Судалгааны их сургууль уу, сургалтын их сургууль уу?

OrkhonГантогтохын Орхон, Дээд боловсрол судлаач, Oxford University, England

 Сурлага сайтай сурагчид л их, дээд сургуульд ордог байсан үе улирч, дээд боловсрол бараг хүссэн хүн бүрд нээлттэй болсон өнөө үед, дэлхий дахины дээд боловсролд нэлээдгүй өөрчлөлт гарч байна. Энэ өөрчлөлтийн давалгаанд их сургууль хэмээх бидний ойлголт хувьсан өөрчлөгдөж, бүр зарим талаар үндсэн утга агуулгаа  ч орхигдуулахад хүрчээ. Тэгвэл их сургууль хөгжлийнхөө үе шатуудад хэрхэн өөрчлөгдсөн, одоо хаашаа чиглэж байна вэ?  Их сургууль судалгааны, сургалтын гэж хоёр хуваагдав уу? гэсэн асуултыг хөндөн тавьж хэлэлцэхийг зорилоо.

Судлаач Барнетт (1990) их сургуулийн хөгжлийн үе шатыг дундад зуун, XIX-XX зуун болон орчин үе гэж ерөнхийд нь 3 ангилан үзжээ. Дундад зуунд их сургууль үүсэн бий болох анхдагч санаа нь мэдлэг гэж юу вэ гэсэн  гүн ухааны асуултаас эхтэй аж. Гүн ухаанч Платогийн өгүүлснээр бидний мэдлэг гэж үзээд байгаа мэдлэг бол зөвхөн  тухайн цаг үедээ нийтээрээ хүлээн зөвшөөрч буй бидний ойлголтууд болохоос, туйлын үнэн биш юм. Гэхдээ тэрхүү байнга дэвшин шинэчлэгдэх харьцангуй мэдлэгээр дамжуулан бид үнэмлэхүй үнэн мэдлэгийг бүтээнэ гэжээ.  Тиймээс бид өөрсдийн хэвшсэн мэдлэгийг байнга шалгаж сорьж, сайжруулж байх хэрэгтэй бөгөөд тэрхүү мэдлэгийг тасралтгүй сорих, шүүмжлэх явцыг өрнүүлж байдаг эзэд нь эрдэмтэн багш нар болон оюутнууд, тэдний гэр нь их сургууль гэж үзжээ. Шашны сүм хийдүүдтэй холбоотойгоор анхлан үүссэн өрнөдийн их сургуулиуд хүн төрөлхтний соён гэгээрлийг чухалчилж байлаа.  Манайд мөн адил дацангийн сургалтаар шавь нарыг зөвхөн шашны ухаан бус арван ухаанд боловсруулж байв. Тэрхүү 10 ухаанд нэвтэрхий билгүүн чанадад хүрсэн багш, шавь нар гэгээрэлд хүрэх зам мөрийг гэрэлтүүлэх бүтээлүүдээ туурвиж байсан боловсролын эртний уламжлалтай бид энэ уламжлалаа дээд боловсролын түүхэндээ багтааж, мөн тэрхүү цогцлоож ирсэн уламжлалаасаа өнөө цагт ихийг шингээх чухалтай мэт.

Өрнөдөд их сургуулиуд аажмаар шашны нөлөөллийг багасгаж, хараат бус биеэ даасан хэлбэрт шилжсэн нь мэдлэгийг шинжлэх ухааны бодит судалгаан дээр тулгуурлан сорьж судлах, эрдэмшлийн эрх чөлөөг баталгаажуулахад оршиж байлаа. Гэвч энэхүү эрдэмшлийн эрх чөлөө нэрийн дор шинжлэх ухааны салбарууд хэт салангид хөгжиж, их сургууль дотроо шинжлэх ухааны тархай бутархай олон аймгуудтай  болсон тул XIX-XX зуунд их сургуулийн тухай ойлголтод томоохон өөрчлөлтүүд орж эхэлсэн байна (Becher & Trowler, 2001). Ньюмен (1852) энэ туйлширсан салангид байдлыг шүүмжилж, либерал боловсролоор дамжуулан мэдлэгийн өргөн нэгдмэл хүрээг оюутанд таниулахын чухлыг тодотгожээ. Энэ үед мөн оюутны тунгаан цэнэх, шүүмжит сэтгэлгээг сургалтын явц дунд хөгжүүлэх нь хамгийн чухал гэж үзэх болжээ. Мөн мэдлэгийг мэдээлэл маягаар заах бус шүүмжит сэтгэлгээгээр заахад буюу сургалтын явцад их анхаарах болсон байна. Түүнчлэн Хумболдт тэргүүтэй Германы сэтгэгчдийн нөлөөгөөр их сургууль нь сургалт, судалгаа хоёрыг хослуулж, тэрхүү судалгааны эрэл хайгуулын идэвхтэй орчин оюутны билиг оюуныг хурцлахад тустай гэж үзжээ. Түүнчлэн Жаспер (1965) дэлхийн 2-р дайны дараах нийгмийн хүнд асуудлуудыг хөндөн тавьж, хүмүүнлэг нийгмийг цогцлооход их сургуулийн нийгмийн өмнө хүлээх чухал үүргийг сануулжээ. Их сургууль бол зөвхөн мэдлэгийг бүтээх талбар биш, харин их сургуулийн боловсрол бол оюутны хүн  болон төлөвших эрх чөлөөний процесс байх учиртай гэж үзжээ. Үүнээс үүдэн их сургуулиудын хэт хоосон номчирхсон, нийгмээс хол хөндий байдлыг шүүмжилж, нийгмийн үүргийг нь тодотгох болсон байна.

Орчин үеийн их сургууль: XXI зуун хүртэлх их сургуулиудад зөвхөн сурлагаараа тэргүүлсэн оюутнуудыг эрдэмтэн багш нар нь сонгон шалгаруулж тодорхой тооны оюутныг өөрсдийн эрдмийн аймгуудад элсүүлж байлаа. Тэгвэл орчин үед энэ байдал эрс өөрчлөгдөж, мэдлэгт суурилсан нийгмийн хөгжлийн уриан дор дээд боловсрол эзэмших бололцоог олон нийтэд нээж өгснөөр, оюутны тоо эрс нэмэгдэж, түүнийг дагаад их сургуулийн үүрэг зорилго, чиглэл, үйл ажиллагаанд ихээхэн өөрчлөлтүүд орох боллоо. Нэгдүгээрт, сурлагаар тааруухан сурагчид их сургуульд олноороо элсэн орох болсноор, оюутнуудыг мэдлэг чадвараар нь ангилан сургах хэрэгцээ гарч, энэ нь их сургуулийн өөр өөр хэлбэрүүд үүсэх шалтгааны нэг болсон байна.  Жишээ нь, сурлагаар тэргүүний оюутнууд сурдаг судалгаа давамгайлсан шилдэг их сургуулиуд, дундаас дээгүүр сурлагатнууд элсдэг их сургуулиуд, дунджаас доогуур сурлагатнууд юм уу эсвэл гэр, ажилдаа ойрхон сурах гэсэн хүмүүс элсэн ордог  сургалт дагнасан сургуулиуд гэхчлэн эрэмбэ үүсэж, энэ нь их сургуулийн чансааг тодорхойлох судалгаагаар (university ranking) улам бүр илэрхий болж байна.

