Маск, маск бас дахин маск гэж хэлмээр байна

Тайвшрах цаг ирсэн үү?
“Би үгүй гэж хэлнэ
ээ. Нэг үеээ бодвол цар тахалын хурц үе дарагдсан ч ямар аюултай өвчин болохыг дэргэдээс нь харсан хүний хувьд бүрэн эмчлэх эмчилгээ гартал хэзээ ч тайвширч болохгүй гэж хэлмээр байна”

 

Цар тахалын энэ үед галын шугаманд ажиллаж байгаа нэгэн элэг нэгт эмнэлэгийн ажилтантай ярилцаж нөхцөл байдал ямар байсан, байгаа, байж болох талаaр тодруулснаа хүргэж байна. Өөрийн нэр, ажилладаг эмнэлэгээ хэлэхийг хүсээгүй тул эс өгүүлэв.

Таны эргэн тойронд нөхцөл байдал ямар байгаа талаар бидэнд мэдээлэл өгөхгүй  юу

Манай тасаг COVID-19  өвчтөнүүдийг авч эмчилж байгаа.Өвчтөн бүр дээр шинж тэмдэгүүд  янз бүр илэрч байсан ч нийтлэг зүйлс ажиглагдсан. Эхний ээлжинд ханиах, өндөр халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох, үе мөч, булчин маш ихээр өвдөх, бөөлжих, шингэх алдах гэх мэт нийтлэг шинж тэмдгүүд илэрч байна. Ханиах бол хамгийн түгээмэл шинж нь. Тасагт ороход энд тэндгүй л ханиалга. Сүүлдээ ханиах чимээ сонсохоор нуруу хүйт даах шиг болж байсан. Зарим тохиолдолд бүр цустай цэр гарч байна. Мөн хоол идэх дуршил буурах цаашлаад амтлах, үнэрлэх чадвараа алдаж байна. Ер нь цар тахалын илрэх шинж тэмдэгүүдийн тоо одоо ч нэмэгдсээр байгаа. Нэг сонин тохиолдол гарсан. Манай эмнэлэгт гэнэтийн осолд ороод ирсэн хүнийг CT сканд оруулахад уушигнаас нь COVID-19-ийн вирус илэрсэн.

Цар тахалын оргил үед өвчтөнүүд ар араасаа нас барж байсан. Ёстой кинон дээр  гардаг шиг л… Маш аймшигтай!

Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн дүр зураг бол нас барж байгаа хүмүүс ар гэр, хань ижил, үр хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй өвчтөний орон дээр гав ганцаараа хорвоог орхиж байгаа явдал байлаа. Үүнийг харгалзан үзэж эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүдээ ар гэрийхэнтэй нь онлайн уулзалт хийлгэж байна. Ингэснээр өвчтөний сэтгэл санаа дээрдэж дархлаа нь сайжирч байгаад эмч болон эмнэлгийн ажилтан бидний  сэтгэл өөдрөг байгаа. Жишээ нь манай тасагт хэвтэж эмчлүүлж байсан 80 настай эмээгийн төрсөн өдрийг онлайнаар гэрийхэнтэй нь хамт инээд баясал, хөөр хөгжилтэй тэмдэглэлээ. Өвчтөн маань хэдий өндөр настай ч  COVID-19 цар тахлыг ялан дийлээд гарахад бид маш их баярлаж бүгд нүдэндээ нулимстай хүндэтгэлтэйгээр үдэн гаргаж өгсөөн.

Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад өвчтөн болон эмнэлгийн ажилтанууд сэтгэл зүйн хямралд өртөж байна. Жишээ нь өөрсдөө халдвар авахгүй байх, яаж ар гэрийнхэн, найз нөхдөө энэ вирусээс хамгаалах вэ гээд олон асуудал тулгарч байна.  Тиймээс эмнэлэгийн ажилтнуудад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх тусгай баг эмнэлэг дээр ажилллаж сэтгэлийг нь  зовоож байгаа асуудлыг нь сонсож, зөвлөж байгаа нь эмнэлгийн ажилчид цаашид тогтвортой ажиллах сэтгэл зүйн том дэмжлэг болж буй.

Миний хувьд гэр бүлээсээ өөрийгөө гэртээ бүрэн тусгаарласан байдалтай амьдарч байсан. Эмнэлгийн ажилчдийг шинжилгээнд хамруулж миний шинжилгээ сөрөг гарсанд сэтгэл маш их тайвширч гэрийнхэнтэйгээ “ойр дотно” уулзаж, хүүгээ чанга тэвэрч сэтгэлээ онгойлголоо.

Бас нэгэн таатай үйл явдал бол төрөл бүрийн бизнесийн болон сайн санааны байгууллага, хувь хүмүүс цаг наргүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчидаа дэмжин тусалж  байгаад талархаж байна.    

Эмнэлэгийн ажилтнуудын хамгаалалтын хувцас, хангамжийн тухайд...  

Эмнэлэгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах учиртай PPE буюу хамгаалалтын хувцас хэрэгсэл цар тахал тархаж эхлэхэд ч хангалтгүй байсан, одоо ч хангалтгүй хэвээрээ байгаа. Ийм нөхцөл байдлаас болоод олон эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид амь эрсэдсэнийг бид бүгд мэднэ. Маш харамсалтай.  Манай эмнэлэгээс л гэхэд бид цөөнгүй ажилтнаа энэ өвчнөөр эмгэнэлтэйгээр алдсан.

Британид тахалын тархалтын оргил үе өнгөрлөө. Хориогоо бага багаар тавина гэж ярьж байна.  Тайвшрах цаг ирсэн үү?

Би үгүй гэж хэлнэ ээ. Нэг үеээ бодвол цар тахалын хурц үе дарагдсан ч ямар аюултай өвчин болохыг дэргэдээс нь харсан хүний хувьд бүрэн эмчлэх эмчилгээ гартал хэзээ ч тайвширч болохгүй. Маск, маск бас дахин маск гэж хэлмээр байна. Маскаа зүүхдээ зөв зүүх хэрэгтэй. Энэ өвчин хүнийг ялгаварлахгүй. Тийм учраас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалья гэвэл маскаа зүүгээд, гараа ойр ойрхон удаан сайн угаа гэж л захимаар байна.

 

Хамгаалалтын хэрэгсэлүүдийг хэрхэн зөв хэрэглэх тухай бичлэг зааврууд интернэтэд зөндөө байгаа. Тухайлбал https://youtu.be/-GncQ_ed-9w гэх мэт. Та бүхэн сайн судлаад, үзээд өөрсдийгөө энэ аюулт тахлаас хамгаалаарай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Хорио тавигдсан ч олон хүнтэй газар явахгүй байх, чанартай хоол хүнс хэрэглэж дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Дахин хэлэхэд энэ аюулт өвчин нүдэнд харагдахгүйгээр бидний амь насанд аюул занал хийж байгаа гэдгийг мартаж болохгүй ээ. Ийм хүнд хэцүү үед Монголчууд бид юу юунаас илүү бие биендээ тус дэм болж хамтдаа энэ хэцүү цаг үеийг даван туулах болно оо. Ер нь энэ тахал бас нэгдмэл байхын утга учрыг улам ихээр ойлгуулж байгаа.

Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.

Мэдээлэл өгсөн танд баярлалаа.  Мөн танд болон таны хамтран ажиллагсдад эрүүл энхийг хүсье!

Ярилцсан Д.Цэрэнбат

Сайхан сэтгэл, хичээнгүй зүтгэл хоёр нийлэхээрээ эгэл мэт эгэлгүйг бүтээх аж

Шотландын Эдинбург хотноо амьдардаг оёдолчин М.Оюунцэцэг коронавирусын тахал тархан хаа сайгүй  барьц алдаж шаардлагатай хамгаалалтын хэрэгсэл дутмаг буй хүнд хэцүү үед  чаддаг хийдэг зүйлээрээ тус болохоор өөрийн  санаачилга,  хөрөнгөөр 1000 маск урлан  Нийтийн Эрүүл Мэндийн Системийн (NHS) ажилтнуудад гардуулсан нь олны талархал хүлээж өдгөө түүний санаачилгыг дэмжиж хөдөлгөөн өрнөөд буй билээ.

