KhatnaaZar “Оюунлаг оршихуй” цуврал уулзалтын №3-ын зочноор Монголын Оюун Ухааны Академийн захирал,  Олон Улсын мастер Х.Хатанбаатар  оролцох болсонтой холбогдуулан “БИЕ ХАЛААХ” товч ярилцлага авсныг та бүхэнд хүргэж байна.

1.Сайн байна уу? Лондонд тавтай морил! Та Ой тогтоолтын дэлхий аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээн болоод Монгол улсаас оролцох баг тамирчдаа танилцуулна уу?

Баярлалаа. 22 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд нийт 32 орны 120 тамирчин ой тогтоолтын 10 төрөлд өрсөлдөж бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд аваргуудаа шалгаруулна. Улс улсын шилдэг тамирчид оролцож байгаа энэ тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны Академи-ийн 6 тамирчин өрсөлдөнө. Тамирчид маань 3 дахь удаагийн Ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах энэ жилийн тэмцээнд бүгд эхний байруудад орсон. Мөн энэ жилийн хувьд олон улсын тэмцээнээс нийт 52 медаль хүртсэн хүүхэд, залуучууд байна. Насанд хүрэгчдийн ангилалд Ой тогтоолтын Их мастер С.Цогбадрах (21 нас), Ой тогтоолтын ОУ-н аварга Ө.Сэнгэсамдан (21 нас) нар, дунд насны ангилалд Ой тогтоолтын Улсын аварга бөгөөд дунд насандаа дэлхийн 1 дээд амжилтыг эзэмшдэг Б.Намуунтуул (17 нас), Дэлхийд чансаагаараа 1800 гаран тамирчнаас 28-д бичигддэг дунд насны ангилалд дэлхийн 3 дээд амжилтыг эзэмшигч Ц.Бат-Эрдэнэ (15 нас) мөн насны ангилалдаа 1 дээд амжилтыг эзэмшдэг З.Цэцэгзул (13 нас), бага насны ангилалд дэлхийн 3 дээд амжилтыг эзэмшдэг Г.Тэмүүлэн (12 нас) нар тус тус өрсөлдөнө. Миний хувьд энэ тэмцээнд шүүгчээр оролцохоос гадна зэрэг ахиулах шалгалтанд мөн орно. Шалгалтаа амжилттай өгснөөр ой тогтоолтын ОУ-н шүүгч болох боломжтой болно.

2. Та Монголын Оюун Ухааны Академийг байгуулсан. Энэ байгууллагынхаа талаар мөн товчхон танилцуулаач. 

Монголын Оюун Ухааны Академи анх 2010 онд үүсгэн байгуулагдсан. Манай эрхэм зорилго бол Монгол хүний оюуны чадамж, чадварыг  хөгжүүлэх замаар Монгол Улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортын зарим төрлүүдийг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх оюуны спортын тамирчдыг  бэлтгэх юм.

Үндсэндээ үйл ажиллагааны үндсэн чиглэл бол оюуны хөгжлийн олон талт судалгаа хийх, сургалт явуулах, тамирчдыг бэлтгэх, тэмцээн уралдаан зохион байгуулах, олон улсын чанартай тэмцээнд оролцох боломжыг нь хангах гэх мэт олон ажил хийдэг. Академи дээр олон төрлийн сургалт явагддаг бөгөөд үүнийгээ дагаад сонирхлын олон клубууд бий болж хүүхэд, залуус, ахмад үеийнхэн маань өөрсдийгөө хөгжүүлж байна. Тухайлбал ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлт, судоку, соробан, рубик гэх мэт арав гаран төрлийн сургалт явагдаж байна.

Академийн зүгээс 2011 оноос хойш жил бүр улсын чанартай том тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд анх удаа Рубик шооны нээлттэй тэмцээнийг мөн зохиолоо. Хамгийн гол нь тамирчдын гаргасан амжилтууд дэлхийн чансаанд шууд бичигдэж байгаагаараа онцлог юм. Мөн сар бүр дээрх төрлүүдээр МИНИ тэмцээнүүдийг зохиож байна. Өнөөг хүртэлх энэ хугацаанд оюуны спортын эдгээр төрлүүдийг сонирхогчдын тоо эрс нэмэгдсэн. Жишээ нь, миний хувьд сургуулиа төгсөөд 2009 онд Монголдоо ирж байхад шоо барьсан хүүхэд байдаггүй байсан. Биднийг бага байхад л орос шоо гээд ах, эгч нар эвлүүлдэг байсныг санаж байна. Академиа үүсгэн байгуулснаас хойш манай хамт олон шооны ач холбогдлыг сурталчлах тал дээр олон ажлууд хийсний үр дүнд өнөөдөр аль ч сургуулийн ямар ч ангид орсон дор хаяж дөрөв таван хүүхэд шоо эргүүлээд сууж байгаа нь бидний эхлүүлсэн ажил үр дүнгээ өгөөд явж байна гэж боддог. Хамгийн гол нь хүүхэд шинэ зүйлд сонирхлоо төрүүлж хоббигоо болгож байгаа нь сайшаалтай.

