11 сарын 15–ны Баасан гарагийн 18-20 цагийн хооронд болох “Оюунлаг Оршихуй” цуврал уулзалт ярилцлагын энэ удаагийн зочин Монголын Бизнесийн Зөвлөлийн дэд захирал И.Сэр-Од Лондон хотноо уламжлалт бизнес семинарын ажлаар ирж буйтай холбогдуулан “бие халаах” товч яриа хийснээ хүргэж байна.

Taнай байгууллагаас жил бүр ийм бизнес аялал семинар зохион байгуулдаг. Энэ жил хэддэх удаагийнх нь болж байна. Английн талаас ямар байгууллагатай хамтран ажилладаг вэ?

Монголын Бизнесийн Зөвлөлөөс “Монголд Бизнес эрхлэх нь сэдэвт” уулзалт семинарыг Монгол Британийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Лондон хотод 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Мэдээж гол нь бид монголын бизнес эрхлэгчид болон Английн хөрөнгө оруулагчдыг холбох, тэдэнд зөв бодит мэдээлэл хүргэхийг зорьдог юм. Монголын Бизнесийн Зөвлөл нь өнөөдрийн байдлаар 270 гаруй дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, донорууд болон 17 элчин сайдын яамдуудын гишүүнчлэлтэй бөгөөд УБ дахь ИБУИНВУ –ын элчин сайдын яам мөн энэ хөтөлбөрийг дэмжин оролцож байгаа.
Түүнчилэн Британийн Монголчууд та бүхэн бидэнтэй холбоотой байж тусламж дэмжлэг үзүүлж байгаа нь холын Лондонг ойрхон мэт болгож байдагт талархаж байна.

Бидний зохион байгуулж буй “Оюунлаг Оршихуй” цуврал уулзалт ярилцлагад оролцох урилгыг хүлээж авсанд баярлалаа. Танай байгууллагын гол ажилладаг чиглэл нь хөрөнгө оруулалт гэж таны бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч байсан ярилцлагуудаас ойлгосон юм. Таны бидэнтэй ярих сэдэв ч бас энэ талаар. Тэгэхээр “Монголын хөрөнгө оруулалтын байдлын Өнгөрсөн Одоо Ирээдүйг нэг өгүүлбэрт багтааж хэлнэ үү ” гэвэл юу гэхсэн бол

Монгол дахь хөрөнгө оруулалтын орчинг мэдээж нэг өгүүлбэрт багтаах боломжгүй л дээ гэхдээ би та бүхэнтэй ярилцах зүйлээ багцалж ерөнхийд нь авч үзвэл :
Өнгөрсөн – Урт удаан хугацааны хүчин чармайлт, амжилт
Одоо – Олон талын шалтгаан нөлөөлөлтэй хүндрэлтэй цаг үе
Ирээдүй – Тодорхой таамаглаж төлөвлөх боломжгүй сорилт
Энэ талаар та бүхэнд дэлгэрүүлэн танилцуулж, санал бодлоо солилцох болно.

Сонирхолтой яриа болно гэдэгт эргэлзэхгүй байна. Сайн яваад ирээрэй. 15-нд уулзацгаая.

Хөөрөлдсөн: Уулзалтыг Зохион байгуулах баг