OrkhonГантогтохын Орхон, Дээд боловсрол судлаач, Oxford University, England

 Сурлага сайтай сурагчид л их, дээд сургуульд ордог байсан үе улирч, дээд боловсрол бараг хүссэн хүн бүрд нээлттэй болсон өнөө үед, дэлхий дахины дээд боловсролд нэлээдгүй өөрчлөлт гарч байна. Энэ өөрчлөлтийн давалгаанд их сургууль хэмээх бидний ойлголт хувьсан өөрчлөгдөж, бүр зарим талаар үндсэн утга агуулгаа  ч орхигдуулахад хүрчээ. Тэгвэл их сургууль хөгжлийнхөө үе шатуудад хэрхэн өөрчлөгдсөн, одоо хаашаа чиглэж байна вэ?  Их сургууль судалгааны, сургалтын гэж хоёр хуваагдав уу? гэсэн асуултыг хөндөн тавьж хэлэлцэхийг зорилоо.

Судлаач Барнетт (1990) их сургуулийн хөгжлийн үе шатыг дундад зуун, XIX-XX зуун болон орчин үе гэж ерөнхийд нь 3 ангилан үзжээ. Дундад зуунд их сургууль үүсэн бий болох анхдагч санаа нь мэдлэг гэж юу вэ гэсэн  гүн ухааны асуултаас эхтэй аж. Гүн ухаанч Платогийн өгүүлснээр бидний мэдлэг гэж үзээд байгаа мэдлэг бол зөвхөн  тухайн цаг үедээ нийтээрээ хүлээн зөвшөөрч буй бидний ойлголтууд болохоос, туйлын үнэн биш юм. Гэхдээ тэрхүү байнга дэвшин шинэчлэгдэх харьцангуй мэдлэгээр дамжуулан бид үнэмлэхүй үнэн мэдлэгийг бүтээнэ гэжээ.  Тиймээс бид өөрсдийн хэвшсэн мэдлэгийг байнга шалгаж сорьж, сайжруулж байх хэрэгтэй бөгөөд тэрхүү мэдлэгийг тасралтгүй сорих, шүүмжлэх явцыг өрнүүлж байдаг эзэд нь эрдэмтэн багш нар болон оюутнууд, тэдний гэр нь их сургууль гэж үзжээ. Шашны сүм хийдүүдтэй холбоотойгоор анхлан үүссэн өрнөдийн их сургуулиуд хүн төрөлхтний соён гэгээрлийг чухалчилж байлаа.  Манайд мөн адил дацангийн сургалтаар шавь нарыг зөвхөн шашны ухаан бус арван ухаанд боловсруулж байв. Тэрхүү 10 ухаанд нэвтэрхий билгүүн чанадад хүрсэн багш, шавь нар гэгээрэлд хүрэх зам мөрийг гэрэлтүүлэх бүтээлүүдээ туурвиж байсан боловсролын эртний уламжлалтай бид энэ уламжлалаа дээд боловсролын түүхэндээ багтааж, мөн тэрхүү цогцлоож ирсэн уламжлалаасаа өнөө цагт ихийг шингээх чухалтай мэт.

Өрнөдөд их сургуулиуд аажмаар шашны нөлөөллийг багасгаж, хараат бус биеэ даасан хэлбэрт шилжсэн нь мэдлэгийг шинжлэх ухааны бодит судалгаан дээр тулгуурлан сорьж судлах, эрдэмшлийн эрх чөлөөг баталгаажуулахад оршиж байлаа. Гэвч энэхүү эрдэмшлийн эрх чөлөө нэрийн дор шинжлэх ухааны салбарууд хэт салангид хөгжиж, их сургууль дотроо шинжлэх ухааны тархай бутархай олон аймгуудтай  болсон тул XIX-XX зуунд их сургуулийн тухай ойлголтод томоохон өөрчлөлтүүд орж эхэлсэн байна (Becher & Trowler, 2001). Ньюмен (1852) энэ туйлширсан салангид байдлыг шүүмжилж, либерал боловсролоор дамжуулан мэдлэгийн өргөн нэгдмэл хүрээг оюутанд таниулахын чухлыг тодотгожээ. Энэ үед мөн оюутны тунгаан цэнэх, шүүмжит сэтгэлгээг сургалтын явц дунд хөгжүүлэх нь хамгийн чухал гэж үзэх болжээ. Мөн мэдлэгийг мэдээлэл маягаар заах бус шүүмжит сэтгэлгээгээр заахад буюу сургалтын явцад их анхаарах болсон байна. Түүнчлэн Хумболдт тэргүүтэй Германы сэтгэгчдийн нөлөөгөөр их сургууль нь сургалт, судалгаа хоёрыг хослуулж, тэрхүү судалгааны эрэл хайгуулын идэвхтэй орчин оюутны билиг оюуныг хурцлахад тустай гэж үзжээ. Түүнчлэн Жаспер (1965) дэлхийн 2-р дайны дараах нийгмийн хүнд асуудлуудыг хөндөн тавьж, хүмүүнлэг нийгмийг цогцлооход их сургуулийн нийгмийн өмнө хүлээх чухал үүргийг сануулжээ. Их сургууль бол зөвхөн мэдлэгийг бүтээх талбар биш, харин их сургуулийн боловсрол бол оюутны хүн  болон төлөвших эрх чөлөөний процесс байх учиртай гэж үзжээ. Үүнээс үүдэн их сургуулиудын хэт хоосон номчирхсон, нийгмээс хол хөндий байдлыг шүүмжилж, нийгмийн үүргийг нь тодотгох болсон байна.

