uulzalt1“Оюунлаг Оршихуй” уулзалтын 34 дэх дугаарын зочин  ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн ухааны Доктор, профессор  С.Чулууны  хэлэлцүүлсэн илтгэлийг хүргэж байна. Уулзалтын үеэр олон сонирхолтой баримтуудын тухай дэлгэрүүлэн ярьж, асуулт хариулт өрнөсөн билээ. Удахгүй бичлэгээр хүргэх болно.

Оршил

Чингис хааны тахилгат уулс орших Бурхан халдун (burqan qalduna) уул орших Монголын одоогийн нийслэл Улаанбаатараас зүүн хойш 70 гаруй км-т орших Хан Хэнтий нуруунд нэгэн хуучны сүмийн туурь буй. bairshilЭнэ туурийг ХХ зууны эхэн үед Монголд ажиллаж байсан Оросын судлаачид анх зорин очиж тэмдэглэснээс хойш саяхан болтол хэн ч тодорхой судлан үзээгүй юм. Түүний шалтгаан нь мэдээж газарзүйн байршлын хувьд бэрхшээлтэй, тус дурсгалын хэмжээ хэт том хүн, хүч их орох байсантай холбоотой. Нөгөө талаар 17 зууны хот суурингийн судалгаа Монгол улсад маш бага судлагдсан ч хамаатай.
ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгээс 2013 оноос эхлэн “17 зууны Монголын хотууд” төслийг хэрэгжүүлж Монголын газар нутагт буй 17 зууны үед хамаарч болох зарим хотуудад малтлага судалгааг хийх ажлыг эхлүүлсэн юм. Хамгийн эхэнд Хэнтийн нуруунд орших Сарьдаг хийд хэмээх нэгэн хуучин хотын туурийг малтан шинжлэх ажлыг эхлүүлсэн юм.

Уг хийдийн тухай анх 1915 онд Монголд хүн ам, статистикийн судалгаа явуулж байсан Оросын шинжилгээний анги тус дурсгалыг үзэж танилцсан байдаг. Гэвч тэд огт судалсангүй. Түүнээс хойш Сарьдаг хэмээх их уулсын дунд орших энэ хотод тодорхой малтлага хийгдэхгүй XXI зууны эхэн хүрчээ.

otogМиний бие 2010 оноос хойш тус дурсгалыг судлах, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор нэлээд анхаарсан боловч санхүү болоод мэргэжилтний хувьд ихээхэн саадтай байсан юм. Хоёр жил орчим ойр хавийн бүс нутагт судалгаа хийж, аман түүхийн мэдээ цуглуулж байлаа. Уг хотыг аман түүхийн мэдээнд “Өндөр гэгээн” байгуулсан гэж ярилцдаг аж[1]. Гэсэн хэдий ч хийдийн туурьд судалгаа явуулж Өндөр гэгээн Занабазарын үеийнх гэдгийг баталсан судалгаа огт хийгдээгүй байлаа. Энэ нь дараахь судалгаа явуулах нэгэн сэдэл болсон юм. Хан хэнтийн нуруунд буй энэ хуучин хотын үлдэгдэл нь чухам аль үеийнх болохыг малтаж судлахаас нааш тодорхой болохгүй нь ойлгомжтой байлаа.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс 2013 оноос эхлэн “XVII зууны хот суурин” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлэх болсон. Эхний ээлжинд Монгол улсын нутаг дэвсгэрт буй энэ үед хамаарах 10 гаруй хот суурингийн үлдэгдэл газрыг бүртгэж авав. Тэдгээрийн эхлэл нь хамгийн судлахад бэрхшээлтэй газар нутагт байрлах “Сарьдаг хийд”[2] (khiitiin Saridag) туурийг малтан судлахаар шийдсэн юм. Энэ цаг хугацаа бол 2013 оны 10 сарын 15 болно.

hurehzamТэр цагаас хойш нийтдээ 4 удаа 14 хоногоос 3 сар хүртэл малтлага явуулсны үр дүнд дараахь судалгааг тодруулсан юм. Судалгааны ажил дахин 1-2 жил үргэлжлэх бөгөөд эхний шатны үр дүн нэгэнт гараад байгааг танилцуулж байна.

Хутагтын хотын тухай мэдээлэл

Энэхүү хийдийн тухай анхны мэдээ нь “Богд Жибзундамбын анхны төрлийн нэр оршивой” хэмээх монгол сурвалжид

“Эеэр засагчийн арван нэгдүгээр он хөх морин жил /1654/ Богд Жибзундамбын гэгээнтэн Халхын газарт Хэнтий уулын өвөрт шарын шажныг бадруулах Рибогэжай-ганданшаддублин (ribogejaiγangdanšaddubling) хэмээх Номын Их Хүрээ байгуулав”[3] гэж анх тэмдэглэсэн байдаг.