Оюутан өөрийн өрсөлдөх чадвараасаа хамааран, хэрэгцээндээ таарсан сургуулийг олон сонголтуудаас сонгон элсэх болсноор оюутныг шавь гэхээсээ илүүтэй хэрэглэгч хэмээн үзэж, их сургуулиуд оюутан элсүүлэх өрсөлдөөнд орж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн болох модулийн хөтөлбөрүүдийг хэрэглэгчид буюу оюутанд сурталчлан борлуулдаг, арилжааны шинжтэй их сургуулиуд ч их гарах болжээ.

Их сургуульд нөлөөлөх гаднын нөлөөллүүд–хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, мэргэжлийн холбоодын шаардлага, магадлан итгэмжлэлийн шаардлага, төр нийгмийн бодлого, их сургуулийн чансааг тодорхойлох үзүүлэлт –ихэссэн учраас их сургууль нийгэмтэй илүүтэй ойртох шаардлагатай болж, үүнийг дагаад их сургуулиуд засаглал, удирдлагын менежментээ өөрчлөх болжээ.

Технологийн дэвшлийн үрээр их сургуулиуд дэлхий даяар нээлттэй онлайн болон цахим хичээлүүдийг түгээх боломжтой болж, энэ нь дээд боловсролын хүртээмжийг эрс нэмэгдүүлэн, дээд боловсролыг танхимын бус хэлбэрээр нийгэмд хүргэх хүрээг тэлэх болсон байна.

Түүнчлэн мэдлэгт суурилсан нийгэмд, их сургуулиуд нь улс орны эдийн засгийг хөгжлийг эрчимжүүлэх мэдлэгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч хэмээн тооцогдож, судалгаа инновацийн бүтээгдэхүүнийг ялангуяа техник технологийн салбарууд дээр онцгойлон анхаарах болсноор их сургууль, төр, үйлдвэрийн гуравласан холбоо эрчимжиж эхэлжээ. Үүний дүнд их сургуулиуд дээр судалгааны үйлдвэрлэл, патент, гарааны компани, хөрөнгө оруулалт хариуцсан шинэ нэгжүүд үүсэж, их сургууль, төр, хувийн хэвшлийн түншлэл бүхий бизнес харилцаанд орж эхэлсэн байна.

Засгийн газруудын өмнө тулгарч буй хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдал гэхчлэн нийгмийн хүнд асуудлуудад шийдэл хайхад зөвхөн нэг салбар ухаанаар шийдэх боломжгүй бөгөөд, энд их сургуулийн салбар хоорондын нэгдэл бүхий судалгаа (interdisciplinary) чухал үүргийг гүйцэтгэх болсноор, нийгэм рүү чиглэсэн судалгаа их сургуулийн судалгаанд чухал байр суурийг эзлэх болсон байна. Мөн байгаль орчны асуудал хурцдаж буй өнөө үед тогтвортой хөгжлийн бодлого дэлхийн даяар өрнөж, дээд боловсролын сургалт судалгаа  тогтвортой хөгжлийг хангах чиглэл рүү анхаарч эхэлж байна.

Орчин үеийн их сургуулиудад гарсан эдгээр олон өөрчлөлтүүдийг дүгнэн үзэхэд, орчин үеийн дээд боловсролд хоёр томоохон өөрчлөлт гарчээ: Нэгд мэдлэгт суурилсан  нийгмийг хөгжүүлэх үзэл санаанд тулгуурлан дээд боловсролын хүртээмж,  нийгэмтэй бүх төвшинд oлон хэлбэрээр ойртох, үйлчлэх хүрээ тэлсэн, хоёрт үүнтэй уялдаад өөр өөр хэрэгцээг хангах, өөр өөр үүрэг бүхий их сургуулийн олон хэлбэрүүд бий болж, мөн их сургууль илүү олон талт үйл ажиллагаатай болсон байна. Энэ өөрчлөлтүүдийн давалгаанд их сургуулиуд судалгааны эсвэл сургалтын гэсэн 2 туйлширмал хэлбэр лүү орох, тэрчлэн нийгмийн давхаргын хэт ялгарлыг нэмэгдүүлэх эрсдэл гарч байгааг судлаачид ажиглаж, энэ нь их сургуулийн уугуул үнэт зүйлд харшлахыг анхааруулсаар байна (Reading, 1996; Delanty, 2001; Elton,2001; Rolfe,2013; Brennan & Patel, 2011). Тэгвэл дараагийн хэсэгт энэ хоёр туйлширсан хэлбэрийн гажуудалтай талуудыг авч үзье.

Cудалгааны их сургууль: Судалгааны их сургуулиуд мэдлэгийг үйлдвэрлэгч гол хүч тул олон орны засгийн газрууд зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд судалгааны их сургуульд ихээхэн анхаарал тавьж, төрийн бодлогоор санхүүжүүлж, хамгийн сайн эрдэмтдийг урин ажиллуулж, шинэ санаа мэдлэгийг өндөрт залж байгааг харахад судалгааны их сургууль нь их сургуулийн төгс төгөлдөр хэлбэр мэт (Altbach,2013). Гэвч зарим талаар эдгээр сургуулиуд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах үйлвэрлэлийн, бизнесийн ашиг өндөртэй судалгааг буюу мэдлэгийн бүтээлийг гэхээсээ илүүтэй мэдлэгийн бүтээгдэхүүнийг илүүтэй анхаарах болсон. Хамгийн ашиг өндөртэй судалгаа нь голдуу техник, технологи, байгалийн ухааны судалгаа  тул их сургуулиуд  богино хугацаанд  өгөөжөө өгөх судалгаанд тэргүүлэх ач холбогдол өгөх болсноор, суурь судалгаа, нийгэм, хүмүүнлэгийн ухааны судалгааг хойш тавих хандлагатай болжээ. Их сургуулийн төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах түншлэл нэг талдаа их сургуулийн судалгааг эрчимжүүлэхэд хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлж, их сургуулийн нийгэмд үйлчлэх өгөөжийг дээшлүүлж  байгаа хэдий ч, нөгөө талдаа их сургуулийн уугуул үнэт зүйл болсон хэнээс ч үл хамааралтайгаар биеэ даан мэдлэгийг бүтээж, сорьж, нийгмийн бие даасан шүүмжлэгч байх чанараа гээхэд хүрч, зарим талаар улс төр, бизнесийн ашиг хөөгчдийн буюу мэдлэгийн капитализмын гар хөл болох эрсдэлд орсон байна (Slaughter & Rhoades, 2004).

