Лондонд 2 жил тутам зохион байгуулагдаж буй London Design Biennale үзэсгэлэн 9 сарын 4-нөөс 23-ны хооронд Emotional State сэдвийн дор зохион байгуулагдах гэж буй. Дэлхийн 40 улс, хотын үзүүлбэр тавигдах энэхүү үзэсгэлэнд Монголоо төлөөлөн оролцох куратор Оюунаатай хөөрөлдлөө. Тэрээр өөрийн загварын ноолуурын бүтээгдэхүүнээрээ барууны ертөнцөд танигдсан агаад алдарт Харродс-т өөрийн бүтээгдэхүүний дэлгүүртэй

Лондонд зохион байгуулагддаг хоёр жил тутмын энэхүү үзэсгэлэнд Монгол улс анх удаагаа тэр дундаа Та улсынхаа нэр нүүр болон оролцох гэж байна. Энэ олон улсын үзэсгэлэнгийн талаар эхлээд товч танилцуулахгүй юу
Өөрийн тань хэлсэнчлэн Олон улсын Дизайнийн энэхүү нэр хүндтэй үзэсгэлэнд Монгол улс анх удаагаа оролцох гэж байна. London Design Biennale –н цахим хуудаснаас хэзээ, хаана, ямар утга агуулгатай, хэр цар хүрээг хамарсан арга хэмжээ болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авч болох ч би зарим цөөн зүйлийг тодруулан хэлье
Design Biennale нь жил бүрийн 9 сард Лондонд болдог of London Design Festival-н хэсэг болж зохион байгуулагддаг ба Арт болон архитекторын чиглэлээр 1895 оноос хойш зохиогдож буй Веницийн үзсэглэнгээс ялгаатай.
Энэ үзэсгэлэнд оролцсоноороо Монгол улс зөвхөн түүхий эд нийлүүлээд л байдаггүй дэлхийн хэмжээнд хүрсэн загвартай эцсийн бүтээгдэхүүн хийж чаддагаа харуулах боломж гэж ойлгож болно. Монголчууд юу хийж чадахыг бусад орны мэргэжлийн хүмүүст мэдүүлж улс орнуудын хоорондох шинэ харилцааг, шинэ зах зээлийг нээх боломж үүснэ. Улс орнууд өөрийн орны хэн нэг эсвэл хэсэг бүлгийн хийсэн, тухайн улсыг төлөөлж илтгэж чадна гэсэн загварыг нь дэмжин оролцдог. Энэ жилийн оролцох улс орнуудын танилцуулгыг цахим хуудаснаас нь уншвал энэ байдал тодорхой харагдана. Мөн Youtube Дээр тавигдсан 2016 оны энэ үзсэглэнгийн талаархи товч бичлэгийг үзвэл нилээд сайн ойлголт авна.

BBC, New York Times-аас эхлээд дизайнийн чиглэлээр ажилладаг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд энэ үзэсгэлэнд онцгой анхаарлаа хандуулдаг.

Та энэ үзэсгэлэнд Монголыг үзэсгэлэнгийн куратороор ажиллаж байна. Үзэсгэлэнд хэрхэн оролцох, Монголын танхим хэрхэн засагдах талаар
Энэ үзэсгэлэнд оролцох эрхийг Үзэсгэлэнгийн комисс шалгаруулж өгдөг. Уна-гийн санаачлан байгуулсан, өдгөө олон улсын нэр хүндтэй худалдан авагчид дэмжин нэгдээд буй  Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл буюу  Sustainable Fibre Alliance-аас үзэсгэлэнд оролцох эрхийг авч миний хувьд куратороор ажиллаж байна. Монголын хувьд өөрийн орны үйлдвэрлэлийн нэгэн чухал салбар ноолуурын үйлдвэрлэлийн чанар чансаагаа үзүүлэн оролцох нь зүйтэй гэж бид үзсэн.
Монголын танхимд өнөө үед ид яригдаж тренд болж буй “тогтвортой загвар” гэсэн утгыг илэрхийлж бүтээгдэхүүнийхээ эхний орцоос эцсийн бүтээгдэхүүн болон гарах “тогтвортой” үйл явцыг илтгэсэн  хэлбэрээр үзүүлэх болно. Ийм байдлаар үзүүлснээрээ бусад үйлдвэрлэлийн салбарын дэлхийн манлайлагч нарт ч нэгийг бодогдуулна гэж үзэж буй
Танхимын заслын хувьд 2 метр өндөр , 6 метрийн урттай 60см гүнтэй шилэн мэт хана угсарч “ноолууран үүл” нэртэй үзүүлбэр тавигдана.

