“Оюунлаг Оршихуй” уулзалтын 34 дэх дугаарын зочноор  ШУА-chuluundrийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн ухааны Доктор, профессор  С.Чулуун уригдлаа. Түүнтэй хийсэн “бие халаах” товч цахим ярилцлагыг хүргэж байна. 

Уулзалт 10 сарын 21-ны Баасан гарагт 19 цагаас Элчин сайдын яамнаа зохион байгуулагдана.

Сайн явж байна уу? Юуны өмнө Британид богино хугацаагаар ирэх зуураа бидний урилгыг хүлээн авсанд гүнээ талархая. Та Монголын 17 зууны үеийн түүхтэй холбоотой судалгааны ажлууд хийдэг судлаач эрдэмтэн. Ер нь энэ үеийн Монголын түүх харьцангуй бага судлагдсан талтай юу? Миний хувьд д гэхэд “Манжийн хараанд орсон үе” гэдэг нэг ерөнхий төсөөллөөс цаашгүй. 

Баярлалаа. Би энэ удаад Англи улсад Хааны Газарзүйн нийгэмлэгийн архив, Британийн номын санд ажиллаж, Кембриджийн Их сургуулийн Монгол ба дотоод Азийн судалгааны төвд яриа хийхээр ирсэн. Тиймээ. Миний ярих сэдэв үндсэндээ монголын түүхийн хамгийн бүрхэг үеүүдийн нэг 17 зууны Монголын ертөнц, түүний түүхийг хэрхэн авч үзэх хандлага, онолын тухай байгаа юм. Энэ үеийн түүх маш бага судлагдсан нь хэд хэдэн хүчин зүйлтэй. Юуны өмнө сурвалж бичиг хангалттай бус. Олон архивууд хаалттай байсан. Манай улсад тодорхой эх сурвалж бараг үлдээгүй зэрэг шалтгаан буй. Харин сүүлийн хэдэн жилд Бээжингийн хааны архивт буй асар баялаг баримтууд гарч, бид Оросын эртний улсын архивт ажиллах боломж бүрдэж эхэлсэн. Түүнээс гадна Монгол нутагт буй тухайн үеийн сүм хийд, хот сууринд тодорхой малтлага судалгааг явуулж эхэлснээс хойш энэ үеийн судалгааг дахин авч үзэх, шинээр өргөжүүлэх бүрэн боломж нээгдээд байна.

17 зууны Монголчуудын ертөнц, тэр үеийн түүхийн хүрээ хязгаар онолын чиг хандлагыг бид дахин авч үзэхийг хичээж буй. Жишээ нь халх, зүүнгар, хөхнуур, буриад монголчуудын түүхийг хэсэгчилэн авч үздэг нийтлэг хандлагаар бус монголын ертөнц хэмээх нэгэн ай савд авч үзэх, монгол ба манж эсвэл монгол ба орос гэсэн харилцаанд бус манж, монгол, орос гэсэн гурвалсан харилцаагаар бүхий л асуудлыг авч үзэх шаардлага байгааг сүүлийн үеийн судалгаа тодорхой харуулж байгаа.

Энэ үеийн түүхээ судлах судалгааны шинэ хандлага, арга барил бий болох нь тийм ээ. Та яг одоо 17 зууны үеийн Монголын хот төслийн хүрээнд Сарьдагийн хийдийн судалгаан дээр ажиллаж тэнд хийх малталтуудын удирдаж буйг танилцуулгаас мэдлээ. Энэ төсөл нь ямар шатандаа байгаа, хэдийгээр дуусгах ямар үр дүнд хүрэх ажил вэ?