Төгсөгчдийн чанар сургалтын явцаас шууд хамааралтай. Гэтэл их сургуулийн судалгааг сургалтаас хэт дээгүүрт авч үзсэнээр сайн сургалтаар дамжуулан оюутныг нээх, зөвхөн мэдлэг бус оюутны боловсрол, төлөвшил, бусад хөрвөх чадварыг хөгжүүлж байдаг сургалтын явцад бий болдог чухал ажлуудыг үл тоомсорлох хандлагатай болсон. Сургалтыг хөтөлж яваа эзэд нь эрдэмтэн багш нар. Гэтэл багш нарын багшлах ур чадварыг судалгааны ажлаас хэт дутуу үнэлснээр, сургалт ерөнхийдөө муудаж, тэр нь оюутны эрх ашигт муугаар нөлөөлөх болжээ.

Судалгааны их сургуулиуд их сургуулиудын чансааны эрэмбээр голдуу дээгүүрт ордог, тэнд ихэнхдээ нийгмийн дээд давхаргын гаралтай оюутнууд суралцах бөгөөд зарим оюутнуудын хувьд эдгээр сургуулиудад юу сурах нь нэг их гол биш харин нийгмийн статусаа өндөрт  хадгалахад нь  чухал учраас суралцана. Мэдээж энэ их сургуулиуд нийгмийн хэт ялгарлыг нэмэгдүүлэх зорилго байхгүй ч, бодит байдал дээр нийгмийн хэт ялгаралд хувь нэмрээ оруулсаар байна.

Ийнхүү судалгааны их сургууль нь эдийн засгийн баялаг бүтээх болон мэдлэгийн зах зээлд өрсөлдөх чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх засгийн газрын ашиг сонирхол,  зах зээлийн ашиг сонирхол, дэлхийн шинжлэх ухааны дэвшлийг урагшлуулах ашиг сонирхол, нийгэмд тулгамдаж буй асуудалд шийдэл хайх засгийн газрын эрх ашиг, хувь хүний нийгмийн байр сууриа хадгалах ашиг сонирхол гэхчлэн олон ашиг сонирхолд үйлчилдэг байгууллага болжээ. Гэвч эдгээр ашиг сонирхлуудын дунд их сургуулийн гол зорилго болсон оюутны боловсрол төлөвшлийн ашиг сонирхол  зарим талаар бүдгэрэн гээгдэж байгааг судлаачид анхааруулсаар байна (Barnett, 1990).

Cургалтын их сургууль: Судалгааны их сургууль гэх тодотголтой их сургуулиуд олон боловч өөрийгөө сургалтын их сургууль гэж цоллосон сургууль бараг байхгүй.  Гэвч ийм зөвхөн сургалт явуулдаг, судалгаа огт хийдэггүй их, дээд сургуулиуд их бий.  Ийм сургуулиуд ‘масс-д үйлчилдэг бөгөөд, голдуу сурлагаар тааруухан, эсвэл орон нутагтаа, ажил гэртээ ойрхон сурах гэсэн, эсвэл аж амьдрал тааруу айлын хүүхдүүд  элсэлтийн шаардлага бага учраас орж суралцана. Гэвч судалгаа хийх шаардлага ийм сургуулиудад тавьдаггүй учраас, өндөр мэргэжлийн эрдэмтэн багш нарыг авч ажиллуулах нь ховор. Голдуу мэргэжил голлосон хөтөлбөртэй, насанд хүрэгчид  суралцдагийг эс тооцвол, үндсэндээ мэргэжлийн боловсрол сургалтын төв юм уу ахлах сургуулиас төдийлөн ялгарахааргүй. Ийм сургуулиуд мэдээж дээд боловсролын хүртээмжийг дээшлүүлэх, насан туршийн боловсролыг хөгжүүлэх, орон нутгийн ажиллах хүчний хэрэгцээг хангах зэрэг олон нийтийн эрх ашигт үйлчилж буй чухал сургуулиуд. Гэвч, судалгаа огт байхгүй зөвхөн сургалт дагнасан ийм байгууллагыг ер нь их, дээд  сургууль гэж тооцох уу?  Уул нь их, дээд сургууль гэдэг энэхүү эрдмийн хүрээлэнд мэдлэгийг  сорьж турших, тунгаан цэнэх явцдаа багш, оюутан  хоёр хоёулаа суралцдаг. Гэтэл энэ сургалт дагнасан  сургуульд  эрдмийн шүүмжит орчин дутагдалтайгаас, багш зөвхөн оюутанд мэдлэгийг дамжуулагч мэтээр ажиллах хандлага ажиглагдаж байна. Хэдийгээр ийм сургуулийн багш нарт судалгаа хийх шаардлага тавьдаггүй ч, багш нар тухайн салбарынхаа гол өрнөж буй асуудал, шинэ нээлт, мэдлэгээр өөрийгөө цэнэглэж, салбарынхаа судалгаатай ойр байх  нь хичээл дээр оюутнуудтайгаа эрдмийн шүүмжит орчныг бүрдүүлэхэд нь тустай байх учиртай.

Их сургууль судалгааны эсвэл сургалтын гэсэн хоёр туйлширсан хэлбэр лүү хэвийвэл оюутны боловсрол төлөвшил, эрдмийн идэвхтэй шүүмжит орчинд оюутан суралцах, юунаас ч үл хамааралтайгаар цэвэр мэдлэгийг бүтээх эрдэмшлийн эрх чөлөө зэрэг дээд боловсролын гол үнэт зүйлс алдагдах эрсдэл байгааг дээрх  гажуудлын жишээнүүд харуулж байна.

Их сургууль төв үзлийн талбар болох нь: Дээд боловсролд гарч буй энэ бүх өөрчлөлтүүдээс дүгнэн үзэхэд, их сургуулийн зорилго, чиглэл, үйл ажиллагааны хүрээ далайц олон түвшинд салбарлаж, олон талуудад хариуцлага хүлээх болсон учраас их сургуульд гаднаас нөлөөлөх нөлөөллийн хүч их болсон. Тиймээс их сургуулиудад дотоод хүчээ, өөрийгөө хянан удирдах чадвараа нэмэгдүүлж, үнэт зүйл, зарчимдаа тулгуурласан туйлшралаас ангид, тэнцвэртэй зохист бодлогыг цаг цагт нь тохируулж шийдэх ухаалаг удирдлагын тогтолцоо чухал  болжээ. Нэг ёсондоо их сургууль аливаа туйлшралаас ангид орших төв үзлийн талбар болохыг дараах байдлаар тодотгоё.