hiidiin-devsger-zuragЭнд тэмдэглэгдсэн Хэнтий уулын өвөрт байгуулсан хийд чухам хаана бэ? гэсэн таамаг судлаачдын сонирхолыг өнөөдөр хүртэл татсаар байв. Дээрх модон морин жил нь 1654 он болно. Түүнийг батлах архивын баримтад “Анх шашин дэлгэрүүлж модон морин жил /1654/ цогчин хурал байгуулсан эдүгээ 219 жил болжээ” хэмээн тэмдэглэснээс үзвэл хожмын Их хүрээ буюу Хутагтын өргөө байгуулагдсан оныг 1654 оноос эхлэн тоолдог байжээ. Занабазар хутагтын байгуулсан Рибогэжай-ганданшаддублин хэмээх Номын Их Хүрээ хаана байсан, хожмын ямар хийд болох тухай нарийн мэдээлэл байхгүй. Өндөр гэгээний намтарт тэмдэглэснээс үзвэл тус хийдийг тухайн үеийн Монголчуудын дотоодын дайн самууны хөлд сүйдсэн болохыг тодорхой тэмдэглэжээ. Түүнд бичнээр:

“Намжүн хэмээх шороон луу /1689/ жилийн хоёрдугаар сард Бошигт өөрийн орноос цэрэг хөдөлгөж Халхын баруун гарын элжигин хэмээгчийн хоёр хөсгийг дарав. Тэндээс улмаар олон халхчуудын дунд орж ирээд түүний /Галдан бошигтыг хэлж буй С.Ч/ омог хүч нь дэлгэрснээр халхчууд цөм дүрвэж зугтав. Эрдэнэ зуу тэргүүтэн сүм хийдийг сүйтгэж заримын бурхан шүтээнийг эвдэн бусниулав. Мөнхүү Богдын суух хүрээний их бага бурхан шүтээнийг болон Рибогэжаганданшадувлин хийдийг бүхэлд нь эвдэн сүйтгэх зэрэг зохисгүй үйлсийг ихэд үйлдэв”[4] гэжээ.

Энэ баримтаас үзвэл Рибогэжаганданшадувлин буюу Номын их хүрээг шатаасан болох нь тодорхой. 1689 оны үед Галдан бошигтын цэрэг Хэрлэн голыг гаталж Занабазар, Түшээт хаан нарыг хайж буй тухай Оросд бичсэн захидлаас тодруулж болно[5]. Дээрх мэдээнүүдээс үзвэл Занабазарын байгуулсан Рибогэжаганданшадувлин хийд нь 1654 оны үед баригдаж эхлээд 1680-аад оны төгсгөл үед дотоодын дайны хөлд сүйдэж устсан байна. Тэр үеэс хойш дахин хурал номыг сэргээлгүй орхисон болох нь тодорхой байна.

haniinurlugУг хийдийн туурийг анх 1915 онд Оросын судлаач А.С.Козины удирдсан шинжилгээний ангийн нэг хэсэг нь “Хэнтийн уулсаар” явахдаа анх Сарьдагийн хийдийн туурийг үзэж танилцжээ. Түүний дараа “Судар бичгийн хүрээлэн” хэмээх байгууллагаас 1922 оны 5 сарын 23-ны 6-р удаагийн хурлын тогтоолын хоёрдугаар зүйлд:

“Харъяат хүрээлэнгийн гишүүн бөгөөд хавсарсан нарийн бичгийн дарга Бат-Очир зураг үйлдэх эрдэмт Орос [В.И] Лисовский, бага орчуулагч Буриад Дорж нарий хөлсний морь тэрэг хөлслүүлэн илгээж Сарьдагийн эвдэрхий хийдийн зэрэг газар явж зураг хэмжээ зэргийг бүдүүвчлэн авхуулах ба янз байдлыг байцаан үзүүлэх жич бас элдэв ургамал бодисын зэрэг зүйлийг шинжээр гаргах явдлыг хэлэлцэн тогтов”[6] гэжээ.

Уг тогтоолын дагуу томилогдсон багийнхан нэг сарын дараа хээрийн ажилдаа гарах болжээ. Хээрийн судалгаанд гарахын тулд нэлээд бэлтгэл хангаж, хамгаалах цэрэг, буу зэрэг зүйлсийг бэлтгэн явжээ. Тэд хэрхэн бэлтгэсэн тухай Судар бичгийн хүрээлэнгийн баримтад

zerzevseg“эдүгээ манай хүрээлэнгээс гишүүн түшмэл Бат-Очир зураг үйлдэгч орос Лисовский, орчуулагч бичээч Буриад Дорж, жич зэвсэг бүхий цэрэг нэг, морь мал хадгалах хүн нэг, бие хамгаалах буу хоёр, уналага ачлагын морь тав, морин тэрэг нэг, барих майхан нэгийг хэрэглүүлэн Дархан чин ван Пунцагцэрэнгийн хошууны нутаг Сарьдагийн  хийд нэртэй эвдэрхий хийдийн газрыг бүдүүвчлэн шинжлэн үзүүлэхээр илгээе хэмээн гуйн мэдүүлье”[7]

гэж Засгийн газарт мэдэгджээ.

Үүний үр дүнд тэд Хан Хэнтийн нуруунд орших Сарьдаг хийдийн туурьд хүрч танилцжээ. Харин Лисовский нар уг туурийг үзээд Занабазарын хот биш Чингис хааны үеийн хотыг оллоо хэмээн МОНТА хэмээх сэтгүүлд нийтлүүлсэн мэдээ буй. Үүнээс хойш уг туурийг малтан судалсан зүйл гаралгүй 1990 онтой золгосон юм. Монгол улсад шашны асуудлыг чөлөөтэй ярилцах болсон үед Төв аймгийн орон нутгийн музейгээс санаачлан ШУА-ийн Түүхийн хүрээлэнд санал тавьж мэргэжлийн археологич оролцуулан тус хийдийн туурьтай очиж танилцжээ[8].

