Thumbnail of Hatnaa

Британийн Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбооноос санаачлан Монгол Улсаас Их Британид суугаа Элчин Сайдын Яам, Британийн Монгол Оюутны Холбоотой хамтран “Оюунлаг оршихуй” цуврал уулзалт ярилцлагыг зохион байгуулж эхлээд байгаа билээ.

Цуврал уулзалт №3 буюу энэ удаагийн зочноор Монголын Оюун Ухааны Академийн Захирал, Оюун Ухааны Олон Улсын мастер Х. Хатанбаатар болон 22 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол тамирчид уригдан оролцов.

Уулзалтын сэдэв “Суралцахад Суралцахуй” бөгөөд уулзалт уригдан оролцож байгаа зочдоо танилцуулснаар эхэлсэн юм.

Уулзалтын зочид
22 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд 33 орны 112 оюуны спортын тамирчид 10 төрлөөр оюун ухаанаараа өрсөлдөж байгаа юм. Манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн Захирал, ОУ-ын мастер Х.Хатанбаатар дасгалжуулагчтай 6 тамирчин оролцож байна.

Багийн бүрэлдэхүүн:
Хандсүрэнгийн Хатанбаатар: Тэрбээр Турк улсад оюутан байхдаа Герман улсын оюуны спорт тэр дундаа ой тогтоолтын тэмцээнийг телевизээр үзсэн цагаас хойш мэдээллийг хурдтай мөн үлдэцтэйгээр тогтоож хэрэгтэй үедээ санаж  сурах зорилгоор оюун ухааны спортыг анх сонирхон улмаар 1994 оны ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргаж байсан мөн олон гайхамшигтай рекордын эзэн Турк багшид анх шавиар орж хурдан уншлага, ой тогтоолтын арга техникт суралцсан байна. Тэр цагаас хойш Турк, Англи, Америк, Итали зэрэг хэд хэдэн улсад энэ чиглэлээр суралцаж байсан. 2008 онд Турк улсын хурдан уншлагын тэмцээнд анх удаагаа оролцож нэг минутанд дунджаар 836 үг уншиж, ойлгоц харин 80 хувьтайгаар 2-р байр эзлэж байсан. Түүнээс хойш оюун ухааны спортод сэтгэл зүрхээ зориулах болсон тэрбээр оюуны спортын олон төрлөөр олон улс, тив дэлхийн тэмцээнд орж байсан анхны Монгол тамирчин гэж бүртгэгддэг билээ.

Монгол Оюун Ухааны Академийн тамирчид:
Г.Тэмүүлэн (12 настай) – Дэлхийн гурван дээд амжилтыг эзэмшигч
Ц.Бат-Эрдэнэ (15 настай) – Дэлхийн дөрвөн дээд амжилтыг эзэмшигч
Б.Намуунтуул (17 настай) – Дэлхийн нэг дээд амжилтыг эзэмшигч
З.Цэцэгзул (13 настай) – Дэлхийн нэг дээд амжилтыг эзэмшигч
С.Цогбадрах (21 настай) – Ой тогтоолтын Их Мастер, Оюуны Олимпын нэг дээд амжилт эзэмшигч
Ө.Сэнгэсамдан (21 настай) – Ой тогтоолтын ОУ-ын Аварга

Өнөөдөр дэлхий дээр тоолж баршгүй олон төрлөөр тэмцээн уралдаан зохиогдож байна. Энэ дунд хүний хамгийн чухал эрхтэн болох тархины сэтгэх, бодох чадварыг шалгасан олон төрлийн оюуны спортын тэмцээн явагддаг. Оюуны спортын олон төрөл дунд хүний тогтоох, эргэн санах чадварыг шалгасан ой тогтоолтын тэмцээн уралдаан явагдаад багагүй хугацаа болжээ. Шатар, даам гэсэн оюуны спорттой харьцуулахад 1991 онд хэдий хожуу үүссэн ч гэсэн өнөөдөр энэ спортоор хичээллэгч улс орон, тамирчдын тоо огцом нэмэгдэж тэмцээнийг маш сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байна. Өнөөдөр ой тогтоолтын спортоор 48 улсын мянга мянган тамирчид хичээллэж буй судалгаа байна. Тэмцээний үндсэн зорилго бол тамирчид өгөгдсөн хугацаанд аль болох олон нэгж мэдээлэл тогтоож алдалгүй санах чадвараараа өрсөлдөнө. Судлаачид арга техникт суралцаагүй дундаж хүн нэгж хугацаанд хоорондоо холбоогүй 7+- хоёр мэдээлэл тогтоон эргэн санах чадвартай гэж үздэг. Тэгвэл энэ төрлийн тэмцээн уралдаанд оролцож буй тамирчид нэгж хугацаанд хэдэн зуу тэр бүү хэл хэдэн мянган мэдээлэл тогтоон санаж чаддаг. Оюуны спортын энэ төрлөөр хичээллэж чадсанаар бидний ажил хөдөлмөр, сурч боловсроход эерэгээр нөлөөлдөг ач холбогдолтой.