Дээр өгүүлсэн судалгааны эсвэл сургалтын гэсэн хоёр туйлширсан хандлагыг ажиглан анхааруулсан судлаачид, дээд боловсролын хоёр салшгүй хэсэг болох мэдлэгийн нэгдэл- судалгаа, нөгөө нь мэдлэгийг хөгжүүлэх процесс-сургалт хоёр хослох учиртай гэжээ. Өөрөөр хэлбэл үр дүн, процесс хоёрыг аль алиныг нь хослуулахыг чухалчилсан байна. Нөгөө талаар сургалт хүний боловсрол төлөвшилд чиглэнэ, харин судалгаа шинжлэх ухаанд үйлчилнэ. Дан ганц хатуу шинжлэх ухаан юунд хүргэдгийг хүн төрөлхтөн ухаарсан. Нөгөө талд дан ганц сургалт гээд мэдлэгийг сорьж, турших, тунгаах шүүмжит бүтээлч чанаргүй, мэдлэгийг зөвхөн дамжуулагч хэт номлолын сургалт  өрөөсгөл болохыг ч ухаарсан. Тиймээс судалгаа, сургалтын эзлэх хувь нь өөр өөр  харьцаатай их, дээд сургуулиуд байж болохоос биш аль нэгийг нь дагнасан байх нь учир дуталдалтай аж.

Түүнчлэн их сургуулийн судалгаанд мэдлэгийн бүтээл, мэдлэгийн бүтээгдэхүүн гэсэн хоёр өөр ухагдахуун гарч ирж байна. Мэдлэгийн бүтээл нь хүн төрөлхтний соён гэгээрэл, үнэний эрэлд чиглэсэн холч зорилго бүхий мэдлэгийн суурь санг нэмэгдүүлэх цаг хугацаанаас үл хамаарах бүтээл бол мэдлэгийн бүтээгдэхүүн нь тухайн цаг үед гарсан асуудалд шийдэл хайхад чиглэсэн, шууд амьдралд хэрэгжүүлж болох  богино хугацаанд үр дүнг үзүүлэх практик ач холболдолтой мэдлэгийн бүтээгдэхүүн. Их сургууль энэ хоёр мэдлэгийн аль алиныг нь боловсруулна, гэхдээ зохистой харьцааг нь тохируулахад гол учир оршино. Суурь судалгаа, хавсарга судалгаа хоёр бие биеэ нөхдөг учраас их сургуулиуд богино хугацааны үр өгөөж өндөртэй судалгааг хийж, түүнээс олсон орлогоор бусад салбарын урт хугацааны суурь мэдлэгийг бүтээх судалгаагаа дэмжиж,  мөн сургалтаа орхигдуулахгүй анхаарч, сургалт судалгааг зохистой харьцаанд хослуулж буй шилдэг их сургуулиудын жишээ олон бий.

Үүнтэй адилаар их сургуулийг байгаль техникийн ухааны хатуу чанартай шинжлэх ухаан, хүмүүнлэг, нийгмийн ухааны зөөлөн чанартай ухаан хоёрын тэнцвэрт харьцаа; сургалт, судалгаа хоёрын тэнцвэрт харьцаа, суурь судалгаа, хавсарга судалгаа хоёрын зохист харьцаа, мэдлэгийн бүтээл, бүтээгдэхүүн хоёрын тэнцвэрт харьцаа; шинжлэх ухаан, шашны ухаан хоёрын тэнцвэрт харьцаа; бодит ухаан, хийсвэр ухаан хоёрын тэнцвэрт харьцаа; процесс, үр дүн хоёрын тэнцвэрт харьцаа; агуулга, арга хоёрын тэнцвэрт харьцаа; биеэ даасан, харилцан хамааралтай байхын тэнцвэрт харьцаа; онол, дадлага хоёрын зохист харьцаа гэхчлэн бүхэлдээ төв, тэнцвэрт ухааныг сорих мэдлэгийн талбар гэж үзэж болохоор байна.

Манай их сургуулиудын хувьд судалгаа сайнгүй байгааг анхаарч, өнөөгийн дээд боловсролын бодлогоор судалгааны чанар, гарцыг дээшлүүлэх ажлуудыг эхнээсээ хэрэгжүүлж буй нь маш чухал алхам. Гэвч судалгааны чадавх сул байгаатай адилаар сургалтын чадавх ч бас төдийлөн сайнгүй байна. Сургалтыг орхигдуулахгүй анхаарч ажиллахгүй бол олон оронд ажиглагдаж буй буруу хандлагууд манайд мөн давтагдаж байна. Учир нь манайд эрдмийн идэвхтэй шүүмжит орчинд явагдах сургалтын явцыг анхаарч байгаа ажил тун бага байна. Төгсөгчдийн чанар сургалтын явцаас шууд хамааралтай. Сургалтыг хөтөлж яваа эзэд нь эрдэмтэн багш нар. Тиймээс сургалтын хөтөлбөрийг сургалтын явц дунд хэрхэн амьдруулах, сургалтын хөтөлбөрийг системтэйгээр боловсруулах, хянах, шинэчлэх мэдлэг арга зүйд багш нараа бэлтгэх ажилд анхаарах нь чухал байна.

Дэлхийн их сургуулийн хөгжлийн үеүдийг багцлан дүгнэвэл, дундад зуунд их сургуулиуд үнэмлэхүй үнэн, хүн төрөлхтний гэгээрлийг эрэлхийлсэн хүмүүнлэг суурьтай эхэлсэн боловч аажмаар  хэт шинжлэх ухааны суурьтай болж, шинжлэх ухааны тархай бутархай аймгуудад хуваагдсаныг нэгтгэх, улмаар их сургуулийн нийгмийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх эрс өөрчлөлтүүд XIX-XX  зуунд гарсан байна. Харин XXI зууны их сургуулиуд нийгэмтэй улам бүр ойртож, хүртээмж нь нэмэгдэхийн хэрээр олон хэлбэрийн сургуулиуд үүсэж, энэ олон хэлбэрийн их сургуулиуд зарим талаар хэт туйлширсан хэлбэр лүү орох эрсдэлийг дагуулах болжээ. Дэлхийн их сургуулиудад гарч буй эдгээр үзэгдлүүд манайд ч мөн адил өрнөж байгаа бөгөөд бид цаашид их сургуулийн салшгүй хэсэг болсон сургалт, судалгаа хоёрын зохистой харьцааг өөрийн сургуулийн хэлбэрт зохицуулан аль алинийг нь хослуулан явах нь их сургууль их сургуулиараа хөгжихөд тун чухал болохыг та бүхэн мэргэн оюундаа тунгаана бизээ.