Түүнээс 23 жилийн дараа Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс 10 сарын дундуур өвлийн хүйтэн эхлэхийн өмнө зорин очиж анх удаа цогцоор нь судлах ажлыг эхлүүлсэн юм. Гэвч эхний жил бид байгалын байдал болон тухайн үеийн нөхцөл байдлыг сайн ойлгоогүй учир амжилт тун бага болсон юм.

Хутагтын хийд ба Хэнтий уул

baigaliinorchin17 зууны дунд үед Халхын хутагт Занабазар түүний төрсөн ах Түшээт сайн хаан нарын эзэмшил нутаг нь зүүнш Хэрлэн гол хүртэл оршиж байв. Эрдэнэ зуугаас Хэнтий нуруу хүртэлх газар нутагт өвөл, зуны цагт шилжин нүүдэг байсан Хутагт өөрийн нутгийн зүүн зах Хан Хэнтий ууланд уг хийдийг байгуулсан байна. Уг хийд буй нутаг нь одоогийн Монгол улсын Төв аймгийн Эрдэнэ сумын төвөөс хойш 85 км газарт Хэнтийн нурууны салбар уулс болох Арцат сарьдагийн өвөрт Номын хүрээ буюу Хийдийн сарьдагийн туурь  оршино[9]. Өндөр уулын бүсэд ой тайгын өндөр өвс ургамал битүү ургасан, хэд хэдэн голыг гатлах тул явган буюу мориор зорьж очих ба хус, бургас, хар мод, нарс холилдон ургасан ойтой.

Мөн хийдийн урд талд Сонгино, зүүн талд Бух ян хэмээх сарьдаг уулсаар хүрээлэгдсэн. Хийдээс баруун тийш 8 орчим км зайд Хагийн хар нуур оршино. Хийдийн сарьдаг, Бух ян, Сонгино хайрханы салаалсан амнаас Хийдийн гол эх авч Туул гол руу цутгана. Хийд нь Чингис хааны үеийн тахилгат уул Бурхан Халдун уулаас баруун урагш зүгт 120 орчим км-т оршино. Хийдийн зөвхөн өмнө болон баруун талаас очих боломжтой. Хуучин ул мөрийг үзэхэд өмнө талаас Туул голыг гаталж өгсөж очдог байсан бололтой нарийн жим буй. Сарьдаг хийдийн ерөнхий байдлыг дараахь зургаас үзэж болно.

Тус хийдийн тухай монгол сурвалжийн мэдээнээс гадна 17 зууны үед Занабазартай уулзахаар ирсэн Оросын элчийн тэмдэглэлд буй[10]. Гэвч Оросын элч уг хийдэд очиж чадаагүй бөгөөд Занабазар хутагт түүнийг хүлээж аваагүй болно.

Хийдийн бүтэц зохион байгуулалтыг 2013 оноос явуулсан малтлагын үр дүнд тодорхой гаргаснаар _tsa5190барилгын туурийг хамруулан дөрвөн буланд нь цэг авлаа. Эдгээрийг дурдвал баруун хойд булан нь хойд өргөрөгийн 480 27’48.1, зүүн уртрагын 1070 59’33.7 хэмд, баруун урд булан нь хойд өргөрөгийн 480 27’32.9, зүүн уртрагын 1070 59’33.7 хэмд, зүүн хойд булан хойд өргөрөгийн 480 27’48.1, зүүн уртрагын 1070 59’52.2 хэмд, зүүн урд булан хойд өргөрөгийн 480 27’32.9, зүүн уртрагын 1070 59’52.3 хэмд тус тус байрлана. Эдгээр цэгүүд нь өргөөш 380 м, уртааш 470 м хэмжээтэй 17.86 га талбай эзлэж байна.

Сарьдаг хийд оршиж буй Хан Хэнтий нуруу нь Монгол улсын Байгалийн цогцолборт дархан цаазтай газар тул зөвшөөрөлгүй хүн нэвтрэх, ан хийх, байшин барилга барих боломжгүй газар болно. Мөн 2015 онд Бурхан халдун уул, түүний орчны бүс нутгийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад оруулсан учир хамгаалалтын хувьд Монгол улсын төрөөс нэлээд анхаарч тусгай хариуцсан байгаль орчны байцаагч томилон ажиллуулдаг газар юм.

Ийнхүү Чингис хааны үеэс тахиж байсан Бурхан халдун уул, Хан хэнтийн нуруунд орших цорын ганц хийд нь түүний шууд угсааны хутагт Занабазарынх болох ба өнөөг хүртэл тусгайлан судалсан зүйлгүй 300 гаруй жилийг өнгөрөөсөн байна.