Орчин үеийн их сургууль: XXI зуун хүртэлх их сургуулиудад зөвхөн сурлагаараа тэргүүлсэн оюутнуудыг эрдэмтэн багш нар нь сонгон шалгаруулж тодорхой тооны оюутныг өөрсдийн эрдмийн аймгуудад элсүүлж байлаа. Тэгвэл орчин үед энэ байдал эрс өөрчлөгдөж, мэдлэгт суурилсан нийгмийн хөгжлийн уриан дор дээд боловсрол эзэмших бололцоог олон нийтэд нээж өгснөөр, оюутны тоо эрс нэмэгдэж, түүнийг дагаад их сургуулийн үүрэг зорилго, чиглэл, үйл ажиллагаанд ихээхэн өөрчлөлтүүд орох боллоо. Нэгдүгээрт, сурлагаар тааруухан сурагчид их сургуульд олноороо элсэн орох болсноор, оюутнуудыг мэдлэг чадвараар нь ангилан сургах хэрэгцээ гарч, энэ нь их сургуулийн өөр өөр хэлбэрүүд үүсэх шалтгааны нэг болсон байна.  Жишээ нь, сурлагаар тэргүүний оюутнууд сурдаг судалгаа давамгайлсан шилдэг их сургуулиуд, дундаас дээгүүр сурлагатнууд элсдэг их сургуулиуд, дунджаас доогуур сурлагатнууд юм уу эсвэл гэр, ажилдаа ойрхон сурах гэсэн хүмүүс элсэн ордог  сургалт дагнасан сургуулиуд гэхчлэн эрэмбэ үүсэж, энэ нь их сургуулийн чансааг тодорхойлох судалгаагаар (university ranking) улам бүр илэрхий болж байна.

Оюутан өөрийн өрсөлдөх чадвараасаа хамааран, хэрэгцээндээ таарсан сургуулийг олон сонголтуудаас сонгон элсэх болсноор оюутныг шавь гэхээсээ илүүтэй хэрэглэгч хэмээн үзэж, их сургуулиуд оюутан элсүүлэх өрсөлдөөнд орж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн болох модулийн хөтөлбөрүүдийг хэрэглэгчид буюу оюутанд сурталчлан борлуулдаг, арилжааны шинжтэй их сургуулиуд ч их гарах болжээ.

Их сургуульд нөлөөлөх гаднын нөлөөллүүд–хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, мэргэжлийн холбоодын шаардлага, магадлан итгэмжлэлийн шаардлага, төр нийгмийн бодлого, их сургуулийн чансааг тодорхойлох үзүүлэлт –ихэссэн учраас их сургууль нийгэмтэй илүүтэй ойртох шаардлагатай болж, үүнийг дагаад их сургуулиуд засаглал, удирдлагын менежментээ өөрчлөх болжээ.

Технологийн дэвшлийн үрээр их сургуулиуд дэлхий даяар нээлттэй онлайн болон цахим хичээлүүдийг түгээх боломжтой болж, энэ нь дээд боловсролын хүртээмжийг эрс нэмэгдүүлэн, дээд боловсролыг танхимын бус хэлбэрээр нийгэмд хүргэх хүрээг тэлэх болсон байна.

Түүнчлэн мэдлэгт суурилсан нийгэмд, их сургуулиуд нь улс орны эдийн засгийг хөгжлийг эрчимжүүлэх мэдлэгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч хэмээн тооцогдож, судалгаа инновацийн бүтээгдэхүүнийг ялангуяа техник технологийн салбарууд дээр онцгойлон анхаарах болсноор их сургууль, төр, үйлдвэрийн гуравласан холбоо эрчимжиж эхэлжээ. Үүний дүнд их сургуулиуд дээр судалгааны үйлдвэрлэл, патент, гарааны компани, хөрөнгө оруулалт хариуцсан шинэ нэгжүүд үүсэж, их сургууль, төр, хувийн хэвшлийн түншлэл бүхий бизнес харилцаанд орж эхэлсэн байна.

