь харж байснаа гараа сарвагануулан хөдөлгөх нь “Баярлалаа”, “Баяртай” хоёрыг зэрэгцүүлэн мэл гайхаж, цэл хөхрөн зогсож буй нь илт байна. Би ч хариу гар даллаад цааш холдох зуур нэг их том ажил бүтээчихлээ гэх хачин сайхан бодол сэтгэл дүүрээд ирж байна. “Хүнд тус болж яв, настай хүнд тусалж байгаарай” гэх аав, ээжийн минь ашдын сайхан сургаал үгс чихэнд дуулдах шиг болж, англи өвгөнд гар хөлийн үзүүрийн ажлаар ялимгүй тус хүргэсэндээ их л додигор “Бат, чи овоо доо” гэж амандаа хэлээд цаашиллаа. Тэгж явах зуурт яагаад ч юм Зөөлөн ахын тухай нэгэн бодол санаанд бууж ирэхүй:

–‘Зөвийг таниулсан зөөлөн чиг ах минь’ гэж хэлээд өөрийн эрхгүй шүүрс алдав…

Анхны уулзалт

Зөөлөн ах бол миний ээжийн есөн дүүгийн дороосоо хоёрдахь нь. Өөрөөс нь доошхи насны манайхны ахан дүүс, хүүхэд бид цөм Зөөлөн ах, бүр товчлоод Зөөл ах хэмээн авгайлж нэр цээрлэн дуудна. Уул нэр нь Даваагийн Лувсангалсан хэмээх түүх, нийгмийн ухааны багш хүн л дээ.

Анх нүүр тулж уулзалдахаас өмнөх Зөөлөн ахынхаа талаар миний дуулж мэдсэн юм бөөн дуулиан байсныг энд хэлэх хэрэгтэй. Юу гэвэл, найман нас хүртэл хөдөө буйд малчны хотонд өсч торнисон би бээр “Зөөлөн” ах хэмээх нагацынхаа тухай ах, эгч нар, тэдний найз нөхдийн  хоорондын яриа хөөрөөнөөс үнэн худал нь үл мэдэгдэх үлгэр домог мэт юм сонссоноос цааш юм мэдэхгүй явлаа. Тэдний ярианаас үзвэл, энэ хүн ширүүн дүртэй, ширвээ сахалтай, ширэн ч гэнэ үү, савхин ч гэнэ үү дээлтэй, бас хүүхэд хичээл номоо хийхгүй ирвэл хэл амаар баахан баалж доромжломтгой л гэнэ. Зарим хүүхэд энэ ахыг маань ягаад ч юм ширэн дээлт Томас Моор гэж гадаад хүний нэрээр ил далд хочилдог гэнэ. Томас хэмээх Зөөлөн ахын маань барааг холоос харсан ахлах ангийнхан хүртэл тоглоомоо хаяад зугтаадаг ч гэх шиг дуулаад байхнээ ер нь нагацад маань хайрласан “Зөөлөн” хэмээх нэр нь нэг л эргэлзээ төрүүлмээр, харин ч урвуугаар нь ширүүн догшин гэж нэрлэвэл зохих мэт санагдаж сургуульд орох дөхөж байгаа миний дотор бас нэг битүүхэн айдас хургаж байдаг боллоо.

Тэгж байтал намайг 1-р ангид ордог намар манайх төвлөж, нөгөө нэр нь дүртэйгээ харгалдсан эчнээ танил нагацынхаа хашаанд буучих нь тэр. Битүү далдхан явсан айдас ч сэдэрч байх шиг. Одоо тэгээд яахав дээ ёстой л нөгөө дүүрсэн хэрэг, дүнхийсэн толгой гэгч боллоо.

Хөдөөгийн аглаг нам гүмээс хөл хөдөлгөөнтэй төв суурин газар ирж, сургуульд орж, шинэ найз нөхөдтэй болж, миний хувьд юм бүхэн шинэхэн соньхон орчиндоо дастал бас ч нэг хэсэг тиймхэн байлаа.  Харин нөгөө Зөөлөн ах маань тэгтлээ эмээж айгаад байхааргүй бараг л нэрэндээ тохирсон хүн санагдах шиг. Зав муутайхан, тоотойхон үзэгддэг гэмээр Зөөлөн ах маань дайралдсан болгоноо ч сүрдүүлээд явдаг хүн биш бололтой, уурлаж загнах ч үгүй, манайд алдаг оног орж ирвэл аав ээжтэй сайхан ярьж хөөрч, инээж хөхөрч байгаад гараад явна. За тэгээд бага ангид хичээл орохгүй болохоор тэнгэрийн дуу хол сонсогдож битүүхэн явсан айдас төдөлгүй дарагдаж замхарлаа. Амьдралынхаа шинэ хэв маягт би ч төдөлгүй зохицож ‘төвийн хүн’ боллоо.

Зөөлөн ахынх олон хүүхэдтэй өнөр өтгөн айл. Зөөлөн ах, Дайрий эгч хоёул улсын ажилтай завгүй тул гэр орны ажил, ус, түлшээ хэдэн хүүхэд нь бөөцийлчихнө, багыгаа том нь үүрч дүүрсээр хүн болгодог нь тэр үеийн олон хүүхэдтэй айлын заншил байлаа.

Гэрийнхээ ард шинэ байшингийн яс мод зангидаж дөрвөн хана босгож эхэллээ. Зөөлөн ах ажлын заваар байшингаа ахиулна. Тийм зав олдох нь Зөөлөн ахад нэн ховор. Банз, дүнз, холтос зомгол овоолоостой их удлаа. Гэхдээ байшин аажуу ч гэсэн дээшээ босч л байв. Зөөлөн ах нэг харахад байшингийнхаа голд, дахиад нэг харахад хана хийхээр зэхэж буй банзанд мяадуу тавьж, нөгөө харахад банзаа захлан харуулдаж байна. Тэгснээ нөгөө захалж харуулдсан банзаа хэмжиж хөрөөдөн яс модныхоо ховилд суулгах зэрэг тийм нэгэн дүр зураг нүдэнд хоногшив.

Нэг өдөр би хичээл тарж ирчихээд шинэ барьж буй байшингийн яс модонд бэхэлсэн цагирагт ээжийнхээ дэлгүүрээс авч өгсөн дунд гарын хаймран алаг бөмбөгийг шидэж ‘сагсны ганцаарчилсан бэлтгэл” хийж эхлэв. Бөмбөг маань шидэх тоолон ойж буун байшинтайгаа ноцолдох Зөөл ахын урдуур, хойгуур, наагуур, цаагуур бишгүй л өнхөрлөө. Би ч тэр болгонд бөмбөгнийхөө араас элдэн очиж олж авч тоглосоор. Тус тусын хийж байгаадаа улайрсан бид хоёроос өөр хүн алга, ихэнхдээ дуу шуутай бужигналдаж байдаг манай хашаа тэр өдөр яагаад ч юм нам гүмхэн байсан юмдаг. Бодоход зарим маань гадуур хичээл сургууль, эсвэл тоглоом хөөгөөд явсан үе байсан байлгүй.

Би сүрхий онилж онилж бөмбөгөө шидээд орхитол өнөөх чинь цагираг бэхэлсэн яс модыг халти цохин ойж буусаар, доош тонгойн банз захалж зогссон Зөөл ахын сүхний дөнгөж өмнөхөн бууж захалж буй банзы нь цохиод цаахантай нь бөөн холтос зомгол дунд буулаа. Бөмбөгнийхөө араас шур хийсэн би банзан дээгүүр нь харайхдаа мяадууны утсыг хөлөөрөө гогдож аваад бөмбөгнийхөө наахантай мөнөөх холтос зомгол дунд сунаад өгөв өө, хөөрхий.