Малтлага: Хутагтын хотыг нээсэн нь 

naltlaga14-15Бид нэгэнт 17 зууны хийдүүдийг малтан судлахаар шийдсэн учир 2013 оны 10 сард цас орохоос өмнө Сарьдаг хийдийг зорьсон юм. Уг судалгааг хийхийн өмнө археологийн малтлага судалгаанаас гадна Байгаль орчны яамны зөвшөөрөл олгогдохгүй байсаар ингэж оройтоход хүргэсэн юм. Уг туурьд хүрэхийн тулд зөвхөн мориор явах шаардлага байсан тул 14 хүн бүгд Төв аймгийн Мөнгөнморьт сумаас унааны болон ачааны морь хөлслөн нутгийн хөтчийн хамт 2 өдөр явж хүрсэн юм. Судалгааны багийн ахлагч С.Чулуун, бусад археологич, түүхчдийн хамт ажилласан.

Сарьдагийн хийдэд 2013-2015 онд нийт 3 удаа малтлага судалгааг хийсэн бөгөөд нийт 14 хэсэгт малтлага хийсэн юм. Малтлагын ажлыг археологич Э.Уртнасан хариуцан ажилласан бөгөөд Түүх, Археологийн хүрээлэнгийн судлаачид голлон ажилласан. Малтлага судалгаа 14 хоногоос 3 сар хүртэл үргэлжилж байсан[11]. 2013 онд 3, 2014 онд 5, 2015 онд 6 нийтдээ 14 газарт малтлага явуулсан бөгөөд 2015 онд гол ордоны хэрэм доторх ургасан модыг тайрч, талбайг бүрэн цэвэрлэж, нийт барилгын үлдэц бүхий талбайг өмнө талаар нь модон хашаа хийж хамгаалалт хийсэн.

haniinurlugБарилгын туурийн ерөнхий зураглалыг археологич Э.Уртнасан хийсэн бөгөөд өмнө илэрч олдоогүй хэд хэдэн барилгын туурь, хэрэм, үүдний довжоо зэргийг шинээр энэ хугацаанд илрүүлэн олсон юм. Уг дурсгалыг дотор нь барилгын туурь, хэрэм, суврага гэсэн 3 хэсэгт хуваан ангилж авч үзсэн. Нийтдээ 12 барилга, 3 суврага, 2 хэрэм одоогоор олдоод байна. Барилга бүр өөр өөрийн өвөрмөц бүтэц зохион байгуулалтай. Жишээлбэл, Барилга №1. Энэ барилга нь хийдийн баруун урд хэсэгт оршино. Барилга нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хоёр тийшээ шаталсан байдалтай, голд нь хаалга байна. Хоёр тал тус бүр дөрөв, нийт 8 өрөөтэй. Барилга №1-ийн баруун талын хэсэг бусдаасаа харьцангуй бүтэн үлдсэн бөгөөд ханын хамгийн өндөр хэсэг нь 5 м орчим бол нүүрэн тал буюу газрын уруу хэсэг нь эвдрэл их байна. Энэ нь салхи, бороо, үерийн улмаас эвдэрсэн бололтой байна. Барилга №2 нь нэгдүгээр барилгын хойд талд залгаа шахуу байрлана. Тус барилгыг тусгайлан зассан довжоон дээр барьсан байна. Барилгын баруун талд зориуд зассан тэгш талбай байгаа нь түүн дээр гэр юмуу өөр ямар нэгэн зөөврийн сууц түр барьдаг байсан бололтой. Хоёрдугаар барилга нь дөрвөн тасалгаатай ба хоёр нь том, хоёр нь жижиг аж. Хамгийн том барилга нь №4 буюу гол цогчин дугана байсан бололтой. Гадна талаараа хэрэмтэй гол барилга юм. Гол өрөө нь том, түүний баруун зүүн жигүүрт нэжгээд өрөөтөй. Гол барилгын урд талд хаалганы хоёр талд /Т/ үсэг хэлбэртэй давхар хаалга байсан бололтой нуранги мэдэгдэх бөгөөд анх ямар хэлбэртэй байсан нь тодорхойгүй.

tsogchinduganaБид 2014-2015 онд гол малтлага судалгааг энэхүү №4 барилгын туурьд хийсэн болно. Бидний үзэж буйгаар тус барилга нь гол цогчин дуган байсан бололтой.

Бусад барилгын бүтэц, зохион байгуулалтын план зураг үйлдсэн бөгөөд цаг хугацаа, санхүүгийн хувьд бэрхшээл байсан учир одоогоор малтаагүй байна. Харин хэрмийн өмнө хэсэг болон зүүн баруун хаалга байрлах хэсэгт малтлага хийсэн.

tuvtanhimХэрмийн дотор талыг зориуд тэгшлэн зассан ба хэрмийг том чулуугаар өрж хооронд нь нимгэн чулуу хавчуулан гоёмсог өржээ. Хэрмийн зүүн урд булан нь бусдаасаа харьцангуй бүтэн үлдсэн бол бусад хэсэг нь нурж дээр нь өвс урган далан маягийн овгор болжээ. Хэрэм нь урд, баруун зүүн талдаа тус бүр хаалгатай бөгөөд хаалганы хатавч нь өргөн далавч хэлбэрийн аж. Хэрмийн гадуур хойд болон баруун талаар үер уснаас хамгаалсан шуудуутай. Хэрэм нь одоо мэдэгдэж байгаагаар 2 м өргөн байна. Суврагын хувьд огт малтаагүй бөгөөд өмнө суврага 1 болон 2 нь хэрмийн баруун урд талд зэрэгцэн байрлана. Одоо мэдэгдэж байгаагаар дугуй хэлбэртэй, дээш нарийссан байдалтай байна. Суврага 3 нь хэрмийн хаалганы зүүн гар талд 1, 2-той нэг эгнээнд 20 орчим метр зайтай байрлана. Тус суварга нөгөө хоёр суваргатай ижил зохион байгуулалттай байна. Энэ суварганд 1994 онд У.Эрдэнэбатын экспедици малтлага хийсэн билээ. У.Эрдэнэбат урьд ухагдсан байсан суварга №3-дээр бага хэмжээний малтлага хийсэн байна[12]. Сувраганы дээд хэсгээс маш олон тооны цац илэрч гарсан байдалтай байсан.