Hом зүй

Altbach, P.G. (2013) Advancing the national and global knowledge economy: the role of research universities in developing countries, Studies in Higher Education, 38 (3):  316-330.

Barnett, R. (1990) The Idea of Higher Education. Buckingham: Society for Research into Higher Education & Open University Press.

Becher, T. and Trowler, P. (2001) Academic tribes and territories: intellectual enquiry and the cultures of disciplines. Maidenhead:  Society for Research into Higher Education & Open University Press.

Brennan, J. & Patel, K. (2011) ‘Up-market’ or ‘Down-market’ Shopping for Higher Education in the UK. in Teiheira, P.N & David, D.D. (eds) Public Vices, Private Virtues? Assessing the Effects of Marketization in Higher Education. The Netherlands: Sense Publishers, 315-326.

Delanty, G. (2001) Challenging Knowledge: The University in the Knowledge Society.  Buckingham: Society for Research into Higher Education & Open University Press.

Elton, L. (2001) Research and teaching: conditions for a positive link, Teaching in Higher Education, 6 (1), 43-56.

 

Jaspers, K. (1965) The Idea of the University. London: Peter Owen (originally published in 1946).

Newman, J.H. and Turner, F.M.  (1996) The Idea of a University. New Haven: Yale University Press.

Readings, B. (1996) The University in Ruins. Cambridge, MA: Harvard University Press.

Rolfe, G. (2013) The University in Dissent: Scholarship in the corporate university. London: Routledge.

Slaughter, S. and Rhoades, G. (2004) Academic Capitalism and the New Economy: Markets, State, and Higher Education.  Baltimore: The Johns Hopkins University Press.

“ Marco Polo” киноны тухай ярихад…

MarcoPoloКино шүүмжлэгчдээс нэлээд муу үнэлгээ авч байгаа. Учир нь түүхэн кино болоогүй бөгөөд уран сайхан, уран сэтгэмжээр хайр сэтгэл, секс болон ушу-гийн төрлийн зодооны урлагийг сүлэлдүүлэн түүхэн баримтаас холдуулсан нь түүхчдийг ихэд эмзэглүүлж байна.

  • Агуу Хубилай хаан европын нэг худалдаачныг өөрийн зөвлөхийн хэмжээнд үнэлж, түүний үгээр шахуу эзэнт гүрнээ удирдана гэж юу байх вэ…
  • Marco Polo итали хүн харин Хубилай хаан монгол хүн хоорондоо хэлний бэрхшээлгүй чөлөөтэй харилцаж, ойлголцож байгаа нь үнэмшилгүй.
  • Кинонд Аригбөх хааны дүрд ганц л монгол жүжигчин. Тэр нь зөвхөн киноны эхний 2 үзэгдэлд тоглосон бөгөөд олны хэсэгт монгол дуу оруулсныг эс тооцвол Монголын холбогдолтой ямар зүйл байгаа юм бэ…
  • Хубилай хаанд тоглосон Хонконг жүжигчин дүрдээ орохын тулд 10 кг таргалсан.
  • Хятад түүхчид өөрсдийн хаан гэдэг энэ их хааныхаа талаар дуугүй өнгөрөхгүй болов уу…гэх мэтээр ширүүн борооны дусал шиг бөмбөрдөж байна.

Гэлээ гэвч Netflix сувгийн Америк болон баруун европын 36 сая хэрэглэгчдэд “Marco Polo” кино таалагдсан учраас кино найруулагч John Fusco-д үргэлжлүүлэн дахин 10 анги нэмж хийх эрхийг өглөө. Тэр дараагийн ангийн кино зураг авалтаа Монголд хийх, монгол жүжигчдийг урьж оролцуулах талаар Монголын Засгийн газартай ярилцаж үзнэ гэсэн бодлоо ч мэдэгдээд байна.

John Fusco нь шуугиан тариад байгаа энэ киноныхоо санааг хаанаас олсон бэ?
Тэр John Man-ы “Xanadu”(2009), “Хубилай хаан” (2007)номуудыг уншиж, маш их таалагдаж, сэтгэл нь хөдөлж, иймээс гол дэвсгэрээ болгож кино зохиолоо хийжээ. Жич, Xanadu бол Хубилай хааны Хятад нутагт өөртөө бариулсан үлгэрийн мэт тансаг сайхан орд харш бөгөөд Шяндуй гэсэн хятад нэрээр түүхэнд алдаршсан.

John Man (Жон Мэн) гэж хэн бэ?
Монгол түүх судлаач, англи эрдэмтэн.Монголын түүхийн холбогдолтой 6 ном гаргаад байгаа. Барууны түүх судлаачид “ Жон Ман шиг түүхэн судалгааг сонирхолтой өгүүлж, анализ хийж чадсан түүхч одоогоор алга” гэж үнэлдэг.

GanboldJohnЖон Мэн баруун гар талаас , Лондон 2015 он.

Манайхан Жон Мэний “Чингис хаан: амьдрал, үхэл, ухаарал”(2004;2014) номоор нь мэдэх байх, түүний “Чингис хааны манлайллын нууц” номыг нь монголхэлнээ саяхан орчуулсан.
Түүнээс “Marco Polo” киноны тухай сэтгэгдлийг сонсоход “Үнэнийг хэлэхэд миний хүсэж хүлээсэн түүхэн кино биш. Гэхдээ John Fusco түүхийн өргөн мэдлэгтэй, нэртэй найруулагч. Тэр хүмүүсийн сэтгэлийг хэрхэн татаж түүхэн үнэнг ойлгуулах аргаа мэднэ л дээ.”

Үнэхээр ч “Marco Polo” кино Netflix –ийн сувгаар цувралаар 2014 оны 12 сард гарсантай уялдуулан АНУ-ын Harper Collins хэвлэлийн газар Жон Мэн-тэй гэрээ хийж, “Hanadu” номных нь нэрийг өөрчлөн “Marco Polo” болгон дахин худалдаанд гаргажээ. Тус киног үзсэн үзэгчид түүхэн үнэнг сонирхож эхэлсэн тул номын гүйлгээ ихсэж одоо ”Best seller” ном болсон байна.

Тэгэхээр “Marco Polo” кино бол мэргэжлийн түүхч, кино шүүмжлэгчдэд зориулаагүй харин эгэл жирийн үзэгчдийн хэрэгцээ сонирхолд тулгуурлан хийж, түүхийн бодит үнэн рүү татан ховсдсон олон ангит кино болох нь. Ерөөсөө киноныхоо төрөл жанраа drama, historical fantasy (түүхэн үран сэтгэмж, сэтгэл хөдлөм үйл явдал) гэж тодорхойлж байна.

