Тайвшрах цаг ирсэн үү?
“Би үгүй гэж хэлнэ
ээ. Нэг үеээ бодвол цар тахалын хурц үе дарагдсан ч ямар аюултай өвчин болохыг дэргэдээс нь харсан хүний хувьд бүрэн эмчлэх эмчилгээ гартал хэзээ ч тайвширч болохгүй гэж хэлмээр байна”

 

Цар тахалын энэ үед галын шугаманд ажиллаж байгаа нэгэн элэг нэгт эмнэлэгийн ажилтантай ярилцаж нөхцөл байдал ямар байсан, байгаа, байж болох талаaр тодруулснаа хүргэж байна. Өөрийн нэр, ажилладаг эмнэлэгээ хэлэхийг хүсээгүй тул эс өгүүлэв.

Таны эргэн тойронд нөхцөл байдал ямар байгаа талаар бидэнд мэдээлэл өгөхгүй  юу

Манай тасаг COVID-19  өвчтөнүүдийг авч эмчилж байгаа.Өвчтөн бүр дээр шинж тэмдэгүүд  янз бүр илэрч байсан ч нийтлэг зүйлс ажиглагдсан. Эхний ээлжинд ханиах, өндөр халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох, үе мөч, булчин маш ихээр өвдөх, бөөлжих, шингэх алдах гэх мэт нийтлэг шинж тэмдгүүд илэрч байна. Ханиах бол хамгийн түгээмэл шинж нь. Тасагт ороход энд тэндгүй л ханиалга. Сүүлдээ ханиах чимээ сонсохоор нуруу хүйт даах шиг болж байсан. Зарим тохиолдолд бүр цустай цэр гарч байна. Мөн хоол идэх дуршил буурах цаашлаад амтлах, үнэрлэх чадвараа алдаж байна. Ер нь цар тахалын илрэх шинж тэмдэгүүдийн тоо одоо ч нэмэгдсээр байгаа. Нэг сонин тохиолдол гарсан. Манай эмнэлэгт гэнэтийн осолд ороод ирсэн хүнийг CT сканд оруулахад уушигнаас нь COVID-19-ийн вирус илэрсэн.

Цар тахалын оргил үед өвчтөнүүд ар араасаа нас барж байсан. Ёстой кинон дээр  гардаг шиг л… Маш аймшигтай!

Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн дүр зураг бол нас барж байгаа хүмүүс ар гэр, хань ижил, үр хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй өвчтөний орон дээр гав ганцаараа хорвоог орхиж байгаа явдал байлаа. Үүнийг харгалзан үзэж эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүдээ ар гэрийхэнтэй нь онлайн уулзалт хийлгэж байна. Ингэснээр өвчтөний сэтгэл санаа дээрдэж дархлаа нь сайжирч байгаад эмч болон эмнэлгийн ажилтан бидний  сэтгэл өөдрөг байгаа. Жишээ нь манай тасагт хэвтэж эмчлүүлж байсан 80 настай эмээгийн төрсөн өдрийг онлайнаар гэрийхэнтэй нь хамт инээд баясал, хөөр хөгжилтэй тэмдэглэлээ. Өвчтөн маань хэдий өндөр настай ч  COVID-19 цар тахлыг ялан дийлээд гарахад бид маш их баярлаж бүгд нүдэндээ нулимстай хүндэтгэлтэйгээр үдэн гаргаж өгсөөн.

Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад өвчтөн болон эмнэлгийн ажилтанууд сэтгэл зүйн хямралд өртөж байна. Жишээ нь өөрсдөө халдвар авахгүй байх, яаж ар гэрийнхэн, найз нөхдөө энэ вирусээс хамгаалах вэ гээд олон асуудал тулгарч байна.  Тиймээс эмнэлэгийн ажилтнуудад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх тусгай баг эмнэлэг дээр ажилллаж сэтгэлийг нь  зовоож байгаа асуудлыг нь сонсож, зөвлөж байгаа нь эмнэлгийн ажилчид цаашид тогтвортой ажиллах сэтгэл зүйн том дэмжлэг болж буй.

Миний хувьд гэр бүлээсээ өөрийгөө гэртээ бүрэн тусгаарласан байдалтай амьдарч байсан. Эмнэлгийн ажилчдийг шинжилгээнд хамруулж миний шинжилгээ сөрөг гарсанд сэтгэл маш их тайвширч гэрийнхэнтэйгээ “ойр дотно” уулзаж, хүүгээ чанга тэвэрч сэтгэлээ онгойлголоо.

Бас нэгэн таатай үйл явдал бол төрөл бүрийн бизнесийн болон сайн санааны байгууллага, хувь хүмүүс цаг наргүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчидаа дэмжин тусалж  байгаад талархаж байна.    

Эмнэлэгийн ажилтнуудын хамгаалалтын хувцас, хангамжийн тухайд...  

Эмнэлэгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах учиртай PPE буюу хамгаалалтын хувцас хэрэгсэл цар тахал тархаж эхлэхэд ч хангалтгүй байсан, одоо ч хангалтгүй хэвээрээ байгаа. Ийм нөхцөл байдлаас болоод олон эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид амь эрсэдсэнийг бид бүгд мэднэ. Маш харамсалтай.  Манай эмнэлэгээс л гэхэд бид цөөнгүй ажилтнаа энэ өвчнөөр эмгэнэлтэйгээр алдсан.

Британид тахалын тархалтын оргил үе өнгөрлөө. Хориогоо бага багаар тавина гэж ярьж байна.  Тайвшрах цаг ирсэн үү?

Би үгүй гэж хэлнэ ээ. Нэг үеээ бодвол цар тахалын хурц үе дарагдсан ч ямар аюултай өвчин болохыг дэргэдээс нь харсан хүний хувьд бүрэн эмчлэх эмчилгээ гартал хэзээ ч тайвширч болохгүй. Маск, маск бас дахин маск гэж хэлмээр байна. Маскаа зүүхдээ зөв зүүх хэрэгтэй. Энэ өвчин хүнийг ялгаварлахгүй. Тийм учраас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалья гэвэл маскаа зүүгээд, гараа ойр ойрхон удаан сайн угаа гэж л захимаар байна.

 

Хамгаалалтын хэрэгсэлүүдийг хэрхэн зөв хэрэглэх тухай бичлэг зааврууд интернэтэд зөндөө байгаа. Тухайлбал https://youtu.be/-GncQ_ed-9w гэх мэт. Та бүхэн сайн судлаад, үзээд өөрсдийгөө энэ аюулт тахлаас хамгаалаарай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Хорио тавигдсан ч олон хүнтэй газар явахгүй байх, чанартай хоол хүнс хэрэглэж дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Дахин хэлэхэд энэ аюулт өвчин нүдэнд харагдахгүйгээр бидний амь насанд аюул занал хийж байгаа гэдгийг мартаж болохгүй ээ. Ийм хүнд хэцүү үед Монголчууд бид юу юунаас илүү бие биендээ тус дэм болж хамтдаа энэ хэцүү цаг үеийг даван туулах болно оо. Ер нь энэ тахал бас нэгдмэл байхын утга учрыг улам ихээр ойлгуулж байгаа.

Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.

Мэдээлэл өгсөн танд баярлалаа.  Мөн танд болон таны хамтран ажиллагсдад эрүүл энхийг хүсье!

Ярилцсан Д.Цэрэнбат