093Гол цогчин дуганы хоймор хэсэгт 2014, 2015 онд гол судалгааг явуулсан. Судалгааны үр дүнд цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, мөн шавраар бүтээсэн том хэмжээний бурхан, 1.5 м өндөртэй бурхад 10 илрээд байна. Түүнээс гадна гол том бурханы сууриас 2 шүншиг илэрсэн юм. Бурхад барилгыг нурахад хүчтэй цохигдож бутарсан бөгөөд хэмхэрч сүйдсэн болох нь тодорхой байна. Мөн барилга галд өртөж шатсан болох нь шалны болон дээврийн шатсан модны үлдэцээр мэдэж болно.

oldvoruud32015 онд цогчин дуганы гол талбайг малтан судалсан юм. 4 үе малтсан бөгөөд эхний үед дээврийн ваарны нурсан байдал илүү мэдэгдэнэ. Малтлага талбайн баруун урд хэсэгтээ урд хана дагуу 7 ширхэг босоо мод илэрсэн бөгөөд нэлээд хэдэн мод хэвтээ байдалтай байна. Энэ хэсэгт илэрсэн моднууд одоогоор ямар зориулалттай болох нь мэдэгдэхгүй байна.

Баруун урд буланд өнгөн хөрснөөс доош 60 см гүнээс шатаж харласан 24х18 см хэмжээтэй багана илэрсэн юм. Түүнээс баруун тийш 6 ширхэг босоо мод байгаа нь шатаж, өмхөрч муудсан байна. Эдгээр 6 ширхэг модны хамгийн баруун захын, баруун хананаас 3 м зайд  харьцангуй сайн хадгалалттай бөгөөд 28х28 см хэмжээтэй мод байгаа нь багана бололтой байна. Баруун урд буланд буй бөөн модны орчмоос өнгөн хөрснөөс доош 1.5 м гүнд том хэмжээний цүү, цуурга илэрсэн нь энд хаалга юм уу ямар нэгэн хайрцаг сав байсан бололтой. 3-р үеийг малтахад дээврийн ваарны хүрээ өргөсөж 4.5 м болсон байна. Энэ нь энд асар олон тооны дээврийн ваар бөөгнөрсөн байгааг илтгэж байна. Барилга шатаж дээвэр нурахад нүүр ваартай хэсэг нь гадна талд унасан гэдэг нь мэдэгдэж байна. Энэ үеийн малтлага дуусахад талбайн урд хана дагуу булан хэсэгтээ өмхөрсөн босоо мод 7 ширхэг байсан бол зүүн тал орчмоо зүүн тийшээ налсан, шатаж харласан модны үлдэгдэл илрэв. Харин баруун хана дагуу хойд хэсэгтээ 3 ширхэг бүдүүн босоо мод илэрч, урд хэсгээрээ холбоос бололтой нарийн шургаагыг голоор нь хөрөөдөж хоёр захын завчин зассан 50 см урт мод нэлээд олон тоогоор илэрсэн. 4-р үеийг малтахад талбайн модон шал илрэв [Зураг №6]. tanhimiinshalТалбайн баруун урд буланд бөөн байдалтай, эмх замбараагүй мод илэрсэн байна. тэдгээр моднуудын гурав нь гол багана байна. тус моднуудын доор шатаж харласан байдалтай модон шат байх бөгөөд гишгүүр хоорондын зай 30 см байна. Шат нэлээд огцом бөгөөд 40 орчим градусын налуутай байна. Мөн 3-р үеэс илэрсэн  хоёр захын цавчин зассан 50 см урт мод илэрч байна.

Бид талбайд илэрсэн моднуудыг цэвэрлэн гар болон гэрэл зургийн баримтжуулалт хийж модон шал болон баруун урд буй буланд байгаа баганыг үлдээж бусад модыг авахад баруун урд булангаас араг маягийн хийцтэй зүйл илрэв. Тэр нь нарийн  иштэй бутлаг ургамалыг 5-7 ширхэгээр базаж дээсээр ороож, түүнийгээ хооронд нь мөн холбон хийсэн байна. Үүний доор 80 см урт, чихтэй модон тэвш тавьжээ. Эдгээрийн хажууд нэг талдаа таван толгойтой, нөгөө тал нь өндгөн хэлбэртэй тавтай модон алх, мөн нэг тал нь цүүцэн хэлбэртэй, нөгөө тал нь дөрвөлжин хэлбэрийн толгойтой алх зэргийг тавьсан байжээ. Малтлага 9.2, 9.3 талбайг малтан дуусахад дуганы баруун хананд 1.5 м өргөн хаалганы хоёр хатавч илэрсэн байна. Мөн энэ талбайгаас 28 ширхэг баганын суурь илэрсэн байна. Үүнээс тооцоолон бусад талбайг бодоход дуганы төв заал нь 56 баганатай байсан гэдэг нь мэдэгдэж байна.

