Саяхныг хүртэл миний ноолуурын тухай, ноолууран бүтээгдэхүүний тухай, ер нь энэ салбарын талаар мэдлэг маань багадаа ямаа самнаж өссөнийг, өдгөө ноолууран цамц хааяадаа өмсөхийг, ноолуурын бизнес эрхэлдэг танил хүмүүсийнхээ яриаг сонсож байсныг эс тооцвол тун бага байлаа. 3 жилийн тэртээ  Уянгаа ноолуурын тогтвортой хөгжил гэдгийн тухай , энэ чиглэлээр ажиллах олон улсын байгууллага байгуулж буй тухайгаа хэлж байхад ч хийж яваа үйл хэрэгт нь амжилт хүссэн төдийгөөр л бидний яриа өндөрлөж байж.

Харин сарын өмнөөс Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл байгууллагатай холбогдон ажиллаж эхэлснээр энэ бүсгүйн үйл хэргийн талаар илүүтэй мэдэрч ямар ихийг богоно хугацаанд амжуулсныг нь хараад бахдав.

Хаа сайгүй тогтвортой хөгжил хэмээн ярих болсон. Үйл хэрэг тогтвортой гэдгийн санаа хэн нэгэн аль нэг самаанаар өрмийг нь хамах бус учир шалтгаан уг үндсээс нь эхлэн цаг сэтгэл зардал мөнгөө зарцуулан тухайн үйлийг оролцогч бүрт үр өгөөж нь хүрсэн байхаар ажиллах тогтолцоо бий болгохыг хэлээд буй. Ингэхээр ноолуурын тогтвортой байдал гэхээр энэ миний өмсөж буй ноолууран цамцыг хийхэд ашиглагдаж буй байгль орчин, бэлчээр, ан амьтан, ямаа, малчнаас эхлээд ноолуур угаах, утас ээрэх,  загвар зохиох, нэхэх,  савлах, тээвэрлэх, бүр өмсөх хүртэлхи бүх үйл хэрэгт оролцогч бүхэн оролцсон  бүтээснийхээ хэрээр  өгөөжөө хүртэж байх тухай ойлголт болох нь.

Монголын ноолуурын үйлдвэрлэл хэр тогтвортой талаар Уянга, “өнөөдөр Монгол улсын ноолуурын 90 орчим хувь нь угаасан нэртэй  түүхийгээрээ урд хөршийн хилийг даван одож байна. Энэ үйл явцын гол тоглогчид болох чейнжүүд ноолуурыг ангилж салгаж авахгүй жингээр л авдгаас аль болох ахуйхан ноолуур гаргахын тулд малчид маань шинжлэх ухааны үндэслэлгүйгээр ямаагаа янз бүрээр эрлийзжүүлж ноолуурын чанараа муутгаад буй. Олон ямаатай бол арай их ноолуур авна гэсэн төсөөллөөс болж ямааны тоо толгой эрс нэмэгдэж бэлчээрийн даацад нөлөөлж байна хэмээн яригдах боллоо. Төрийн бодлого маань ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлд голчлон чиглээд зээл тусламж ч тийш урсаад буйгаас болж олон төрлийн бага дунд оврын үйлдвэрлэгчид л нэмэгдээд ноолуурын хөгжлийн эх ундарга болсон бэлчээр, малчид, ямааныхаа тогтвортойа байдалд  бага анхаарч байна. Энэ бүгдээс манай ноолуурын үйлдвэрлэл хэр тогтвортой байгааг  харж болох байх. Ноолуурын тогтвортой байдалд хүрэх нь ганц нэгхэнээрээ эсвэл хэд гурваараа зориод бүтэх зүйл биш, үүнд малчид, салбар салбарын, олон талын судлаачид, хэрэглэгчдэд брэйндээрээ дамжуулан хүрдэг  борлуулагчид, энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд гээд өргөн хүрээг  багтаасан харилцан ойлголцож хамтран ажиллах  тогтолцоо сүлжээ ажиллаж байж сая биелэлээ олно” хэмээсэн.  Түүний цөхрөлтгүй ажиллагаа, ончтой ухаалаг шийдлүүд барууны зах зээлд бат сууриа олсон нэр хүндтэй худалдан авагчдын анхаарлыг татаж гуравхан жилийн дотор түүний санааг тойрон нэгдэж эвсэж эхэлжээ. Sustainable Fibre Alliance буюу Тогвтортой ноос ноолуурын эвсэл энэ салбартай холбоотой бүхнийг нэгтгэн ажиллахаар ийнхүү үүсэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ эвсэлд ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, загвар, борлуулалтын  салбарт олон арав, зуун жил ажилласан барууны нэр хүндтэй Burberry, Marks and spencer, Alex Begg, Oyuna brand, LVHM, Joshua Ellis, H&M, Johnston’s of Elgin, Монголын Gobi cashmere зэрэг байгууллагууд гишүүнээр элсэж үйл ажиллагааг нь дэмжин хамтран ажиллах болов. Энэ нэрсийг дурдахад л Уянгаа хэрхэн шаргуу ажиллаж,  санаагаа ажил хэрэг болгож буй нь тод харагдана.

