photoОюунлаг Оршихуй цувралын 31 дэх дугаарт Британи улсын University of Aberdeen-д анагаах ухааны чиглэлээр Магистр (MSc in Human Nutrition,1997),  Докторын (PhD in Medicine,2002) зэргүүдийг хамгаалсан, 2009 оноос өрхийн эмчээр (GP, NHS Grampian) ажиллаж буй, Royal College of General Practitioners,  Nutrition Society, UK,  British Medical Acupuncture Society зэрэг мэргэжлийн байгууллагуудын гишүүн, Др Ч.Туяа уригдан оролцоно. Түүнтэй хийсэн уламжлалт “бие халаах ” товч яриаг хүргэж байна

Юуны өмнө бидний урилгыг хүлээж авсан Танд баярлалаа.  Та Британид анагаах ухааны чиглэлээр мэргэшиж, зэрэг хамгаалж бас энэ салбарт цөөнгүй жил ажиллажээ. Өөрийнхөө ажил мэргэжлийн тухай товч танилцуулахгүй юу?

Би 1996 оноос Англид Улсад сурч, ажиллаж амьдарч байна. Шотландын Абердины их сургуульд суралцан хоол судлалаар магистр, ерөнхий эмчилгээний чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. 2004 оноос Английн эрүүл мэндийн байгууллагад (NHS Grampian, Aberdeen) eronhii emcheer emnelegt ajillaj baigaad   2009 onoos өрхийн эмчээр ажиллаж байна.

Mиний мэргэжлийн сонирхдог чиглэл нь чихрийн шижин (diabetes), таргалалт (obesity and weight management), жижиг мэс засал (minor surgery), үе мөчний тариа (joint injections),  зүү төөнүүр (acupuncture). Эдгээр чиглэлээр байнга өдөр тутам эмчилгээ үзүүлж байна.

Уулзалт ярилцлагын үеэр Таны ярих нэг сэдэв  зөв хооллох тухай. 
Хоол хүнс хүний эрүүл саруул урт наслах гол хүчин зүйлсийн нэг гэдгийг хүн бүр л хүлээн зөвшөөрдөг хэрнээ тэр бүр мөрдөж хэрэгжүүлж чаддаггүй. Энэ нь ямар хүнс хоол хэрэглэхээ мэдэхгүйд байна уу? Угаасаа хүний хайнга зан илүүтэй нөлөөлөөд байна уу?