Тэрээр “Захиалгаар хүрэм, хуримын даашинз, бусад хослол зэрэг хийдгийг та мэдэх байх, коронавирустэй холбогдоод үйл ажиллагаа зогссон. Оёдлын цех маань гэрийн дэргэд болохоор энэ санаагаа хэрэгжүүлэхэд амар байлаа. Эхний 1000 маскаа өөрөө материалаа авч ( багцаагаар нэг маск 1 фунт орчим зардлаар хийгдэнэ гэвэл хэдий хэмжээний зардал өөрөөсөө гаргасан нь мэдэгдэнэ. Д.Ц ) 3 долоо хоног сууж оёсон. Хөрш маань харчихаад чи өөрөөсөө зардлаа гаргаад байгаа юм уу,  материалаа авахад чинь хөрөнгө босгож туслая гээд gofundmen.com дээр онлайн хандив босгох хуудас нээсэн нь тэр.

Маскаа чанартай, угаагаад дахин хэрэглэх боломжтой загвараар 10 оёотой хийж байгаа. (1 масканд 10 оёоо гэхээр 1000 масканд багагүй цаг шаардагдахаар аж Д.Ц) Мөн хүн өөртөө тааруулж тохируулаад маскны уяагаа сунадаг материалаар (резин) хийж буй. Одоо захиалсан резин маань ирчихвэл нэмээд 1100 маск хийх бусад материалаа авсан, оёдлоо эхлүүлсэн байгаа. Хүмүүс дэмжээд эхлэхээр урамшаад орой үдэшгүй л сууж байна. Хэрэгтэй шаардлагатай газартаа түргэн очиж өвчнөөс хамгаалах сэргийлэхэд нь тус болж байвал тэгээд болох нь тэр…” хэмээн өгүүлэв.

Түүнтэй мессенжэрээр холбогдон ийнхүү ярихад шөнийн 11 цаг өнгөрч байсан ба “өнөөдрийнхөө оёог ингээд дуусгаад харьж амарлаа” хэмээж байсан.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” хэмээдэг. Хүнд бэрх энэ цаг мөчид сайхан сэтгэл гарган өөрийн чадах зүйлээрээ тус нэмэр болон зүтгэж буй  ажилсаг шаавай Оюунаагаараа эрхгүй бахархалаа.  Сайхан сэтгэл, хичээнгүй зүтгэл хоёр нийлэхээрээ эгэл мэт эгэлгүйг бүтээх аж

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

 

Энгийн иргэн жижиг, дунд бизнесийн хүрээнд эх оронтойгоо холбоотой бизнес хийх ямар боломжууд байгаа талаар ярилцая

Оюунлаг оршихуй цуврал уулзалтын 51 дэх дугаараар Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөх Э.Цогтбаяр оролцож Монгол, Британийн хoорондын худалдаа, түүний статистик үзүүлэлтүүд ба Британи дахь Монголчуудад санал болгох жижиг дунд бизнесийн боломжууд” сэдвээр уулзалт ярилцлага хийнэ. Ингээд ярилцлагын зочинтой хийсэн уламжлалт “бие халаах” товч яриаг хүргэж байна.
1. Бидний урилгыг хүлээн авч яриа хийхээр болсонд баярлалаа. Юуны өмнө Та Британид зочилж буй хэрэг зоригийнхоо талаар товч танилцуулахгүй юу?
Эдийн засгийн таамаглал боловсруулах, бодлогын арга, хэмжээний нийгэм-эдийн засагт үзүүлэх нөлөөг тооцох хүрээнд a) Их британи, умард ирландын нэгдсэн вант улсын нэр бүхий байгууллагуудын туршлагаас судлах, б) холбогдох чиглэлээр харилцаа тогтоох, в) цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар санал солилцох зорилгоор Сангийн яамны төлөөлөл томилолтоор ажиллаж байгаа ба миний бие уг багт багтсан. Өмнө нь би Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлд Бизнес хөгжлийн шинжээчээр ажиллаж байсан туршлагатай.  Элчин сайдын яамны ажилтан Мөнхдэмбэрэлээс дээрх төслийн явцад экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй ажиллаж байсан туршлагаасаа хуваалцаач гэж санал тавьсны дагуу та бүхний зохион байгуулж буй энэ арга хэмжээнд оролцохоор шийдсэн.
2. Британи Монголын худалдаа гэхээр уул уурхай л түлхүү байх болов уу гэж бодогдов
Хоёр орны хоорондох худалдаанд уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа, мөн түүнтэй холбоотой машин, механизм болон бусад дагалдах бараа, үйлчилгээ багагүй хувь эзэлдэг. Уул уурхайтай холбоотой энэ чиглэлийн бизнес ихэвчлэн томоохон байгууллагын түвшинд хамаарах болохоор жижиг, дунд бизнесийн чиглэлээр, тодруулбал Британид амьдарч буй монголчууд маань эх оронтойгоо холбоотой ямар бизнес хийх боломжтой талаар ярилцахаар төлөвлөж буй миний хувьд шууд хамааралтай биш болов уу. Энэ арга хэмжээний үеэр би уул уурхайн бус экспортын боломж, тодруулбал ноос, ноолууран бүтээгдэхүүний худалдаа, аялал жуулчлалын талаар түлхүү ярилцана.
3. Хилийн чанадад суугаа Монголчуудын эх орондоо бизгес эрхлэх боломжийн талаар ярина гэхээр их сонирхолтой байна Хоёр улсын иргэншилтэй хүмүүс олон болсон Тэд эх нутагтаа чиглэсэн бизнес эрхлэмээр байдаг. Энэ бүгдэд манай улс эрх зүйн хувьд бэлэн үү. Тухайлбал газар өмчлөх эрх маань хэвээр үү?
Миний хувьд хуулийн мэргэжлийн хүн биш болохоор таны энэ чиглэлээр асуусан хариултанд шууд хариулт өгөхөд хангалтгүй болов уу. Тодорхой шалтгааны улмаас манай улс давхар иргэншлийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй. Иргэдийн хувьд энэ нь хүлээлт үүсгэсэн, хэрэгцээт асуудал боловч шийдэгдэхгүй байгаа цаад шалтгаан нь миний ойлгосноор манай төрийн байгууллагуудын хүнд суртлаас илүүтэй их гүрнүүдийн дунд үндэсний аюулгүй байдлаа хамгаалахад учирч болох эрсдлээс сэргийлсэн хэрэг байх талтай.
Манай бизнес эрхлэгчдийн ажилд цөөнгүй бэрхшээл тулгардаг. Хэдий бэрхшээл багагүй ч тэр бүхнийг даван туулж, дотооддоо төдийгүй гадаадад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж буй бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй төслийн шугамаар ойрхон ажиллах боломж надад олдсон юм. Тэднээс юуг ойлгосон, тэдэнтэй хилийн чанадад юуг хамтарч хийж болохоор талаар надад ажиглагдсан бэ? Энэ талаар л би ярилцана гэж ойлгосон. Ахин тодруулахад э хамтдаа ярилцах юм.
Ярилцсан Д.Цэрэнбат

“Чанарын” Чаз

Туулж өнгөрүүлсэн ажил амьдрал нь алхам алхамаар хөтөлсөөр, санаандгүй учрал тохиолууд ч чиглүүлсээр өдгөө мэдлэг туршлагаа Монголын төлөө зориулж яваа “Монголоор өвчилсөн” гадны иргэд цөөнгүй. Түүний нэг нь 2015 онд үүсгэн байгуулагдсан Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл (ТННЭ), олон улсын ашгийн бус байгууллагын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Чарльз Хаббард буюу Чаз.

Инженер мэргэжил эзэмшиж, хүний нөөцийн удирдлагаар давхар боловсорсон  тэрээр чанарын, аудитийн, ур чадварын, боловсролын гээд олон чиглэлт Британи болон Европийн түвшний төслүүдэд стандарчлалын холбогдолтой бодлогын бичиг баримт боловсруулахаас үйл ажиллагааг гардан зохион байгуулах хүртэлхи ажлуудыг амжилттайгаар удирдаж байсан ажил бүтээлийн арвин туршлагатай нэгэн.

