Оюунлаг оршихуй цуврал уулзалтын 51 дэх дугаараар Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөх Э.Цогтбаяр оролцож Монгол, Британийн хoорондын худалдаа, түүний статистик үзүүлэлтүүд ба Британи дахь Монголчуудад санал болгох жижиг дунд бизнесийн боломжууд” сэдвээр уулзалт ярилцлага хийнэ. Ингээд ярилцлагын зочинтой хийсэн уламжлалт “бие халаах” товч яриаг хүргэж байна.
1. Бидний урилгыг хүлээн авч яриа хийхээр болсонд баярлалаа. Юуны өмнө Та Британид зочилж буй хэрэг зоригийнхоо талаар товч танилцуулахгүй юу?
Эдийн засгийн таамаглал боловсруулах, бодлогын арга, хэмжээний нийгэм-эдийн засагт үзүүлэх нөлөөг тооцох хүрээнд a) Их британи, умард ирландын нэгдсэн вант улсын нэр бүхий байгууллагуудын туршлагаас судлах, б) холбогдох чиглэлээр харилцаа тогтоох, в) цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар санал солилцох зорилгоор Сангийн яамны төлөөлөл томилолтоор ажиллаж байгаа ба миний бие уг багт багтсан. Өмнө нь би Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлд Бизнес хөгжлийн шинжээчээр ажиллаж байсан туршлагатай.  Элчин сайдын яамны ажилтан Мөнхдэмбэрэлээс дээрх төслийн явцад экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй ажиллаж байсан туршлагаасаа хуваалцаач гэж санал тавьсны дагуу та бүхний зохион байгуулж буй энэ арга хэмжээнд оролцохоор шийдсэн.
2. Британи Монголын худалдаа гэхээр уул уурхай л түлхүү байх болов уу гэж бодогдов
Хоёр орны хоорондох худалдаанд уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа, мөн түүнтэй холбоотой машин, механизм болон бусад дагалдах бараа, үйлчилгээ багагүй хувь эзэлдэг. Уул уурхайтай холбоотой энэ чиглэлийн бизнес ихэвчлэн томоохон байгууллагын түвшинд хамаарах болохоор жижиг, дунд бизнесийн чиглэлээр, тодруулбал Британид амьдарч буй монголчууд маань эх оронтойгоо холбоотой ямар бизнес хийх боломжтой талаар ярилцахаар төлөвлөж буй миний хувьд шууд хамааралтай биш болов уу. Энэ арга хэмжээний үеэр би уул уурхайн бус экспортын боломж, тодруулбал ноос, ноолууран бүтээгдэхүүний худалдаа, аялал жуулчлалын талаар түлхүү ярилцана.
3. Хилийн чанадад суугаа Монголчуудын эх орондоо бизгес эрхлэх боломжийн талаар ярина гэхээр их сонирхолтой байна Хоёр улсын иргэншилтэй хүмүүс олон болсон Тэд эх нутагтаа чиглэсэн бизнес эрхлэмээр байдаг. Энэ бүгдэд манай улс эрх зүйн хувьд бэлэн үү. Тухайлбал газар өмчлөх эрх маань хэвээр үү?
Миний хувьд хуулийн мэргэжлийн хүн биш болохоор таны энэ чиглэлээр асуусан хариултанд шууд хариулт өгөхөд хангалтгүй болов уу. Тодорхой шалтгааны улмаас манай улс давхар иргэншлийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй. Иргэдийн хувьд энэ нь хүлээлт үүсгэсэн, хэрэгцээт асуудал боловч шийдэгдэхгүй байгаа цаад шалтгаан нь миний ойлгосноор манай төрийн байгууллагуудын хүнд суртлаас илүүтэй их гүрнүүдийн дунд үндэсний аюулгүй байдлаа хамгаалахад учирч болох эрсдлээс сэргийлсэн хэрэг байх талтай.
Манай бизнес эрхлэгчдийн ажилд цөөнгүй бэрхшээл тулгардаг. Хэдий бэрхшээл багагүй ч тэр бүхнийг даван туулж, дотооддоо төдийгүй гадаадад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж буй бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй төслийн шугамаар ойрхон ажиллах боломж надад олдсон юм. Тэднээс юуг ойлгосон, тэдэнтэй хилийн чанадад юуг хамтарч хийж болохоор талаар надад ажиглагдсан бэ? Энэ талаар л би ярилцана гэж ойлгосон. Ахин тодруулахад э хамтдаа ярилцах юм.
Ярилцсан Д.Цэрэнбат