3 сарын 16-ны Баасан гарагт 18:30-аас ЭСЯамнаа зохион байгуулагдах  “Оюунлаг Оршихуй-Лондон” цувралын 43 дахь дугаараар “Био-Анагаахын судалгаа хэрэглээ” сэдвээр яриа хийхээр уригдсан Цахим Өртөө Холбооны гишүүн, Биологийн ухааны Др Н.Ариунтай хийсэн уламжлалт “бие халаах” яриаг хүргэж байна. “Үүдэл эсийн” Ариун хэмээн судлаач эрдэмтэдийн дунд нэршсэн тэрээр өдгөө University College London (UCL) -д судлаачаар ажилллаж буй.

1. Бидний урилгыг хүлээн авсанд юуны өмнө баярлалаа. UCL-д ямар зорилготой төсөл дээр ажиллаж байна

Биоанагаахын шинжилгээ, судалгаа нь клиник судалгааны суурь болон угтвар нь болдог. Өөрөөр хэлбэл биоанагаахын судалгаагаар батлагдсан зүйлс шинэ эм, эмчилгээ болохын өмнө клиник судалгаа буюу 3-4 үе шатаар хүний бие дээр урт хугацаанд маш нарийн клиник туршилтанд ордог. Тиймээс клиник судалгааг бүхэлд нь сурах, судлах ажилтай холбоотойгоор ирсэн байгаа.

2. Үүдэл эсийн Ариун яагаад био эмчилгээ, клиник туршилтын чиглэл рүү орж явчихав 

Биоанагаах орчин үед улам өргөн, олон төрлийн биологийн нарийн үйл явцыг төрөл бүрийн өвчин эмгэгийг хамран судалж байна. Стандарт чөмөг шилжүүлэн суулгахаас бусад үүдэл эсийн судалгаа нь клиникийн судалгааны өмнөх биоанагаахын чиглэлд хамрагддаг. Сүүлийн хэдхэн жилд үүдэл эсийн клиник судалгааны эхлэл тавигдаад, хууль эрх зүйн өндөр шаардлагын дагуу албан ёсоор эхлээд байгаа. Тиймээс клиник туршилт буюу судалгаа гэдэг нь эм зүй, биоанагаах, эмийн үйлдвэрлэл, эмийн болон анагаахын салбарын горим, журам, ёс зүйн асуудлууд, олон улсын дагаж мөрдөх хуулиуд гээд олон зүйлийг хамруулдаг. Гол зорилго нь шинэ эм, эмчилгээний арга зүй, эмчилээний техник технологийн туршин судалж, аюулгүй, үр дүнтэй эсэхийг  тогтооход оршдог.

3. Монголд янз бүрийн эм эмчилгээг тодорхой мэдээлэл мэдлэггүйгээр сургаар таамгаар авч их хэрэглэх болж. Энэ асуудлыг хөндсөн  “Нотолгоонд суурилсан эрүүл мэндийн бодлого” гэсэн илтгэлийг “Монгол орны хөгжилд” 2-р чуулганаар 12 жилийн тэртээ Др Индра тавьж хэлэлцүүлж байсан юм. Нөхцөл байдал ер дээрдсэнгүй еэ дээ 

Монгол Улсад эм, эмчилгээг тодорхой мэдээлэлгүй хэрэглэж байгаа нь нотолгоонд суурилсан анагаахын шинжлэх ухааны үндэслэлгүйгээр өвчнөө эдгээх гэж оролдож байгаа гэсэн үг юм. Мэргэжлийн салбарын холбогдох журмыг сайн сахиулж ажиллавал баталгаатай эм, эмчилгээний үр дүн өндөр байх боловуу.

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат