saidБритани дахь Монголчуудын шинэ жилийн баярын цэнгүүн 12 сарын 29-нд Лондонгийн алдартай Paddington Hilton Hotel-ийн их танхимд дэлгэр сайхан болж Лондон, Нотингхам, Лейстэр, Дерби, Оксфорд, Кеймбриж, Манчестер, Саутхамптоны  Монголчууд болоод монголын хүргэд, бэрүүд, хүндэт зочид 200 гаруйлаа хуран цугларч шинэ оноо баяр цэнгэл дүүрэн хамтдаа угтлаа

Элчин сайд Н.Тулга цэнгүүнийг нээж хэлсэн үгэндээ.  энэ жилийн шинэ жил нь түүний оролцож буй Лондонгийн сүүлийн шинэ жилийн цэнгүүн болохыг өгүүлээд өнгөрсөн жил болоод өөрийн бүрэн эрхийн хугацаанд Монголчуудтайгаа хамт хийж бүтээсэн тэднийхээ хийж бүтээж буйг дэмжиж ажилласан зүйлсээс онцлон дурдаж хүний нутагт эвтэй найртай сууж хамтдаа улам ихийг хийж бүтээхийн ерөөл дэвшүүллээ.

Н.Тулга сайдын бүрэн эрхийн хугацаанд наадам, цагаан сар, “Монгол орны хөгжилд” чуулга уулзалт зэрэг уламжлалт ажлууд улам бүр өргөжин зохион байгуулагдсаны дээр “Оюунлаг Оршихуй” цуврал уулзалт санаачлагдан дэмжигдэж 35 удаа зохиогдон, Монгол үндэсний бөх, үндэсний шагайн харвааг Британи улсад сурталчлан хөгжүүлэх зэрэг үйл хэрэгт тэрээр  өөрийн зүгээс боломжит бүхий л хэлбэрээр дэмжин тусалж Монголчууддаа түшиг тулгуур болж ирснийг энэ дашрамд дурдахад таатай байна.

duuchinhutlugchidЛондонгийн энэ жилийн цэнгүүний урлагын тоглолтын зочноор Улсын филармонийн гоцлол дуучин,МУСТА Л.Насанбуян уригдаж уран бүтээлийн дээжээсээ толилуулж баяр дээр баяр нэмсэн бол “Монголын Гоц авъяастан – 2015”-н шилдэг оролцогч М.Абай домбор хөгжмийн цалгиж халгисан аязаар хурсан олныг доргион хөгжөөлөө.

Шинэ жилийн арга хэмжээг Universe Best оролцогч Азжаргал, хөтлөгч Наранмандах нар уран үгсээр утгын мөр хэлхэн хурсан олныг хормын төдий ч уйдаалгүй сайхан хөтөлж, Азжаргал маань мөн ая дууны дээжээсээ толилуулав. Урлагын тоглолт, урамтай хөтлөлтөөрөө шинэ оны цэнгүүний хөдөлгүүр болон гялалзсан залуустаа гүнээ талархая.

ganaasainaaУламжлалаараа бид Өвлийн өвгөнөө угтаж, хамгийн сайхан даашинзтан, хамгийн шилдэг бүжгийн хос,  хамгийн азтай оролцогч гээд олон олон хамгийнаа энэ орой тодруулав. Эдгээр тэмцээн уралдааны шагналуудыг Британид бизнес эрхэлдэг байгууллага, хувь хүмүүс маань гаргаж хамтран ажиллаа. Оны азтан, хамгийн сайхан даашинзтай бүсгүйн шагнал  ухаалаг таблетуудаар ивээн тэтгэсэн Д.Ганхуяг захиралтай Yazu Sushi рестораны хамт олондоо, шилдэг бүжгийн түрүү үзүүр байр эзэлсэн хосуудын шагнал болох өнгө амт төгөлдөр баярын бялуугаараа ивээн тэтгэсэн Сайнаадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье

allТүүнчлэн тансаг сайхан буудалд зохион байгуулах бүхий л ажлыг хөөцөлдөн амжуулж, тасалбарын борлуулалт ширээний хуваарилалтыг удирдан зохицуулсан Н.Бат-Эрдэнэ, Ж.Жавзанхорлоо, цасан охин Ж.Ариунзаяа нартаа, цэнгүүний хөтөлбөр, урлагын тоглолтын арга хэмжээг ерөнхийлөн найруулж бүхий л ажилд цаг сэтгэлээ гарган ажилласан, “өвлийн өвгөн”, МУСТА М.Мөнхзоригтдоо, тэр бүгдийн дагалдах болон эс дагалдах олон ажлын найдвартай ар тал Ч.Нямаадаа,  жил бүр танхимийн дотоод гэрэл чимэглэл заслыг гардаж, зохион байгуулалтын бусад бүхий л ажилд түшиг тулгаар болдог Д.Очирбатдаа,  зарлал сурталчилгааны цахим хуудас, видео бичлэгүүдийг бэлтгэн гаргасан, цэнгүүний үеэр хамгийн эрэлттэй ажлыг (зураг авах)  “цай уух” цаггүй хийсэн Ц.Азхүүдээ, оройн ая эгшгийн зохицлыг удирдан ажилласан дууны инженер С.Нямдаваадаа, тулгарах алив асуудал бүрд найдвартай ар тал болон зогссон элчин сайдын яамны хамт олондоо, яаралтай цагт санхүүгийн туслалцаа үзүүлсэн Бадралдаа, хөтөлбөрийн бэлтгэл хийгээд тасалбар борлуулалтад сэтгэл гарган тусалсан Э.Одонгэрэлдээ, ямар ч үйл хэрэгт байнга сэтгэл зүтгэл гарган дэмжиж тусалдаг Т.Оюунчимэг эгчдээ, жил бүрийн өвлийн өвгөн ирэх “боломжоор хангадаг” Х.Амарбаясгаландаа болон хамтран ажилласан тусалж дэмжсэн бүх байгууллага, хүмүүстээ чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.

Ирж буй 2017 ондоо Британи дахь монголчууд бултаар олон нийтийн энэ мэт олон ажлыг хамтдаа хийж нэгнээ таньж нээж,  улам бүр нийлэмсэн нягтрах болтугай.

dancefloor