Ой сайтай эсвэл муутай гэсэн ойлголт байх ёсгүй. Хөгжүүлсэн болон хөгжүүлээгүй ой санамж гэдгээрээ л ялгаатай. Тиймээс хүн бүр ой санамжаа дээд зэргээр хөгжүүлэх боломжтой. Гэтэл өдөр тутам ой санамжтой холбоотой бэрхшээлүүд хүн бүрт тулгарч байна. Барьж байсан зүйлээ хаана орхисноо мартах, танилцсан хүнийхээ нэрийг дахин уулзах үедээ санахгүй байх, уншсан сэдвээ хэдхэн хоногийн дараа санах боломжгүй болох гээд нэрлээд байвал олон бэрхшээл бий.  Оюун ухааны суурийг ой санамж гэдэг. Тэгвэл энэ бэрхшээлийг давж туулан өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун явах боломж хүн бүрт бий. Үүний тулд хүн “Суралцахуйд Суралцах” ёстой. Суралцах чадвар бол аливаа зүйлд бүтээлчээр, бие даан, үр дүнтэй арга барилаар хурдтай суралцах ур чадвар юм. Хамгийн гол нь бидний уураг тархи гэж юу болох, бүтэц үйл ажиллагаа, тархинд мэдээлэл хэрхэн тарханд, мэдээлэл хүлээж авах явцад хоёр тархины оролцоо зэрэг маш олон асуултын хариултыг мэдэж байх хэрэгтэй. Тархины талаар хэдий чинээ их мэдээлэлтэй байх тусам энэ гайхалтай зүйлд итгэх итгэл төдийн чинээ нэмэгдэнэ. Түүнчлэн мэдээлэл хүлээж авахад уураг тархины ажиллах горимд тохирох аргыг мэдэх нь чухал. Эдгээр арга техникт суралцаж ой санамжаа хөгжүүлж байгаа хүмүүс ямар гайхалтай үр дүнд хүрч байгааг хийгдсэн туршилтууд бэлхнээ харуулж байна.

Мэдээллийг хэрхэн хялбар тогтоох вэ?

Аливаа мэдээллийг тогтоохын тулд төсөөлөх чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Дотроо ургуулан бодож төсөөлж харж  л чадвал хялбархан тогтоох боломжтой. Учир нь зарим судалгаагаар тухайн хүний хувьд өнөөдрийг хүртэл авсан мэдээллийн 80 орчим хувь харах эрхтэн болох нүдээр авсан мэдээлэл байдаг гэж үздэг. Тэгвэл харсан зүйлээ хүн илүү санах магадлалтай. Тиймээс унших болон тогтоох явцдаа аль болох дотроо дүрслэн харах хэрэгтэй. Гэвч зарим төрлийн мэдээлэл төсөөлөгдөх боломжгүй хийсвэр байдаг. Жишээ нь, янз бүрийн тоон мэдээлэл, томъёо, код гэх мэт.. Ой тогтоолтын аргачлал болох мнемотехникт суралцсанаар энэ асуудлыг шийдэх боломжтой. Мөн өөр нэг анхаарах зүйл гол зарчим бол төсөөлж буй мэдээллээ аль болох хошин, хөгжилтэй хэлбэрээр төсөөлж харах хэрэгтэй. Яагаад гэвэл хүн сэтгэл хөдлөл оролцсон мэдээллийг мартдаггүй учир. Жишээ нь, та бүхэнд онцгой байсан ямар нэгэн тэмдэглэлт өдрийг хэзээ ч мартдаггүй. Яг үүнтэй адилаар уншиж, тогтоох гэж буй мэдээллээ төсөөлөхдөө хошин мэдрэмжийг оруулах хэрэгтэй. Ингэж чадвал эргэн санх үйл явц маш хялбар байх болно.