Нэг мэдэхэд юу болоод өнгөрснийг ухаарч амжаагүй хэвтээ намайг хүчтэй гар бүргэд шиг шүүрэн өргөж босгоод энд тэнд минь наалдсан модны үртэс холтсыг сэгсрэн унагаах Зөөлөн ах нүдэнд өртөв. Бидний хажууханд мяадууны хайрцаг газар хөмрөөтэй, хайрцагт байсан цинк хэмээх хуурай будаг асгарч газраар нэг цэнхэртэж харагдана. Өвдөх ч дүүрч, хэрэг тарьсандаа гэмшин урвайн зогсох миний гар, хөл зүгээр байгааг мэдэв бололтой эхлээд яагаа бол гэх аятай байсан харц нь аажмаар дүрлийн зэмлэнгүй болж ирээд: -‘Хүн хөдөлмөр хийж байхад ирээд хөрөөний талаас татаад өгөхийн оронд эрхэлж тоглоод байгаа хүнийг хөдөлмөрийн багаж ингэж шийтгэж байгаа юм.  Дахиж ийм явдал гаргавал хүлээж авахгүй шүү нөхөр минь’ маягийн албаны үгээр зандарлаа. Хагалж самнасан өтгөн хар үс нь дух руугаа туг тугаар сөрвийгээд айсан надад улам ч сүртэй харагдана. Энэ явдлаас хойш бахим чийрэг цээжиндээ цагаан майк өмссөн нагацынхаа аргадаж зэмлэсэн, бас ухааруулсан харц, зандарч хэлсэн үнэн үгсийг насан туршдаа санаж, дахиж ингэж бусдын үйл ажлыг үл хүндлэн тоомжиргүй зан гаргахгүйг хэрхэндээ хичээж явдаг болсон гэж боддог.

Манайхан олон жил нэг хашаанд ах дүүгийн ёсоор айлсан сууж, аж амьдралын олон зүйл дээр би нагац ахаараа зааж зуруулж, бас шавь нь болж хөдөө гадаа ажил төрөлд олон удаа хамт явж байлаа. Нөгөө “Өглөө” кинонд Ардын жүжигчин Чимэд-Осор гуайн бөө болж дөвчигнөн Сүхбаатар жанжныг:“Болох талаас нь би ч их хичээсэн юм” гэдэг шиг би ч тэр хичээсний үрээр хаа очиж түүнээс хойш Зөөлөн ахаараа тэгтлээ хазгай үг хэлүүлж байснаа нэг их санадаггүй юм.

Хоёр айлын ус авах, мод түлээ хөрөөдөхөөс эхлүүлээд тэр үеийн сумын төвийн айлын хөвгүүдийн нэгэн адил бүхий л ажлыг Зөөлөн ахын хоёр том хүү, манай ах, бид хэд нугална даа. Би ч хүүхдүүдтэй нь шуугилдаж тоглох дуртай, ер нь тэднийхээр их оромтгой. Орой хоол болчихоод дуудаад байхад гэртээ оролгүй сууж байгаад Даарий эгчийнхээ гарын хоолыг их буудна. Бага насаа эргэн дурсахад олон хүүхэд бужигнасан гэртээ Даарий эгч маань өлгийдөө үнэгчлэх нялх үрээ зөөлөн бүүвэйлэх дотно аялгуу, хоймор тушаагаа нүдний шил зүүгээд ном, сонин уншиж ямар нэгэн зүйл бичиж тэмдэглэж суух Зөөлөн ахын маань төрх сэтгэлд бууж байна. Ай мөн ч сайхан байж дээ.

Зөөлөн ах маань манайхаар завандаа орж ирж аав ээжтэй ярилцаж сууна. Гүн хүндэтгэлтэй ханддаг байж билээ. Залуу нас, жаахан биедээ ахадсан ачаа үүрч нас ахисан аав ээж, дүү нараа тэжээж яваа эгчид маань тун ч талтай ханддаг нь олон зүйл дээр илэрдэг байсаан.

Цагаан сар

Зөөл ах санаанд орохлоор Цагаан сарын хөгжилтэй дурсамжууд сэргэдэг юм. Биднийг бага байхад Цагаан сарыг нэгдэлчдийн баяр хэмээн зарлаад нийтээр тэмдэглэхийг хязгаарлаж байсан хэдий ч эрт дээрээс тэмдэглэж ирсэн монгол түмний ёс заншил гүн шингэсэн уламжлалт энэ баярыг хөдөө орон нутагт өргөн дэлгэр тэмдэглэсээр л байсан.  Нэг жил цагаан сар дөхөж байсан үе. Зөөлөн ахынх пийшин хоймрын ширээ хоёрынхоо завсар дахь эрэгнэг дээрээ 20 литрийн цагаан бидон саванд бараашиг исгэлээ. Буцалгасан усанд баахан хатаасан алим, чавга, элсэн чихэр хийж таглаад дээгүүр нь дулаалж бүтээгээд л тавьчихсан санагдана. Ах эгч хоёр ажилтай эзгүй голдуу байх хойгуур нь Цолмон бид хоёр дүү нарынхаа нүдийг хариулж байгаад нөгөө алим, үзэм чавгы нь уснаас жараахай шүүрэх мэт өдөр бүр бага багаар шүүж идсээр бараг л дуусгачихлаа даа. Цагаан сараас хэдхэн хоногийн өмнө бараашигныхаа исэлтийг шалгатал бид хоёрын тарьсан хэрэг илэрч жавтий хүртэцгээсэндээ.

Нэг жил Зөөлөн ах маань Цагаан сарын өмнөхөн манайд орж ирээд тэгж байна.  –“За энэ жил ч манайх бууз хийхгүй ээ. Оронд нь банш хийж үзье гэж бодлоо гэлээ. Цагаан сарын бэлтгэл ажлын голыг хүүхдүүд бид л нугалдаг байж билээ. Цагаан сараар манайхнаар зочин ч их ирнэ. Тэр чинээгээр бууз, боовыг ч чамбай бэлддэг байв. Тэр жил Зөөлөн ахынх баншаа их гарын хоёр том цагаан түмпэнгээр дүүрэн мах татаж байгаад л хийж гарлаа. Шөнө дунд өнгөрч байхад арай чүү нэг түмпэн махаа банш болгон гурилд хучаад хүн бүр нэлээд халшрангүй нөгөө түмпэнтэй рүүгээ харцгаасан юм даг. Хойш нь тавилтай биш шөнөжин хийсээр их л оройтож дууссан даа. Гурил махны нь орц бага болохоор олон тоогоор хийхэд банш ч ёстой чимхлүүр их ажилтай урагш ахиж өгдөггүй эд билээ. Дахиж л лав банштай Цагаан сар болоогүйг бодохоор Зөөл ахын тэр “санаачилга” нэг их газар авч дэлгэрэлгүй тэгсхийгээд замхарсан хэрэг. Харин хожмоо хүүрнэх хөгжилтэй дурсамж болон үлдсэн байх юм.

Зөөл ахынхан ер нь их эртэч айл байж. Ид нойрон дунд л босоцгоочихсон шуугилдаад явчихна. Цагаан сарын шинийн нэгэнд бүүр эрт босно гээч. Манайхыг золгож амжаагүй байхад л золгох болж байна уу гээд багачууд нь орж гаран гүйлдэнэ. Тэгээд бид хэдийг дөнгөн данган золгож дуусангууд л Зөөлөн ахын маань “Десант” бууна даа. Цагаан сарын шинийн нэгний өглөө бүгд гоёж гоодчихсон, ангирын дэгдээхий шиг олон жаахан хөөрхөн хүүхдээ дагуулсаар Зөөлөн ах, Даарий эгч хоёр маань таваг дүүрэн идээ цагаа барьчихсан, магнай дүүрэн инээд цалгиулсаар орж ирнэ.  Умгар гэрийг маань инээд баяслаар дүүргэх билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний анхны зочидтойгоо бид ийнхүү золгож, дайлж цайлан, цагаалцгаана. Ирсэн зочдынхоо гарыг цайлгах бэлэг тараах үед будилж давхар өгөх гэх тохиолдол бишгүй гардаг байлаа. –‘Би бэлгээ авчихсан шүү дээ’ гэж хэлэх үед Зөөлөн ах маань тэндээс –“Өө юу гэж хэлж байгаа юм дуугүй л авчихгүй” гэж хүүхдүүдээ цаашлуулан инээд нэмнэ. Ингэж байтал дараагийн зочдын давалгаа түрж Зөөлөн ахынхан маань тэдэнд халаагаа өгөөд сар шинийн золголтоо үргэлжлүүлнэ дээ

Зөөлөн ах маань хүүхдүүдээ тэгтлээ үглэж загнаад байдаггүй. Гарцаагүй жавтий хүртэх хэрэг тарьсан үед л том алаг нүдээ эргэлдүүлэн сүртэй ширүүн харж, айхавтар даацтай хэдэн үгээр тоотой зандарна.  Тийм банга тун ховорхон ирдэг болоод тэгдэг юмсан уу харин мартагдана ч гэж мөд үгүй дээ. Зөөлөн ахаас жавтий хүртсэн хүүхэд, дүү нар нь элдүүр нь гүйцсэн нэхий адил намилзаад нэг хэсэгтээ л чих нь зөөлрөөд явчих нь андашгүй. Дайрий эгч маань л хүүхдүүдээ хааяа үглэж байгаа дуулдах авч тэр нь: –“За чи гайгүй ээ, овоо юмсан ойрд бүр больжээ” л гэхээс цааш хэтрэхгүй, бүгдэд нэгэн адил ийм л үг “айлдана”.