Засгийн газруудын өмнө тулгарч буй хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдал гэхчлэн нийгмийн хүнд асуудлуудад шийдэл хайхад зөвхөн нэг салбар ухаанаар шийдэх боломжгүй бөгөөд, энд их сургуулийн салбар хоорондын нэгдэл бүхий судалгаа (interdisciplinary) чухал үүргийг гүйцэтгэх болсноор, нийгэм рүү чиглэсэн судалгаа их сургуулийн судалгаанд чухал байр суурийг эзлэх болсон байна. Мөн байгаль орчны асуудал хурцдаж буй өнөө үед тогтвортой хөгжлийн бодлого дэлхийн даяар өрнөж, дээд боловсролын сургалт судалгаа  тогтвортой хөгжлийг хангах чиглэл рүү анхаарч эхэлж байна.

Орчин үеийн их сургуулиудад гарсан эдгээр олон өөрчлөлтүүдийг дүгнэн үзэхэд, орчин үеийн дээд боловсролд хоёр томоохон өөрчлөлт гарчээ: Нэгд мэдлэгт суурилсан  нийгмийг хөгжүүлэх үзэл санаанд тулгуурлан дээд боловсролын хүртээмж,  нийгэмтэй бүх төвшинд oлон хэлбэрээр ойртох, үйлчлэх хүрээ тэлсэн, хоёрт үүнтэй уялдаад өөр өөр хэрэгцээг хангах, өөр өөр үүрэг бүхий их сургуулийн олон хэлбэрүүд бий болж, мөн их сургууль илүү олон талт үйл ажиллагаатай болсон байна. Энэ өөрчлөлтүүдийн давалгаанд их сургуулиуд судалгааны эсвэл сургалтын гэсэн 2 туйлширмал хэлбэр лүү орох, тэрчлэн нийгмийн давхаргын хэт ялгарлыг нэмэгдүүлэх эрсдэл гарч байгааг судлаачид ажиглаж, энэ нь их сургуулийн уугуул үнэт зүйлд харшлахыг анхааруулсаар байна (Reading, 1996; Delanty, 2001; Elton,2001; Rolfe,2013; Brennan & Patel, 2011). Тэгвэл дараагийн хэсэгт энэ хоёр туйлширсан хэлбэрийн гажуудалтай талуудыг авч үзье.

Cудалгааны их сургууль: Судалгааны их сургуулиуд мэдлэгийг үйлдвэрлэгч гол хүч тул олон орны засгийн газрууд зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд судалгааны их сургуульд ихээхэн анхаарал тавьж, төрийн бодлогоор санхүүжүүлж, хамгийн сайн эрдэмтдийг урин ажиллуулж, шинэ санаа мэдлэгийг өндөрт залж байгааг харахад судалгааны их сургууль нь их сургуулийн төгс төгөлдөр хэлбэр мэт (Altbach,2013). Гэвч зарим талаар эдгээр сургуулиуд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах үйлвэрлэлийн, бизнесийн ашиг өндөртэй судалгааг буюу мэдлэгийн бүтээлийг гэхээсээ илүүтэй мэдлэгийн бүтээгдэхүүнийг илүүтэй анхаарах болсон. Хамгийн ашиг өндөртэй судалгаа нь голдуу техник, технологи, байгалийн ухааны судалгаа  тул их сургуулиуд  богино хугацаанд  өгөөжөө өгөх судалгаанд тэргүүлэх ач холбогдол өгөх болсноор, суурь судалгаа, нийгэм, хүмүүнлэгийн ухааны судалгааг хойш тавих хандлагатай болжээ. Их сургуулийн төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах түншлэл нэг талдаа их сургуулийн судалгааг эрчимжүүлэхэд хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлж, их сургуулийн нийгэмд үйлчлэх өгөөжийг дээшлүүлж  байгаа хэдий ч, нөгөө талдаа их сургуулийн уугуул үнэт зүйл болсон хэнээс ч үл хамааралтайгаар биеэ даан мэдлэгийг бүтээж, сорьж, нийгмийн бие даасан шүүмжлэгч байх чанараа гээхэд хүрч, зарим талаар улс төр, бизнесийн ашиг хөөгчдийн буюу мэдлэгийн капитализмын гар хөл болох эрсдэлд орсон байна (Slaughter & Rhoades, 2004).