ТННЭ-ийг үүсгэн байгуулагч Д.Уянгатай танил байсан нь түүний ажил амьдралын дараагийн хуудсыг Монголын зүг эргүүлжээ.

Монголын ноолуурын үйлдвэрлэлийн тогтвортой шинжийг олон улсад стандартжуулан баталгаажуулах, дэлхийн ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салшгүй нэгэн хэсэг болгон хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТННЭ-ийн үүсэл гарлаас өнөөгийн төлөвт хүрэхэд Чазийн мэдлэг туршлага хэлхээ холбоо асар их хувь нэмэр оруулсан, оруулсаар буй.

Тэр ямар байгууллагатай ямар хүрээнд аль өнцгөөс хандах, ямар хүнтэй ямар үг яриа өрнүүлж  зорьсон хичээснээ гүйцэлдүүлэх тухайд үнэтэй сургамж зөвлөлгөөгөө өгнө, өөрөө ч үлгэрлэж манлайлна

ТННЭ-д хүчин зүтгэхээр шийдсэнээр юун түрүүн тэрээр Монголын ноолуурын салбарын талаар өөрийн мэдлэг мэдээлэлтэй болох, түүнийгээ батжуулан зузаатгах шаардлага гарав. Тиймээс ч 2015 оноос хойш Монголд нийтдээ 6 удаа айлчлахдаа ТННЭ-ийг төлөөлөн холбогдох яам, газар, Олон улсын байгууллагууд, бизнесүүд, төрийн бус байгууллагуудтай олон удаагийн уулзалтыг хийж, Монголын ноолуур боловсруулах үйлдвэрүүдтэй танилцаж, ТННЭ-ийн гишүүн малчдын хоршоод, малчдаар зочилж, яриа өрнүүлж, Монголын уламжлалт мал маллах ухааны талаар мэдээлэл авч, малчин түмний амьдрал ахуйг ойлгоход анхааран тэднээс суралцаж амсхийх завгүй ажилласаар иржээ.

Түүний санаачилга дэмжлэгтэйгээр өнгөрсөн 4 жилийн  хугацаанд дэлхийн нэр хүндтэй брэндууд, судлаачдыг малчидтай нүүр тулан уулзах боломжийг хангасан, бодлого боловсруулагч нартай хамт тогтвортой ноолуурын үзэлд санааг хэлэлцсэн чиг хандлагыг тодорхойлохыг эрмэлзсэн олон улсын хурлыг Улаанбаатар хоёронтоо зохион байгууллаа.

Мөн түүний л  хичээл зүтгэлийн оролцоотойгоор өдгөө ноолуурын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийн нэр хүндтэй 20 гаруй үйлдвэрлэгчид, брэйндууд тус Эвслийн гишүүнээр элсэн хамтран ажиллаж байна.

“Яарах хэрэггүй, ойлголцолд хүрэхэд цаг хугацаа хэрэгтэй байдаг. Тууштай л байх нь чухал. Тэгэж байж л чанартай үр дүнд хүрнэ.” гэж тэрээр хэлдэг.

Бидний ярьдгаар гавъяаныхаа амралтад сууж байх учиртай ч Чаз маань Монголын ноолуурын үйлдвэрлэлийг тогтвортойгоор хөгжүүлэх үйлсэд ийнхүү цаг наргүй, цалин хөлсгүй ажиллаж байна. Түүний энэ их зарцуулж буй цаг сэтгэл, хичээнгүй оролцоог үнэлвэл, цалин болгож тооцвол овоо дүн гарнадаа гэж бодогддог юм.

Харин  тэр Дэфакто ярилцлагын нэвтрүүлэгт орох үедээ “энэ миний амьдралдаа хийж ирсэн ажлууд дотроос хамгийн их сэтгэлийн таашаал авч хийдэг ажил”  хэмээн ярьж байхуй. Буян нь дэлгэрэг!

Жич: Чанарын удирдлага, стандарт гэж байнга ярьдаг, хэлж ярьж хийж үзүүлж буй нь ч чанартай байхын үлгэр болж байдаг тул түүнийг би “Чанарын” Чаз хэмээн битүүхэн хочилдог. Түүгээрээ энэ бичвэрээ нэрийдэв.

Бичсэн Д.Цэрэнбат

Ихэвчлэн гүрэн байсан юмуу эртний язгуур овог аймгуудад туульс үлдсэн

Элчин Сайдын Яам, Цахим Өртөө Холбоо, Британи дахь олон нийтийн байгууллагуудаас хамтран зохион байгуулдаг “ОЮУНЛАГ ОРШИХУЙ” цувралын 50 дахь дугаар 2019 оны 9 сарын 20-ны Баасан гарагт Элчин сайдын яамны хурлын танхимд зохион байгуулагдана

Энэ удаагийн илтгэгч зочноор Монгол улсын соёлын элч, төрийн туульч, МУСГЗ Э.Баатаржав уригдаж “ӨВӨГ МОНГОЛ СОЁЛ” сэдвээр уулзалт ярилцлага хийхээр болсон ба түүнтэй хийсэн уламжлалт “бие халаах яриа”гаа толилуулж байна.

Тууль гэж юу вэ? Тууль хайлах нь зан үйл үү, урлагийн нэг төрөл

Нүүдэлчин Монголчуудын аман билгийн том соёл. Туульсыг нэг өгүүлбэрээр тайлбарлах амаргүй. Туулинд зан үйл, урлагийн төрөл аль, аль нь хамаарна. Хүнд хэцүү цагт ,дайн байлдааны өмнө хайлдаг хатуу тууль гэж байхаас гадна сайн сайхан цагийг алтан нартад урин дууддаг зөөлөн цагаан туульс гэж бий.Ц.Дамдинсүрэн гуай 60, 70 онд манай багш нарыг судлаад .”..эдэнд эртний үгсийн амин хүч хадгалагдаж ирсэн байна. Мөн нөгөө талаар нүүдэлчин малчин ардын үзэх дүрс, унших номыг багтаасан гэрийн театр юм…” гэж дүгнэж байсан юм. Б.Ренчин гуай ч манай настай туулчидтай их ойр дөт байлаа. Хэл зохиолын хүрээлэнд соронзон хальсанд хадгалагдаж байдаг. Туульс мөн түүхэн өөр өөр цагийн тухай өгүүлдэг учраас нас нь /үечлэл/ өөр өөр. Эртний буюу дундад эртний туульс их ховордож байна даа.

2. Монголд өдгөө тууль хайлалтыг судлаж  буй,хайлж буй хүн олон уу, Таны ажиллуулж буй Сүбээдэйн удам ТББ нь ардынхаа энэ соёл уламжлалыг хамгаалан хөгжүүлж буй зорилгтой байх Тийм ээ.Нэрийг нь яагаад Сүбээдэй баатартай холбож өгөв

Туульчид маш цөөхөн. Бас удам дамждаг болоод тэрч юмуу, эсвэл одоогийн хүмүүс завгүй яаруу болоод ч тэрүү сайн туульч шавь нар цөөхөн гарч байна. Дэлхий дээр туультай орон арван хуруунд ч хүрэхгүй. Ихэвчлэн гүрэн байсан юмуу эртний язгуур овог аймгуудад туульс үлдсэн байдаг. Миний дээд өвөг Монгол урианхан хүмүүс. Мөн Сүбээдэй баатар дэлхийн хамгийн шилдэг жанжин. Сүбээдэй баатар хүү Урианхайдаа, түүний хүү Ачу баатарын хамт бас гурван хааныг дамнан Монголын төрд хүчээ өргөсөн байдаг.Мөн Сүбээдэй баатарын гарвалийн тухай өгүүлдэг “Мөнх сайхан төрт Алтан торц баатар” гэж сайхан туульс бий. Энэ жил төрийн ордонд хайлагдлаа.

3. Та дэлхийн олон орноор туулиа танилцуулж хайлж явлаа Бусад оронд очоод харахад ижил төстэй зан үйл бүхий ард түмэн хэр их байна.

