Christine1АНУ-ын Санта Барбара дах Калифорнийн Их Сургуулийн Шашин Судлалын Сургуулийн докторант Christine Murphy эрдмийн ажлынхаа хүрээнд гадаадад буй Монголчуудын дунд оршуулгын зан үйлийн талаар судалгаа хийхээр Лондон хотод ирээд байхтай нь таарч уулзаж хөөрөлдлөө. Тэрээр 2 сарын 6-ны Баасан гарагт 18:30 цагаас элчин сайдын яамнаа иргэд сонирхогчидтой уулзаж өөрийн судалгааны ажлынхаа талаар танилцуулан, харилцан санал бдолоо солилцоно.

Та Лондонд цөөхөн хоногоор саатаж буй юм байна.  Хэрэг зориг, Монголтой холбогдох учир шалтгаан?

Би докторын ажлынхаа шугамаар Улаанбаатар хотод суурин байдаг. Яг одоо бол Америкийн Хилийн Чанад дах Судалгааны Төвийн Зөвлөлийн Улс Хоорондын Судалгааны Нийгэмлэгийн тэтгэлэгээр  гадаадад буй Монголчуудын дунд оршуулгын ёс заншлын талаар судалгаа хийхээр Лондон хотод ирээд байна. Өмнө АНУ-ны Дэнвэрийн Монголчуудын дунд энэ талаар судалгаа хийсэн.

Шотландийн University of St Andrew–д Франц, Герман хэлний ангид суралцаад улмаар Oксфордын Их Сургуульд Орчин цагийн Өмнөд Ази судлалын чиглэлээр Мастерийн зэрэг хамгаалсан. Оксфордод сурч байхдаа одоогийн удирдагч багш профессор Vesna Wallace-тайгаа танилцаж түүний нөлөөгөөр Монголыг сонирхох болсон юм. Цөөнгүй жил Азийн улс орнуудаар ажиллаж амьдрасны дараа хувийн болоод судалгааны зорилго маань намайг Монголд авчирсан даа.

Таны эрдмийн ажлын судалгааны сэдэв их сонирхол татлаа. Ийм сэдэв сонгохын утга, ач холбогдол юу вэ?

Хуучин Зөвлөлт гүрний нөлөөнд байсан орнуудад гарсан нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүд нь  тухайн үндэстнүүдийн өвөрмөц онцлог, соёл, шашны зан үйлд хэрхэн нөлөөлж буйг харьцуулан судалж байна. Энэ өргөн хүрээтэй сэдвийг нарийсган харах цонх маань Монголчуудын дундах оршуулгын зан үйлийг шинжлэхэд хүргэсэн юм. Оршуулгын зан үйл нь  тухайн цаг үеийн нийгэм улс төр, эдийн засаг, байгаль орчин, шашны зан үйлийг бүхэлд нь багтаасан  тусгал байдаг. Зарим хүн үүний хүлээн зөвшөөрдөггүй ч миний хувьд энэ санааг баримтлан эрдмийн ажлаа хийж байна. Нийгмийн болоод бусад хүрээнд гарах ямар нэгэн өөрчлөлт нь аажмаар хувь хүний оршуулгын зан үйлд төдийгүй энэ төрлийн шинэ бизнесийн салбар бий болоход ч нөлөөлдөг. Оршуулга, оршуулгын зан үйлд хандах хандлага, энэ чиглэлийн  ажиллагаа явуулдаг үйлдвэрлэл цаашилбал эдийн засаг бизнесийн салбарыг багтаан судлах нь Монголын соёл болоод шашны хүрээнд гарч буй өөрчлөлтийг өргөнөөр харах боломжийг бий болгоно.

Та өнөөг хүртэл мэдээж цөөнгүй хүмүүстэй уулзаж ярилцсан. Цаашид судалгаанд оролцогчдоос чухам ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ.