Манай ээж ч бас дүүгээ хэлэлтгүй цаанаа сүрхий ёж үгтэй хүн байж. Заримдаа Дайрий эгчийн ингэж хэлэхийг сонсоод: – “Уул нь бүгдээрээ л овоо юмсан яагаад ойрд болиод байна даа” гэж ирээд л давхар түншиж байгаа нь илт инээж суудагсан. Хэдэн жил хаяа дэрлэн айлсахдаа Зөөлөн ах, Даарий эгч хоёрыгоо би үг зөрөлдөж байхыг харах нь байтугай, дуулаа ч үгүй юм байна. Тийм л эвтэй байж арвын арван хүүхдийг өсгөж өндийлгөсөн үнэхээрийн сайн аав, ээж хоёр байлаа даа.

Сурагч ахуй үед минь зурагт гэж байгаагүй болохоор ертөнцөөс тасархай, хөмөрсөн тогоон дотор байгаа мэт таг харанхуй суусан гэвэл хилсдэнэ. Өмнөх нийгэмд сонин хэвлэл, радио нэвтрүүлэг нь нийгмээ сурталчилсан мэдээ мэдээллээ тасралтгүй хүргэж байснаас гадна Зөвлөлтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан авсан дэлхий нийтийн үйл явдал, ялангуяа урлаг, спортын мэдээг бас ч түргэн шуурхай хүргэдэг байжээ. Сурагчдад “Пионерийн үнэн” сонин, “Залгамжлагч” сэтгүүл, “Залуучуудын үнэн” сониныг бараг л албан шахалтаар захиалуулна. Би нэг удаа Зөвлөлтийн “Советский спорт” сониноос Монголын чөлөөт бөхийн алдарт тамирчин Нацагдорж гуайн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль аваад шагналын тавцан дээр зогсож буй сэтгэл бахдам зургийг олж харснаас хойш нэг хэсэг энэ сонинг захиалж битүүхэндээ ‘Монголын тамирчин гарсан байх вий’ гэж хайж оросоор юу гэж байгааг нь ойлгохгүй, голдуу зургий нь үзэж байгаад дуусгана. Тэгсээр байгаад бас ч үгүй гадаад, дотоодын хэд хэдэн тамирчны нэр ус тогтоож, хаана ямар тэмцээнд хэр оролцсон гэх мэтийг гадарлах болж, сониныхоо шинэ дугаараас “Нөгөө хэд маань яаж байгаа бол” гэж гүйлгэн харах төдийгөөр мэддэг орос хэл минь дуусдаг байлаа. Чөлөөт бөх, жудо, хүндийн өргөлт, спортын гимнастик хэдхэнээр миний мэдэх спорт бас хязгаартай. Нэг удаа мөнөөх “Советский спорт”-ынхоо шинэ дугаарыг үзээд гэртээ сууж байтал Зөөлөн ах ороод ирлээ шүү. Дэргэдүүр өнгөрөхдөө “уншиж буй” сонин руу минь тонгойж харснаа” – “Аа, зүйтэй ингээд оролдоод л байх хэрэгтэй” гэж их л сайшаангуй хэлж байна. Юм асуувал мөн балрав аа, гэж дотроо ичиж, нэрэлхэх зэрэгцэвч: –“Голдуу л зургий нь үздэг юм” гэлтэй биш дээ нэг л их орос хэлээр сонин уншсан дүр эсгэснээрээ эсгээд дуусъя гэж шийдлээ.

1990-ээд оны зудтай давхцан шөлний хонь ч даргын цохолтгүйгээр олддоггүй нэгдлийн малыг хувьчлан тарааснаас аминыхаа хэдийг эдлэх, идэх нь дурын хэрэг болсон тул хутгаа сугалан хот руугаа орох айл, хүний тоо олширсон билээ. Язгуурын малч удамтай, мал сүргээ хайрлан өсгөх үзэл нэвт шингэсэн Зөөлөн ах маань газар сайгүй малаа хайр гамгүй нядалж буйд сэтгэл нь өвдөн: –“Мичин жилийн зуд ч яахав ээ, байгалийн эрхшээл. Хүний зоргоор болж байгаа энэ мэсэн жилийн зуд л хэцүү байна” гэж сануулж байсан гэж ах минь хэлж байсныг санаж байна

Галсан багш

Сургууль дээрээ бид Зөөлөн ахыгаа багш л гэнэ. Бидний дунд үүсэж тогтсон бичигдээгүй зарчим ийм байсан юм. Зөөлөн ах хэзээ ч ах дүүгийнхээ хүүхдийг тэр минь, энэ минь гэж бусдаас дээгүүр, бас доогуур үзэж байгаагүй юм. Тэрийг нь бид ч сайтар мэдэх тул дор бүрнээ хичээнэ.

Галсан багш аливааг өөрийнхөөрөө хийдэг, өөртөө итгэлтэй, бардам өвөрмөц нэгэн бие хүн явлаа. Бусдыг зүгээр хуулбарлан дуурайх, их мэдэгчийн дүр эсгэх, бялдуучлах, нэр алдар хөөцөлдөх нь энэ багшийн төрөлхийн зан чанарт харш, өөрт нь ёстой зохихгүй чимэг байлаа. Амьдралын мөрдлөг болгосон зарчим, эгэл шинж, гүдэсхэн зан, хээгүй сайхан дүр төрх нь олны дунд Галсан багш, тэр дундаа түмэн олон шавь нарынхаа сэтгэл зүрхэнд Гааяа багш нэрээр мөнхөрсөн нэгэн. Тэрээр хэл яриандаа хүртэл дадал болсон өвөрмөц хэллэг олныг буй болгосон хүн. Тухайлбал, хичээл дээр аливаа ухагдхууныг задалж тайлбарлахдаа “өргөн бол” хэмээх хэллэгийг ихэд хэрэглэнэ. Энэ нь “үүнийг өргөн хэмжээнд авч үзвэл, тодруулж хэлбэл” гэсэн Гааяа багшийн үг хэллэг гэж сурагчид хүлээж авна. Мөн “аюултгүй” гэдэг үг үгсийн санд нь байдаг бас нэгэн тогтмол хэллэг. Энэ нь Гааяа багшийн аливаа хүнийг тоосон дүгнэлт, хүний хийж бүтээснийг нааштай үнэлсэн, тун боломжийн гэсэн санаа юм. Харин энэ “Аюултгүй” гэдэг үг амнаас нь барагтай бол унахгүй. Би энэ яваа насандаа Зөөлөн ахаасаа энэ үнэлгээг хоёр удаа л авснаа санадаг юм. Нэгийг нь хөндлөнгийн хүний амнаас сонссон гээд л та бод.

Юу гэвэл, манай том хүргэн, Чумбуу ах маань Эрдэнэтээс нэг ирэхдээ, Зөөлөн ахтай ярьж суух зуураа ах, бид хоёрт санаа тавин асуусан хэрэг. Чумбуу ах маань буцахынхаа урьд орой бид хоёрыг хоёр талдаа суулгаж байгаад аавын маань адил жаал сургаж байгаад хэлж байна:

– “Ахын хоёр дүү сайн байна, Зөөлөн ах нь та хоёрыг “Аюултгүй хүүхдүүд, гайгүй хүн болцгоох байх аа” гэж байна. Том үнэлгээ шүү хичээгээрэй” гэж захилаа. Санаанд багтамгүй том үнэлгээ болохыг бид хоёр ч дор бүрнээ сайн ойлгож суусан сан.