Төгсөгчдийн чанар сургалтын явцаас шууд хамааралтай. Гэтэл их сургуулийн судалгааг сургалтаас хэт дээгүүрт авч үзсэнээр сайн сургалтаар дамжуулан оюутныг нээх, зөвхөн мэдлэг бус оюутны боловсрол, төлөвшил, бусад хөрвөх чадварыг хөгжүүлж байдаг сургалтын явцад бий болдог чухал ажлуудыг үл тоомсорлох хандлагатай болсон. Сургалтыг хөтөлж яваа эзэд нь эрдэмтэн багш нар. Гэтэл багш нарын багшлах ур чадварыг судалгааны ажлаас хэт дутуу үнэлснээр, сургалт ерөнхийдөө муудаж, тэр нь оюутны эрх ашигт муугаар нөлөөлөх болжээ.

Судалгааны их сургуулиуд их сургуулиудын чансааны эрэмбээр голдуу дээгүүрт ордог, тэнд ихэнхдээ нийгмийн дээд давхаргын гаралтай оюутнууд суралцах бөгөөд зарим оюутнуудын хувьд эдгээр сургуулиудад юу сурах нь нэг их гол биш харин нийгмийн статусаа өндөрт  хадгалахад нь  чухал учраас суралцана. Мэдээж энэ их сургуулиуд нийгмийн хэт ялгарлыг нэмэгдүүлэх зорилго байхгүй ч, бодит байдал дээр нийгмийн хэт ялгаралд хувь нэмрээ оруулсаар байна.

Ийнхүү судалгааны их сургууль нь эдийн засгийн баялаг бүтээх болон мэдлэгийн зах зээлд өрсөлдөх чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх засгийн газрын ашиг сонирхол,  зах зээлийн ашиг сонирхол, дэлхийн шинжлэх ухааны дэвшлийг урагшлуулах ашиг сонирхол, нийгэмд тулгамдаж буй асуудалд шийдэл хайх засгийн газрын эрх ашиг, хувь хүний нийгмийн байр сууриа хадгалах ашиг сонирхол гэхчлэн олон ашиг сонирхолд үйлчилдэг байгууллага болжээ. Гэвч эдгээр ашиг сонирхлуудын дунд их сургуулийн гол зорилго болсон оюутны боловсрол төлөвшлийн ашиг сонирхол  зарим талаар бүдгэрэн гээгдэж байгааг судлаачид анхааруулсаар байна (Barnett, 1990).

Cургалтын их сургууль: Судалгааны их сургууль гэх тодотголтой их сургуулиуд олон боловч өөрийгөө сургалтын их сургууль гэж цоллосон сургууль бараг байхгүй.  Гэвч ийм зөвхөн сургалт явуулдаг, судалгаа огт хийдэггүй их, дээд сургуулиуд их бий.  Ийм сургуулиуд ‘масс-д үйлчилдэг бөгөөд, голдуу сурлагаар тааруухан, эсвэл орон нутагтаа, ажил гэртээ ойрхон сурах гэсэн, эсвэл аж амьдрал тааруу айлын хүүхдүүд  элсэлтийн шаардлага бага учраас орж суралцана. Гэвч судалгаа хийх шаардлага ийм сургуулиудад тавьдаггүй учраас, өндөр мэргэжлийн эрдэмтэн багш нарыг авч ажиллуулах нь ховор. Голдуу мэргэжил голлосон хөтөлбөртэй, насанд хүрэгчид  суралцдагийг эс тооцвол, үндсэндээ мэргэжлийн боловсрол сургалтын төв юм уу ахлах сургуулиас төдийлөн ялгарахааргүй. Ийм сургуулиуд мэдээж дээд боловсролын хүртээмжийг дээшлүүлэх, насан туршийн боловсролыг хөгжүүлэх, орон нутгийн ажиллах хүчний хэрэгцээг хангах зэрэг олон нийтийн эрх ашигт үйлчилж буй чухал сургуулиуд. Гэвч, судалгаа огт байхгүй зөвхөн сургалт дагнасан ийм байгууллагыг ер нь их, дээд  сургууль гэж тооцох уу?  Уул нь их, дээд сургууль гэдэг энэхүү эрдмийн хүрээлэнд мэдлэгийг  сорьж турших, тунгаан цэнэх явцдаа багш, оюутан  хоёр хоёулаа суралцдаг. Гэтэл энэ сургалт дагнасан  сургуульд  эрдмийн шүүмжит орчин дутагдалтайгаас, багш зөвхөн оюутанд мэдлэгийг дамжуулагч мэтээр ажиллах хандлага ажиглагдаж байна. Хэдийгээр ийм сургуулийн багш нарт судалгаа хийх шаардлага тавьдаггүй ч, багш нар тухайн салбарынхаа гол өрнөж буй асуудал, шинэ нээлт, мэдлэгээр өөрийгөө цэнэглэж, салбарынхаа судалгаатай ойр байх  нь хичээл дээр оюутнуудтайгаа эрдмийн шүүмжит орчныг бүрдүүлэхэд нь тустай байх учиртай.