Хүн яагаад мартдаг вэ?
Ой санамжид нөлөөлдөг олон хүчин зүйлс бий. Гадны механик нөлөөллүүд жишээ нь тархи толгойгоо гэмтээх, наркозонд удаа дараа орох; Цаашлаад амьдралын буруу хэвшил, буруу дадал. Жишээ нь, өөрийгөө маш ихээр ядраах, нойр дутуу байх, архи тамхи хэрэглэх, хөдөлгөөний дутагдал зэрэг. Марталтанд нөлөөлж буй гол зүйл бол стресс. Яагаад гэвэд өдөрт хүний тархинд 60,000 гаран бодол эргэлддэг гэж үздэг. Маш олон зүйлд санаа зовж сэтгэл зовнидог. Ингэснээрээ яг гол хийж буй үйлдэл дээрээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Тэгэхээр энэ байдлаас бид бүхэн тодорхой хэмжээнд гарч сурах хэрэгтэй.

Оюун ухаанаа хөгжүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ?
Оюун ухаанаа хөгжүүлэх сэргэг байлгахын тулд хамгийн чухал дасгал бол ном унших. Өдөрт 30 минут ном уншлаг хүний уураг тархи, ой санамж гайхалтай ажилладаг гэж үздэг. Түүнчлэн оюун ухаан хөгжүүлэхтэй холбоотой оньсон тоглоом, шатар, даам тоглох зэрэг байж болно. Хааяадаа үгийн сүлжээ, судоку бөглөдөг цаашлаад ой тогтоолтын арга техниктэй суралцаад дасгал сургуулилт хийгээд эхлэвэл богино хугацаанд үр дүнг нь үзэх боломжтой. Тархи ажиллах тусам л сэтгэж бодох чадвар төдийчинээ нэмэгдэнэ.

Сонирхолтой үзүүлбэрүүд үзүүлэв
Уулзалтад уригдан оролцсон тамирчид маань хурсан олонд сонирхуулан дараахь үзүүлбэрүүдийг үзүүлсэн юм. Үүнд:
Х.Хатанбаатар: Хүмүүсээс төрсөн он, сар, өдрийг нь асууж төрсөн гарагийг нь алдалгүй хэлэв.
Ө.Сэнгэсамдан: Хоёр багц нийт 104 хөзрийг 2 минутад тогтоож нэрлэв.
Г.Тэмүүлэн: Маш богино хугацаанд шоо эвлүүлэв.
Б.Намуунтуул: 1 цифр алдвал тал оноо, 2 цифр алдвал ямарч оноо авдаггүй хатуу дүрэмтэй болохыг танилцуулж 300 цифр тоог 3 минут тогтоож хариулав.
Ц.Батэрдэнэ: 81 нүдтэй самбарт бичсэн 9 хүртлэх дурын цифрүүдыг цөөн секундэд харж тогтоосны дараа цээжээр хариулав.
С.Цогбадрах: Хатанбаатрын анхны шавь тэрбээр нүдээ таглаж 1-30 хүртэлх тоонуудын дагуу үзэгчдээс ямарч хамаагүй 30 үг асууж самбар дээр бичүүлэн хариулав.
Үзүүлбэрүүд маш сонирхолтой байсан бөгөөд хуран цугласан олон тамирчдыг бишрэн алаг ташилтыг харамгүй өгч байв. Дээрх үзүүлбэрүүдийг эзэмшиж, гартаа оруулахын тулд нэн тэргүүнд оюун ухааны аргачлалд суралцах нь гол түлхүүр юм.

Зүүн болон баруун тархины ялгаа
Хүний тархийг бүдүүвчлэн авч үзвэл сэтгэл хөдлөл боловсруулдаг баруун, логик боловсруулалт хийдэг зүүн гэсэн хоёр хэсэгт хуваадаг аж. Баруун тархи нь биеийн зүүн хэсгийг зүүн тархи нь баруун хэсгийг удирддаг гэнэ. Солгой хүнийг баруун тархитан, зөв гартай хүнийг зүүн тархитан гэж нэрлэх нь бий.