Намайг 7-р ангид ордог жил Зөөлөн ахынхаас баруун тийш 2 айлын цаана хамар хашааны Чимид гуайнхыг Дашинчилэн нүүхэд нь манайх хашаа байшинг нь худалдан авч тэр гудамжиндаа буурь сэлгэв. Тэр жил ах маань Их сургуульд ороод хот явчихсан, би гэдэг хүн авсан хашаа байшингаа чадах чинээгээрээ сэлбэж янзлан хэрхэндээ ажилтай байлаа. Гэрийнхээ үүдэнд яс мод зангидан, Нэгдэл дундын үйлдвэрийн хөрөө рамнаас авсан зах банзаараа эвлүүлж дэвлүүлж байгаад пүнз барилаа. Дундын үйлдвэрийн төмрийн хог дээрээс шинэхэн гөлмөн төмөр олж ирээд нарийсган тайрч пүнзнийхээ нэг буланг эмжин хадаж дуусаад харвал нөгөө булангаасаа хамаагүй цэмцгэр болсон шиг. Хийсэн ажилдаа урамшин нөгөө талы нь тааруулж тайраад эмжихээр төмрөө нүхэлж суухдаа сургуулиас харьж явсан Зөөлөн ах ард хүрээд ирснийг анзаарсангүй.

Тэрээр пүнзийг тойруулан харснаа нөгөө буланг даруулж эмжсэн төмрийг барьж үзээд –“Аюултгүй” болжээ, болж байна. Чи энэ боломжийн төмөр хаанаас олов гэж байна. Хогийн хөтлийн төмрийн хог дээрээс гэвэл сайшаангуй мушилзаад:

– За, за ашгүй болоод явчихаж гээд ээжтэй ярихаар гэрт ороход нь өчүүхэн бүтээснийг минь өндрөөр үнэлж чин сэтгэлийн урам хайрласан Зөөл ахынхаа алт шиг ховор үгэнд тэсгэлгүй хөөрч баярлан зогссон тэр мөч одоо хэр нь миний санаанд тод үлджээ.

6-р ангид байхаасаа Гааяа багшаар хичээл заалгаж эхэлсэн дээ. Санасныг бодвол байдал санаа зовж байснаас өөрөөр эргэж билээ. Заасан хичээл нь сонирхолтойн дээр заадаг багшийн зангараг зэрэгцээд хичээлийг нь урамтай сонсож, давтаж, хичээж гайгүй дүн авсаар сургуулиа дүүргэсэн юм даг. Галсан багшийг мэргэжилдээ жинхэнэ эзэн болсон багш гэж боддог. Миний хэлснийг түмэн олон шавь нар нь дуун дээр дэмжих нь эргэлзээгүй.

Олон жил хичээл заасаар мэдлэг мэргэжил нь багшийн ой тойнд батжиж үлддэг ч биз. Түүний дээр хувь хүний чадвар нөлөөлдөг ч биз. Тэрээр хичээлийг номын үгээр биш, өөрийн үгээр болгож сурагчдад ойлгоход хялбараар хүргэдэг өвөрмөц арга барилтай багш байлаа. Хичээл заахдаа гартаа дэвтэр ном барихгүй, анги дотуур хойш, урагшаа явангаа бүхнийг толгойноосоо гарган хэлж бичүүлнэ. Хичээлээ ингэж зааж байхад нь хүүхдийн анхаарал сарниж үймүүлэх нь бүү хэл, ангид ялаа ниссэн ч дуулдахаар. Нэг талаас эрдэм мэдлэг төгс багшийн үг хүүхдийн ой ухаанд нэвт шингэн ордгоос тэр байх, нөгөө талаас багшийнхаа элэглэл хошигнолд өртөж нүүрээ улайлгахаас эмээсэндээ тэр биз ээ.

Арав төгсөх хавар манай сургууль дээр нийгмийн ухааны хичээлээр Яамны гэнэтийн шалгалт ирлээ. Хуучнаар “том” сургуулийн коридорт тусгайлж зассан ширээний ард сууцгаах албаны хүмүүсийг харахад сүрдмээр. Шалан дээр зэрэгцүүлэн суулгасан биднээс тэд нам төрийн болоод цаг үеийн бодлого, олон улсын байдалтай холбоотой элдэв зүйл асууж сонирхож байлаа. Бид ч хэрхэндээ мэдэх чинээгээр гар өргөн босож хариулцгааж байв. Манай ангийн Шаравын Наранхүү л лав хариулахаар босож байсан санагддаг юм. Олон улсын байдлын асуултад Могод сумаас ирж сурч байсан манай ангийн Ц. Бямбацогт гар өргөн босоод тухайн үед дэлхийн улс төрийн амьдралд болж буй үйл явдлуудыг базаж байгаад улс төрийн тоймч шиг хариулчихаад суухад, яамны хүн ихэд гайхан хажууд нь суух Гааяа багшаас энэ юун хүн бэ, багш хүн үү гэж асуусан гэдэг.

Ингэж асуух болсон нь монгол дээл дээр өргөн бүс ороосон Бямбацогт маань оворжуу харагдсаных биш, тэр хүний тавьсан асуултдаа авсан хариулт нь үзэх зурагтгүй хөдөөний бөглүү нэгэн сумын сурагчаас гарамгүй өндөр түвшинд байсанд гайхсан, бас бахархсандаа, ийм мэдлэгийг сурагчдадаа олгосон түүх, нийгэм судлалын багшид маань тавьсан үнэлгээ байлаа. Маргааш нь хичээл дээр Бямбацогтыг босгон сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөсөнд баяр хүргэж одоогийн хэллэгээр “Од” болгож байсныг санахад сайхан байна. Манай Бямбацогт түүх нийгэм судлалын хичээлд онц сонирхолтой, Гааяа багшийн хайртай шавийн нэг явлаа.

Би Улаанбаатарт нэг жил бэлтгэлд сурах жилийнхээ хавар нь МАХН-ын түүхээр улсын шалгалт өгсөн юм. Шалгалт өгөхөөс 5 хоногийн өмнө сургуулиараа хотоос гадна Эмээлт хавьд иргэний хамгаалалтын бэлтгэл хийж хэд хоноод бэлтгэж базаасан юмгүй шалгалтанд ороод явчихлаа. Муу хүний заяа завагт гэгчээр билет сугалтал аугаа их Октябрийн хувьсгалын дэлхий дахины нөлөө, ач холбогдол, хүний нийгмийн хөгжлийн таван формац энэ тэр гэсэн Гааяа багшийн гараар орсон хүүхэд болгон мэгзэм мэт амандаа уншихаар болчихсон асуулт цохиж явна шүү. Гурав дахь асуулт нь юу байсныг санахгүй байна. Ямар ч байсан хариулт нь санаанд багтаад хармааны оноогоо нэмүүлчих санаатай бэлтгэлгүй ярихаар гараа өргөлөө…

Шалгалтын дараа дүн сонсоход онц авсан оюутнуудын дундаас бэлтгэлгүй хариулсан оюутан гэж Намжил багш нэрийг минь цохон магтахад дөмөг хүний нэрийг дөрөв нугалж худалдана гэдэг үг санаанд бууж, аминд тулсан цаг ирэхэд ч дээд сургуульд чамлагдахааргүй мэдлэг олгосон номын багшдаа баярлаж зогссоноо хэлэх юун. Москвад сурч байхдаа ч улс төрийн эдийн засгийн ухаан, түүх нийгмийн хичээлийн зарим асуултад Гааяа багшийнхаа олгосон суурь мэдлэгт дулдуйдан хариулах тохиол бишгүй л гарч байлаа.

Түүх, нийгмийн ухааны судлал Гааяа багшийн өөрийнх нь заасны дагуу харьцангуй үнэнтэй, үгүйсгэлийн үгүйсгэлийн хуулиар хувирч өөрчлөгдөж байдаг салбар болохоор бидний амьдарч байсан өмнөх нийгэм өнөөдөр орвонгоороо өөрчлөгдөж, тэр ч утгаараа түүхийг болоод нийгмийн ойлголт ухагдхуунуудыг өөр өнцгөөс харах болсон хэдий ч, тэр үеийн нийгмийг үзэх үзэл баримтлал, ойлголтыг одоогийн байр сууринаас харж шүүмжилж дүгнэх нь хэтэрхий хийсвэр ойворгон дүгнэлт болох билээ. Түүх түүхээрээ л үлддэг.

