Туулж өнгөрүүлсэн ажил амьдрал нь алхам алхамаар хөтөлсөөр, санаандгүй учрал тохиолууд ч чиглүүлсээр өдгөө мэдлэг туршлагаа Монголын төлөө зориулж яваа “Монголоор өвчилсөн” гадны иргэд цөөнгүй. Түүний нэг нь 2015 онд үүсгэн байгуулагдсан Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл (ТННЭ), олон улсын ашгийн бус байгууллагын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Чарльз Хаббард буюу Чаз.

Инженер мэргэжил эзэмшиж, хүний нөөцийн удирдлагаар давхар боловсорсон  тэрээр чанарын, аудитийн, ур чадварын, боловсролын гээд олон чиглэлт Британи болон Европийн түвшний төслүүдэд стандарчлалын холбогдолтой бодлогын бичиг баримт боловсруулахаас үйл ажиллагааг гардан зохион байгуулах хүртэлхи ажлуудыг амжилттайгаар удирдаж байсан ажил бүтээлийн арвин туршлагатай нэгэн.

ТННЭ-ийг үүсгэн байгуулагч Д.Уянгатай танил байсан нь түүний ажил амьдралын дараагийн хуудсыг Монголын зүг эргүүлжээ.

Монголын ноолуурын үйлдвэрлэлийн тогтвортой шинжийг олон улсад стандартжуулан баталгаажуулах, дэлхийн ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салшгүй нэгэн хэсэг болгон хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТННЭ-ийн үүсэл гарлаас өнөөгийн төлөвт хүрэхэд Чазийн мэдлэг туршлага хэлхээ холбоо асар их хувь нэмэр оруулсан, оруулсаар буй.

Тэр ямар байгууллагатай ямар хүрээнд аль өнцгөөс хандах, ямар хүнтэй ямар үг яриа өрнүүлж  зорьсон хичээснээ гүйцэлдүүлэх тухайд үнэтэй сургамж зөвлөлгөөгөө өгнө, өөрөө ч үлгэрлэж манлайлна

ТННЭ-д хүчин зүтгэхээр шийдсэнээр юун түрүүн тэрээр Монголын ноолуурын салбарын талаар өөрийн мэдлэг мэдээлэлтэй болох, түүнийгээ батжуулан зузаатгах шаардлага гарав. Тиймээс ч 2015 оноос хойш Монголд нийтдээ 6 удаа айлчлахдаа ТННЭ-ийг төлөөлөн холбогдох яам, газар, Олон улсын байгууллагууд, бизнесүүд, төрийн бус байгууллагуудтай олон удаагийн уулзалтыг хийж, Монголын ноолуур боловсруулах үйлдвэрүүдтэй танилцаж, ТННЭ-ийн гишүүн малчдын хоршоод, малчдаар зочилж, яриа өрнүүлж, Монголын уламжлалт мал маллах ухааны талаар мэдээлэл авч, малчин түмний амьдрал ахуйг ойлгоход анхааран тэднээс суралцаж амсхийх завгүй ажилласаар иржээ.

Түүний санаачилга дэмжлэгтэйгээр өнгөрсөн 4 жилийн  хугацаанд дэлхийн нэр хүндтэй брэндууд, судлаачдыг малчидтай нүүр тулан уулзах боломжийг хангасан, бодлого боловсруулагч нартай хамт тогтвортой ноолуурын үзэлд санааг хэлэлцсэн чиг хандлагыг тодорхойлохыг эрмэлзсэн олон улсын хурлыг Улаанбаатар хоёронтоо зохион байгууллаа.

Мөн түүний л  хичээл зүтгэлийн оролцоотойгоор өдгөө ноолуурын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийн нэр хүндтэй 20 гаруй үйлдвэрлэгчид, брэйндууд тус Эвслийн гишүүнээр элсэн хамтран ажиллаж байна.

“Яарах хэрэггүй, ойлголцолд хүрэхэд цаг хугацаа хэрэгтэй байдаг. Тууштай л байх нь чухал. Тэгэж байж л чанартай үр дүнд хүрнэ.” гэж тэрээр хэлдэг.

Бидний ярьдгаар гавъяаныхаа амралтад сууж байх учиртай ч Чаз маань Монголын ноолуурын үйлдвэрлэлийг тогтвортойгоор хөгжүүлэх үйлсэд ийнхүү цаг наргүй, цалин хөлсгүй ажиллаж байна. Түүний энэ их зарцуулж буй цаг сэтгэл, хичээнгүй оролцоог үнэлвэл, цалин болгож тооцвол овоо дүн гарнадаа гэж бодогддог юм.

Харин  тэр Дэфакто ярилцлагын нэвтрүүлэгт орох үедээ “энэ миний амьдралдаа хийж ирсэн ажлууд дотроос хамгийн их сэтгэлийн таашаал авч хийдэг ажил”  хэмээн ярьж байхуй. Буян нь дэлгэрэг!

Жич: Чанарын удирдлага, стандарт гэж байнга ярьдаг, хэлж ярьж хийж үзүүлж буй нь ч чанартай байхын үлгэр болж байдаг тул түүнийг би “Чанарын” Чаз хэмээн битүүхэн хочилдог. Түүгээрээ энэ бичвэрээ нэрийдэв.

Бичсэн Д.Цэрэнбат