Бэлчээр үгүй болбол малчин яаж байх, малчин үгүй бол ямаа яахан байх, ямаа үгүй бол ноолуур хаанаас гарах. Энэ гинжин хэлхээг бат тогвортой байх нь  ноолуурын үйлдвэрлэл оршин тогтнох үндэс. Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэлийн юун түрүүн анхаарлаа хандуулж буй талбар энэ. Code of Practice буюу бэлчээр, ямаа, малчины тогтвортой байдлыг харуулсан стандартыг барууны хэрэглэгч нартайгаа зөвшилцөн гаргаж улмаар малчдаа энэхүү тогтвортой байдлын стандартыг хангасан байхаар ажиллаж сурахад чиглэсэн сургалт явуулан гэрчилгээ олгож байна.  Байгаль орчиндоо ээлтэй, ямаа, малчиддаа өгөөжтэй байх нөхцөлтэй энэ стандартыг хангасан ноолуурыг барууны зах зээл рүү элдэв чайнжийн дамжлагагүй борлуулах ингэснээрээ эдийн засгийн хувьд үр ашиг нэмэгдэх үүд хаалга нээгдэж буй.

Эвсэлийн Монгол дахь төслийн баг 8 аймгийн 28 сумын малчдын хоршоог сонгон авч үнэлснээр 6 аймгийн 22 хоршоотой хамтран ажиллахаар болжээ. Өдгөө 2 аймгийн 8 хоршооны малчдад сургалтаа явуулж гэрчилгээгээ олгож эхэлсэн байна. Ажил үйлсч дэмжин ажиллаж буй барууны худалдан авагчдын анхаарлыг татаж буй. Хэдхэн долоо хоногийн өмнө Alex Begg-ийн 2 ажилтан Монголд очиж 10 орчим тонн ноолуур худалдан авах гэрээ хийгээд ирсэн байх жишээтэй.

Тэрээр Лондон хотноо 9 сарын 4-өөс 23-ны хооронд болох олон улсад нэр хүндтэй London Design Biennale үзэсгэлэнд Монгол бол дэлхийд танигдах загвартай ноолууран бүтээгдэхүүн гаргадаг, үүнийгээ тогтвортой төлөвт хүргэхээр ажиллаж буй орон гэдгийг танилцуулахаар олон улсад өөрийн брейндээрээ хэдий нь танигдсан OYUNA Brand-тай нягт хамтран ажиллаж байна. London Design Biennale нь оролцогчид бутээгдэхүүнээ уран сэтгэмж ашиглан олон улсад таниулах, зах зээлийг бий болгох, тэлэх, бусад улс орнуудтай харилцан ойлголцох олон талын хамтын ажиллагааны эх суурь тавих, дэлхийн нэр хүндтэй загвар зохион бүтээгчид, бизнесийн болон улс төрийн шийдвэр гаргагчид ирж үздэг ажил хэргээ ярьдаг, хэвлэл мэдээллийн нэр хүндтэй агентлагууд сурвалжлан өөрсдийн сувгаар түгээдэг , товчхондоо гадаад ерөнцөд танигдах гарах нэгэн том үүдийг нээдэг 2 жилд нэг удаа болдог том арга хэмжээ юм.

Бидний хувьд ноолуурын салбарын нөлөө бүхий хүмүүстэй хэлхээ хобоо тогтоох, зөвхөн санхүүгийн үр ашиг төдийгүй байгаль орчин, бэлчээр, мал, зэрлэг амьтдаа бүхэлд нь хамгаалан ажиллах өргөн хүрээний зорилго чиглэлтэй хамтын ажиллагааны суурийг бий болгох зорилгоор үзэсгэлэнд өндөр зардал төлөн оролцож байна. Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ  сурталчлах , тогтвортой хөгжилд бодит хөрөнгө оруулалт хийx нь төр засгийн зүгээс анхааран хийх ажил. Бид уг нь эртнээс холбогдох яамдуудад хандан захидал илгээж, хэд хэдэн уулзалт хийж хамтран ажиллахаар болсон ч төрийн зүгээс биет болон санхүүгийн ямар нэгэн тусламж одоогоор орж ирсэнгүй. Гэхдээ ойлгож туслах байх аа гэж итгэж байна” хэмээн тэрээр намуухан өгүүлсэн. Түүний энэ үгний цаана цөхрөл бүү нуугдаасай.

Түүнд цааш ахьсан урагш харсан олон  бодол тэмүүлэл бий. “Эхний энэ санал болгож буй стандарт маань амжилттай хэрэгжээд тогтвол дараа нь ноолуурын үйлдвэрлэл эрхлэлтийг  тогтвортой байлгахтай холбоотой стандарт гаргах талаар эвслийнхэнтэйгээ ярилцаж, арай өөр хэлбэрээр ажиллах болно. Монгол газар доорхи байгалын баялаг ихтэй ч, уул усаа ухаж сэндийлж онгон байгалиа эвдэлгүй,  ил байгаа малынхаа ашиг шимийг тогтвортойгоор ашиглавал асар их боломж бий. Энэ тал дээр хүн бүр бодит оролцоотой, идэвхитэй байх цаг нэгэнт ирээд байна хэмээн тэрээр өгүүлсэн .

Монголоо Монголынхоо ноолуурын үйлдвэрлэлийг дэлхийд гаргах бэлчээр, малчид, малаа авч үлдэх гэсэн түүний хүсэл тэмүүлэл олныг хамруулан нэгтгэсээр байх болно.

Хилийн чанадад суудаг ч эх орноо гэсэн сэтгэл зүтгэлээр энэ мэт чимээгүйхнээр ихийг хийж яваа Монголчууд олон бий. Тэдний хичээж чармайж, шаналж зүтгэж явсны үр энэ мэтээр соёлон дэлгэрэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *