Шотландын Эдинбург хотноо амьдардаг оёдолчин М.Оюунцэцэг коронавирусын тахал тархан хаа сайгүй  барьц алдаж шаардлагатай хамгаалалтын хэрэгсэл дутмаг буй хүнд хэцүү үед  чаддаг хийдэг зүйлээрээ тус болохоор өөрийн  санаачилга,  хөрөнгөөр 1000 маск урлан  Нийтийн Эрүүл Мэндийн Системийн (NHS) ажилтнуудад гардуулсан нь олны талархал хүлээж өдгөө түүний санаачилгыг дэмжиж хөдөлгөөн өрнөөд буй билээ.

Тэрээр “Захиалгаар хүрэм, хуримын даашинз, бусад хослол зэрэг хийдгийг та мэдэх байх, коронавирустэй холбогдоод үйл ажиллагаа зогссон. Оёдлын цех маань гэрийн дэргэд болохоор энэ санаагаа хэрэгжүүлэхэд амар байлаа. Эхний 1000 маскаа өөрөө материалаа авч ( багцаагаар нэг маск 1 фунт орчим зардлаар хийгдэнэ гэвэл хэдий хэмжээний зардал өөрөөсөө гаргасан нь мэдэгдэнэ. Д.Ц ) 3 долоо хоног сууж оёсон. Хөрш маань харчихаад чи өөрөөсөө зардлаа гаргаад байгаа юм уу,  материалаа авахад чинь хөрөнгө босгож туслая гээд gofundmen.com дээр онлайн хандив босгох хуудас нээсэн нь тэр.

Маскаа чанартай, угаагаад дахин хэрэглэх боломжтой загвараар 10 оёотой хийж байгаа. (1 масканд 10 оёоо гэхээр 1000 масканд багагүй цаг шаардагдахаар аж Д.Ц) Мөн хүн өөртөө тааруулж тохируулаад маскны уяагаа сунадаг материалаар (резин) хийж буй. Одоо захиалсан резин маань ирчихвэл нэмээд 1100 маск хийх бусад материалаа авсан, оёдлоо эхлүүлсэн байгаа. Хүмүүс дэмжээд эхлэхээр урамшаад орой үдэшгүй л сууж байна. Хэрэгтэй шаардлагатай газартаа түргэн очиж өвчнөөс хамгаалах сэргийлэхэд нь тус болж байвал тэгээд болох нь тэр…” хэмээн өгүүлэв.

Түүнтэй мессенжэрээр холбогдон ийнхүү ярихад шөнийн 11 цаг өнгөрч байсан ба “өнөөдрийнхөө оёог ингээд дуусгаад харьж амарлаа” хэмээж байсан.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” хэмээдэг. Хүнд бэрх энэ цаг мөчид сайхан сэтгэл гарган өөрийн чадах зүйлээрээ тус нэмэр болон зүтгэж буй  ажилсаг шаавай Оюунаагаараа эрхгүй бахархалаа.  Сайхан сэтгэл, хичээнгүй зүтгэл хоёр нийлэхээрээ эгэл мэт эгэлгүйг бүтээх аж

Сайн үйлс дэлгэрэх болтугай!