Их сургууль судалгааны эсвэл сургалтын гэсэн хоёр туйлширсан хэлбэр лүү хэвийвэл оюутны боловсрол төлөвшил, эрдмийн идэвхтэй шүүмжит орчинд оюутан суралцах, юунаас ч үл хамааралтайгаар цэвэр мэдлэгийг бүтээх эрдэмшлийн эрх чөлөө зэрэг дээд боловсролын гол үнэт зүйлс алдагдах эрсдэл байгааг дээрх  гажуудлын жишээнүүд харуулж байна.

Их сургууль төв үзлийн талбар болох нь: Дээд боловсролд гарч буй энэ бүх өөрчлөлтүүдээс дүгнэн үзэхэд, их сургуулийн зорилго, чиглэл, үйл ажиллагааны хүрээ далайц олон түвшинд салбарлаж, олон талуудад хариуцлага хүлээх болсон учраас их сургуульд гаднаас нөлөөлөх нөлөөллийн хүч их болсон. Тиймээс их сургуулиудад дотоод хүчээ, өөрийгөө хянан удирдах чадвараа нэмэгдүүлж, үнэт зүйл, зарчимдаа тулгуурласан туйлшралаас ангид, тэнцвэртэй зохист бодлогыг цаг цагт нь тохируулж шийдэх ухаалаг удирдлагын тогтолцоо чухал  болжээ. Нэг ёсондоо их сургууль аливаа туйлшралаас ангид орших төв үзлийн талбар болохыг дараах байдлаар тодотгоё.

Дээр өгүүлсэн судалгааны эсвэл сургалтын гэсэн хоёр туйлширсан хандлагыг ажиглан анхааруулсан судлаачид, дээд боловсролын хоёр салшгүй хэсэг болох мэдлэгийн нэгдэл- судалгаа, нөгөө нь мэдлэгийг хөгжүүлэх процесс-сургалт хоёр хослох учиртай гэжээ. Өөрөөр хэлбэл үр дүн, процесс хоёрыг аль алиныг нь хослуулахыг чухалчилсан байна. Нөгөө талаар сургалт хүний боловсрол төлөвшилд чиглэнэ, харин судалгаа шинжлэх ухаанд үйлчилнэ. Дан ганц хатуу шинжлэх ухаан юунд хүргэдгийг хүн төрөлхтөн ухаарсан. Нөгөө талд дан ганц сургалт гээд мэдлэгийг сорьж, турших, тунгаах шүүмжит бүтээлч чанаргүй, мэдлэгийг зөвхөн дамжуулагч хэт номлолын сургалт  өрөөсгөл болохыг ч ухаарсан. Тиймээс судалгаа, сургалтын эзлэх хувь нь өөр өөр  харьцаатай их, дээд сургуулиуд байж болохоос биш аль нэгийг нь дагнасан байх нь учир дуталдалтай аж.

Түүнчлэн их сургуулийн судалгаанд мэдлэгийн бүтээл, мэдлэгийн бүтээгдэхүүн гэсэн хоёр өөр ухагдахуун гарч ирж байна. Мэдлэгийн бүтээл нь хүн төрөлхтний соён гэгээрэл, үнэний эрэлд чиглэсэн холч зорилго бүхий мэдлэгийн суурь санг нэмэгдүүлэх цаг хугацаанаас үл хамаарах бүтээл бол мэдлэгийн бүтээгдэхүүн нь тухайн цаг үед гарсан асуудалд шийдэл хайхад чиглэсэн, шууд амьдралд хэрэгжүүлж болох  богино хугацаанд үр дүнг үзүүлэх практик ач холболдолтой мэдлэгийн бүтээгдэхүүн. Их сургууль энэ хоёр мэдлэгийн аль алиныг нь боловсруулна, гэхдээ зохистой харьцааг нь тохируулахад гол учир оршино. Суурь судалгаа, хавсарга судалгаа хоёр бие биеэ нөхдөг учраас их сургуулиуд богино хугацааны үр өгөөж өндөртэй судалгааг хийж, түүнээс олсон орлогоор бусад салбарын урт хугацааны суурь мэдлэгийг бүтээх судалгаагаа дэмжиж,  мөн сургалтаа орхигдуулахгүй анхаарч, сургалт судалгааг зохистой харьцаанд хослуулж буй шилдэг их сургуулиудын жишээ олон бий.