Эртний улсууд хоорондоо нэлээд төстэй. Гэхдээ даяарчлалын энэ үед язгуур соёл ихээхэн устаж байгаа ч амьд байгаа цөөхөн өвлөн уламжлагч, мөн эдийн соёлынхоо ачаар Монгол улс маань гүрэн байсан эртний улсуудын хэв шинжээ хадгалсаар л байгаа.

Уулзалтаараа та бүхэнтэйгээ энэ талаар дэлгэрэнгүй сайхан ярилцаж хөөрөлдөнө. Би бас зарим тууль хайлах үзүүлбэрүүдийг ч та бүхэндээ үзүүлнэ. Гялаалаа та нартаа.

 

Хөөрөлдсөн 

Д.Цэрэнбат

Идэвхитэй, тогтвортой ажиллагаатай ТББ-ууд нийгмээ өөрчлөх шинэчлэхэд чухал үүрэгтэй

2000 оны эхэн дунд үед Британид байсан Монголчууд “Монгол пабны Батбаяр” гэхээр түүнийг андахгүй. Монголчуудын цуглаж хурдаг, баяр хөөрөө тэмдэглэдэг газар тэр үед бидний нэр өгснөөр “Монгол паб”, түүнийг ажиллуулж Монголчуудаа үе үе хураадаг нь Батбаяр байлаа.
Эмч мэргэжилтэй тэрээр сурч боловсрох, амьдралаа дээшлүүлэхээр гадаадад гарсан Монголчуудын урсгалын эхэн хэсэгт явагчдын нэгэн. Ажиллахын хажуугаар өөрийн мэргэжил Нийгмийн Эрүүл Мэндийн , мөн Бизнесийн Удирдлагын чиглэлээр тус тусМастерийн зэрэг  хамгаалсан. Монголдоо очиж мэргэжлээрээ хэсэг ажиллаад улмаар нийгмийн нээлттэй байдлын төлөөх ТББ-ийн гүйцэтгэх захиралаар өдгөө ажиллаж байна. Монголчуудын дундах нийтийн сүлжээнд ялангуяа жиргээнд тэрээр олонд танигдсан нэгэн болоод буй. Түүнийг Лондон хотноо түр ирээд буйг нь тохиолдуулж эргэж очоод эх орондоо ажилласан туршлага үзэж анзаарч буйгаасаа хувaaлцана уу хэмээн энэ удаагийн Оюунлаг Оршихуй уулзалтад оролцохыг урилаа. Товч “бие халаах” яриа өрнүүлснээ хүргэж байна

1. Нутагтаа очоод цөөнгүй жил боллоо. Сүрьетэй холбоотой төрийн байгууллагад ажиллаж байсныг тань санаж байна
Улс орон бүрт National Tuberculosis Program гэсэн байгууллага байдаг. Тэр нь тухайн орны сүрьэтэй тэмцэх стратегийг хэрэгжүүлдэг гэсэн үг. Монголд ХӨСҮТ (Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв) дотор Сүрьеэгийн Тандалт Судалгааны Алба гэж байгууллага нь энэ ажлыг хийдэг. Энэ албаны даргаар Лондонгоос очоод 3 жил ажилласан. Лондонд Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр хийсэн тул мэргэжлийн ажил маань байсан. Ажлаа хийх хугацаандаа Үндэсний хэмжээний сүрьеэгийн тархалтын анхны судалгааг эхлүүлэх, Британы Medical Research Council байгууллагтай хамтарсан эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг богиносгох олон улсын судалгаа болон ажлаа өгсний дараа Харвардтай хамтарсан Сурагчдыг сүрьеэгэас сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө судалгааг эхлүүлэхэд хувь нэмрээ оруулж чадсан байдаг. Манайх шиг улсад хамтарсан том судалгаа хийж хүмүүсээ хөгжүүлэх асуудлаа шийдэх гарц л байдаг

2. Трансперенси Интернешнл Монгол ТББ -д ажиллах Гүйцэтгэх захиралаар ажиллах болжээ Ярилцлагын сэдвээс харвал ер нь ТББ-н нийгэмд үзүүлэх нөлөөллийн ач холбогдлыг өгүүлэх болтой .
Үүний дараа Эрүүл мэндийн салбар дахь ил тод байдлын асуудал их чухал юм байна гэж ойлгоод олон улсын авлигатай тэмцдэг ТББ монгол дахь салбар Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагын эрүүл мэндийн хөтөлбөрүүд дээр ажиллаж эхэлсэн. Тухайлбал эмийн үнэ ба чанарыг сайжруулах чиглэлээр. Улмаар энэ байгууллагын бусад үйл ажиллагаа болох бизнэсийн орчин дахь шударга байдал, уул уурхайн салбарын авлигын эрсдэл, улс төрийн намуудын ил тод байдал, иргэний төсөв, нийгмийн эргэх хариуцлагын чиглэлээр, хүний эрх ба авлигын чиглэлээр гэх мэт төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж нийгэмд ТББ ихээхэн үүрэг гүйцэтгэж нийгмээ өөрчилж болох юм байна гэсэн итгэл төрөх болсон. Энэ талаараа үзэж туулж, анзаарч буй дээрээ тулгуурлан ярих, санал бодлоо хуваалцах бодолтой байна.

3. Сошиал сүлжээнд ялангуяа жиргээнд их идэвхитэй байгаа харагддаг. Сошиалын сүлжээний нөлөөллийг үйл ажиллагаандаа ашиглаж байна аа даа
Сошиал сүлжээний хувьд жиргээндээ 17,000 дагагчтай. Жиргээгээр дамжуулж нийгэмд өөр өнцгөөс харсан хүмүүст хэрэгтэй тэр тусмаа Британид үзэж харсан уншсан сайн жишигүүдийг нийгэмд түгээх боломж гэж хардаг. Жишээ нь эрүүл мэндийн чиглэлээр Британын эрүүл мэндийн салбарын сайн жишигүүдийг уншиж судалж хүмүүст хүргэхийг хичээдэг . Заримдаа үр дүн өгсөн ч харагддаг. Монголчууд сонин бага уншдаг сошиал их ордог болчихсон тал бий.

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат

Британи дахь монголчууд хавдрын эсрэг олон нийтийн гүйлтэнд оролцоно

Лондонгийн өвлийн хамгийн том гүйлт болох гэж байна. 23 мянган хүн гүйнэ гэж цахим хуудсанд нь бичжээ Энэ хүмүүс дотор 30 гаран Монголчууд маань баг болон бүрдээд гүйхээр шийдэж сүүлийн 3 сар гаран бэлтгэлээ хийцгээж буй . Ингээд энэ удаагийн гүйлтэд Монголчуудаа уриалан дуудаж нэтгэн зохион байгуулж буй Д.Үднарантай хөөрөлдлөө

Олон Монголчууд маань таны уриалгыг дэмжин нэгджээ Анх энэ гүйлтэд гүйх санаа яагаад төрөв

Британид байгаа монголчууд эв нэгдэлтэй, бие биенээ тусалж дэмждэг, наадмаа ч хийдэг, цагаан сарын бөхөө ч барилдуулж хуран цуглаж баяраа тэмдэглэдэг заншилтай. Мөн төдийгүй хэн нэг нь ядарсан өвдсөн үед бид бас чадлынхаа хирээр тус болохийг болохыг хичээдэг. Үүний нэг жишээ нь энэ удаагийн гүйлтэнд оролцох үйл ажиллагаа болж байна. Хүний л амьдрал хойно хэлж ирдэггүй хавдар гэгч хадны мангааны хар сүүдэрт даруулаад жиндүүхэн яваа монгол найз нартаа элэг нэгт монголчууддаа сэтгэлийн дэм өгье гэсэн үүднээс 2019 оны 2-р сарын 3нд Лондон хотноо зохиогдох Британийн Хавдар Судлалын байгууллагаас зохион байгуулж буй гүйлтэнд орох санааг анх гаргаж 2018 оны 10-р сарын 15нд нүүр номондоо уриалга тавьсан. Хавдрын эсрэг үйл ажиллагаанд хандивийн мөнгө босгох үүднээс зохион байгуулж байгаа зорилготой энэ гүйлтэнд ганцаараа орсноос бас хэдэн найз нартайгаа оролцвол цугларах мөнгө нь ахиу бас найз нартайгаа нэг өдрийг сэтгэл хангалуун үр дүнтэй өнгөрөөе гэсэн бодолтой байсан. Британи дахь монголчууд маань Манай монголчууд маш их дэмжиж 30 гаруй хүмүүс гүйхээр бүртгүүлээд, сүүлийн 3 сар бэлтгэл хийлээ.

