2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр элчин Б.Алтангэрэл Монгол Улсын БСШУЯам, Лийдсийн Их Сургууль хоорондын Харилцан Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
Нөгөө талаас Лийдсийн Их Сургуулийн дэд захирал, профессор Макл Артүр Лийдсийн Их Сургуулийг төлөөлөн Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгийн дагуу Монгол оюутнууд Лийдсийн Их Сургуульд 15 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр суралцах боломж бүрдэж буй юм. Мөн цаашлаад Монголын их, дээд сургуулиуд тус сургуультай хамтын ажиллагаа өрнүүлж, эрдэмтэн, багш, боловсон хүчин харилцан сургах, судалгаа шинжилгээний материал, бүтээл солилцох боломж, бололцоо нээгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.

Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд Б. Алтангэрэл Монгол-Британийн боловсролын салбарын хамтын ажиллагааны ач холбогдлын чухлыг онцлоод, тус сургуулийн монгол судлал бол Британийн хувьд анхдагч нь гэдгийг мөн цохон тэмдэглэв. Профессор М.Артүр хариу хэлсэн үгэндээ монгол судлалын чиглэлээр дэмжиж, тусалж ажиллахаа илэрхийлээд, тус сургуулийн хувьд анх удаа гадаад улсын их, дээд сургуультай биш холбогдох яамтай нь хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж байгаагаараа онцлогтой болохыг тэмдэглэв.