3nom
Жон Мэний ”Чингис хаан”, “Хубилай хаан”, “Чингис хааны манлайллын нууц” номнууд

Тус киноны хоёр гол дүрийн талаар үнэн түүхийг товчхон дурьдвал,

1.Марко Поло(1254-1324)
Дорно дахины мэдээллийг Европод анх дуулгасан худалдаачин жуулчин бөгөөд Италийн Венец хотод худалдаачин айлд төрсөн. 17 настай байхдаа Монголын Юань (одоогийн Хятад) улс руу 4 жил явж очсон.Торгоны замаар (Silk Route) 8000 км болон бусад олон янзын адал явдалтай учирч аялахдаа хамаг эд бараагаа дээрэмдүүлэн гар хоосон болсон ч Хубилай хаантай уулзаж, ярилцаж байсан байна. Тэгээд 17 жилийн дараа буцахдаа маш их алт мөнгө эрдэнэс тэй, баяр хөөртэй сэтгэл хангалуун буцсан байна. Харамсалтай нь диваажин шиг сайхан,баян тансаг Юань улсын тухай түүний яриаг итгээгүйгээс шоронд хийж, эрүүдэн шүүж байжээ.

2.Хубилай хаан(1215-1294)
Энэ хааныхаа тухай сайн мэдэхгүй бас муу хаан гэсэн ойлголттой нэгэн байлаа. Манай 1970-80 оны Монголын түүхийн хичээлд Хятадын хаан болсон. Улсаа Юань улс гэж нэрлэсэн. Тэр бүү хэл, Монголын нийслэл ХарХорумыг Бээжин хот руу шилжүүлснээр, Монгол улс доройтсон гэж зааж байлаа. Харин сүүлд Япон улс руу Монголын усан флот илгээж байсан мэдээ олж уншиж билээ.

Одоо Хубилай хааныхаа тухай дараах бодлоо хуваалцмаар байна.

  • Чингис хаан отгон хүү Тулуйгийн хүүхэд, өөрийн ач хүү Хубилайд “ Урд зүг Тулуйн удмын эзэмшил, монгол морины туурай тамгалах газар хүртэл өөрийн газраа өргөтгө”гэж зарлиг буулгасан. Иймээс,
  • Хятадыг бүрэн эзэлж улсаа өргөтгөхдөө Гималайн уулсаар хилээ тогтоон Түвдийг эрхшээв. Зүүн Ази-Дундад Азийн улс орнуудыг нэгтгэснээр урд зүгийн хил нь номхон дөлгөөн далайгаар хүрээлэгдсэн.
  • Усан болон хуурай замаар улс орноо хянах болон эдийн засаг худалдааг хөгжүүлэх хамгийн тохиромжтой байршлаар Бээжинг сонгож Улсынхаа Нийслэл болгон бадруулан цэцэглүүлсэн.
  • Анх удаа Монголын усан флотыг байгуулж, Хятад болон Японы далайд хяналтаа тогтоож, номхон далайн арлуудыг сонирхож байсан бөгөөд эзэлсэн Солонгос улсаас Японы арал руу усан флотоороо монголцэрэг илгээж чичрүүлж байв.
  • Зүүн Азийн улс орнуудыг бүрэн эрхшээн татвар авч бас Торгоны зам нээн Дорно Өрнийг холбосон худалдаа арилжааны сүлжээг үүсгэсэн .
  • 15-16 зуунд Шарын шашинг Манж Чин улс Монголыг номхотгох гэж дэлгэрүүлсэн гэж бидний түүхийн хичээлд заадаг.Гэвч энэ бол түүхэн нөхцөл байдлын хувьд зөрөөтэй бодол төрүүлж, үнэмшил муутай санагддаг байлаа. Хубилай хаан Будда-г Азид дэлгэрүүлсэн. Түүний эзэнт гүрний Монголчууд хөх тэнгэрээ шүтдэг бол хятадууд тао (taoism) шашныг, бусад улс үндэстнүүд муслим мөн христийн гэх мэт янз бүрийн шүтлэгтэй байлаа. Гэвч Хубилай хаан Будда-г өөрийн улсынхаа үндсэн шашин болгосон. Яагаад гэвэл энх, амар амгаланг айлтгасан сургаалууд нь бусад шашнаас илүү байсан байна. Иймээс Түвдээс эрдэмтэй лам нар залж, ном айлдуулж, сүм хийд барьж өгч байсан нь Азид Будда шашин маш түргэн тархах түлхэц болсон. Энэтхэгтээ түгж чадалгүй мөхөж, Түвд рүү дамжсан энэ шашныг цаашид Түвд улс бас бусад улс орон руу дэлгэрүүлэх хүч нөлөө нь ч тэр, эдийн засаг чадал нь ч тэр ямар ч боломжгүй байсан. Харин Хубилай хааны дэмжлэгээр сэргэн мандсан.
  • Дэлхийд анхны цаасан мөнгийг худалдаанд гаргуулж, тухайн үеийн монгол хэл аялгуунд зохицуулсан дөрвөлжин бичгийг номч мэргэн Пагба ламаар зохиолгож, “Нууц Товчоо”-г монгол дуудлагаар хятад ханзаар сийрүүлэн буулгуулж… энэ нь одоо бидэнд олдож байгаа Бээжингийн номын санд байгаа гагц хувь. Энэ хувь л “Монголын Нууц Товчоо”гэж дэлхий дахиныг цочоож, Монголын түүх, уран зохиол ,ёс заншилын үнэлшгүй өв, шүтээн болсон.
  • Өөрийн эзэнт Юань гүрнийхээ Монгол, Хятад, Солонгос, Түвд, Непал, Бурма… гээд олон янзын үндэстний хэл соёл, ёс зан заншлыг сөргөлдүүлэлгүй зөв зохицуулж, ухаалаг удирдсан Хубилай хаан айргаа ууж, хонины махаа идсэн эгэлгүй монгол хаан байжээ.

“Marco Polo” кино гарсан нь Монголын хаадыг өөрийн хаан мэтээр тайлбарлаж байдаг Хятад, Турк, Казакстан гэх мэт улсын түүхчдэд “хатуу самар” болсон гэж бодож байна.

