Bazra

Др Ц.Базаррагчаа, эмч, Британийн Монголчуудын холбооны УЗ-ын гишүүн
(Цахим Өртөө Холбоогоор хэлэлцэгдэж буй архи, тамхины хор уршигийн талаархи хэлэлцүүлэгт зориулав)

Архи, тамхины асуудлыг зохицуулах нь аль ч нийгэмд тохиолддог тун төвөгтэй асуудал. Улс орон хөгжихийн зэрэгцээ нийгэм дэх архи, тамхины талаарх үнэ цэнэ өөрчлөгдөж эхэлдэг. Эрүүл аж төрөх талаар илүүтэй анхаарч эрүүл нийгэм рүү шилжих хандлагатай болдог. Үүнийг бодлогоор л дэмждэг.

Жишээ нь, Англид тамхийг олон нийтийн газар (Ресторан, pub, bar болон бусад олон нийтийн газар) татахыг 2007 онд хориглосон, гол зорилго нь тамхи татдаггүй иргэдийг “дам тамхидалт”-с хамгаалж буй.  Айлд ирсэн зочин ч гарч тамхи татдаг болсон. Ийнхүү нийгэмд урьд нь “сайхан” гэж үзэж байсан зүйл огт тийм биш болж байна.

No smoking day logoТүүнчлэн Англид 2014-2015 оноос тамхийг supermarket болон худалдааны газруудад ил гарган худалдахгүй байх асуудал хэрэгжихээр болж байна. Энэ нь хүүхэд, залуусыг тамхи татаж эхлэхээс сэргийлж, тамхигүй орчинг бий болгох зорилготой юм.

Архи согтууруулах ундааны хувьд ч онцгой татвар нь нэмэгдэхийн зэрэгцээ жижиглэнгийн үнэ нэмэгдэхийн зэрэгцээ энэ төрлийн барааны реклам телевизээр гарахгүй болсон. Харин тамхины хор уршгийн талаар, тамхиа хаяхыг хүсвэл хаана хандаж тусламж авах талаар мэдээлэл түгээгдэх нь ихссэн байна.  Ийнхүү архи, тамхийг хориглохгүй ч гэсэн бодлогоороо ард түмнээ хамгаалах эрүүл аж төрөх орчинг бий болгож байна.

Гэтэл Монголд хямд архи, тамхи үйлдвэрлэдэг компаниуд улам нэмэгдэж байгаа нь харамсалтай. Хэдийгээр үндэсний үйлдвэрлэлийн асуудал хөндөгдөж буй ч архи согтууруулах ундааг рекламдах, тухайлбал, шинэ болор архины нээлт гэж томоохон арга хэмжээ Туул голын хөвөөнд зохиогдон энэ үйл ажиллагаанд ихэнх нь залуучууд хүрэлцэн ирж, рок попын одууд дуулцгааж байсныг санаж байна.  Түүнчлэн манай архины компаниудийн танилцуулга нь ичмээр байдаг. Архиа заавал л залуухан хагас нүцгэн эмэгтэйг оролцуулан рекламддагыг юу гэж ойлгох вэ.

Бидний хувьд нийгэмд ялангуяа,  монголын ирээдүй болох залуучуудыг бүрэн хүмүүжихэд нөлөө үзүүлдэг “ёс зүйгүй ” үйл ажиллагаанаас холхон байх нь зүйтэй

Мэдээллийн эх: www.tsahimurtuu.mnЦахим Өртөө Сүлжээний вэб хуудас