2-р курсээ дуусгаад зун нутагтаа ирэхдээ “Прогресс” номын дэлгүүрээс Карл Марксын “Капитал” -ын 2 ботийг авчирч Зөөлөн ахдаа дурсгахдаа дээрх болсон явдлуудыг хэлж баярласнаа битүүхэн илэрхийлэхэд:

-Чи тэр холоос надад ийм хүнд том ном дамналдуулж ирэх гэж; За, за их баярлалаа гэж хүндэтгэлтэй нь аргагүй хоёр гардаж аваад хуудсыг нь сөхөн үзэж байхдаа заасан бага сага зүйл хэрэг болсон бол аятай юу даа гэж хэлэн сэтгэл уужуу суухыг нь харсан би ч нэг их ачий нь хариулчихсан мэт хөвсөргөн хүн сууж байлаа.

Зөөлөн ах маань элдэвтэй хүн байжээ

Зөөлөн ах маань найз нөхөд олонтой хүн. Багш нар тэднийхээр цувна. Бүүр Дашинчилэн, Гурванбулагаас семинарт яваа гээд машинтай багш нар гэнэт бууж цай хоол болж байгаад л явцгаана.  Булганаас ч Мандахсан, Хишигбадрах гээд багш нар ирдэг байсан санагдаж байна. Хоёр Жигээ, Чимэдбалжир захирал, Чойжинхорлоо багш, Дашдэндэв багш гээд тэднийхээр орж гарахгүй багш гэж байхгүй. Нэг явдлыг санадаг юм. Нөгөө барьж байсан байшинтайгаа ноцолдож байхад нь хоёр Жигээ (Жигжидсүрэн) багш ирээд; хар Жигээ багш- “За Гааяа ч занаж занаж байгаад Засгийн газрын ордон шиг юм л барих нь дээ” гэж хэлээд хөхөрөлдөж байж билээ.

Цагтаа спортод шаггүй байсан шиг байгаа юм. Бахимхан чийрэг биетэй, бас ч үгүй шаггүй барилдаж явсан гэдэг. Намайг бага ангид байхад сумын спартакиадаар багш нарын волейболын багт Цэдэв багш, Нямсүрэн багш, Зөөлөн ах маань бас тоглож байсныг санаж байна. Шагай харвана, шатар тоглоно, загасчилна. Нэг удаа Орхоноос загас барьж ирээд: –“Загасны шөл ядаргаанд сайн та хоёр уугаарай” гээд аав ээж хоёрт барьж орж ирээд яриа үүсгэж байснаа:

–‘За Амбаа урт насалъя гэвэл өлсөж даарах л хэрэгтэй юм байна даа. Тэгж л бичсэн байна” гэхэд нь тухайн үед инээдэм болгоод л өнгөрч байж.

Төрөлхийн ухаан сэргэлэн, бэлэн цэцэн үгтэй, хошин шогч амьдралын баяр баясгалан дүүрэн хүн байжээ. Түүх нийгмийн багш хүн болохоор их уншиж толгойгоо боломжоороо цэнэглэдэг хууль эрх зүйн шаггүй мэдлэгтэй ч байсан байх. Амьдралд алдаж эндээд хэрэг түвэгт орсон нэгнийг өмгөөлж хэргий нь хөнгөрүүлсэнд баярлаж явдгаа Зөөлөн ахад маань илэрхийлж байсан хүмүүс ч байдаг л байсан.

Зохиол оролддог байсан. Тэр үед аймгаас цувралаар гаргадаг байсан “Булган хангайн жавхлан” товхимолд “Шар дээл” нэртэй намтарчилсан өгүүллэг нь гарсныг уншиж байлаа. Анх удаа Цагаан сараар шинэ дээл хийлгэж өмссөн тухай. Тэр дээл нь болохоор аавынх нь хуучин дээлийн шар дотрыг эргүүлж хуулга татан өнгөлсөн дээл байсан тухай тийм нэг шог аястай юм бодогдуулсан хөөрхөн өгүүллэг байсан шиг санаж байна. Энэ дугаарт мөн манай сумын уугуул Сэртэв гуайн төрсөн дүү Дангагийн Пүрэв буюу бага Пүрэв гэдэг хүний бичсэн “Эцгийн буурь” нэртэй, нутаг орноосоо алсад байсаар олон жилийн дараа анчин эцгийнхээ гэрийн буурин дээр ирээд төрсөн сэтгэгдлээ илэрхийлсэн шүлэг, доор нь гэрийн буурин дээр шийрлэсэн цахиур бууны гар зурагтайгаар бас  хэвлэгдсэн байсныг тод санаж байна.

Уран үгийн хошин мастер

Зөөлөн ах хүнийг цаашлуулж явуулахдаа гаргуун, цагаан зүггүй хүн байлаа. Сургуулийн бараг бүх багш ажилчдыг оролцуулан шоглосон тарвага агнахаар яваа анчны тухай ардын аман зохиол шиг хошигнолын гол найруулагч нь Лувсангалсан багш байсан гэж ярьдаг нь ортой байх. Зөөлөн ахын амнаас миний сонсож үлдсэн шог марзан тохиолдлоос хэд гурвыг сийрүүлбэл сонин байх болов уу.

•           Нэг удаа Чойжинхорлоо багшийг явуулж байсныг санадаг юм. Чойжинхорлоо багшийг ангаахай Чойжинхорлоо гэж хочилдог байж. Тухайн үед Чойжинхорлоо багш багш нараас хамгийн ахмаддаа ороод байсан үе. Жар ч хүрч байлуу даа. Зөөлөн ах жуумалзаж байснаа хэлж байна: ‘Чойжинхорлоо минь одоо нас ч явж өглөө, алийн болгон ангаахай байхав дээ, ер нь эндээшээ дэгдээхий болбол яасан юм бэ’ гэж билээ.

•           Суманд жолооч байсан Балдандорж гэж насыг нь тааж хэлэхийн аргагүй хүүхдэрхүү зантай, цайлган сэтгэлтэй, дэвхэрч цовхорсон сайхан ах байлаа.  Балдандорж гуай томоо дэлдэн чихтэй болоод тэрүү нутгийхан дэрээн Балдандорж л гэх. Нэг удаа зуны нэг их халуун өдөр Балдандорж гуай яах гэж яваад ч билээ манайхны гадаа Зөөлөн ахтай тааралдсан юм. Мань хүн Балдандорж гуайг хараад юм хэлэх гээд байна даа янз нь. Тэгсэн ээ: –“Үгүй, энэ нарны халууныг ээ. Ядаж зоонтиг байхгүй. Зарим нь ч сайхан юм аа нар, борооны алинд нь ч хоёрын хоёрыг задалчихсан алзахүй явж байх юм. Үгүй, чи нэгий нь хөгшиндөө түр ч болов зээлдүүлэх арга алга уу?” гэсэн чинь Балдандорж гуай: –“Хуцаад байгаарай, дандаа хүн явуулж байдаг” гээд, амаа том ангайлган сайхан инээгээд зогсож байлаа. Манай хөдөөнийхөн угаасаа нэгнийгээ баалах тоглох нь ч хатуу, түүнийг нь дааж ч сурсан хиргүй ариунхан сэтгэлтэй хүмүүс дээ.

•           10-р ангид байхад юм даг. Хуучин сургуулийн үүдэнд ангиуд жагсчихсан нэг үйл явдал болох гэж байсан санагдана. Зөөлөн ах жижүүр багш учир ангиудыг жагсааж байсан юм. Жагсаал ч жигдрээд байтал сургуулийн хаалга онгойж манай ангийн бух хэмээх идэрчүүдийн аймгийн аварга бөх Нямдорж маань монгол дээлтэй өргөн шар бүсийг нэлээд доогуур сулавтар ороочихсон гарч ирээд нэг их яарсан шинжгүй явсаар жагсаалд дөхөж ирээд хөндөлдөөд зогсчихлоо. Тэрээр хүүхэдтэй ярилцаад жагсаалд орохыг нэг их яарахгүй байхыг харсан Зөөлөн ах тэндээс: -“За, Нямдорж минь мал махны нядалгаанд явуулах гэж байгаа нас гүйцсэн шахааны шар шиг юм урдуур хойгуур нэг их холбилзоод яахав жагсаалдаа орж үз” гэсэн чинь өнөөх маань ичиж улайсаар жагсаалдаа хурдан орж явчихсан.