Шинжлэх Ухааны Академийн Түүх, Археологийн хүрээлэн өнөөдөр бүхий л боломж нөөц, нөхцөл байдлыг ашиглаж ажиллахыг хичээж байгааг бүгд мэднэ. Бид монголын түүхийн бүхий л үеийг судлах, асуудлыг дахин авч үзэх, эх сурвалж баримтыг судалгааны эргэлтэд оруулах, дэлхийн монгол судлалын төвийг монгол улсад төвлөн хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. энэ нь ч бидний үндсэн үүрэг. Харин 2013 оноос эхлээд “17 зууны Монголын хотууд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол цэвэр үндэсний хэмжээний шинжилгээний анги 17 зууны гэгдэх Монгол улсын нутагт үлдэж хоцорсон 10 гаруй дурсгалд ажиллах зорилготой. Тухайлбал, Хэнтийн нурууны Сарьдаг, Туулын тохойд буй Цогтын Цагаан байшин, Хар бухын балгас, Тэсийн хөвөөнд буй Сүмийн толгой, Дундговийн Сүм хөх бүрд, Дорноговийн Хэсэг байшин, Хөгнө тарнийн өвгөн хийд зэргийг дурдаж болно. Үүнийг цогцоор нь судалснаар 17 зууны Монголынх мөн эсэхийг бүрэн тодорхойлох, монголын энэ үеийн түүхийг өөрт буй эх материалаар судлах, аман түүхийн болон бичгийн эх сурвалжийг археологийн дурсгалаар баталгаажуулах үндсэн зорилготой ажиллаж байна. Мэдээж хотын малтлага гэдэг зардал, цаг, хүч жирийн малтлагаас хэд дахин илүү. Тэр дундаа өдийг хүртэл малтаагүй байгаа Сарьдаг зэрэг хүний мөр гараагүй газарт судалгаа хийх асар их хүч, зориг шаардсан ажил.
_tsa5190Энэ удаа би Сарьдаг хийд буюу Өндөр гэгээний байгуулсан гэх энэ 17 зууны хотыг 4 жил малтсан үр дүнгээ танилцуулах хүсэлтэй байгаа. Энэ малтлагаар бид тодорхой асуудлуудыг шийдсэн. Олон шинжлэх ухааны салбаруудыг ашигласан. Үр дүн маш сонин гарсан. Өөрөөр хэлбэл Өндөр гэгээний уран бүтээлийн ордонг нээсэн гэж үзэж болно.

Бидний хүнд хүчир, нөхцөл байдалтай ажиллах, судалгаа хийхэд тусалсан бүхий л хувь хүмүүс албан байгууллагад гүн талархаж байгаа. Улаанбаатар хотын захиргаа, түүний дотор хотын дарга асан Э.Бат-Үүл онцгойлон анхаарал тавьж тусалсныг дурдах хэрэгтэй. Малтлагаар Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн олон төрлийг шинээр нээснээс гадна тэрээр зөвхөн халхын хэмжээний хутагт байгаагүй Орос, дэлхийн олон улстай харилцаж байсныг гэрчлэх баримтууд гарсныг та бүхэнд танилцуулна. Орос буу, голланд цаг, их моголын үеийн зоос гээд дурдвал зөндөө. Язгуурын таван бурхан одоо нийтдээ 3000 орчим илрээд байна. Өндөр гэгээний байгуулсан Сарьдаг хэрхэн мөхсөн тухай шинэ баримт олдсон.

За баярлалаа.  Их сонирхолтой сайхан яриа болох нь ээ. Удахгүй уулзацгаая

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат

————————————————–

Товч намтар:

С.Чулуун Монгол Улсын Их сургуулийг (магистр) төгсөж ОХУ-ын МПГУ-д доктор (Ph.D)-ын зэргээ хамгаалсан. 17 зууны монголын түүхээр дагнан судалгаа хийдэг. 1999 оноос ШУА-ын Түүхийн хүрээлэнд судлаач, 2005-2010 онд МУИС-д багш, 2010 оноос ШУА-ийн Түүх, 2015 оноос Түүх, Археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. 2014 оноос Монголын түүхчдийн холбооны гүйцэтгэх захирал, 2016 онд Олон улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг тус тус хавсран гүйцэтгэж буй.

2008 онд Кембрижд Их сургуулийн Монгол ба Дотоод Азийн судалгааны төвд 3 сар зочин судлаач, 2012-2013 онд Японы Осака хот дахь Угсаатны Үндэсний музей (MINPAKU) зочин профессор, 2014 онд Япон улсын Сендай хот дахь Тохоку Их сургуульд зочин профессор, 2015 онд БНХАУ-ын Төвийн Үндэсний Их сургууль, Унгарын ШУА-ийн Угсаатан, Хүн судлалын хүрээлэнд зочин профессороор ажилласан.

Хэрэгжүүлж буй төсөл:

Тэрээр Монгол улсын үндэсний эрдэмтдийн хэрэгжүүлж буй “17 зууны монголын хот” төслийн хүрээнд Хэнтийн нуруунд өмнө малтлага хийгдээгүй Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдаг хийдийн малтлагыг удирдаж ажиллаж байгаа юм.