Олон улсын чанартай тэмцээнүүдийн хувьд 2008 оноос хойш би болоод манай сурагчид нийт 18 тэмцээнд оролцож өнөөдөр хурдан уншлага, ой тогтоолт болон цээж бодолтын зарим төрлүүдэд олон улс, дэлхий мөн дөрвөн жилд нэг удаа болдог оюуны олимпын аваргуудтай болж чадсан. Оюуны спортын эдгээр төрлүүд манай улсад хөгжөөд удаагүй ч өнөөдөр Монголын баг тамирчид бусад улсын тамирчдын хувьд хүчтэй өрсөлдөгчид байж чадаж байгаа нь сайхан. Хамгийн гол нь манайхан оюуны спортоор эх орныхоо нэрийг өндөрт гаргаж байгаад хувьдаа их баярлаж явдаг юм.

3.“Оюунлаг оршихуй” цуврал уулзалтын №3-ын зочноор оролцох урилгыг хүлээн авсанд баярлалаа. Уулзалтын үеэр ой тогтоолттой хүн бүрт мэдээжийн мэт боловч мэддэггүй зүйлсийн талаар их яригдах байх, зөв үү? Уулзалтын агуулга, ач холбогдол уулзалтын үеэр заах дасгалуудын талаар товч мэдээллийг Их Британи дахь Монголчуудад хүргэнэ үү?

Та бүхэнд бас талархаж байна. Миний хувьд өмнө нь хэд хэдэн улсад тэмцээнд оролцох явцдаа тухайн улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа элэг нэгтнүүдтэйгээ уулзалт зохион байгуулж нэг, хоёр өдрийн сургалтууд хийж байлаа. Хамгийн гол нь энэ удаагийн уулзалт болон сургалтаараа юу хүргэхийг зорьж байна вэ гэхээр уулзалтын сэдэв болох “Суралцахад Суралцахуй” гэдгийг л тайлбарлаж ойлгуулахыг хүсэж байгаа юм. Судалгааныхаа хүрээнд бидний уураг тархи хэрхэн ажилладаг, тархинд мэдээлэл хэрхэн тархдаг, мэдээлэл хүлээж авах явцад хоёр тархины оролцоо ямар байдаг зэрэг асуултуудад хариулт өгөх бөгөөд тархины талаар хэдий чинээ их ойлголттой байх тусам энэ гайхамшигтай хүчинд итгэх итгэл төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг л дээ. Мөн хүний оюун ухааны суурь болсон ой санамж гэдэг зүйл өдөр бүр хэрэг болж хүнийг насан туршид нь дагаж байдаг. Өнөөдөр та ажлаа тараад харихаар бол мэдээж ой санамжынхаа хүчээр л харина. Гэвч ой санамжтой холбоотой бэрхшээл өдөр бүр хүнд тулгардаг. Жишээ нь барьж байсан түлхүүр, утсаа хаана орхисноо санахгүй хайх, танилцсан хүнийхээ нэрийг хэд хоногийн дараа мартах тохиолдол, ном уншаад л байдаг хэд хоногийн дараа асуухад агуулгаа ор татсан мартсан байх гэх мэт. Эдгээр асуудлуудыг бид бүрэн шийдэх боломжтой. Хамгийн гол нь эдгээр асуудлыг шийдсэнээр бидний сурч боловсрох, ажил амьдралд нөлөөлөх ач холбогдол талаас нь дэлгэрэнгүй тайлбарлана. Та бүхэн уулзалтан дээр илүү ихийг мэдэх болно. Уулзалтын эхэнд бүх хүнээс оюуны чадварыг нь шалгасан сорил авах бөгөөд тусгай аргачлалуудыг тайлбарласнаар уулзалтын төгсгөлд дахин сорил авахад үр дүн яаж гарч байгааг шууд харьцуулах боломжтой гэдгээрээ маш сонирхолтой болох болов уу. Мөн манай хүүхдүүд хүний санаанд орохооргүй оюуны чадварын даалгавруудыг хийж гүйцэтгэнэ. Та ч гэсэн эдгээрийг төвөггүй хийх боломжтой. Төгсгөлд нь нэг зүйл хэлэхэд хүн биеийн хөгжлийн хувьд бусдын түвшинд хүрэхгүй байж болно. Харин оюуны хөгжлийн хувьд ямар ч түвшинд хүрэх боломжтой юм. За ингээд 28-нд уулзацгаая!

Цаг гаргаж бие халаах асуултуудад хариулсан танд баярлалаа. Та болон танай тамирчидад өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе! Удахгүй Лондонд уулзацгааяа.

Ярилцлсан: У.Ганзориг. Уулзалтын Зохион Байгуулах Баг