Дэмжин гүйж буй уг байгууллагынхаа тухай болон та бүхэн хэдий хэмжээний хандив босгох зорилготой байгаа талаараа сонирхуулахгүй юу

Британийн Хавдар Судлалын Байгууллага нь 2002 онд байгуулагдсан хүмүүнлэг, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага. Засгийн газраас санхүүгийн дэмжлэгэ авдаггүй, зөвхөн олон түмний тусламж дэмжлэг дээр тулгуурлаж ажилладаг. Гол зорилго нь  хавдрыг эрт оношлох, анагаах, хавдраар өвчилсөн хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, мөн урьдчилан сэргийлэх болон хүмүүсийн мэдлэг ухамсарыг хөгжүүлэх зэрэг хүрээ далайц ихтэй үйл ажиллагаа явуулдаг. Британид байгаа Монголчууд энэ буяны байгууллагын хишгийг шууд болон шууд бусаар хүртэж байгаа бөгөөд миний өөрийн мэдэхээр хоёр монгол залуухан ээж хөхний хорт хавдарын хавдрын үе шаттай эмчилгээнүүд хийлгээд үр дүнгийг нь хүртээд явж байгаа.  Ягз бүрийн хавдрын оноштой Монгол хүүхдүүд ч эмчилгээнд хамрагдаж байсныг мэднэ.  Иймээс л энэ байгууллагад Их Британид амьдарч байгаа Монголчуудынхаа нэрийн өмнөөс далайд дусал нэмэр болгох үүднээс хандивийн хандивын мөнгө босгох зорилгоор энэ гүйлтэнд оролцож байгаа

Британийн Хавдар Судлалын байгууллага жил бүрийн тайлангаа олон нийтийн мэдэллийн хэрэгслээр дамжуулж ил тавьдаг. 2018 оны жилийн дүнгээр нийт £634 сая хандивийн мөнгө цугларсанаас £49 саяийг зөвхан спортийн төрлийн арга хэмжээнээс олсон байна
Бидний энэ удаагийн оролцож байгаа Өвлийн гүйлт нь 5 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд үүгээрээ £750 мянган паунд босгох зорилготой.

Манай Монголын баг одоогийн байдлаар £4300 гаруйг цуглуулсан байгаа бөгөөд мөн гүйлтийн дараа ч хандив босголт үргэлжилдэг тул энэ хэмжээ нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна
Хандивийн мөнгөний 1 паундны 80 пенс нь хавдарын эсрэг тэмцэлд зарцуулагдаж үлдсэн 20 пенс нь хандивийн сан цуглуулах үйл ажиллагаанд зориулагддагаа хэмээн Хавдар Судлалын байгууллага тайландаа мэдэгдсэн байна

Гүйлтэд оролцсоноор өөр бусад өгөөж нөлөө бас гарч буй байх

Британид амьдардаг Монголчуудын дунд чөлөөт цагаараа гүйдэг, гүйх дуртай хүмүүс олон байдгийг сая мэдэж авлаа. Манай баг энэ удаагийн гүйлтэнд оролцож байгаа 30 аад гаруй хүнтэй дээр дараа дараачийн гүйлтэнд оролцоно гэсэн хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг хэлэхэд таатай байна. Манай Энэ удаагийн гүйдлтэнд хэд хэдэн марафонд өмнө нь гүйсэн гүйж байсан туршлагатай мэргэжлийн гүйгчид Манчаестаер, Охфорд зэрэг хотоос зорин ирж байна. Мөн Британийн өөр мужуудад хотууд болох Кэмбридж, Кэнт, Сюрри, Лондонд амьдардаг монголчууд  өргөнөөр оролцож байгаа, тэр бүү хэл Ирландийн Даблин хотоос нэг найз маань зорин ирж оролцож байгааг  хэлэхэд таатай байна. Энэ бол манай монголчууд сайн үйлсийн төлөө хэрхэн нэгдэж чаддагийн үлгэр жишээ бахархал юм. Гүйлтээр дамжаад Монголчууд маань бас нэгдэж нийлж өөр бусад олон зүйлсийг хамтран хийх суурь болж буйг ч онцлон тэмдэглэх хэрэгтэй байх. Энэ дашрамд танай Ж-Студио манай гүйлтийн ажиллагааны албан ёсны зурагчнаар ажиллаж буйд манайхан маш их талархаж буйг энд хэлэе

Ер нь бол Британид гүйлтийн спорт ихээр хөгжсөн бөгөөд манай монголчууд олон төрлийн гүйлтэнд бие дааж оролцсон туршлага ихтэй. Энэ удаагийн гүйлтийн онцлог нь гэвэл анх удаагаа Монгол улсыхаа нэрийн дор баг байгуулаад 30 гаруй хүмүүс гүйж байгаагаараа онцлогтой юм. Миний хувьд гүйж эхлээд жил гаран болж байна. Анх Паркранд гүйж эхэлснээс хойш сонирхол маань улам нэмэгдэж гүйх буцалтгүй дуртай болсон. Паркран нь 2004 онд Лондонгийн Ричмонд дүүргийн Бушы паркаас эхэлсэн түүхтэй. Анхны гүйлтэнд 13 хүн гүйж 3 сайн дурын туслах ажилтантай эхэлсэн бол өнөөгийн байдлаар дэлхий нийтийг өргөн хамарч нийтдээ 1450 паркран-д 3 сая орчим хүмүүс хүн гүйж, 350 мянган сайн дурын ажилтангууд ажилтнууд туслан оролцдог  өргөн цар хүрээтэй, тасралтгүй өргөжин тэлсээр байгаа арга хэмжээ.

Паркран хагас сайн өдөр болгон тогтмол цагт явагддаг, олон нийтийг хамарсан үнэ төлбөргүй гүйлт, дараа нь гүйсэн цаг болон нас насны хүрээндээ хэр үр дүнтэй гүйсэн байна гэх мэт мэдээлэл явуулдагаараа хүмүүст урам өгч өөртөө дүгнэлт хийлгэдэг. Ер нь эрүүл агаарт гүйх нь үнэ төлбөргүй бөгөөд сэтгэл ханамжтай аз жаргалтай байхын эх үүсвэр болдогоороо ач тустай. Гүйснээрээ өдрийн турш эрч хүчтэй байх энергийг бэлэглэдэг олж авдаг. Хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй олон төрлийн өвчингөөс салах эх үүсвэр болно. Ялангуяа чихрийн шижин, зүрх судасны өвчин мөн нуруунд шохойжилт үүсэх зэрэг өвчнүүдийг илүү жингээ хасч, идэвхтэй хөдөлгөөнтэй байснаар багасгах боломжтой гэж паркран д явдаг хүмүүс туршлагаараа баталсан байдаг.
Манай багийхан энэ гүйсэн эрчиндээ бас дараа дараагийн гүйлтэнд оролцож Монголтой холбоотой төрөл бүрийн буяны санд хандив цуглуулж гүйх төлөвлөгөөтэй байгаа. Өөр олон Монголчууд нэгдэж багийн маань хүрээ нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсан У.Ганзориг, ЖСтудио-МН

Сийлбэрч М.Ариунбаяр: Үзэсгэлэнд монгол ахуй соёлыг илтгэсэн 11 бүтээл маань тавигдана.