Үүнтэй адилаар их сургуулийг байгаль техникийн ухааны хатуу чанартай шинжлэх ухаан, хүмүүнлэг, нийгмийн ухааны зөөлөн чанартай ухаан хоёрын тэнцвэрт харьцаа; сургалт, судалгаа хоёрын тэнцвэрт харьцаа, суурь судалгаа, хавсарга судалгаа хоёрын зохист харьцаа, мэдлэгийн бүтээл, бүтээгдэхүүн хоёрын тэнцвэрт харьцаа; шинжлэх ухаан, шашны ухаан хоёрын тэнцвэрт харьцаа; бодит ухаан, хийсвэр ухаан хоёрын тэнцвэрт харьцаа; процесс, үр дүн хоёрын тэнцвэрт харьцаа; агуулга, арга хоёрын тэнцвэрт харьцаа; биеэ даасан, харилцан хамааралтай байхын тэнцвэрт харьцаа; онол, дадлага хоёрын зохист харьцаа гэхчлэн бүхэлдээ төв, тэнцвэрт ухааныг сорих мэдлэгийн талбар гэж үзэж болохоор байна.

Манай их сургуулиудын хувьд судалгаа сайнгүй байгааг анхаарч, өнөөгийн дээд боловсролын бодлогоор судалгааны чанар, гарцыг дээшлүүлэх ажлуудыг эхнээсээ хэрэгжүүлж буй нь маш чухал алхам. Гэвч судалгааны чадавх сул байгаатай адилаар сургалтын чадавх ч бас төдийлөн сайнгүй байна. Сургалтыг орхигдуулахгүй анхаарч ажиллахгүй бол олон оронд ажиглагдаж буй буруу хандлагууд манайд мөн давтагдаж байна. Учир нь манайд эрдмийн идэвхтэй шүүмжит орчинд явагдах сургалтын явцыг анхаарч байгаа ажил тун бага байна. Төгсөгчдийн чанар сургалтын явцаас шууд хамааралтай. Сургалтыг хөтөлж яваа эзэд нь эрдэмтэн багш нар. Тиймээс сургалтын хөтөлбөрийг сургалтын явц дунд хэрхэн амьдруулах, сургалтын хөтөлбөрийг системтэйгээр боловсруулах, хянах, шинэчлэх мэдлэг арга зүйд багш нараа бэлтгэх ажилд анхаарах нь чухал байна.

Дэлхийн их сургуулийн хөгжлийн үеүдийг багцлан дүгнэвэл, дундад зуунд их сургуулиуд үнэмлэхүй үнэн, хүн төрөлхтний гэгээрлийг эрэлхийлсэн хүмүүнлэг суурьтай эхэлсэн боловч аажмаар  хэт шинжлэх ухааны суурьтай болж, шинжлэх ухааны тархай бутархай аймгуудад хуваагдсаныг нэгтгэх, улмаар их сургуулийн нийгмийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх эрс өөрчлөлтүүд XIX-XX  зуунд гарсан байна. Харин XXI зууны их сургуулиуд нийгэмтэй улам бүр ойртож, хүртээмж нь нэмэгдэхийн хэрээр олон хэлбэрийн сургуулиуд үүсэж, энэ олон хэлбэрийн их сургуулиуд зарим талаар хэт туйлширсан хэлбэр лүү орох эрсдэлийг дагуулах болжээ. Дэлхийн их сургуулиудад гарч буй эдгээр үзэгдлүүд манайд ч мөн адил өрнөж байгаа бөгөөд бид цаашид их сургуулийн салшгүй хэсэг болсон сургалт, судалгаа хоёрын зохистой харьцааг өөрийн сургуулийн хэлбэрт зохицуулан аль алинийг нь хослуулан явах нь их сургууль их сургуулиараа хөгжихөд тун чухал болохыг та бүхэн мэргэн оюундаа тунгаана бизээ.

Hом зүй

Altbach, P.G. (2013) Advancing the national and global knowledge economy: the role of research universities in developing countries, Studies in Higher Education, 38 (3):  316-330.

Barnett, R. (1990) The Idea of Higher Education. Buckingham: Society for Research into Higher Education & Open University Press.

Becher, T. and Trowler, P. (2001) Academic tribes and territories: intellectual enquiry and the cultures of disciplines. Maidenhead:  Society for Research into Higher Education & Open University Press.

Brennan, J. & Patel, K. (2011) ‘Up-market’ or ‘Down-market’ Shopping for Higher Education in the UK. in Teiheira, P.N & David, D.D. (eds) Public Vices, Private Virtues? Assessing the Effects of Marketization in Higher Education. The Netherlands: Sense Publishers, 315-326.

Delanty, G. (2001) Challenging Knowledge: The University in the Knowledge Society.  Buckingham: Society for Research into Higher Education & Open University Press.

Elton, L. (2001) Research and teaching: conditions for a positive link, Teaching in Higher Education, 6 (1), 43-56.

