Британийн Монголчууд 5 дугаар сарын 16-ны өдөр Лондон хотын Олон Улсын Оюутны Байранд (ОУОБ) Монголын урлаг соёл, монгол хоолны өдрийг амжилттай зохион байгууллаа. Лондон хотод суралцах хугацаандаа уг байранд амьдарч байсан үе үеийн оюутан сурагч болон тэдний гэр бүлд 90-д оноос хойш тусалж дэмжиж байсан энэхүү байрны хамт олон, мөн одоо амьдарч байгаа газар газрын оюутануудтай Монгол салхийг амтлуулсан таатай сайхан үдшийг бүгд хамтдаа баясан өнгөрүүллээ. ОУОБ-ны захирлууд болох Петр Анвил, Кевин Койн, Жон Волф нарын хувьд энэхүү монгол ахуйг мэдэрсэн орой анхны тохиол  нь байгаагүй юм. Тэд 2011 онд Монголд айлчлан очиж ОУОБ-д амьдарч байгаад Монгол орондоо эргэн очиж төрийн болон хувийн секторт сурсан мэдсэнээ амжилттай  хэрэгжүүлэн амьдарч буй оюутнууд, тэдний гэр бүл нийлсэн 30-aaд хүмүүстэй уулзахын ялдамд, Монголд байх хугацаандaa монгол ахуй, монгол соёлтой танилцаж монголчууд бидэнд сэтгэлийн гүнээс таатай сайхан хандах болсон билээ.

Лондон хотын ОУОБ –д болсон эл үйл ажиллагаанд Лондон дахь Монголын урлаг соёл, Лингуа Глобал ХХК, Британийн Монголчуудын Холбоо, Британийн Монгол Оюутнуудын Холбооны төлөөлөгч гишүүд оролцон монгол соёлоо сурталчилахад хувь нэмэр оруулсан юм. Үүнээс гадна Монгол Пабны хамт олон амттай сайхан монгол хоолоор, мөн ОУОБ-д амьдран суугаа монгол гэр бүлүүд  идээний дээж Чингис, Соёмбо архиар хүрэлцэн ирэгсдийг дайлж баярлуулсныг дурьдах нь зүйтэй байх. Ийм тааламжтай сайхан үдшийг зохион байгуулсан Ж. Өнөрмаадаа (Лингуа Глобал ХХК/БМХ) болон ОУОБ-н ажилчид, албан хаагчид, тэр дундаа Кевин Койн, Ами Хэер, Алекс  Менас мөн тэдний арын багийханд талархаж буйгаа илэрхийлье. Хүрэлцэн ирсэн зочдыг баясгасан Майкл Ормистон (хөөмий), М. Мөнхзориг (Бүжиг / Бөхийн үзүүлбэр), О. Одгэрэл (Морин хуурч ), Ц. Батбаяр (монгол баатар/бөхийн үзүүлбэр), Х. Улсболд (бөхийн тайлбарлагч, засуул/БМОХ), Д. Ням (бөхийн засуул), Б. Цэрэнбат (бөхийн  зодог шуудаг, дээл хувцас/БМХ), Сэргэлэн (монгол баатрын өмсгөл) нартаа баярлалаа. Мөн гэрэл зураг авч, бэлтгэлийн ажилд тусалсан Ц. Азхүү, У. Ганзориг болон тэдний гэр бүл, тус арга хэмжээн дээр Монгол хувцсаараа гоёж үдшийн чимэг болсон хамгийн бяцхан зочин Г. Ирмүүн, Монгол хоолны амтыг гадаад зочдод үзүүлэн биднийг дайлсан Д. Болд, Алтан болон тэдний багийханд талархал илэрхийлье.

Арга хэмжээний зургуудыг эндээс сонирхоорой:  http://mongolianartlondon.wordpress.com/