“Төрийн хан хуурын загварыг зохиож хамтран урласан залуу Лондонд ирсэн байна” хэмээн яриа гарч удалгүй түүнтэй нүүр учиран танилцаж асан нь 10 гаран жилийн тэртээ.  Төдийлөн тухлан хөөрөлдөж байгаагүй  ч олонтой газар үе үе таарч  мэнд усаа мэдэлцэж ажил бүтээлийнх нь  зах зухаас сонссоор.  Нэг уулзахад шивээсийн урлалаар хичээллэж сонин хачин олон бүтээл хийснээ сонирхуулж  бас нэг таарахад “сайн мод байвал юм сийлэх ийм нэг санаа  байна” хэмээн ярьж явна. Тэр бодсоноо хийсээр явдаг бүтээлч нэгэн. Удахгүй өөрийн сийлбэрийн бүтээлүүдээрээ элчин сайдын яамнаа үзэсгэлэнгээ гаргаж Монголчууддаа толилуулахаар болсонтой холбогдуулан сийлбэрч М.Ариунбаяртай товч хөөрөлдлөө. Та бүхэн өргөнөөр ирж сонирхоорой

Сайн байна уу,  Англид ирсээр уран бүтээлээ орхилгүй өдий хүрсэнд нь улмаар үзэсгэлэнгээ нээх гэж буйд нь баяр хүргэе.  Ариунбаяр гэж хэн  бэ,  өөрийгөө юуны өмнө нэг товчхон танилцуулах уу.

За ярихдаа жаахан тааруухан даа. Товчхондоо би 1992 онд Дүрслэх Урлагийн Коллежийн зураг сийлбэрийн ангийг төгссөн. Төгсөөд мэргэжлийн дагуу ажиллаж Нүүдэл, Жаргалын найман морь,  Аравт зэрэг үзэсгэлэнгүүдэд уран бүтээлээрээ оролцож байлаа. Нэг томоохон ажил маань гэвэл Төрийн Хан хуурын загварыг гаргаж хамтран бүтээлцсэн дээ. Энэ талаар Японы урлаг судлаачийн бичсэн “Хялгасан хөгжмийг эзэмшигчэд” гэдэг номонд орсон байгаа. Бас Улаанбаатар хотын хуурийг загварыг гаргаж хийсэн.

Тийм том бүтээлүүд хийж байсан хүн 2006 онд Англид ирснийхээ дараа модоор сийлэхээ түр хойш тавьж хүн дээр сийлдэг ажил хийсэн байх аа ?

Та миний шивээсний салонд ажилласныг тоглож хэлж байна аа даа. Хэ хэ. Шивээс хийх үедээ олон зүйлд бас суралцсан. Тусгай дамжаанд суралцаж мэргэжлийн гэрчилгээ авна. Хүний бие дээр цус шүүрүүлэн хийдэг ажил тул өөрсдөө байнга шинжилгээ өгч байх ёстой гээд ер нь нарийн. Харин яг юу яаж шивэх вэ гэдэг тал дээр урлагийн авъяас маань бусдаас ялгаруулна даа. 2012 хүртэл шивээсний салонд ажиллаж байгаад одоо ерөнхийдөө энэ ажлаа тусгай захиалгаар хийдэг хэлбэрт шилжээд буй. Ингээд цаг гарган сийлбэрээ эргэж хийж эхэлсэн маань энэ удаагийн  үзэсгэлэнгээ гаргах боломжийг бүрдүүлэв, Ойрд үзэсгэлэн дээрээ нилээд төвлөрч ажиллаа. Үүний дараа эргээд шивээсний салон нээх бодолтой байна

Элчин сайдын яаман дээр үзэсгэлэн нь нэг л өдөр гарах юм байна. Хичнээн бүтээл тавигдах вэ

Үзэсгэлэн маань 10 сарын 6-ны Бямба гарагт 2 цагаас оройг хүртэл гарна. Монголчууддаа хийсэн бүтээснээ толилуулах боломжоор хангаж, тусалж дэмжиж буй элчин сайд Н.Тулга болон яамны хамт олонд юуны өмнө баярласнаа илэрхийлэе. Үзэсгэлэнд миний сүүлийн үед урласан монгол ахуй соёлыг илтгэсэн 11 бүтээл маань тавигдана.Монголчууд маань олноороо ирж сонирхож уран бүтээлийн халуун дулаан яриа өрнүүлж нэгэн өдрийг урлагийн ертөнцөөр аялан амьсгалан сайхан өнгөрүүлээрэй хэмээн хүсэн уриалж байна.

цахим хөөрөлдсөн Д.Цэрэнбат

Тогтвортойн төлөө тогтвортой ажиллаж буй бүсгүй

Саяхныг хүртэл миний ноолуурын тухай, ноолууран бүтээгдэхүүний тухай, ер нь энэ салбарын талаар мэдлэг маань багадаа ямаа самнаж өссөнийг, өдгөө ноолууран цамц хааяадаа өмсөхийг, ноолуурын бизнес эрхэлдэг танил хүмүүсийнхээ яриаг сонсож байсныг эс тооцвол тун бага байлаа. 3 жилийн тэртээ  Уянгаа ноолуурын тогтвортой хөгжил гэдгийн тухай , энэ чиглэлээр ажиллах олон улсын байгууллага байгуулж буй тухайгаа хэлж байхад ч хийж яваа үйл хэрэгт нь амжилт хүссэн төдийгөөр л бидний яриа өндөрлөж байж.

Харин сарын өмнөөс Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл байгууллагатай холбогдон ажиллаж эхэлснээр энэ бүсгүйн үйл хэргийн талаар илүүтэй мэдэрч ямар ихийг богоно хугацаанд амжуулсныг нь хараад бахдав.

Хаа сайгүй тогтвортой хөгжил хэмээн ярих болсон. Үйл хэрэг тогтвортой гэдгийн санаа хэн нэгэн аль нэг самаанаар өрмийг нь хамах бус учир шалтгаан уг үндсээс нь эхлэн цаг сэтгэл зардал мөнгөө зарцуулан тухайн үйлийг оролцогч бүрт үр өгөөж нь хүрсэн байхаар ажиллах тогтолцоо бий болгохыг хэлээд буй. Ингэхээр ноолуурын тогтвортой байдал гэхээр энэ миний өмсөж буй ноолууран цамцыг хийхэд ашиглагдаж буй байгль орчин, бэлчээр, ан амьтан, ямаа, малчнаас эхлээд ноолуур угаах, утас ээрэх,  загвар зохиох, нэхэх,  савлах, тээвэрлэх, бүр өмсөх хүртэлхи бүх үйл хэрэгт оролцогч бүхэн оролцсон  бүтээснийхээ хэрээр  өгөөжөө хүртэж байх тухай ойлголт болох нь.

Монголын ноолуурын үйлдвэрлэл хэр тогтвортой талаар Уянга, “өнөөдөр Монгол улсын ноолуурын 90 орчим хувь нь угаасан нэртэй  түүхийгээрээ урд хөршийн хилийг даван одож байна. Энэ үйл явцын гол тоглогчид болох чейнжүүд ноолуурыг ангилж салгаж авахгүй жингээр л авдгаас аль болох ахуйхан ноолуур гаргахын тулд малчид маань шинжлэх ухааны үндэслэлгүйгээр ямаагаа янз бүрээр эрлийзжүүлж ноолуурын чанараа муутгаад буй. Олон ямаатай бол арай их ноолуур авна гэсэн төсөөллөөс болж ямааны тоо толгой эрс нэмэгдэж бэлчээрийн даацад нөлөөлж байна хэмээн яригдах боллоо. Төрийн бодлого маань ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлд голчлон чиглээд зээл тусламж ч тийш урсаад буйгаас болж олон төрлийн бага дунд оврын үйлдвэрлэгчид л нэмэгдээд ноолуурын хөгжлийн эх ундарга болсон бэлчээр, малчид, ямааныхаа тогтвортойа байдалд  бага анхаарч байна. Энэ бүгдээс манай ноолуурын үйлдвэрлэл хэр тогтвортой байгааг  харж болох байх. Ноолуурын тогтвортой байдалд хүрэх нь ганц нэгхэнээрээ эсвэл хэд гурваараа зориод бүтэх зүйл биш, үүнд малчид, салбар салбарын, олон талын судлаачид, хэрэглэгчдэд брэйндээрээ дамжуулан хүрдэг  борлуулагчид, энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд гээд өргөн хүрээг  багтаасан харилцан ойлголцож хамтран ажиллах  тогтолцоо сүлжээ ажиллаж байж сая биелэлээ олно” хэмээсэн.  Түүний цөхрөлтгүй ажиллагаа, ончтой ухаалаг шийдлүүд барууны зах зээлд бат сууриа олсон нэр хүндтэй худалдан авагчдын анхаарлыг татаж гуравхан жилийн дотор түүний санааг тойрон нэгдэж эвсэж эхэлжээ. Sustainable Fibre Alliance буюу Тогвтортой ноос ноолуурын эвсэл энэ салбартай холбоотой бүхнийг нэгтгэн ажиллахаар ийнхүү үүсэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ эвсэлд ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, загвар, борлуулалтын  салбарт олон арав, зуун жил ажилласан барууны нэр хүндтэй Burberry, Marks and spencer, Alex Begg, Oyuna brand, LVHM, Joshua Ellis, H&M, Johnston’s of Elgin, Монголын Gobi cashmere зэрэг байгууллагууд гишүүнээр элсэж үйл ажиллагааг нь дэмжин хамтран ажиллах болов. Энэ нэрсийг дурдахад л Уянгаа хэрхэн шаргуу ажиллаж,  санаагаа ажил хэрэг болгож буй нь тод харагдана.