 

Jaspers, K. (1965) The Idea of the University. London: Peter Owen (originally published in 1946).

Newman, J.H. and Turner, F.M.  (1996) The Idea of a University. New Haven: Yale University Press.

Readings, B. (1996) The University in Ruins. Cambridge, MA: Harvard University Press.

Rolfe, G. (2013) The University in Dissent: Scholarship in the corporate university. London: Routledge.

Slaughter, S. and Rhoades, G. (2004) Academic Capitalism and the New Economy: Markets, State, and Higher Education.  Baltimore: The Johns Hopkins University Press.

6 thoughts on “Судалгааны их сургууль уу, сургалтын их сургууль уу?

  1. naraa says:

    сайн байна уу? Таны нийтлэл их таалагдлаа. Асуух зүйл байна. Таны бодлоор их сургуулиудын жагсаалтанд дээгүүр байр эзэлдэг сургуулиудаас аль нь хамгийн сайн өөрөөр хэлбэл сургалт, судалгааг хослуулсан байна вэ? Манай монголын их сургуулиуд тодруулбал МУИС маань хаах нь явна вэ? Оюутны зүгээс зөв чиглэлд нь оруулахын тулд юу хийж чадах вэ?

    1. Орхон says:

      Чухал сайхан асуулт ирүүлсэнд баярлалаа.
      1. Аль салбар ухааныг сонирхож байгаагаас шалтгаалан чансааны үзүүлэлт өөр өөр учраас аль нэг сургуулийг онцолж сургалт судалгаа хосолсон сайн сургууль гэж хэлэх нь хэтэрхий өрөөсгөл байж болох юм. Сургуулиудын чансааг харуулдаг гол сайтууд Times Higher Education, QS world university ranking, ARWU чансааг хэмжихдээ судалгаа сургалт хоёрын хэмжих үзүүлэлтийг хэр тэнцвэртэй оруулж байгаагаас шалтгаалан дүн нь өөр өөр гардаг. Дэлхийн их сургуулиудын чансааг тогтооход тоон аргаар хэмжиж болохуйц хамгийн чухал үзүүлэлт нь судалгааны чанар, гарц байдаг. Судалгаа сайн байх нь мэдээж эрдэмшлийн шүүмжит орчин, багш нарын чадавхи сайн байгааг илэрхийлнэ. Гэвч энэ нь сургалт сайн байгааг шууд илэрхийлж чадахгүй. Сургалт процесс учраас сайн мууг тоон аргаар хэмжихэд амаргүй тул оюутны сэтгэл ханамжийн судалгаагаар голцуу тодорхойлдог. Нэгэнт судалгаа дээгүүр төвшинд байгаа дэлхийн томоохон их сургуулиудын хувьд сургалтдаа ихээхэн анхаарах болсон. Тэд дотроо заах, сурах аргын төвүүдийг ажиллуулж, мөн байгууллагын дотоод судалгааны нэгжүүдээр дамжуулан анализ судалгаа цаг ямагт хийж байна. Оюутны санал сэтгэгдлийг сургалтын чанарыг хэмжих гол мэдээллийн эх үүсвэр болгон ашигладаг учраас тэрхүү мэдээллийг цуглуулж анализ хийдэг системийг удирдлагын бүхий л төвшинд ажиллуулж байна. Английн сургуулиудын хувьд HEFCE үндэсний хэмжээнд оюутны сэтгэл ханамжийн судалгааны дүнг гаргадаг.
      2. МУИС манай үндэсний их сургуулийн хувьд суурь болон хавсарга шинжлэх ухааны гол салбаруудын судалгаа сургалт явагдаж байгаа учраас далайц нь үндэсний хэмжээнд өргөн гэвч одоогоор дэлхийн болон азийн их сургуулиудтайгаа өрсөлдөх хэмжээнд хүрэхэд судалгаа сургалтаа эрс сайжруулах шаардлагатай байгаа. Тийм ч үүднээс судалгаа руу одоогоор гол анхаарлаа хандуулж байгаа нь чухал. Бүтцийн өөрчлөлтөөр хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж байгааг хувьдаа би их талархаж байгаа гэвч сургалтын процессийг сайжруулах ажлууд их дутагдалтай байна. Энэ нь багшийн арга зүйгээс шалтгаантай.
      3. Оюутны зүгээс сургалтыг сайжруулахад, сэтгэл ханамжийн судалгаанд ач холбогдол өгч, ялангуяа хичээл тус бүр дээр сургалтын явцын талаарх сэтгэгдлээ өгч байх түүнд анализ хийдэг нэгжтэй оюутнууд сайн хамтарч ажиллах нь их чухал. Анги бүрийн оюутны зөвлөлийн даргын хийх гол ажил нь энэ. Судалгааг сайжруулахад мастер докторын оюутнууд багш оюутнууд оролцсон нэг сэдэвт судалгааны семенаруудыг их санаачлаж, эрдэмшлийн мэтгэлцээнийг өрнүүлэх ажлыг хийж байх нь их тустай.
      Reply

  2. Орхон says:

    Чухал сайхан асуулт ирүүлсэнд баярлалаа.