•           9-р ангид орсон намар бил үү дээ нэг удаа манай ангийнхан Зөөл ахаар удирдуулан Шархын Хүрийн хаваржааг засаж, хөрзөн ховхолж хэд хоносон юм. Нэг орой лаагүй болчихоод тас харанхуйд тэмтчин байж хоолоо хийж идэцгээгээд ядарсан улс унаад өглөө. Маргааш нь тогоонд үлдсэн хоолоо хартал баахан өтөг, холтос зомгол, модны жижиг тайрдас хүртэл орчихсон байж билээ. Зөөл ах нөгөө хоолыг халаачихсан, 10-р сарын хяруу дарайсан намрын жихүүн өглөө урьд өдрийн хийсэн ажилдаа буларсан биеэ дутуу нойрноосоо салгаж ядан байцгаах биднийг хөгжөөх гэж хэлж байгаа бололтой:  –‘Харанхуйд хоол хийх чинь хоол арвижаад тун зүгээр юм байна, алив хоол хийлгээрэй’ хэмээн хашгирч байлаа.

•           Биднийг 10-р анги төгсөх үед оймсон түрийт нэртэй үрчгэр түрий, өндөр өсгийтэй гялгар гутал ид моодонд ороод өндөр үнэ хүрч байсан. Үнэтэй хэдий ч том болсон охиндоо эцэг, эх нь яаж ийгээд аваад өгдөг байсан биз. Манай ангийхан ч бишгүй өмсдөг байлаа. Тэр дундаа тойргийн сумдаас ирж сурч байгаа охид өмсөх нь олонтаа байсан санагдана. Хаврын шалгалт дөхөж байсан үе. Хичээл орчихоод байхад хүүхдүүд цувралдаж орж ирээд Гааяа багшийн хараанд өртсөн үү, яасан охидоос гэрийн даалгавар түлхүү шалгаад хийгээгүй ирсэн сурагч ч нэлээд гарсанд ундууцан:

За байз,

Улсын шалгалт дөхөөд

Унших хичээл ихсээд байдаг

Умсан түрийт углачихаад

Урагшаа уначих шахсан

Улс амьтан олшроод байдаг хэцүү байна шүү гэж дургүйцлээ илэрхийлэв.

•           Москвад их сургууль төгсөх жилээ би Сангийн Яамны Валют Гадаад Тооцооны газар хоёр сарын дадлага хийхээр Москвагаас ирээд байхдаа 10-р хороололд байх Зөөлөн ахынхаа том хүү Сэргэлэн ахындаа хэд хоносон юм. Тэр үеэр Зөөлөн ах маань багш нарын семинар сургалтанд ирчихээд байх таарлаа. Ирсэн өдөр нь аар саар юм авахаар хамт гадуур гарч хорооллын дэлгүүрт орлоо. 1988 оны өвөл 10-р хороолол ашиглалтад ороод удаагүй байсан үе. Хүнсний дэлгүүр нэртэй хэдэн худалдагч нь 14-р байрны 1-р давхарт, коридорыг нь зайчилж лангуу тавиад суучихсан эд бараа зарж байлаа.

Сэргэлэн ахын нэг өрөөнд ангийх нь найз Дарам гуайн Батбаяр, гэр бүлээрээ, бас эхнэрийх нь дүү нараас ч хамт суудаг тун ч “өнөр” өтгөн айл байх. Шөнө унтахаар ор дэрээ засах болтол Ноов гуайн бага охин Дэлгэрмаа өдөр нь эвхээд сандал, шөнө нь дэлгээд нэг хүний ор болчихдог ногоон буйдангаа коридорт дэлгээд ороо засаж байхыг харсан Зөөлөн ах маань тэгж байна:

– “За хө өнөөдөр чинь Улсын Нийслэл Улаанбаатарт ирээд хоёр зүйл коридорт гарчихсан байхыг үзлээ.

Өдөр болохоор

Дэлгүүр нь коридорт гарчихдаг юм байна

Шөнө болохоор

Дэлгэрмаа нь коридорт гарчихдаг юм байна” гэж бөөн инээд болгож билээ.

Хөдөлмөр зуслан барилгын даамал

1981 оны зун манай ангийханд шинээр байгуулж буй сургуулийн хөдөлмөр амралтын зуслангийн шав тавьж, ажиллаж амрах азтай, дурсгалтай завшаан тохиож билээ. Дэврүүн бодол, гэнэн цагаан хүсэл мөрөөдлөөр дүүрэн арван долоохон настай охид, хөвгүүд бид үе тэнгийн нөхөдтэйгөө машины тэвшин дээр дуу шуу болсоор ирж байгалийн сайхан Шивэртийн хөдөлмөр амралтын зусланд үнээ, хонь, ямаа сааж сурч, шинэ газар хөдөлмөр амралтын зуслан байгуулах бүхий л ажлыг хийж, спорт оролдож, тоглож наадаж, бүтээл, дурсамжаар дүүрэн нэгэн зуныг өнгөрүүлсэн билээ.

Бидний үед цэрэг, оюутан, сурагчид хавар намрын цаг үеийн ажлын голыг нугалалцдаг байж дээ. Ахлах ангийн сурагчид намрын ажилд хоёроос гурван долоо хоног заавал явна. 10-р ангид ордог намар манай ангийн охидыг 1-р бригадад сааль саалгаж, хөвгүүдийг шинээр байгуулсан хөдөлмөр зусланд шинээр сууц, гал тогоо барих ажилд томилон Гааяа багш удирдан ажил хийлгэж билээ. Арван жилийн сүүлчийн жил ангиараа бужигнаж яваад ирэхийг хүсэвч охид, хөвгүүдийг хоёр тийш явуулсанд тэрхэндээ гонсгор. Сургуулийн гадаа унаа хүлээн зогсох биднийг харсан Дашзэвэг захирал –“За, 10-ын А-гийнхан яагаад дуугаа хураацгаачихав. Харав уу тэр, алтан намрыг” гэж бидний очих Шивэртийн амны цаагуур алтран шаргалтах хусан ойг гараараа заасан нь биднийг хөгжөөх гэсэн санаа байсан илт байж билээ.

Эхний шөнө багш ч тэгэсхийгээд унтаад өглөө. Бид хэд жаал шивэгнэлдэж байснаа багшийг хурхираад эхлэхээр зарим маань дуугаа өндөрсгөн жиг жуг инээлдлээ. Багш ч сэрэх янзгүй дуугьтал хурхирна. Маргааш шөнө нь багш ч унтлаа. Бид хэд ч намайг хэн хэлэхэв гэсэн шиг унтахаа мартан шуугилдаж эхэллээ. Нэлээд маазартал хэрэг бишидлээ. Нөгөө бөх нойрондоо дарагдан хурхираад байсан багш маань харин өчигдрийн бидний бурж цуурсан яриаг өнөөдрийнхтэй нийлүүлээд нэгд нэгэнгүй сонссоноо пал хийтэл хэлж аядуу байхыг сануулаад бид хэдийн хулхийг ганц сайн буулгаж авлаа. Маргаашнаас нь эхлээд орондоо ороод ярьдаг хүн эрээд ч олдохгүй болсон.

Бид ч ажилдаа ханцуй шамлан орж хөгжилдөн ажиллаж байшингаа барьж өөрсдийн гараар хийсэн бүтээлтэй, төлөвлөснөө цагт нь дуусгаад ирсэн юм даг. Охид маань ч сааль сүү арвин авч баяр хөөртэй ирцгээв. Сургууль даяараа намрынхаа ажлыг дүгнэхэд манай анги тэргүүлж хөдөлмөрийн аварга цол, диплом, ханын дугуй толь, их гарын цагаан түмпэн дүүрэн алим сэлтээр шагнууллаа. Толь, дипломоо ангийнхаа хананд байрлуулж, алимаа идэцгээн аварга цолоо тэмдэглэв. Ер нь 1982 оны төгсөлтийн 10-ын А ангийхан сурлага хөдөлмөр, урлаг спорт, бүхий л талаараа манлайлсан тэргүүний хамт олон байлаа. Тэр л эрчээрээ явсаар сургуулиа амжилттай төгсөж, гадаад дотоодын их дээд сургууль техникумын олон хуваарь авсандаа баяртай байдаг юм.

Зөөл ах маань хамт явж ажил хийхэд их хөгжилтэй, хүүхдийн эвийг олж сэтгэл зүйг нь мэдэрдэг найзархуу хүн байсныг манай ангийхнаас авахуулаад мэднэ дээ. Нөгөө л хоржоонтой шогч зангаараа бидний алдаа дутагдлыг шоолж цаашлуулна.