Барилгын бүтэц зохион байгуулалтын хувьд түвэд хэлбэрийн гэж үзэж байна. Уг хийдийг барихад голлон барилцсан хүмүүс нь Занабазар хутагтыг дагаж ирсэн түвэдүүд байсан сурвалжийн мэдээ буй. Сурвалжид өгүүлснээр түвэдийн 50-иад лам хуврага, эрдэмтэн мэргэд, урчуудыг дагуулан ирсэн ажээ[13].

Бидний судалгааны нэгэн чухал хэсэг нь хэрмийн урд хаалганд хийсэн талбай юм Малтлагыг 2014 онд хийсэн бөгөөд 2015 онд хэрмийг давуулан үүдийг нээх малтлага хийсэн юм. Тус малтлага нь хэрмийн бүтцийг тодорхойлоход маш чухал байсан бөгөөд сонирхолтой дүгнэлт гарсан.

Талбайг хойд талаас эхлэн 2014 онд малтан гаргасан чулуун шалыг барин явуулахад талбайн хойд захаас урагш 4.7 м зайд нэг үе чулуугаар өндөрлөсөн довжоо илэрсэн бөгөөд 15 см зузаан байна. тус довжооноос урагш 60 см малтахад дээр дээрээсээ дамналдан унасан шатсан моднууд илрэв. Тэдгээр нь 7 см зузаан банз, зарим нь 25х25 см хэмжээтэй байна. Эдгээр модны зарим нь 15 см зузаан, 70 см урт байх бөгөөд нэг талдаа 3х3 см хэмжээтэй углуургатай байна. Эдгээрийн нь дунджаар 120 см урт аж. Малтлагаар талбайн хойд хэсгээс чулуурхаг хатуу саарал хөрс илэрч байсан нь 4.5 м урт, 1.5 м зузаан байгаа нь энд тус хөрс овоорсон байдалтай унасан гэдгийг илтгэж байна. Малтлагыг цааш үргэлжлүүлэхэд 3.5 м урт явж мөн чулуун өрлөг гарч 50 см хумигдав. Тус чулуун өрлөгийг үлдээн малтахад хэрмийн урд хаалганы модон босго болон төмрөөр хийсэн булан нугас гарав. Малтлага хэрмийн урд хаалганаас урагш гарахад урагш 1 м урд тэгш шалтай бөгөөд түүнээс урагш налсан хэлбэртэй болсон байна. Бид налсан хэсгийг үлдээж зүүн тийш малтлагыг явуулахад хаалганы зүүн хатавчнаас зүүн тийш 1 м болж доош буусан шатны гишгүүр илэрсэн юм. Эхний буюу хамгийн дээд талын гиuszailuulahsuvagшгүүр нь 20 см өндөр, 1 м урт үргэлжлээд урд талын хэсэг эвдэрсэн байна. 2-5 дэх гишгүүр нь мөн л 20 см өндөр бөгөөд 2 м урт үргэлжилж урд талын хэсэг нурсан байдалтай байна. Дээрээсээ 7-10 дэх гишгүүр нь 3 м урт байна. Энэ мэтчилэн үргэлжилсээн 16 гишгүүр болоход шат нь хэрмийн урд ханаанаас урагш 4 м өргөн, 5 м урт үргэлжилсэн байна. Харин өндөр нь хаалны босго хүртэл 3.5 м аж. Бүрэн гаргасан шатны хойд тал нь доороо 2.2 м өндөр чулуун өрлөгтэй бөгөөд түүнээс дээш шавар дэлдэж хийсэн ханатай байна. Чулуун хананы дээд ирмэгт хоорондоо 1.2 м зайтай ус зайлуулах хоолойн нүх мэдэгдэж байна.

Ийнхүү ордоны хэрмийн өмнө хаалгыг бүрэн хэмжээгээр нээж бүтэц зохион байгуулалтын хувьд өвөрмөц, хаалга ямар байдалтай байсныг тодорхой болгох бололцоо нээгдсэн юм.

hremiinhanahaalgaМалтлага дуусан хаалганы бүтцийг тодоруулах зорилгоор гар зураглал хийхэд хаалга нь хэрмийн гадна талд 14.5 м урт, 4 м өргөн, хоёр талаасаа өгсөж ордог 16 гишгүүр бүхий 3.5 м өндөр шаттай гэдэг нь мэдэгдсэн бөгөөд шатны урд талыг чулуугар өрж, цагаан шохойгоор өнгөлсөн болох нь тогтоогдов. Хэрмийн урд хаалга нь хоёр талруугаа нээгддэг, төмрөөр хийсэн булан нугастай, 2.2 м өргөн, 2.2 м өндөр модон хаалгатай байжээ. Хаалгыг дээд, дунд, доод талд нь төмөр бэхэлгээ хийж, голд нь тоорцог мэт хэлбэртэй төмөр чимгээр бариул хийсэн байжээ. Хаалгаар ороход 3.5 м өргөн, 3.5 м урт коридороор явж, цааш хаалганы хэсэг 9.25 м өргөн, 6.25 м урт хэлбэртэй болжээ. Бидний малтсан тус хаалга нь 10 ширхэг баганатай бөгөөд дээрээ шавраар дэлдэж хийсэн суварга маягийн шавар дээвэртэй байжээ гэж үзэж байна.