Бэлчээр үгүй болбол малчин яаж байх, малчин үгүй бол ямаа яахан байх, ямаа үгүй бол ноолуур хаанаас гарах. Энэ гинжин хэлхээг бат тогвортой байх нь  ноолуурын үйлдвэрлэл оршин тогтнох үндэс. Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэлийн юун түрүүн анхаарлаа хандуулж буй талбар энэ. Code of Practice буюу бэлчээр, ямаа, малчины тогтвортой байдлыг харуулсан стандартыг барууны хэрэглэгч нартайгаа зөвшилцөн гаргаж улмаар малчдаа энэхүү тогтвортой байдлын стандартыг хангасан байхаар ажиллаж сурахад чиглэсэн сургалт явуулан гэрчилгээ олгож байна.  Байгаль орчиндоо ээлтэй, ямаа, малчиддаа өгөөжтэй байх нөхцөлтэй энэ стандартыг хангасан ноолуурыг барууны зах зээл рүү элдэв чайнжийн дамжлагагүй борлуулах ингэснээрээ эдийн засгийн хувьд үр ашиг нэмэгдэх үүд хаалга нээгдэж буй.

Эвсэлийн Монгол дахь төслийн баг 8 аймгийн 28 сумын малчдын хоршоог сонгон авч үнэлснээр 6 аймгийн 22 хоршоотой хамтран ажиллахаар болжээ. Өдгөө 2 аймгийн 8 хоршооны малчдад сургалтаа явуулж гэрчилгээгээ олгож эхэлсэн байна. Ажил үйлсч дэмжин ажиллаж буй барууны худалдан авагчдын анхаарлыг татаж буй. Хэдхэн долоо хоногийн өмнө Alex Begg-ийн 2 ажилтан Монголд очиж 10 орчим тонн ноолуур худалдан авах гэрээ хийгээд ирсэн байх жишээтэй.

Тэрээр Лондон хотноо 9 сарын 4-өөс 23-ны хооронд болох олон улсад нэр хүндтэй London Design Biennale үзэсгэлэнд Монгол бол дэлхийд танигдах загвартай ноолууран бүтээгдэхүүн гаргадаг, үүнийгээ тогтвортой төлөвт хүргэхээр ажиллаж буй орон гэдгийг танилцуулахаар олон улсад өөрийн брейндээрээ хэдий нь танигдсан OYUNA Brand-тай нягт хамтран ажиллаж байна. London Design Biennale нь оролцогчид бутээгдэхүүнээ уран сэтгэмж ашиглан олон улсад таниулах, зах зээлийг бий болгох, тэлэх, бусад улс орнуудтай харилцан ойлголцох олон талын хамтын ажиллагааны эх суурь тавих, дэлхийн нэр хүндтэй загвар зохион бүтээгчид, бизнесийн болон улс төрийн шийдвэр гаргагчид ирж үздэг ажил хэргээ ярьдаг, хэвлэл мэдээллийн нэр хүндтэй агентлагууд сурвалжлан өөрсдийн сувгаар түгээдэг , товчхондоо гадаад ерөнцөд танигдах гарах нэгэн том үүдийг нээдэг 2 жилд нэг удаа болдог том арга хэмжээ юм.

Бидний хувьд ноолуурын салбарын нөлөө бүхий хүмүүстэй хэлхээ хобоо тогтоох, зөвхөн санхүүгийн үр ашиг төдийгүй байгаль орчин, бэлчээр, мал, зэрлэг амьтдаа бүхэлд нь хамгаалан ажиллах өргөн хүрээний зорилго чиглэлтэй хамтын ажиллагааны суурийг бий болгох зорилгоор үзэсгэлэнд өндөр зардал төлөн оролцож байна. Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ  сурталчлах , тогтвортой хөгжилд бодит хөрөнгө оруулалт хийx нь төр засгийн зүгээс анхааран хийх ажил. Бид уг нь эртнээс холбогдох яамдуудад хандан захидал илгээж, хэд хэдэн уулзалт хийж хамтран ажиллахаар болсон ч төрийн зүгээс биет болон санхүүгийн ямар нэгэн тусламж одоогоор орж ирсэнгүй. Гэхдээ ойлгож туслах байх аа гэж итгэж байна” хэмээн тэрээр намуухан өгүүлсэн. Түүний энэ үгний цаана цөхрөл бүү нуугдаасай.

Түүнд цааш ахьсан урагш харсан олон  бодол тэмүүлэл бий. “Эхний энэ санал болгож буй стандарт маань амжилттай хэрэгжээд тогтвол дараа нь ноолуурын үйлдвэрлэл эрхлэлтийг  тогтвортой байлгахтай холбоотой стандарт гаргах талаар эвслийнхэнтэйгээ ярилцаж, арай өөр хэлбэрээр ажиллах болно. Монгол газар доорхи байгалын баялаг ихтэй ч, уул усаа ухаж сэндийлж онгон байгалиа эвдэлгүй,  ил байгаа малынхаа ашиг шимийг тогтвортойгоор ашиглавал асар их боломж бий. Энэ тал дээр хүн бүр бодит оролцоотой, идэвхитэй байх цаг нэгэнт ирээд байна хэмээн тэрээр өгүүлсэн .

Монголоо Монголынхоо ноолуурын үйлдвэрлэлийг дэлхийд гаргах бэлчээр, малчид, малаа авч үлдэх гэсэн түүний хүсэл тэмүүлэл олныг хамруулан нэгтгэсээр байх болно.

Хилийн чанадад суудаг ч эх орноо гэсэн сэтгэл зүтгэлээр энэ мэт чимээгүйхнээр ихийг хийж яваа Монголчууд олон бий. Тэдний хичээж чармайж, шаналж зүтгэж явсны үр энэ мэтээр соёлон дэлгэрэг.

