“Оюунлаг Оршихуй“ цувралын энэ удаагийн дугаараар та бүхнийг орос хэл, утга зохиолын багш, орчуулагч, улс төрч, “Сайхан Булган” ХХК-ын ерөнхий захирал, Цэцэн Билигт Өүлэн Эх ТББ-ийн тэргүүн, Булган аймгийн Могод сумын уугуул А.Лхамжавын оюуны дотоод ертөнцөөр аялж, сэтгэлийн үгс, сургааль зөвлөмжийг нь сонсгох болсондоо таатай байна.

Британийн Монголчууд бид түүний ухаалаг атлаа омголон, намуухан атлаа долиголсон шүлэг найргийн дээжсээс  танилцаж зүрх сэтгэлийн аялгуунд нь өөрсдийнхөөрөө хөглөгдөж, шинэ бүтээлийг нь хүсэн хүлээдэг, шүлэг найргийг нь цээжилдэг, ая зохион дуу хийдэг болсон билээ.

Энэ цагийн нэртэй хэл судлаачид, эрдэмтэд, сэтгүүлчид түүнийг үнэлж ийнхүү тодорхойлсон нь бий.

• МЗЭ-ийн болон шилдэг бүтээлийн “Алтан Өд” хошой шагналт, яруу найрагч, Хэл бичгийн ухааны доктор, утга зохиол судлаач шүүмжлэгч, П.Батхуяг –…Энэ хүн бол жамыг ухаарсан хүн байна, эх оронч хүн байна. Хүн ийм хэмжээнд хүрчихсэн байхад нэг их том яруу найрагч байхын хэрэг юу сан билээ.

• 2012 оны “Ган үзэгтэн” шагналын эзэн, нэрт сэтгүүлч Б.Ганчимэг -…Энгийн намуухан, эр нөхрийн нөмөрт юм шиг атлаа, өөрийнхөө зарчмаас гажаагүй,.. амьдралыг сэтгэлдээ ширгээн тунгааж, шүр сувд шиг ухаарлыг түүн хэлхдэг … жинхэнэ монгол эмэгтэйн манлайллыг харуулсан нэгэн…

• “Үнэн” сонины хариуцлагатай нарын бичгийн дарга, “Ган үзэгтэн”шагналт, Хэвлэл Мэдээллийн тэргүүний ажилтан, сэтгүүлч Б.Мөнхтуяа – …Өөрийнх нь хэлснээр яруу найрагч байх албагүй, хүн л байх ёстой. Баян байх албагүй, өөрийгөө л олох хэрэгтэй гэсэн санааг А.Лхамжав гуайн ярьсан үг болгоноос би мэдэрч суув.

Уулзалтын сэдэв: “Би хэн бэ? Амьдралын утга учир юу вэ?”

Бүтээл туурвил:
• Яруу найргийн “Хүйн ижий уул”, “Зүрхний үг”, “Ирэхүй, Оршихуй, Одохуй” , дурсамжийн “Хос тэнхлэг” , орчуулгын Линда Гудминий “Одон зурхай хувь заяаны мишээл”, Хэт Монстрийн “Дэлхийд танигдсан зурхайн шилдэг аргууд” номнууд
• Шүлгүүдээр нь зохиогдсон 15 дуу бүхий цомог
• Санаачилан, бүтээн босгож буй аялал жуулчлалын “Өүлэн эх” түүхэн цогцолбор

Уулзалт 2014 оны 01 дүгээр сарын 17-ны 15 цагаас Rudolf Steiner House Theatre (35 Park Road, London, NW1 6XT)-д болно.

BTV телевизийн ГЭГЭЭН ХОРОМ нэвтрүүлэг