Өнөөгийн их Хятад улсыг үндэслэсэн хүн бол Монголын Хубилай хаан. Энэ хаан дундад иргэний өөр хоорондоо хэмлэлдсэн хаант улсуудыг бут цохин нэгтгэж, Монголын эзэнт гүрнийг дундад болон зүүн азийн улс орнуудаар тэлэн өргөсгөж, далайн хүчирхэг флот байгуулж усан замд ч хуурай газарт ч хяналтаа тогтоон, эдийнзасаг соёлын асар их нөлөөтэй өөрийн эзэмшлийн Юань улсыг Азид бий болгосон.Түүхэнд Хятадын ямар ч хаан ийм гайхамшгийг бүтээж чадаагүй юм. Хятад одоо Хубилай хааны эзэмшсэн газар нутгаар өөрийн хилийг тогтоохыг эрмэлзэж байна. Иймдээ ч Түвд, Тайван, Хонконг гээд улсуудын тусгаар тогнолыг зөвшөөрдөггүй.

Жич, Монгол түүхч Жон Мэн-ий нэгэн яриа анхаарлыг минь ихэд татаж, сэтгэл жиндүүлж билээ. Түүнийг Турк улсад түүхийн эрдэм шинжилгээний нэгэн хуралд илтгэл тавьсны дараа, Туркын нэгэн түүхч эрдэмтэн “Та бол Монгол хүн биш. Иймээс Монголын тухай хамаагүй ярих хэрэггүй. Чингис хаан бол Түрэг хүн. Иймээс Турк хаан гэж ярьвал зохимжтой. Та түүхч хүн учраас Монголын газар нутгаас эртний Түрэгийн холбоотой хэчнээн эд зүйлс олдсоныг мэдэж байгаа. Түрэг хүний цус одоо ч монголчууд дунд байгаа. ” гэж буруушаажээ.

“Чингис хаан ч тэр, Хубилай хаан ч тэр бүгд Монголын аугаа хаад. Энэ бол түүхэн үнэн шүү дээ. Би энэ байр суурин дээрээ хатуу зогсоно.”гэж Жон Мэн хэлсэн.

Яагаад ч юм надад Монголын төлөө цохилох зүрхтэй энэ англи эрдэмтнийг монголчууд бид хэр мэдэх билээ, Монгол төр маань хэр үнэлж, дэмжиж байдаг юм бол доо гэж бодогдсоныг нуух юун…

Бичиглэгч Габо

“Миний аав Бурхан биш ” бол  “Манай аав архичин, танай ээж янхан уу?” (Шүүмж)

EebeeNomМиний ширээн дээр байгаа номын гарчиг анх ийм л сэтгэгдэл төрүүлж, эгдүүцүүлж билээ.

Х.Эрдэмбилэг  “Миний аав бурхан биш”  ( УБ хот, 2014 он, 351 тал ) номныхоо заримыг баруун европын Англи улсад ( United Kingdom) бичсэн учраас  “ Лондонгийн бичлэгүүд” гэсэн давхар гарчиг дагалдуулжээ.

Тус ном 2 бүлэгтэй. 1-р бүлэг  нийтлэл, тэмдэглэл,  2-р бүлэг өгүүллэгүүдээс бүрдсэн бөгөөд сонин нийтлэлийн болон уранзохиолын найруулгаар сүлэлдүүлэн бичжээ.

Бид чинь эцэг эхээ Бурхан гэж хөөрцөглөн өргөмжилж,  дуу шүлэг зохиолдоо бичдэг болгон нь оруулж, сонссон болгон нь итгэсээр будилмаар олон Бурхантай болчихжээ. Гэтэл бодит амьдралд өөрсдийн минь аав ээж Бурхан ч биш, чөтгөр ч биш жирийн л нэг хүн байдаг.

Энэ бол Монголчууд бид хэт хийсвэрлэн сэтгэж,  Бурхан ба хүнээ ч ялгахаа байсан сэтгэлгээний логик алдааг өөрийнхөө ааваар жишээ аван, хошин өнгө инээмсэглэлээр  “Миний аав Бурхан биш”(63т) нийтлэлдээ бичжээ. Нээрээ Бурхан нь тэнгэртээ,  хөгшид минь газартаа байг л дээ.

Аав ээжээ амьд Бурхан болгочихсон болохоор тэднийгээ  шүүмжилж чаддаггүй, Бурхад маань ч үнэнийг сонсох дургүй. “Ээждээ хүүхэд гаргах, аавдаа авгай авахыг ” зааж болохгүй.Гэтэл…

Аав ээжийн үүргээ биелүүлж чаддаггүй Бурхадыг дагасан энэ Бурхадын хүүхдүүдийн ирээдүй ямар байх вэ? Учир нь ихэнх монгол аав архичид, өнөөгийн монгол ээжүүд дунд  янхан байна. Эцэг эхийн үг бүрийг  зөв гээд дагаж дарцаглаад байх уу…?

Өнгөрсөн үеийн буруу хазгай бодлыг өвлөн авах биш, өөрсдийн үеэр бахархаж авах гээхийн ухаантай байхыг “Манай аав архичин,танай ээж янхан уу?” ( 23т) нийтлэлдээ ёжтойгоор халаглажээ.

Үнэндээ,  урьдын  сургаал болгоныг үнэн гэж дагах уу? Тухайлбал одоо нэлээд дэлгэрсэн “Хүнд мөнгөө зээлэх нь тэнэг, зээлснээ эргүүлж төлөх  нь усан тэнэг” гэсэн хоржоо үг хожмоо сургаал болоод үлдвэл ямар ёс суртахуун ноёлж эхлэх вэ? Чи өөрөө болж байвал бусад нь падлийгүй гэсэн сэтгэлгээний өвчлөл мөн үү…

Сэтгэлгээний буруу төлөвшилт нь нийгмийн ёс суртахууны ариун байдлаа буртаглаж байгааг “Нэг сайныг үйлдээд – нэг муу хэрэг хий!” ( 53т) нийтлэлд их аварга Дагвадоржийн ээжийн энгийн цагаан яриагаар жишээлэн хийсэн нь нулимстай инээд хүргэнэ.

Энэ бүхний эх сурвалж нь манай Бурхан ярьсан лам нарын будлиантай номлолоос үүдэлтэй       “Бурхан гэдэг Будлиан үг”(38т) бөгөөд шашныг мэдлэггүй дэлгэрүүлбэл хөгжил биш хоцрогдол авчирч байгааг ч ”Ярилцлагаас үүдсэн бодрол”(8т)   асуудал болгон дэвшүүлэн тавьсан нь  гашуун инээдийн хажуугаар сонирхол татна.