Бидний зарим нь юманд илүү няхуур учир шалтгаантай ханддаг байхад зарим нь аливаа зүйлийг ерөнхийлөн төсөөлж, хийсвэрлэн хүлээж авдаг. Энэ нь аливаа асуудалд баруун ба зүүн тархинууд өөр өөр өнцгөөс ханддаг гэсэн үг. Гэхдээ аль аль нь өөрийн гэсэн өвөрмөц давуу талуудтай бөгөөд бие биесээ нөхсөн шинж чанартай. Оюун ухаанаар хичээллэдэг хүмүүс баруун зүүн тархиа жигд хөгжүүлсэн байдаг бөгөөд тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцох боломжийг дээд зэргээр ашигласаж чаддаг. Зүүн баруун тархины үйл ажиллагааг авч үзвэл. Зүүн тархи нь тусгайгаас ерөнхий боловсруулалт хийдэг. Өөрөөр хэлбэл нэгж баримтуудад илүү анхаарч түүнийг цуглуулах замаар эцсийн оюун дүгнэлт хийдэг гэсэн үг. Харин Баруун тархи ерөнхийгөөс тусгайд боловсруулалт хийдэг. Эхлээд ерөнхий дүр зурагт тулгуурлан оюун дүгнэлтээ хийчихдэг бөгөөд нэгж баримтуудад ач холбогдол бага өгдөг. Мөн зүүн тархи боловсруулалтыг дэс дараалсан байдлаар цэгцтэй хийдэг. Баруун тархи асуудлыг дэс дараалсан байдлаар авч үзэхгүй хэсэгчлэн тасдаж санамсаргүй боловсруулалт хийдэг гэнэ. Бид логиктой сэтгэх гэж ярьдаг. Зүүн тархитны эрхэмлэдэг зүйл нь логик байхад баруун тархитных сэтгэл хөдлөл байдаг.
Эцсийн дүндээ баруун зүүн тархи аль аль нь өндөр хөгжвөл сайн бөгөөд тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцоог хурдасгах нь чухал бололтой. Тархины нууц тайлагдах хэмжээгээр түүнийг хөгжүүлэх арга тестүүд боловсронгуй болох биз ээ.

Ой ухааныг сайжруулах аргууд
Ой тогтоолт бол сурах чадвар учир үүнийг хөгжүүлж болдог. Аливаа зүйл суралцахад цаг хугацаа, хичээл зүтгэл, тэвчээр, оролдлого шаарддаг шиг ой тогтоолтыг хөгжүүлэх аргуудын хувьд ч энэ бас ялгаагүй ижил юм. Ой ухаан сайн байх явдал нь төрөлхийн ой тогтоох чадвараас бус ой тогтоолтын аргуудыг хэр зэрэг сайн эзэмшсэнээс хамаардаг. Тиймээс хүн ой тогтоолтын аль болох олон аргад суралцах аваас ой тогтоолт аяндаа хөгждөг.
Ой тогтоолтын аргачлалуудаас аливаа мэдээллийг дэс дараатай санах хамгийн энгийн аргачлал болох “Гинж буюу Холбох” арга дээр ярилцъя.

Гинж буюу Холбох арга
Жишээ нь үгсийн жагсаалтыг дэс дараатай санахын тулд гинж байдлаар холбож төсөөлнө. Яагаад гэхээр гинжний эхний цагираг хоёртоо холбогдоно. Хоёр нь гуравтайгаа гэх мэтчилэн ар арын цагирагтай холбогдсоо байх болно. Эндээс санаа аван бид цээжлэх мэдээллээ өөр хооронд нь маш сайн холбож төсөөлнө. Сэтгэл хөдлөл оролцсон мэдээллийг хүн мартдаггүй учих төсөөлөл дэх үйл явдал аль болох хошин байх ёстой.

Холбох аргыг заасны дараа 20 үгийг холбох дасгал ажиллуулав. Дасгал ажил маш сонирхолтой үр дүнтэй байсан бөгөөд үзэгчдын ихэнх хэсэг уг дасгалыг амжилттай гүйцэтгэсэн юм.

Гадаад үг хэрхэн тогтоох вэ?
Гадаад хэлний шинэ үг тогтооно гэдэг хэл сурч буй хүний хувьд ихэнхдээ төвөгтэй байдаг. Шалтгаан нь тухайн гадаад үгийг харж төсөөлж харж чадахгүй оршино. Учир гадаад үг бол хийсвэр мэдээлэл юм. Үндсэндээ ямарч гадаад хэлний шинэ үгийг төсөөллийн болон хошин байх гэсэн зарчим дээр тулгуурлан богино хугацаанд, хурдтай, хөгжилтэйгөөр цээжлэх боломжтой. Бидний хийх ёстой зүйл бол тухайн гадаад үгтэй дуудлага төстэй монгол үг олох явдал юм. Дуудлага яг ижил биш төстэй үг байх учир ямар ч гадаад үгэд 100% дуудлага төстэй үг олдох боломжтой. Гэхдээ үндсэн аргачлалуудаа өмнө нь маш сайн үзсэн байх хэрэгтэй. Гадаад үгний хувьд жишээ болгож sever – таслах, огтлох, салгах гэсэн утгатай үгийг авъя. Sever –тэй дуудлага төстэй монгол үг Сэвүүр байж болно. Санах сэжүүр болох үгийг л гаргах нь чухал. Сэвүүр гэсэн монгол үгнээс дараа нь Sever гэсэн англи үгийг санах бүрэн боломжтой. Ингээд хошин эсвэл ер бусын төсөөллийг харж эхэлнэ. Сэвүүр барьчихсан эргэн тойронд буй бүх зүйлийг тасдаж, салгаж байгаагаар өөрийгөө харах нь чухал. Ингэснээр дараа нь sever гэсэн үг хэлэхэд төсөөлөл бодогдож таслах, салгах гэсэн үгээ шууд санах боломжтой.