Юуны өмнө элчин сайдын яамнаас дэмжин судалгааны ажилтай маань холбогдуулан уулзалт зохион байгуулахаар болж буй та бүхэнд баярлалаа. Уулзалт дээр судалгааныхаа ажлын зорилго хамрах хүрээ, өдийг хүртэл энэ талаар судалсан зүйлсийнхээ талаар Монголын орчин цагийн оршуулгын зан үйл: Өнгөрсөн болоод Ирээдүйн төлөвийн талаархи эргэцүүлэл гэсэн товч яриа хийгээд гол нь харилцан ярилцах сонирхолтой байна

Судалгаа маань ихэд хүндэтгэл, болгоомжтой хандах учиртай эмзэг сэдэвтэйг би гүнээ ойлгож буй. Нөгөө талаар оршуулгын ажиллагаа нь гүн утгатай, нарийн зан үйл тул хүн болоод хүний хөгжлийн судалгаанд үр нөлөөгөө өгөх судлагдахуун юм.

Судалгааныхаа ажлын хүрээнд Монгол Улсын Их Сургууль, Монголын Оршуулгын Холбоо болон Дашчойлон хийдтэй нягт холбоотой ажилладаг. Олон тооны судлаачид, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүс. байгууллагын төлөөлөлтэй уулзаж ярилцаж ирсэн. Гэхдээ зөвхөн эдгээр байгууллагын санал зөвлөмж хамтын ажиллагаанд тулгуурлаад зогсохгүй энэ хүрээнээс хальж өөр олон хүнтэй уулзаж санал бодлыг нь сонсмоор байна.  Иймээс ч Монголын хүн амын тодорхой хэсэг болсон гадаадад байгаа Монголчуудтай уулзаж тэдний хувьд оршуулгын ёслолыг хэрхэн гүйцэтгэж буй, түүнд нь чухам ямар хүчин зүйл нөлөөлж, ямар хэлбэрээр гүйцэтгэж буйг олж мэдэхийг зорьсон юм.

Санал бодлоо солилцогч маань оршуулгад оролцож байсан дурсамж, хүүхэд байхдаа энэ талаар сонсож байсан түүх зэргээсээ нүүр тулан уулзах төдийгүй цахим хэлбэрээр ч (email, Skype)  нйдтай холбогдож болно.

20-р зууны турш өргөн хүрээтэй  эрс өөрчилөлтүүдтэй нуур тулж ирсэн Монгол орны хувьд булшлах, ил тавих, лам, бөө, бусад шашны төлөөллийг байлцуулсан эсвэл алийг нь ч байлгаагүй тохиолдлууд, чонын оршуулга, тасын оршуулга гэх мэт оршуулгын хэлбэрүүд байжээ. Ер нь их сонирхолтой шүү. Эдгээрийн талаар сонссон харсан тохиолдлуудын талаар аль болох олон хүүрнэл дурсамж сонсохыг хүсэж байна.

Иймд  миний судалгааны сэдвээр надтай нээлттэй ярих хүсэлтэй хэнтэй ч уулзаж ярилцах хүсэлтэй ба Монголд байгаа найз нөхөд гэр бүлийн хүмүүсээ санал болгосон ч болно. Амьдарч буй  улс орон дах ёс заншил, итгэл үнэмшил, оршуулгатай холбоотой сүжиг бишрэл, гашуудал, талийгаачийн цогцостой харьцаж буй байдал гээд бүхий л зүйлсийн талаар аль болох дэлгэрэнгүй мэдмээр байна.

Оршуулгын ёслол нэг талаар уй гашуутай тэр бүр нээлттэй ярихад амаргүй эмзэг зүйл ч нөгөө талаар хүн бүрт л тохиолддог тухайн үед үйлдэж буй зан үйлийнхээ учир шалтгааныг мэдэж байгууштай хүний үйлддэг ёс заншил.   Уулазлтын үеэр энэ сэдвээр одоог хүртэл ажиглаж судалсан зүйлсийнхээ талаар хуваалцахыг бас хүсэж байна.

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат
Christine