“Төрийн хан хуурын загварыг зохиож хамтран урласан залуу Лондонд ирсэн байна” хэмээн яриа гарч удалгүй түүнтэй нүүр учиран танилцаж асан нь 10 гаран жилийн тэртээ.  Төдийлөн тухлан хөөрөлдөж байгаагүй  ч олонтой газар үе үе таарч  мэнд усаа мэдэлцэж ажил бүтээлийнх нь  зах зухаас сонссоор.  Нэг уулзахад шивээсийн урлалаар хичээллэж сонин хачин олон бүтээл хийснээ сонирхуулж  бас нэг таарахад “сайн мод байвал юм сийлэх ийм нэг санаа  байна” хэмээн ярьж явна. Тэр бодсоноо хийсээр явдаг бүтээлч нэгэн. Удахгүй өөрийн сийлбэрийн бүтээлүүдээрээ элчин сайдын яамнаа үзэсгэлэнгээ гаргаж Монголчууддаа толилуулахаар болсонтой холбогдуулан сийлбэрч М.Ариунбаяртай товч хөөрөлдлөө. Та бүхэн өргөнөөр ирж сонирхоорой

Сайн байна уу,  Англид ирсээр уран бүтээлээ орхилгүй өдий хүрсэнд нь улмаар үзэсгэлэнгээ нээх гэж буйд нь баяр хүргэе.  Ариунбаяр гэж хэн  бэ,  өөрийгөө юуны өмнө нэг товчхон танилцуулах уу.

За ярихдаа жаахан тааруухан даа. Товчхондоо би 1992 онд Дүрслэх Урлагийн Коллежийн зураг сийлбэрийн ангийг төгссөн. Төгсөөд мэргэжлийн дагуу ажиллаж Нүүдэл, Жаргалын найман морь,  Аравт зэрэг үзэсгэлэнгүүдэд уран бүтээлээрээ оролцож байлаа. Нэг томоохон ажил маань гэвэл Төрийн Хан хуурын загварыг гаргаж хамтран бүтээлцсэн дээ. Энэ талаар Японы урлаг судлаачийн бичсэн “Хялгасан хөгжмийг эзэмшигчэд” гэдэг номонд орсон байгаа. Бас Улаанбаатар хотын хуурийг загварыг гаргаж хийсэн.

Тийм том бүтээлүүд хийж байсан хүн 2006 онд Англид ирснийхээ дараа модоор сийлэхээ түр хойш тавьж хүн дээр сийлдэг ажил хийсэн байх аа ?

Та миний шивээсний салонд ажилласныг тоглож хэлж байна аа даа. Хэ хэ. Шивээс хийх үедээ олон зүйлд бас суралцсан. Тусгай дамжаанд суралцаж мэргэжлийн гэрчилгээ авна. Хүний бие дээр цус шүүрүүлэн хийдэг ажил тул өөрсдөө байнга шинжилгээ өгч байх ёстой гээд ер нь нарийн. Харин яг юу яаж шивэх вэ гэдэг тал дээр урлагийн авъяас маань бусдаас ялгаруулна даа. 2012 хүртэл шивээсний салонд ажиллаж байгаад одоо ерөнхийдөө энэ ажлаа тусгай захиалгаар хийдэг хэлбэрт шилжээд буй. Ингээд цаг гарган сийлбэрээ эргэж хийж эхэлсэн маань энэ удаагийн  үзэсгэлэнгээ гаргах боломжийг бүрдүүлэв, Ойрд үзэсгэлэн дээрээ нилээд төвлөрч ажиллаа. Үүний дараа эргээд шивээсний салон нээх бодолтой байна

Элчин сайдын яаман дээр үзэсгэлэн нь нэг л өдөр гарах юм байна. Хичнээн бүтээл тавигдах вэ

Үзэсгэлэн маань 10 сарын 6-ны Бямба гарагт 2 цагаас оройг хүртэл гарна. Монголчууддаа хийсэн бүтээснээ толилуулах боломжоор хангаж, тусалж дэмжиж буй элчин сайд Н.Тулга болон яамны хамт олонд юуны өмнө баярласнаа илэрхийлэе. Үзэсгэлэнд миний сүүлийн үед урласан монгол ахуй соёлыг илтгэсэн 11 бүтээл маань тавигдана.Монголчууд маань олноороо ирж сонирхож уран бүтээлийн халуун дулаан яриа өрнүүлж нэгэн өдрийг урлагийн ертөнцөөр аялан амьсгалан сайхан өнгөрүүлээрэй хэмээн хүсэн уриалж байна.

цахим хөөрөлдсөн Д.Цэрэнбат