ОYUNA brand x SFA

Лондонд 2 жил тутам зохион байгуулагдаж буй London Design Biennale үзэсгэлэн 9 сарын 4-нөөс 23-ны хооронд Emotional State сэдвийн дор зохион байгуулагдах гэж буй. Дэлхийн 40 улс, хотын үзүүлбэр тавигдах энэхүү үзэсгэлэнд Монголоо төлөөлөн оролцох куратор Оюунаатай хөөрөлдлөө. Тэрээр өөрийн загварын ноолуурын бүтээгдэхүүнээрээ барууны ертөнцөд танигдсан агаад алдарт Харродс-т өөрийн бүтээгдэхүүний дэлгүүртэй

Лондонд зохион байгуулагддаг хоёр жил тутмын энэхүү үзэсгэлэнд Монгол улс анх удаагаа тэр дундаа Та улсынхаа нэр нүүр болон оролцох гэж байна. Энэ олон улсын үзэсгэлэнгийн талаар эхлээд товч танилцуулахгүй юу
Өөрийн тань хэлсэнчлэн Олон улсын Дизайнийн энэхүү нэр хүндтэй үзэсгэлэнд Монгол улс анх удаагаа оролцох гэж байна. London Design Biennale –н цахим хуудаснаас хэзээ, хаана, ямар утга агуулгатай, хэр цар хүрээг хамарсан арга хэмжээ болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авч болох ч би зарим цөөн зүйлийг тодруулан хэлье
Design Biennale нь жил бүрийн 9 сард Лондонд болдог of London Design Festival-н хэсэг болж зохион байгуулагддаг ба Арт болон архитекторын чиглэлээр 1895 оноос хойш зохиогдож буй Веницийн үзсэглэнгээс ялгаатай.
Энэ үзэсгэлэнд оролцсоноороо Монгол улс зөвхөн түүхий эд нийлүүлээд л байдаггүй дэлхийн хэмжээнд хүрсэн загвартай эцсийн бүтээгдэхүүн хийж чаддагаа харуулах боломж гэж ойлгож болно. Монголчууд юу хийж чадахыг бусад орны мэргэжлийн хүмүүст мэдүүлж улс орнуудын хоорондох шинэ харилцааг, шинэ зах зээлийг нээх боломж үүснэ. Улс орнууд өөрийн орны хэн нэг эсвэл хэсэг бүлгийн хийсэн, тухайн улсыг төлөөлж илтгэж чадна гэсэн загварыг нь дэмжин оролцдог. Энэ жилийн оролцох улс орнуудын танилцуулгыг цахим хуудаснаас нь уншвал энэ байдал тодорхой харагдана. Мөн Youtube Дээр тавигдсан 2016 оны энэ үзсэглэнгийн талаархи товч бичлэгийг үзвэл нилээд сайн ойлголт авна.

BBC, New York Times-аас эхлээд дизайнийн чиглэлээр ажилладаг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд энэ үзэсгэлэнд онцгой анхаарлаа хандуулдаг.

Та энэ үзэсгэлэнд Монголыг үзэсгэлэнгийн куратороор ажиллаж байна. Үзэсгэлэнд хэрхэн оролцох, Монголын танхим хэрхэн засагдах талаар
Энэ үзэсгэлэнд оролцох эрхийг Үзэсгэлэнгийн комисс шалгаруулж өгдөг. Уна-гийн санаачлан байгуулсан, өдгөө олон улсын нэр хүндтэй худалдан авагчид дэмжин нэгдээд буй  Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл буюу  Sustainable Fibre Alliance-аас үзэсгэлэнд оролцох эрхийг авч миний хувьд куратороор ажиллаж байна. Монголын хувьд өөрийн орны үйлдвэрлэлийн нэгэн чухал салбар ноолуурын үйлдвэрлэлийн чанар чансаагаа үзүүлэн оролцох нь зүйтэй гэж бид үзсэн.
Монголын танхимд өнөө үед ид яригдаж тренд болж буй “тогтвортой загвар” гэсэн утгыг илэрхийлж бүтээгдэхүүнийхээ эхний орцоос эцсийн бүтээгдэхүүн болон гарах “тогтвортой” үйл явцыг илтгэсэн  хэлбэрээр үзүүлэх болно. Ийм байдлаар үзүүлснээрээ бусад үйлдвэрлэлийн салбарын дэлхийн манлайлагч нарт ч нэгийг бодогдуулна гэж үзэж буй
Танхимын заслын хувьд 2 метр өндөр , 6 метрийн урттай 60см гүнтэй шилэн мэт хана угсарч “ноолууран үүл” нэртэй үзүүлбэр тавигдана.

Нөгөө хананд алсаас Монгол улсын газрын зураг мэт харагдах үзүүлэнгийн нэг талд ноолуурын үйлдвэрлэлд оролцож буй олон зуун хүний нэрс болон амьтаныг бичих бол нөгөө талд ноолуурын үйлдвэрлэлийн явцад байгаль хүн амьдатын сэтгэл зүйн төлөв байдлыг илтгэсэн үгнүүд байна
Танхимийн голд ноолуурын чанар өнгийг тод харуулах 5 ширхэг ноолууран нэхмэл таазнаас тавиар хүртэл өлгөгдөх ба “Тогтвортой ноолуур” гэсэн санааны хүрээнд уламжлалт нүүдэлчин ахуй, үзэсгэлэнт байгаль, өнөөгийн нүүдэлчин малчдын амьдрал, орчин үеийн Монголын тухай өгүүлсэн цомог бичлэгүүдийг харуулсан Ipad дэлгэц тавигдана. Улмаар танхимд үзэгчид өөрсдийн бодол сэтгэдлээ бичих самбараас гадна мод хөрсний үнэр гаргагч, намуухан эгшиглэх хөөмий, уртын дууны ая гээд бусад мэдрэхүйд нь Монголыг мэдрүүлэх зүйлс ч байх болно.
Үзэсгэлэнгийн зохион байгуулах комиссоос манай загварыг үнэлж үзэсгэлэнгийн танхимийн хэмжээг маань ижил үнээр анх тохирсноосоо 2 дахин томруулж өгсөн нь бидний санааг үнэлэн дэмжиж буйн илрэл. Biennale Curatorial Committee-оос ямар нэгэн зураг өлгөх болон арилжааны зорилготой бүтээгдэхүүн байрлуулахгүй байх хатуу шаардлага тавьдаг юм байна.

Тун удахгүй болох нь байна. Бэлтгэл ажил төлөвлөсөн дагуу явагдаж байна уу
Үзэсгэлэнгийн танхимд тавигдах угсрагдах зүйлс хийгдсээр байна. Гол асуудал хөрөнгө санхүүгийн дэмжлэг олох. Британийн Засгийн газрын харъяа алдартай байранд зохион байгуулагдаж буй өндөр нэр хүндтэй үйл ажиллагаа тул зардал чамгүй их. Нийт 40000 фунтийн санхүүжилт хэрэгтэй байгаа юм. Үүнийг босгохоор Sustainable Fibre Alliance голлоод ажиллаж байна. Танхимын эрх авах зардал 12000 фунтийг энэ байгууллага урьдчилаад төлчихсөн байгаа. Монгол орныхоо эдийн засгийн нэгэн гол үйлдвэрлэлийг дэлхийд таниулахын төлөө ажиллаж буй тул төр засгаас, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагууд дэмжих байхаа гэдэгт найдаж буй.
Мөн 19 хоногийн турш үргэлжлэх энэ үзэсгэлэнгийн танхимд хамтран ажиллах баг босгох тал дээр ажиллаж байна

Дэлхийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд сурвалжилж, алдартай брейнд, дезайнарууд олноор хуран чуулах үзэсгэлэнд эх орныхоо дэлхийд танигдах нэгэн гол нэрийн бүтээгдэхүүнийг сурталчлан оролцож Монголынхоо нэрийг гаргахаар ажилллаж буй та бүхэнд амжилт хүсье!
Баярлалаа. 2016 оны үзэсглэнг 19 хоногийн туршид нийт 30 орчим мянган хүн өөрийн биеэр ирж үзэх бол түүний талаар сурвалжлах хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийт 2 сая гаруй хүнд шууд, 100 гаран сая хүнд дамжиж хүрсэн аж. Үнэ төлбөртэй үзэсгэлэнг ингэж үзэж байсан тохиолдол өмнө үгүй. Мөн олон улсын 645 сэтгүүлчид сурвалжлан 400 гаруй нийтлэл мэдээ хүргэж , олон улсын нэр хүндтэй 200 гаруй брейнд, дезайнарууд хүрэлцэн иржээ. Энэ жилийнхийг үүнээс ч өргөн хийхээр зорьж буйгаа зохион байгуулах хорооноос мэдээлж буй. Энэ боломжийг ашиглаж үзэсгэлэнд амжилттай оролцосноор дэлхий Монголыг, манай ноолуурыг улам бүр ойлгон мэдэж, бидний ноолуурын гаргалт, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтад томоохон боломжийг бий болгоно гэсэн үг юм. Ноолуурын чиглэлээр ажилладаг төрийн, олон нийтийн болон бизнесийн байгууллагууд, хувь хүмүүс бидний ажиллагааг дэмжин хамтран ажиллаасай хэмээн энэ дашрамд хүсмээр байна.