Photo3 сарын 8-д Лондон хотноо эмэгтэйчүүдийн баярт зориулан тоглох MADNESS хамтлагийн тоглолтын зар гаран түгээгдэж буйтай хoлбогдуулан уг хамтлагийн бүрэлдэхүүнтэй товч ярилцлаа.

  1. Та бүхэн 15 жилийн ойн хүрээндээ хилийн чанадад суугаа Монголчууддаа хүрч тайлан тоглолтоо хийхээр болсныг сонслоо. Лондон тоглох зар сар гарангын өмнөөс түгээгдэж эхэлсэн. Ер нь хэдэн орноор хэд хоног явах вэ

Манай  MADNESS хамтлаг 15 жилийн ойгоо 2014 онд Монголдоо өргөн тэмдэглэсэн. Ойн тоглолт UB PALACE-ын их танхимд болж биднийг 15 жилийн турш сонсож, дэмжсээр ирсэн бүх насны үзэгчидийн төлөөлөл 3500  хүн хүрэлцэн ирж  нэгэн үдшийг үнэхээр гайхамшигтай хэзээ ч мартахааргүй өнгөрөөсөн. Монголын рок поп, хип хопын бүх анд найз, ах дүү хамтлаг дуучид ирж баярыг маань хуваалцаж байлаа. Төрсөн өдрөө зөвхөн Улаанбаатар,  зөвхөн Монголдоо тэмдэглээд өнгөрөхийг  бодсонгүй. Ингээд  15 жилийн уран бүтээлийн тайлангаа цэнхэр гарагийн өнцөг булан бүрт амьдарч байгаа  биднийг сонсдог, сонсож байсан, сонсохыг хүсэж буй элэг нэгтнүүд хүргэхийг хүссэн юм. Энэ саналыг маань МИАТ-ын хамт олон удирдлага дэмжин биднийг ивээн тэтгэж өөрсдийн гарын бэлгээ та бүхэнд хүргэхийг даалгасан. Магадгүй биднийг мэдэхгүй олон жил гадаадад ажиллаж амьдарч, сурч байгаа  хүмүүс цөөнгүй бий байх. Бид та нарыгаа мартаагүй шүү. Монголын салхийг, монгол дууны аялгуутай та бүхэнтэйгээ хуваалцахаар Мартын 8-ны өдөр Лондон хотод зочилон тоглох гэж байна. Мөн Швед, Швейцарь, Европын холбооны улсууд болох Франц, Австри, Чех, Герман зэрэг орнуудад тоглохоор болсон. Өдрүүд маань ч тодорхой болсон. Зарим оронд амьдарч буй Монголчууд маань бидэнд өөрсдөө хүсэлт тавьж бид аялалынхаа чиглэлийг бага зэрэг хазайлгаж байгаа. Бид цөөхөн Монголчууд гэлтгүй газар газар хүрч тоглохыг хичээж байна.

  1. Амьд хөгжимтэй тоглолт хийх юм байна. Миний хувьд танай хамтлагийг үүсэхээс өмнө нутгаас гарсан тул уран бүтээлийн тань талаар мэдлэг төсөөлөл бага байлаа. Харин зар гарснаас хойш youtube дээр тавигдсан бичлэгүүдийг тань үзээд фен тань болох янзтай. FB-аар тавигддаг тоглолтын бэлтгэл хийж буй бичлэгүүдээс тань хараад ихээхэн сэтгэл зүтгэл гаргаж буйг тань мэдэрч буй. Тoглолтын хөтөлбөрт олны танил болсон дуунууд бас сюрпризууд бий биз дээ.

Амьд хөгжим бол зүрхнээс зүрхэнд хүрч тархинд кайф болон очдог сайхан мэдрэмж. Тэр мэдрэмжийг үзэгч олондоо мэдрүүлнэ. Бид та бүхний сайн мэдэх дуунуудыг мэдээж дуулна. Жишээ нь: Хотын гудамж, Нэг өдөр гэх мэт. Мөн бидний ах нар болон үе үеийн рок попын хамтлагийн дунууд ч багтсан байгаа. Мэдээж шинэ уран бүтээлийн дээжисээс тоглох болно. Ханaтлаа бүжиглэж болно, мөн хайртдаа зориулан эсвэл хамтдаа дуулж ч болно. Хамгийн гол нь Монголд 15 жилийн ойгоор мэдэрсэн тэр л мэдрэмжийг яг та бүхэнд амсуулмаар байна. Үгээр илэрхийлэшгүй, ирээд л үзээрэй, мэдрээрэй. Бэлтгэл сайн ханаж байна. Гадаадад олон жил болсон таны үеийн хүмүүс биднийг мэдэхгүй сонсоогүй байх нь бас аргагүй. Та бүхнийг бид “байлдан дагуулахаар” мордож байна. 🙂 Хамтлаг хэрхэн үүссэн ямар уран бүтээлүүд хийж ирсэн талаар 15 жилийн ойд зориулан өгсөн доорхи ярилцлагаас сoнирхож болно.

Мөн бидний аялан тоглолтын талаар баримтат кино бэлдэж байгаа. Та бүхэн манай тоглолтонд ирснээр баримтат кинонд орж өөрийн дүрээ манай хамтлагийн тухай өгүүлэх түүхэн кинонд үлдээх сайхан боломж байна. Баримтат киноны багийнхнаар дамжуулж Сар шинийн баярын мэндийг ах дүү хамаатан садангууддаа хүргэж бас болно.

Тоглолт болгон азтан тодруулна, азтанууд МИАТ-ын гарын бэлэг, мөн манай хамтлагийн 2ш цомогийг гардан авах болно.

  1. За нижгэр болох нь ээ. Баримтат кино хийж буй гэснээс ерөнхий ивээн тэтгэгч МИАТ компаниас гадна NTV TV медиа ивээн тэтгэгчээр ажиллаж буй гэж ойлгосон.

Тийм. Хилийн чанадад байдаг Монголчууд ялангуяа Британийн Монголчууд та бүхэнтэй байнгын хамтын ажиллагаатай байдаг мөн бидний уран бүтээлийн байнга дэмждэг NTV –ийн уран бүтээлчид Европ дах Монголчууд цуврал нэвтрүүлгийнхээ үргэлжлэлийг бэлтгэж байгаа. Найруулагчаар дефакто нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Г.Энхтүвшин ажиллаж буй. Мөн Швейцарь дах Монголчуудын тухай тусгай дугаар бэлтгэн Монголынхоо үзэгчдэд үзүүлэх үүрэгтэй явж байгаа. Монголынхоо цэлмэг тэнгэр, цэвэр агаар, Монголын рок попын мэндчилгээг та бүхэндээ хүргэхээр бид очиж явна. Эмэгтэйчүүдийн баяраа хамтдаа тэмдэглэн, охид бүсгүйчүүдээ баярлуулан Лондонд удахгүй уулзацгаая.

PosterMadness