    1. Аль салбар ухааныг сонирхож байгаагаас шалтгаалан чансааны үзүүлэлт өөр өөр учраас аль нэг сургуулийг онцолж сургалт судалгаа хосолсон сайн сургууль гэж хэлэх нь хэтэрхий өрөөсгөл байж болох юм. Сургуулиудын чансааг харуулдаг гол сайтууд Times Higher Education, QS world university ranking, ARWU чансааг хэмжихдээ судалгаа сургалт хоёрын хэмжих үзүүлэлтийг хэр тэнцвэртэй оруулж байгаагаас шалтгаалан дүн нь өөр өөр гардаг. Дэлхийн их сургуулиудын чансааг тогтооход тоон аргаар хэмжиж болохуйц хамгийн чухал үзүүлэлт нь судалгааны чанар, гарц байдаг. Судалгаа сайн байх нь мэдээж эрдэмшлийн шүүмжит орчин, багш нарын чадавхи сайн байгааг илэрхийлнэ. Гэвч энэ нь сургалт сайн байгааг шууд илэрхийлж чадахгүй. Сургалт процесс учраас сайн мууг тоон аргаар хэмжихэд амаргүй тул оюутны сэтгэл ханамжийн судалгаагаар голцуу тодорхойлдог. Нэгэнт судалгаа дээгүүр төвшинд байгаа дэлхийн томоохон их сургуулиудын хувьд сургалтдаа ихээхэн анхаарах болсон. Тэд дотроо заах, сурах аргын төвүүдийг ажиллуулж, мөн байгууллагын дотоод судалгааны нэгжүүдээр дамжуулан анализ судалгаа цаг ямагт хийж байна. Оюутны санал сэтгэгдлийг сургалтын чанарыг хэмжих гол мэдээллийн эх үүсвэр болгон ашигладаг учраас тэрхүү мэдээллийг цуглуулж анализ хийдэг системийг удирдлагын бүхий л төвшинд ажиллуулж байна. Английн сургуулиудын хувьд HEFCE үндэсний хэмжээнд оюутны сэтгэл ханамжийн судалгааны дүнг гаргадаг.

    2. МУИС манай үндэсний их сургуулийн хувьд суурь болон хавсарга шинжлэх ухааны гол салбаруудын судалгаа сургалт явагдаж байгаа учраас далайц нь үндэсний хэмжээнд өргөн гэвч одоогоор дэлхийн болон азийн их сургуулиудтайгаа өрсөлдөх хэмжээнд хүрэхэд судалгаа сургалтаа эрс сайжруулах шаардлагатай байгаа. Тийм ч үүднээс судалгаа руу одоогоор гол анхаарлаа хандуулж байгаа нь чухал. Бүтцийн өөрчлөлтөөр хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж байгааг хувьдаа би их талархаж байгаа гэвч сургалтын процессийг сайжруулах ажлууд их дутагдалтай байна. Энэ нь багшийн арга зүйгээс шалтгаантай.

    3. Оюутны зүгээс сургалтыг сайжруулахад, сэтгэл ханамжийн судалгаанд ач холбогдол өгч, ялангуяа хичээл тус бүр дээр сургалтын явцын талаарх сэтгэгдлээ өгч байх түүнд анализ хийдэг нэгжтэй оюутнууд сайн хамтарч ажиллах нь их чухал. Анги бүрийн оюутны зөвлөлийн даргын хийх гол ажил нь энэ. Судалгааг сайжруулахад мастер докторын оюутнууд багш оюутнууд оролцсон нэг сэдэвт судалгааны семенаруудыг их санаачлаж, эрдэмшлийн мэтгэлцээнийг өрнүүлэх ажлыг хийж байх нь их тустай.

  3. Тамир says:

    Их сайхан илтгэл байна, Монголд судалгааны их сургууль байгуулах нь маш чухал бөгөөд үүн дээр ЗГ-аас бас анхаарах хэрэгтэй

  4. Энхтуяа says:

    Сайн байна уу та? би танаас зөвлөгөө авч байж болох уу. холбогдох мейл хаягаа үлдээж болох уу.

    1. Orkhon says:

      Sain baina uu, Bayarlalaa. Tanii huseltiig oroitoj harlaa, uuchlaarai. Minii mail: [email protected].

Comments are closed.