Эрүүл хооллох нь зүрх судасны өвчин (heart disease), чихрийн шижин (diabetes) ба хавдраас (cancer) урьдчилан сэргийлж  урт наслахад их чухал үүрэгтэй.  Зөв хоол хүнс сонгох нь бид нараас эрүүл мэнддээ байнга анхаарал тавьж, мөн цаг зав гаргаж энэ талаар байнга мэдлэгээ өргөжүүлж, төрөл бүрийн хүнсний ногоо (vegetables), буудай (grains), жимс (fruit), загас/махаар (fish/meat) хоол хийж сурах ба өөрсдөө идэж байгаагүй шинэ ногоо жимс хоол хүнсэндээ хэрэглэж, үр хүүхдүүддээ энэ талаар зааж сургах хэрэгтэй байдаг.  Таны асуултдаа дурдсанчлан хүмүүс энэ талаар тэр бүр өргөн мэдлэгтэй байдаггүй нь гол шалтгаан юм. Тиймээс энэ  талаар шинжлэх ухаанч мэдлэгийг олгож, зөв хооллох дадал суулгах нь бидний үүрэг.
Би судалгааны ажлын явцад өсвөр насны хүүхдийн таргалалтыг зогсоох, буруу дадал зуршлыг арилгах 3 сарын хөтөлбөрийг боловсруулаад удирдаж байсан. Энэ хөтөлбөрийн зорилго нь эцэг эхчүүдийн хувьд нилээн асуудал болдог өсвөр насны хүүхдүүдийн телевизор хэт удаан хугацаагаар үзэх, компьютер тоглох зуршлаас (тоглоомдоо хэт улайраад бараг донтох ч гэж хэлж болох) болж хөдөлгөөн дутагдаж, мөн энэ үедээ хамжааргагүй идэх зуршлыг зогсоох, зохистой хооллох талаар мэдлэг олгох, хүүхдүүдийн жинг хэвийн хэмжээнд болгох байсан. Энэ хөтөлбөрт хэт таргалалттай, дээрх зуршилтай 11-16 насны Англи хүүхдүүдийг хамруулан 7 хоногт 3 удаа 30 минутын идэвхитэй хөдөлгөөнийг сонирхолтой хэлбэрээр хийлгэж, буруу зуршлаас салгах талаар сэтгэхүйн мэргэжлийн эмчээр  зөвөлгөө өгүүлээд өөрсдөөр нь хүнсээ цуглуулах, авч буй хүнс хоол нь ямар найрлага орцтойг мэддэг болгох зэргээр амьдралын өдөр тутмын хэв маягт нь өөрчлөлт оруулснаар 3 сарын хугацаанд идэвхтэй оролцсон хүүхдүүд хэвийн жиндээ орж, гол нь өөртөө итгэлтэй зөв дадалтай хүн болох зан төлөв суулгаж чадсан гэж бодож байна. Тийм болохоор эцэг эхчүүд өөрсдөө буруу дадал зуршлаа анхаарахгүй бол хүүхдүүд яг дуурайх шинжтэй байна. Бас багаас нь зохимжтой хооллох мэдлэг дадлыг суулгах хэрэгтэй. Хүний эрүүл мэндэд удамшлаас гадна хүний өөрийн хайнга зан нөлөөлж байгаа.

Монгол хүний бие махбодид шаардагдах хүнс тэжээл, Англи хүнийхээс ялгаатай юу?  Ялгаатай бол бас ялгаатай хүнс тэжээл хэрэглэх учиртай болох уу?

Манай Монгол орны эрс тэс уур амьсгал нь Английн орны чийглэг уур амьсгалаас ялгаатай. Монгол малчин хүний хоолны илчлэг (food energy requirement) нь арай илүү бөгөөд орчин улиралдаа зохицсон байдаг. Энэ нь өөх тостой мах, сүү цагаан идээ ба гурилан бүтээгдэхүүнээс (wheat flour products) гаралтай. Монголчууд эрт цагаас хоол хүнсэндээ төрөл бүрийн ургамал, зэрлэг жимс хэрэглэж ирсэн нь Vitamin C – гийн дутагдал (Vitamin C deficiency) “Scurvy” -с өөрсдийгөө урьдчилан сэргийлж ирсэн байдаг.

Харин хотын хүн ам(Urban population)-ын хоол тэжээл нь Англи хүнийхээс онцын ялгаа байхгүй.
Иймд ая тухтай хот суурин газар амьдарснаар байгалийн эрс тэс уур амьсгал дор байнгын хөдөлгөөнд байдаггүйгээ бодолцож хооллож ундлах хэв маягаа бас суурин хэлбэрт дасгах нь чухал.
Энд аж төрж байгаа Монголчууд нутаг орны соёл ахуйд дасан суралцаад харьцангуй хооллох дадал нь англичууддтай адилхан байгаа бол уу. Гэхдээ л бас яг чухам ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн ямар төрлийн илчлэг агуулж хэр хэмжээтэйг хэдийд хэрэглэж байх учиртай талаар тодорхой мэдлэг олж авах нь амархан зүйл биш л дээ. Англичуудын хувьд ч энэ нь шинэ тутам олж авч байх ёстой мэдлэг дадал гэдгийг та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс хардаг байх.  Тиймээс өөрийн сурсан, судалснаасаа Монголчуудтайгаа хуваалцая гэж зорьсон хэрэг

Танд баярлалаа. уулзалтын үеэр илүү дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл авч сонирхолтой яриа өрнөнө гэдэгт итгэж байна 

Хөөрөлдсөн Ц.Ариунсанаа, Д.Цэрэнбат