Мужааны ажил хийж байсан болохоор тус бүрдээ л мужааны алдар цол хүртэцгээв. Тухайлбал, Очир гуайн Дамчаасүрэн хатсан хар модон банзанд хадаас хадахдаа хадаасаа ч нуга дарчихаад, банзаа ч хагалчихаад болдоггүй. Тэгсэн чинь удалгүй багшаас:

Хар модны хага мужаан
Хадаасны нуга  мужаан хэмээх цолыг авчихлаа. Бас Бадарч гуайн Хишигдаваа углуурга гаргахдаа хэмжээ алдаж голдуу холхиндог болгочихоод тэрнийгээ тааруулахын тулд:

–“За яахав шаантагдчих уу даа” гэж байгаад шаантаг мужаан алдар хүртвээ. Ингэж дор бүрнээ л алдар цолтой болцгоосон юм даг.

Бас нэг явдал санаанд бууж байна. Манай ангийн Дамдин даргын Батнасан сэхээтэн айлын танхи хүү бидний заримыг бодвол ажилд тэгтлээ нухлагдаагүй болоод ажлын дөр муутай. Ном их уншдаг, тэр хэмжээгээрээ багшийн асуултад сурах бичгээс хальж, мэдлэгтээ дулдуйдан сонирхолтой хариулдаг болоод ч тэр үү мэргэжлийн хичээлийнх нь хувьд Батнасан Гааяа багшид тоогдсон цөөхөн сурагчийн нэг байсан юм. Тэр хэмжээгээр багшид ойртож шадарлана, бас тоглоомонд нь өртөмтгий. Нэг удаа Батнасанг эвий нь олж байгаад шувуу нуруун дээр мордуулж орхичихоод:

–‘За даа хэдүүлээ ч явж үдийн хоолоо идэж амарч байгаад ирэх үү дээ. Батнасан яахав тэр дээрээ ажлаа үргэлжлүүлж байна биз’ гээд биднийг аваад эргэж ч харалгүй нуг нуг инээгээд алхаж байсан нь санаанаас гардаггүй юм. Батнасан маань тэр дээр шувуун нурууны дунд хэрд хөлөө байдгаараа хавччихсан царай нь хачин болчихсон байгаа харагдана. Тэгээд Батнасангаа буцаж авсан л даа. Дамшиглаж л байхгүй юу.

Манайхнаас доохонтой манай ангийн Батсайханы эцэг Дорж гуай хэдэн гүүгээ уячихсан намаржиж байлаа. Намрын эхэн сар гарчихсаныг ч хэлэх үү тэдний айраг гэж чухам чихэр л гэсэн үг. Батсайханы аав ёотон хэмээх Дорж гуай маань тавын бидонд айраг ганзагалчихсан бидэн дээр байсхийгээд ирнэ. Бид хэд орой ажлаа дуусгаж, хоолоо идэж аваад Дорж гуайнхаа авчирч өгсөн айргаар хуруудаж хөөрхөн наргичихдаг л байлаа. Хүсэл болоод сэтгэл байвал тасаг цэрэг байсан ч айраг багаддаггүй юм билээ.

Ажлаа дууссан өдөр манайхан гэр майхнаа аван сургуулийн машинаар сумын төв буцацгаав. Багш маань Н.Батсайхан, До. Батсайхан, Хишигдаваа, Дамчаасүрэн бид хэдийг үлдсэн жаахан ажлаа амжуулаад маргааш нь бууцгаахаар авч үлдлээ. Бид хэдийг ажлаа амжуулж байх хооронд багш урд хөтөл давж буй харагдана. Нэг их удалгүй тарвага нудраад хүрч ирэв. Нэгэн үзүүрт дэврүүн багын сэтгэлээр зүтгэсэн ажлаа амжуулж, хээрийн задгай амьдралд улам дасаж дотноссон бид хэд тэр орой задгай галаа тойрон сууцгааж, хээрийн ангийн шөлний таатай амт, багшийнхаа ухаалаг сайхан яриа хоёрт шимтэн байхад Шивэртийн горхины боргио сэтгэлийн аяз даган хөгжимдөх адил уянгалаг хэмээр хоржигнон урсаж байсан нь өсөх насны бас нэгэн дуулал болон сэтгэлийн гүнээ одоо ч тодхон эгшиглэсээр авай.

Харьж ирснийхээ маргааш Шивэртэд өнгөрүүлсэн 14 хоног сэтгэлд хурган удахгүй хувь заяаны салаа замаар тал тал тийш одоцгоох ижил дасал болсон сайн нөхдөө бодож байтал айзам шүлгийн мөр оюун бодолд урган орж ирмэгц үзгээ шүүрэн авч тэмдэглэлийнхээ жижигхэн хар дэвтэрт сийрүүлэн бичсэн минь энэ билээ.

ШИВЭРТИЙН НАМАР СЭТГЭЛД ТОДХОН

Ай даа,
Амьдралд мөрөөдлийн жигүүр ургуулсан
Арван долоо дахь намар
Ариун эрдмийн далайд сэлүүр атгуулсан
Арав дахь жилийн намар

Аав л ээжийнхээ хайранд
Ангирын дэгдээхий шиг өссөн
Анхил танхил насны минь
Ахин олдохгүй тэр л намар

Алагхан зүрхнийхээ тольтонд
Анирхан нэгнийг мөрөөдсөн
Аагим хангал насны минь
Анхны тэр л намар

Намар намраас налгар
Найраг шүлэг шиг намар
Насан бага үеийн минь
Нандин дурсгалт намар

Ажил хөдөлмөрийн талбарт
Алхаа жигдлэн урагшлах
Анд сайн нөхдийн минь
Алиа хөхүүн яриа

Ажил үйлс өрнөж буйг
Алхам бүрт илтгэх
Алх сүх, хөрөөний
Айзам хэмнэлт чимээ

Бидний хийсэн бүтээснийг
Биечлэн шалган шинжиж
Бидний хэлсэн ярьсныг
Билиг оюундаа сонжиж
Болчимгүй үйлдэл гаргаваас
Бэлэн цэцэн үгсээрээ
Битүү явуулж сануулсан
Билиг танхай багшийн маань
Билгүүн ухаант хоржоон

Айлчин гийчин ирж буйг
Амдаж зөгнөн хэлэх мэт
Аргал түлээн дээр тонголзох
Алаг шаазгайн шагшираан

Алтан шаргал намар
Айлчлан ирэхийг өгүүлэх шиг
Аньсага шанхаар наадах
Аясын салхины сэрчигнээн

Алдрайхан насаа үдлээ гэж
Ахин дахин сануулах шиг
Аяны цуваанаас хургах
Ангир шувуудын ганганаан

Арын ууланд урамдах
Аргил халиун буганы
Аялгуут сайхан дуутай
Ая хослон хоржигнох
Шивэрт голын боргио

Эгшиг уянга төгөлдөр
Ийм л содон аяс
Энэхэн мөрүүдийг тэрлэх
Миний сэтгэлийн чавхдас

Эх нутгийн минь намрын
Ижилгүй сонин зураг
Эргэх их орчлонгийн
Эгшин төдий зурвас

Энэ л яруухан мөчүүд
Дахин хэзээ ч ирэхгүй
Ирээдүйд угтах амьдралд минь л
Дурсамж болж үлдэнэ

Шивээн толгой найгасан
Сэрүүхэн хонгор намар
Сэтгэл зүрхэнд хоногшсон
Шивэртийн хөндийн намар аа.

1982.9.14

Зөөлөн ахаа хайлан дурсахуй

Унаган нутгийн минь онгон байгаль, уул ус нь жигдэрсэн Шивэрт хэмээх энэ аманд мартагдашгүй дурсамжаар дүүрэн миний бага насны нэгээхэн хэсэг үлдсэн билээ. Бямбадорж ахындаа хурдны морь унаж зусахдаа энэ л амыг өгсүүлэн хурдан хүлгийн нуруун дээр дарцаглаж, уухай хадаан гийнгоо цангинуулж, өглөө эрт адуунд мордож аль нэг толгод дээрээс нь ертөнцийн нарыг угтаж явлаа.