___________________________________________________________
Асуулт хариулт
Асуулт: Хичээлээ онлайнаар заах арга байгаа юу?
Хариулт: Энэ талаар нилээн олон санал ирж байгаа. Он гаргаад Онлайнаар заах боломжийг судална.

Асуулт: Оюун ухааны дасгал хийж байхдаа анхаарлаа хэрхэн яаж төвлөрүүлэх вэ?
Хариулт: Анхаарлаа төвлөрүүлэхэд зориулсан хийдэг дасгалууд гэж байдаг. Хүн бүрийн нас, онцлогт тохирсон дасгалууд байдаг. Энэ талаар манай вэб сайт болон фэйсбүүк хуудсаар орж сонирхоорой.

Асуулт: Ой тогтоолтын яг хэдэн арга байдаг вэ? Тэдгээрээс хэдийг нь хэрэгжүүлвэл тохиромжтой вэ?
Хариулт: Ерөнхий суурь 20 гаран аргачлалуудыг мэддэг байхад түүн дээр үндэслэн бусад шинэ аргуудыг өөрөө зохион гаргаж ирж болдог. Өөрөөр хэлбэл эдгээр үндсэн аргуудыг хооронд нь хослуулан өөрт тохирсон шинэ аргуудыг бий болгоно гэсэн үг юм.

Асуулт:  Монголын Оюун Ухааны Академийн байршил хаана вэ?
Хариулт: Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж 16/3, “G&D” center, 403 тоот /Арслантай гүүрний хойд талд/, Утас: 7011-9200, 9712-9200
Вэб хаяг: www.mindsport.mn

Асуулт: Он, сар, өдрийг яаж цээжлэх вэ?
Хариулт: Он, сар, өдөр гэсэн тоон мэдээлэл цээжилж сурахын тулд бид бүхэн Үсэг Тооны Код аргыг мэдэж байх хэрэгтэй. Аргачлалуудыг тайлбарласан ном тун удахгүй хэвлэгдэж гарна.

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=YZckb6OYIx0

Ном зүй

Хэрвээ та яаг одоо оюуны спортоор хичээллэхээр шийдсэн бол дараах ном, зохиолууд танд хэрэг болж магадгүй юм.

  • Raymond Keene, 2013, “The Official Biography of Tony Buzan: The Man Who Introduced the World to Mind Maps”
  • Dominic O’Brien, 2012, “The Brilliant Memory Tool Kit: Tips, Tricks and Techniques to Boost Your Memory Power”
  • Dominic O’Brien, 2012, “How to Develop a Perfect Memory”
  • Dominic O’Brien, 2011, “You Can Have an Amazing Memory”
  • Dominic O’Brien, 2002, “Numbers and Dates (Never Forget)”
  • Dominic O’Brien, 2002, “Names and Faces (Never Forget)”
  • Dominic O’Brien, 2001, “Quantum Memory Power: 8 volume set”
  • Tony Buzan, 2011, “Buzan’s Study Skills: Mind Maps, Memory Techniques, Speed Reading and More!” (Mind Set)
  • Tony Buzan, 2011, “Age-Proof Your Brain: Sharpen Your Memory in 7 Days”
  • Tony Buzan, 2009, “Mind Maps for Business: Revolutionise Your Business Thinking and Practise”
  • Tony Buzan, 2003, “Mind Maps For Kids: An Introduction”
  • Carol Turkington, 1996, “12 Steps To Be Better Memory”
  • Edelman, Shimon, 2008, “Computing the Mind: How the Mind Really Works”

Уулзалтад 100 гаруй хүн хүрэлцэн ирж, гурван цаг гаруй үргэлжилж 2013 оны 11 дүгээр сар 28-нд 21 цаг 16 минутад уулзалт өндөрлөв. Энэ удаагийн уулзалтыг анх удаа онлайн дамжууллаа.

Тэмдэглэл хөтөлсөн:Улаанхүүгийн Ганзориг (Цахим Өртөө Холбоо ТББ-ын Англи дахь Бүс Нутгийн Төлөөлөгч)
Зураг бичлэгийг үйлдсэн. Ц.Азхүү, Azaa studio
Онлайн шууд дамжуулалтыг бэлтгэн хийсэн: Бизнесийн удирдлагын мэдээллийн зүйн докторант Б.Будхүү