Уг хэрмийн дотор талын цогчин дуганы дотроос олдсон олдворуудыг үзвэл голдуу шавар болон төмөр эдлэл бөгөөд шүншигнээс гарсан эд зүйлс нь 17 зууны үеийн Монголын бурханы шашны хөгжлийг илтгэхээс гадна тухайн үеийн зэр зэвсэг, аж ахуйн холбогдолтой олон зүйлсийг нөхөж судлах боломжийг олгож байна. Өнөөг хүртэл Хутагт Занабазарын урлалын төрөлд шавар буюу керамик урлалын зүйлс байсан нь мэдэгдэхгүй байсан бол уг малтлагын үр дүнд тусгай нэгэн төрөл байсныг харуулж байна.

Бид уг малтлагын олдворуудыг бурханы шашны зүйлс, барилгын төрөл гэсэн хэдэн хэсэгт хувааж үзэж болохоор байна.

8tahilbusad2015 оны малтлагаар шавраар хийсэн язгуурын таван бурхан 3000 орчим ширхэг , эрдэнэ тэвэрсэн шавар хээ, өлзийт найман тахил зэргийг шавраар уран нарийн хийсэн эдлэлүүд илэрснээс гадна зэсээр цутгаж хийсэн бурхан багш, хагас хэвэнд цутгасан шавар бурхад, шавраар хийсэн тахилын ширээн дээр тавьдаг үүлэн хээтэй чимэглэл зэрэг илэрсэн байна.

Мөн дуганы баруун хойд буланд байсан том бурхны шүншигээс 8 хөлтэй тулга, түүний дээр байсан хүрэл тогоо, тогооны дотор талд шаазан цом, мөнгөн аяга, замбал бурхны эр, эм сахиусан хүрд, эрхины ширхэгүүд, барилгын ваарны чимэглэлүүд. илэрсэн байна. Эдгээрийн хойд талд цэргийг дуулга, ялтсан болон хөө хуяг, төмөр илд, жадны шилбэр, цахиур гар буу зэрэг илэрсэн байна. shunshig

2015 оны малтлагаар дуганы хойморт баруун буланд байх том хэмжээний бурхны доороос 2014 онд илэрсэн шүншигтэй ижил зүйлс илэрсэн бөгөөд уран нарийн хийцтэй байна. Тогооны дотор талаас Араб бичигтэй мөнгөн зоос, зөөлөн чулуугаар хийсэн Дорно дахинд хэрэглэгддэг нарны цаг илэрсэн байна. XVI зуунд монголчууд баруун талаараа Хаант орос, Дундад Азийн улсуудтай, урд талаараа Түвэд, Хятадын Мин улстай зах нийлж, улс төр, эдийн засаг, шашин, соёлын талаар нэлээд өргөн харилцаатай байсан талаар манай судлаачид дурдсан байдаг бөгөөд эдгээр баримт нь үүний илрэл даруй мөн болно. Мөн араб бичигтэй мөнгөн зоос нь 1526-1857 оны хооронд Энэтхэгт оршиж байсан Их Могол улсын Шах Жахан (1628-1658) хааны дэлдүүлсэн зоос[14] болохыг бид харьцуулан тогтоолоо. 2014 онд илэрсэн мөнгөн зоос нь Непалд дэлдэж Түвэдэд хэрэглэж байсан бөгөөд чухам ямар цаг үед баттай холбогдох талаар бид хараахан тогтоож амжаагүй байна. belegdursgalzoosЗөөлөн чулуугаар хийсэн нарны цаг  нь одоогоор манай нутгаас олдоод байгаа хамгийн эртний хэрэглэгдэхүүн болно. Сарьдагийн хийдээс илрүүлсэн нарны цаг нь араб болон ром цифр бүхий хоёр төрөл байна.

Тус хийдийн шүншигэнд тавьсан 2 ширхэг цахиур гар бууг XV зууны үед Орос улсад үйлдвэрлэсэн хэрэглэгдэхүүнтэй төстэй байна[15]. XYII зууны үеийн монголчууд тэр тусмаа Өндөр гэгээн Хаант Орос улстай тодорхой хэмжээнд харилцаатай байсан талаарх ОХУ-ын Төв архивт хадгалагдаж буй мэдээ баримт цөөнгүй[16] бөгөөд үүний тодорхой илрэл нь уг гар буу болно. Хутагт  Занабазарт Оросын Цагаан хааны талаас цөөнгүй элч ирж бараалхсан байдаг бөгөөд магадгүй тэдний нэг нь бэлэглэсэн байж болох билээ. Ийнхүү Сарьдагийн хийдийн малтлагаар XVII зууны үед монголчууд Дорно дахинтай уламжлалт харилцааны дээр Орос цаашлаад Өрнө дахинтай оюуны соёлын хувьд ихээхэн холбогдож байсныг биет хэрэглэгдэхүүнээр нотлох баримтууд олдсоор байна.