Нөгөө хананд алсаас Монгол улсын газрын зураг мэт харагдах үзүүлэнгийн нэг талд ноолуурын үйлдвэрлэлд оролцож буй олон зуун хүний нэрс болон амьтаныг бичих бол нөгөө талд ноолуурын үйлдвэрлэлийн явцад байгаль хүн амьдатын сэтгэл зүйн төлөв байдлыг илтгэсэн үгнүүд байна
Танхимийн голд ноолуурын чанар өнгийг тод харуулах 5 ширхэг ноолууран нэхмэл таазнаас тавиар хүртэл өлгөгдөх ба “Тогтвортой ноолуур” гэсэн санааны хүрээнд уламжлалт нүүдэлчин ахуй, үзэсгэлэнт байгаль, өнөөгийн нүүдэлчин малчдын амьдрал, орчин үеийн Монголын тухай өгүүлсэн цомог бичлэгүүдийг харуулсан Ipad дэлгэц тавигдана. Улмаар танхимд үзэгчид өөрсдийн бодол сэтгэдлээ бичих самбараас гадна мод хөрсний үнэр гаргагч, намуухан эгшиглэх хөөмий, уртын дууны ая гээд бусад мэдрэхүйд нь Монголыг мэдрүүлэх зүйлс ч байх болно.
Үзэсгэлэнгийн зохион байгуулах комиссоос манай загварыг үнэлж үзэсгэлэнгийн танхимийн хэмжээг маань ижил үнээр анх тохирсноосоо 2 дахин томруулж өгсөн нь бидний санааг үнэлэн дэмжиж буйн илрэл. Biennale Curatorial Committee-оос ямар нэгэн зураг өлгөх болон арилжааны зорилготой бүтээгдэхүүн байрлуулахгүй байх хатуу шаардлага тавьдаг юм байна.

Тун удахгүй болох нь байна. Бэлтгэл ажил төлөвлөсөн дагуу явагдаж байна уу
Үзэсгэлэнгийн танхимд тавигдах угсрагдах зүйлс хийгдсээр байна. Гол асуудал хөрөнгө санхүүгийн дэмжлэг олох. Британийн Засгийн газрын харъяа алдартай байранд зохион байгуулагдаж буй өндөр нэр хүндтэй үйл ажиллагаа тул зардал чамгүй их. Нийт 40000 фунтийн санхүүжилт хэрэгтэй байгаа юм. Үүнийг босгохоор Sustainable Fibre Alliance голлоод ажиллаж байна. Танхимын эрх авах зардал 12000 фунтийг энэ байгууллага урьдчилаад төлчихсөн байгаа. Монгол орныхоо эдийн засгийн нэгэн гол үйлдвэрлэлийг дэлхийд таниулахын төлөө ажиллаж буй тул төр засгаас, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагууд дэмжих байхаа гэдэгт найдаж буй.
Мөн 19 хоногийн турш үргэлжлэх энэ үзэсгэлэнгийн танхимд хамтран ажиллах баг босгох тал дээр ажиллаж байна

Дэлхийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд сурвалжилж, алдартай брейнд, дезайнарууд олноор хуран чуулах үзэсгэлэнд эх орныхоо дэлхийд танигдах нэгэн гол нэрийн бүтээгдэхүүнийг сурталчлан оролцож Монголынхоо нэрийг гаргахаар ажилллаж буй та бүхэнд амжилт хүсье!
Баярлалаа. 2016 оны үзэсглэнг 19 хоногийн туршид нийт 30 орчим мянган хүн өөрийн биеэр ирж үзэх бол түүний талаар сурвалжлах хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийт 2 сая гаруй хүнд шууд, 100 гаран сая хүнд дамжиж хүрсэн аж. Үнэ төлбөртэй үзэсгэлэнг ингэж үзэж байсан тохиолдол өмнө үгүй. Мөн олон улсын 645 сэтгүүлчид сурвалжлан 400 гаруй нийтлэл мэдээ хүргэж , олон улсын нэр хүндтэй 200 гаруй брейнд, дезайнарууд хүрэлцэн иржээ. Энэ жилийнхийг үүнээс ч өргөн хийхээр зорьж буйгаа зохион байгуулах хорооноос мэдээлж буй. Энэ боломжийг ашиглаж үзэсгэлэнд амжилттай оролцосноор дэлхий Монголыг, манай ноолуурыг улам бүр ойлгон мэдэж, бидний ноолуурын гаргалт, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтад томоохон боломжийг бий болгоно гэсэн үг юм. Ноолуурын чиглэлээр ажилладаг төрийн, олон нийтийн болон бизнесийн байгууллагууд, хувь хүмүүс бидний ажиллагааг дэмжин хамтран ажиллаасай хэмээн энэ дашрамд хүсмээр байна.