hurugОксфордийн Их сургуульд Монголын нууц товчооны үг хэллэгийн тайлбартай холбоотой лекц уншихаар ирээд буй МУИС-ийн МХСС-ийн багш хэл бичгийн ухааны доктор (Sc.D), профессор Г.Гантогтох гуайг Оюунлаг Оршихуй цувралын энэ удаагийн зочноор уриж “бие халаах” товч яриа хийлээ 

  1. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Монголын нууц товчооны үгсийг олон талаас нь тайлбарласан бүтээлүүд байх юм. Таны хувьд Нууц товчооны үгсийг тайлбарлахдаа баримталдаг зарчим, аргачлал юу вэ?
  • Монголын нууц товчооны Монгол бичгээр бичсэн эх  одоогоор олдоогүй. Харин судлаачдын баримталж байгаа эх нь  Монгол хэлээр боловч хятад ханз үсгээр галиглаж бичсэн, хажуудаа хятад хадмал орчуулгатай, 282 зүйл тус бүр хятад товч орчуулгатай бичмэл байдаг. 13 зууны үг хэллэгийг галиглаж бичсэн тул одоо цагийн хэлээр хөрвүүлэхэд бэрхшээлтэй, олон янзаар тайлж уншсан үгс нилээд бий. Ийм үг хэллэг, өвөрмөц хэлцийн   цаад гүн санааг тайлахдаа:  нүүдэлч соёлын сэтгэлгээ, зан үйл, бөө мөргөлийн ухагдахуун, нутгийн аялгууны үгсээр мөшгөж судлах нь  чухал байна. Жишээ нь, Чингис хааны huja’ur  гэж галигласныг язгуур, узуур, озоор гэх мэтээр эрдэмтэд  уншсан байна.  Узуур гэдэг  нь бөө мөргөлийн нэр томьёо бөгөөд, уг гарвал узуураа хүндэлдэг тахил тайлгын зан үйлтэй  холбоотой тул, huja’ur  -ыг узуур гэж уншсан эрдэмтдийн санал оновчтой байна. Узуур гэдэг үг буриад аялгуунд узуур, халх, хотгойд, дархад аялгуунд озоор гэсэн дуудлагатай. Нутгийн аялгуунд Монголын уугуул үгс энэ мэтээр хадгалагдаж байгааг сайтар судлууштай.
  1. Та Монгол бичгийн талаар судалж ажилладаг хүн. Монгол бичгийг төрийн бичиг болгох журам 2025 оноос хэрэгжиж эхэлнэ гэж буй. Энэ талаар судлаач хүний хувьд хэрхэн үздэг вэ?
  • Монгол бичиг бол Монгол хэлний олон аялгууг бичгээр нэгтгэсэн, олон зууны туршид зөв бичих зүй нь тогтсон, үгийн сан утга зүйн баялаг уламжлалтай, Монгол үндэсний бичиг юм. Харин шинэ үсэг гэж байгаа маань зөвхөн дорнот халхын аман аялгууг тэмдэглэсэн, олон зууны уламжлалгүй, зөв бичих зүйн зохиомол дүрэмтэй, зүй тогтлоор бус харин үсгийн дүрмээр, дуудлагаа дагаж бичдэг учраас Монгол үгийн үндэс, зүй тогтол алдагдаж, үгсийн сан хомсдох хандлагатай. Монгол хэлний үгийн сан, утга зүйн ундаргыг дэгжүүлэхэд Монгол бичиг суурь нь болж өгнө. Тэр учраас 2025 оноос төрийн бичиг болгох нь учир зүйн хувьд зөв юм.

______________________________

Товч танилцуулга:

Г.Гантогтох нь  1971 онд УБДС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгссөн. 1993 онд “буриад аялгууны үгийн сангийн бүрэлдэхүүний онцлог” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалж, 1997 онд дэд профессорын цол хүртэж, 2006 онд “монгол зан үйлийн аман яруу найргын уламжлал” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 2006 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр муис-ийн профессор цол хүртсэн.

Тэрээр 1971-1975 онд УБДС-ийн монгол хэлний тэнхимд багш, 1975-1992 онд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1992 оноос одоо хүртэл муис-д багшилж шинжлэх ухаан боловсролын байгууллагад тасралтгүй 45 жил ажиллаж, нэг сэдэвт зохиол, толь бичиг, сурах бичиг, гарын авлага, хамтын бүтээл туурвижээ.

Г.Гантогтох нь авиа зүй, угсаа хэл шинжлэл, нутгийн аялгуу судлал, сонгодог бичгийн хэлний чиглэлээр дагнан мэргэжсэн бөгөөд энэ чиглэлээрээ бакалавр, магистрант, докторантын сургалтанд хичээл зааж, ном зохиол бүтээж туурвиж ирсэн баялаг туршлагатай бөгөөд эрдэм шинжилгээ бүтээлүүд нь олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдэж, судлаачид бүтээлдээ иш татаж, судалгаа эргэлтэд бүтээлүүд нь байр сууриа олсон байна.

Г.Гантогтох Монгол зан заншил, заншилт үг хэллэгийн талаар судалгаа хийж “Монгол аман яруу найргийн уламжлал” (Уб., 2007), “Монгол ёс заншил, зан үйлийн товчоон” (Уб., 2009), “Монгол баатарлаг туулийн чуулган” (Бээжин, 2009), “Айдурай мэргэн” (Уб., 2009), “Хараасгай мэргэн” (Уб., 2010), “Хэедээр мэргэн” (Уб, 2014), “Буриад аялгууны толь бичиг”(Уб., 2011), “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” 2 боть (Уб, 2013) зэрэг бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл бичжээ.

Poster