shahsnyoldvoruudМөн Хутагт Занабазарын 1654-1689 онд байгуулсан Рибогэжай-ганданшаддублин (ribogejaiγangdanšaddubling) хэмээх Номын Их Хүрээ нь бидний малтлага хийсэн Сарьдагийн хийд хэмээх энэхүү хуучны хотын туурь болох нь тодорхой болж байна. Мөн тус хийд нь түүхийн сурвалжид болон аман түүхийн мэдээнд буй халх-ойрадын дайны хөлд сүйдсэн нь үнэн болохыг мөн тодорхойлж байна. Сарьдагийн хийдийн малтлага судалгааны үр дүнд Хутагт Занабазарын урлалын нэгэн чухал төрөл нь шавар эдлэлийн урлал байснаас гадна уран барилгын цогц бүтээлийг цогцлоон байгуулсныг мэдэж болно. Сарьдагийн хийдийн судалгаа нь цаашид улам үргэлжилж, гарсан олдворуудад нарийн дүн шинжилгээ хийгдэх ажил ид явагдаж байгаа бөгөөд Монгол улсад “Занабазар”-ын хэмээх урлагийн бие даасан төрлийг улам тодруулахын зэрэгцээ, дараа дараагийн түүний нэртэй холбоотой сүм хийдүүдийн судалгааны эхний үр дүн гарч байна. Сарьдагийн хийдийн малтлага судалгааг явуулснаар 17 зууны Монголын түүх ялангуяа бурхан шашны түүхийн асуудлыг дан ганц сурвалжаас бус биет олдворт тулгуурлан судлах боломж буй болсон. saridaghiidМөн түүхийн өмнө тодорхой бус байсан олон асуудал шийдэгдэж буйг хэлэх боломжтойгоос гадна археологийн шинжлэх ухааны олон салбар ухаануудтай уялдуулан судлах боломж буй болгохыг зорьсон. Сарьдагийн хийдийн судалгааны үр дүнд тухайн хийдийн бүтэц зохион байгуулалт ямар байсныг сэргээх боломж буй болсон тул дараахь байдлаар сэргээн зуруулсан болно. Судалгаа үргэлжилж байна.

 

[1] Н.Энхбаяр. Төв аймгийн Мөнгөнморьт  сумын малчин. С.Чулууны хувийн тэмдэглэл. 2013 оны 10 сарын 15.

[2] Нутгийн ард энэ туурийг “Хийтийн Сарьдаг” гэж нэрлэнэ. Түүний баруун өмнүүр урсаж Туул голд цутгах голыг “Хийтийн гол” гэнэ.

[3] boγda jibjundamba blam-a-yin anγqan töröl-ün ner-e orušibai. orun dačang anγqan bayiγuluγsan-yi bičigsen buyan-iyar burqan-u šajin ön-e egüride orusiqu boltuγai. Монгол Улсын Нийтийн Номын сан. Гар бичмэлийн хөмрөг. 28/96. т.12.

[4] Өндөр гэгээний намтарууд оршвой. Эрхлэн хэвлүүлсэн Ш.Бира, Ш.Сонинбаяр, Д.Дашбадрах. 1995. Улаанбаатар, тал.15.

[5] Российский государственный архив древних актов (РГАДА). Ф. Иркутская приказная изба, 1121. оп. 1. д.№ 202, л 16.

[6] Монгол Улсын Үндэсний Төв Архив. [МУҮТА]. ф.23, д.1, хн.3, Монгол бичгээр, гар бичмэл, эх.

[7] Монгол Улсын Үндэсний Төв Архив. [МУҮТА]. ф.23, д.1, хн.9, нугалбар. 1.

[8] У.Эрдэнэбат. Сарьдагийн хийдэд ажилласан товч тайлан. ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн баримтын сан. 1995.

[9] Сарьдагийн хийдийн малтлага судалгаа. Тайланг бичсэн С.Чулуун, Э.Уртнасан, Ч.Энхтуул. ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн гар бичмэлийн сан. 2015.

[10] Материалы по истории русско-монгольских отношений. 1654-1685. Сборник документов. Составитель Г.И.Слесарчук. М., 1996. стр. 132.

[11] 2013, 2014 оны малтлагын зардлын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс, 2015 оны зардлыг Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр 70.000 $ санхүүжилт хийгдсэн болно.

[12] У.Эрдэнэбат. Сарьдагийн хийдэд ажилласан товч тайлан. ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн баримтын сан. 1995.

[13] Өндөр гэгээний намтарууд оршвой. Эрхлэн хэвлүүлсэн Ш.Бира, Ш.Сонинбаяр, Д.Дашбадрах. 1995. Улаанбаатар, тал.9.

[14]http://coinindia.com/galleries-shahjahan.html

[15]https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D0%BB%D0%B5%D1%82

[16]С.Чулуун. Өндөр гэгээн Занабазар ба Оросын хаант улс. //Өндөр гэгээн Занабазар, амьдрал өв. Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг илтгэлүүдийн эмхтгэл. Эмхэтгэсэн С.Чулуун., Б.Мөнхжаргал. УБ., 2015 он. Адмон. тал. 31-40.

all