1975 оны намар сүүн тасаг Могойгоос Шивэртэд нүүж намаржсан юм. Сургууль эхэлж, байранд орох хүүхдийн тоо гүйцсэн тул Пунцагжунай гуайн, Өндөр ахын, манай нийлээд нэлээд хэдэн хүүхэд сүүн тасгаас сургуульдаа мориор явдаг байлаа.

Тэр намар сургуулийн 50 жилийн ой болж би дааганы уралдаанд Халтар гуайн хурдан хүрэн даагыг унаж аман хүзүүлэн тэр үед хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан баяр наадмын комисс Зөөлөн ахынхаа гараас морины бай шагнал авч орой нь ээждээ шанага, хунз цайтай харьж билээ. Энэ торгон агшныг гэрчилсэн нэгэн зураг одоо хэр надад хадгалаастай байдаг юм. Зөөлөн ахтайгаа авахуулсан цор ганц зураг болохоор нандигнаж байдаг даа.ZuulunAh

Хэлж биш, хийсч ирдэг аюулт өвчин алд биеийг нь чилээж эхлэхийн цагт хөл нь дөрөөнд гар нь ганзаганд хүрч ядаж яваа хэдэн хүүхдээ, насны ганц ханиа хараад нэгийг бодсон ч биз, нийгэмд гарч буй өөрчлөлтийн уур амьсгалыг угийн саруул ухаандаа тунгааж үзээд хоёрыг цэгнэсэн ч биз. Ямар ч байсан Зөөлөн ах маань багшлахаа болиод сумын төвийн бам чийгнээс холдож нутаг сэлгэн хөдөөгийн цэнгэг агаарт хувийн хэдэн малтайгаа ажин түжин суух болсон юм.

1994 оны 10-р сард сургуулийн 70 жилийн ой тохиолоо. Ой угтсан ажил ид ундарч Улаанбаатарт шинэхэн байгуулагдаад байсан Сумын нутгийн зөвлөл, сум, сургуулийн удирдлагууд ойрхон хэд хэд уулзалдан ойгоо хэрхэн дорвитой тэмдэглэж өнгөрүүлэх талаар ярилцсан юм даг. Сүүлийн уулзалт Соёлын төв өргөөний нэгэн зааланд болж сумын удирдлагаас том, бага Суурь дарга нар, Соёл-Эрдэнэ захирал гээд хүмүүс нутгийн айраг, шүүс цагаан идээ будаатай ирчихсэн өргөн дэлгэр ярилцсан санагдана. Нутгийн хүмүүс ч нилээдгүй цугларчихсан шинэ санаа бодлоо уралдуулж байв. Ойрхон суусан Балган даргын хүү Наранхүү бид хоёр ер нь ‘Оюуны чадавхи сайтай билэг авъяастай, үнэн сурч мэдэхийг эрмэлзэвч ар гэрийн нөхцөл байдал санхүүгийн боломжоос болоод цаашид сурах боломжоор хаагдаж буй хүүхдийг тийм боломж олгоход нь дэмжих оюуны санг сургууль дээрээ үүсгээд энэ сургуулиас төрсөн бичгийн их хүн эрдэмтэн зохиолч Шанжмятавын Гаадамба гуайн нэрэмжит болговол яасан юм бэ’ гэсэн санааг ярилцаад түүнийгээ хуралд сонордууллаа. Хурал удирдаж байсан Өвгөнхүү ах өлгөж аваад энэ даруй ажил хэрэг болгохоор зөв санаа байна гэлээ. Бүгд л дэмжлээ. Ингээд хэд хоногийн дараа ажил алба гэсээр нутагтаа очиж төвдөлгүй явсан би ч сургуулийнхаа 70 жилийн ойн баярт оролцохоор, тухайн үед Радио, телевизийн улсын хороон даргын алба хашиж байсан Өвгөнхүү ахын хамт хэрэг болгон нутгаа зорив. Албаны шинэхэн шар 469 машинтай л гараад өгсөн.  Баярын хурал дээр бид хоёр оюуны өмчийг дэмжих Ш.Гаадамбын нэрэмжит сан нээж байгаагаа индэр дээрээс зарлан сангийнхаа санаа зорилго, цаад ач холбогдлы нь тайлбарлаж байгаад бололцоогоороо мөнгөн хандив өргөлөө. Өвгөн ах сарын цалингаа өгсөн. Би ч хэдэн төгрөг хандивлалаа. Ой өргөн дэлгэр сайхан болж өндөрлөсөн дөө.

Тэр жил Зөөлөн ахынх маань Шивэртэд намаржиж байсан юм. Өвгөн ах бид хоёр очиж уулзлаа. Царай зүс нь цаанаа ядруухан харагдаж байсан ч биднийг ирсэнд илт сэргэж яриа дэлгэж хоол унд боллоо. Явахын өмнөхөн гадаа гарч гэрээс жаахан холдоод газар сууцгаан хэсэг зуур ярьж хуучилснаа санаж байна. Сүүлчийн удаа уулзалдсан минь тэр байж дээ. Өвгөн ах ч гүн хүндэтгэлт багштайгаа дахиж уулзалдаагүй л болов уу.

1997 оны хавар охиноо эмчлүүлэхээр Англи улсыг зорихынхоо өмнө гэр бүлээ аван ах дүү нартайгаа уулзахаар нутаг явлаа. Буцахын өглөө Дайрий эгч маань өгөх юмаа олж ядан орж гарч байснаа нэг харсан чинь хашааны цаахантай үхрийн алагласан сайхан борц дүүрэн хормойлчихсон:

–“Энийг миний дүү нар цааш нь болбол аваад яваарай. Хүний газар очоод идвэл аштай юү дээ” гээд инээмсэглэн зогссон дүр нь миний зүрхэнд тэр л чигээрээ мөнхрөн үлдэж. Зоргоор болдоггүй хорвоог ялтай ч билээ дээ

Ийнхүү эх нутгаасаа алс хол, ертөнцийн нөгөө бөөрөнд хөгшин Европын Англи улсын нийслэл ижил дасал болсон Лондон хотноо гадаа хаврын зөөлөн бороо шивэрсэн энэ өдөр бодлын тэнгэрт нандигнаастай дурсамжийн хуудсаа сөхөн байж энхэр бага наснаасаа эрийн цээ шүргэтлээ нөмөр нөөлөгт нь явж хүн болсон алсын бараа, ойрын түшигтэй өндөр сүмбэр хөх оргил – Зөөл ахтайгаа өнгөрүүлсэн он жилүүдийн дурсамжаа тэрлэж дуусгалаа. Зөөл ахынхаа тухай нэрсэн зөөлөн бодолдоо дарагдан суухад “Зөв явахад зөөлөн зөөлөн Замбуулин” хэмээх сайхан дууны ая сэтгэлийн чавхдас хөглөхүй тэрхүү аянд энэхэн бие минь улам бүр уясан зөөлөрч, уярал, ухаарал, харууслын бүлээн нулимс зүрхэн дундуур урсан бөмбөрч ахуй л.

Тиймээ зөв явахын үлгэр жишээ болсон зөөлөн чиг, хатуу чиг ах минь та жишүү харц, зөөлөн сэтгэлтэй, жуумалзсан уруулдаа ширвээ сахалтай, олондоо хүндтэй, нэртэй зүстэй эрийн тэнгэр явлаа. Миний хувьд үйл заяаны дэнсэн дээр үнэний жимээр бэдрүүлсэн эрхэм хүндэт ах минь ч байлаа, үүх түүхийн цонхоор ухааны минь мэлмийг нээж харуулсан эрдмийн далай номын багш минь ч байлаа. Ер нь бахархан дуурайх хүний дээд байж дээ. Зөөл ах минь өөрийн биеэр бусдад дууриал болохоор аж төрж, хийж үлдээсэн үйл хэрэг, дүр төрх нь санаанд тод томруунаар ургаж ухаан бодол тэлэн, сэтгэл зүрх баясгаж байдаг билээ л.

Цэдэндоржийн ХИШИГБАТ                 2014-5-25, Лондон

One thought on “ЗӨӨЛӨН АХ буюу ГАЛСАН БАГШ (Дурсамж хөрөг)

  1. ганбат says:

    багшийн тухай сайхан дурсамж бичсэн байна. баярлалаа.Би Хишиг-Өндөрийн сургуульд 20 шахам жил хичээл хүмүүжлийн эрхлэгчээр ажиллаж байсан.

Comments are closed.