Х.Эрдэмбилэг нь өөрөө Будда-гийн гэгээн хутагт, хувилгаадын бичсэн Бурхан болон хүний мөн чанар ба оюун гэгээрэл,  бясалгалын талаарх туурвил бүтээлийг англи хэлээр өрнөдөд дэлгэрснийг нилээдгүй уншиж судалж, гэтэл манай лам нар оюун гэгээрэл,  танин мэдэхүйн шинэ ертөнцийн талаар  ард түмэндээ номлох биш харин өөрсдөө  орчлонгийн  хар цагаандаа ороолцолдоод,  хөл толгойгоо  алдчихсан бөгөөд  Бурханы нэр барьж  буруу  зөрүү  үзэл төлөвшүүлж  байгааг  “Хамбын араас шидсэн чулуу”( 143т) мөн өмнө нь ч байсныг ”Архангайн авшигтай хүү”( 22т) хатуухан чимхэж, хоржоонтой инээдээр догиожээ.

Нийгэм судлаач, сэтгэл зүйчид өнөө үеийн сэтгэлгээний доройтлыг ардчилалтай холбон гайхан шогширч муулдаг.

Гэтэл сэтгэлгээний өвчний зөв оношийг олж эрүүлжүүлэх хэрэгтэйг Х.Эрдэмбилэг сануулахдаа үүний эх үүсвэр  нь малист сэтгэлгээтэй холбоотой гэж  “-изм” дэвшүүлж…

Бидний сэтгэлгээний ядуурал нь феодалын нийгмийн ёс суртахууны үндсэн хэв маяг руу гулган орж байгаа шалтгааныг “Мализм”(138т) гэсэн бодрол болон асуудал дэвшүүлсэн нийтлэлдээ хурцаар хөнджээ.

Х.Эрдэмбилэг нь  бичлэгийнхээ хэл найруулгадаа дүрслэлийн ёгтлол, егөөдлийг түлхүү бас оновчтой  хэрэглэж, егөө догиотой  хөнгөн хошигнолоор  бичсэн нь  уншсан хүнээ уйдаахгүйн хамт учиртай  инээд, ухаарал төрүүлж байна.

Ер нь  түүний бичлэг нь ёгт дүрслэмж, ёжтой  инээмсэглэлээр  дүүрэн. Хошин шог өнгө  аясаар хэлэх  санаагаа  гаргадаг  нь сонин сэтгүүлийн найруулгаар  “Шанаагаа санаж байна”(18т), ”Яруу найргийн елементүүд”(28т) гэсэн нийтлэл болон  шүүмжид, харин уран зохиолын найруулгаар   ”Могжоохон морьтой  жогжоохон  цэргүүд”(251т),  ”Эндүүрэл”(255т) өгүүллэгүүдэд тод  мэдрэгдэнэ.

Оросын уран зохиолын  нөлөөнд  орж,  бичлэгийн  загварыг нь  үлгэр  болгодог бидэнд  түүний бичлэг  этгээд байж  болно.  Гэлээ  ч  Орос  халуун чихэртэй  байхуу цайны амтыг мэдэрдэг бидэнд  өрнийн  ханххийсэн аатай үнэртэй,  нойр сэргээм кофе-ний амтыг санал болгожээ.

Анхааруулахад,  амьдралыг хэтэрхий илэн далангүй дэлгэж, эрээ цээргүй нүгэлт гэмийг зөвшөөрөөд байгаа ч юм шиг  “Их амьдралын эхэнд”(263т) гэх гагц нэг  өгүүллэгийг  насанд хүрээгүй  эсвэл  ухаан төлөвшөөгүй  залуучуудыг уншихыг хоригломоор, ингэж  бичиж болох уу… гэсэн бодлоо  дурдмаар байна.

Жил  бүрийн улсын наадмаар хүчит бөхчүүд бяр хүч, уран мэхээрээ улсын цол авдаг шиг Монголын зохиолчдын гаргасан номуудыг оюуны цар  хэмжээ, бичлэгийн ур чадвараар нь шалгаруулбал  Х.Эрдэмбилэгийн ном энэ жилийн үзүүр түрүүнд хүрч, арслан зааны цолны дайтай оюуны арал бяр заах юм байна гэж төсөөлөгдөж байна.

Х.Эрдэмбилэгийн номыг уншвал инээнэ, тэгээд  эгдүүцэж ч болно, бас…

Хэл судлаач З. Ганболд (Ph.D)

Уулзалт чөлөөт ярилцлага

ErdeneBat

Уулзалт ярилцлага 10 -р сарын 26-ны (Хагас сайн өдөр) 15 цагаас  Rudolf Steiner House Theatre (35 PARK ROAD, NW1 6XT ) буюу МУГЖ Д. Сосорбарамын уулзалт, түрүү жилийн сар шинийн золголт болж байсан газар болохоор боллоо. Та бүхнийг ажил, сургуулиа зохицуулан хүрэлцэн ирж МУ-ын эдийн засгийн өнөөгийн байдал, банк санхүү, боловсролын тогтолцоо гэх зэрэг сонирхолтой сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлж, санал бодлоо солилцохыг урьж байна. Ялангуяа дээрх чиглэлээр ажиллаж, суралцаж буй хүмүүс хүрэлцэн ирэхийг хүсье. Мэдээж уулзалтад бүх насны, ямарч хүн оролцож болохыг хэлүүлтгүй мэдэж байгаа биз ээ!

 

 

Англичууд архи, тамхины талаар

Bazra

Др Ц.Базаррагчаа, эмч, Британийн Монголчуудын холбооны УЗ-ын гишүүн
(Цахим Өртөө Холбоогоор хэлэлцэгдэж буй архи, тамхины хор уршигийн талаархи хэлэлцүүлэгт зориулав)

Архи, тамхины асуудлыг зохицуулах нь аль ч нийгэмд тохиолддог тун төвөгтэй асуудал. Улс орон хөгжихийн зэрэгцээ нийгэм дэх архи, тамхины талаарх үнэ цэнэ өөрчлөгдөж эхэлдэг. Эрүүл аж төрөх талаар илүүтэй анхаарч эрүүл нийгэм рүү шилжих хандлагатай болдог. Үүнийг бодлогоор л дэмждэг.

Жишээ нь, Англид тамхийг олон нийтийн газар (Ресторан, pub, bar болон бусад олон нийтийн газар) татахыг 2007 онд хориглосон, гол зорилго нь тамхи татдаггүй иргэдийг “дам тамхидалт”-с хамгаалж буй.  Айлд ирсэн зочин ч гарч тамхи татдаг болсон. Ийнхүү нийгэмд урьд нь “сайхан” гэж үзэж байсан зүйл огт тийм биш болж байна.

No smoking day logoТүүнчлэн Англид 2014-2015 оноос тамхийг supermarket болон худалдааны газруудад ил гарган худалдахгүй байх асуудал хэрэгжихээр болж байна. Энэ нь хүүхэд, залуусыг тамхи татаж эхлэхээс сэргийлж, тамхигүй орчинг бий болгох зорилготой юм.

Архи согтууруулах ундааны хувьд ч онцгой татвар нь нэмэгдэхийн зэрэгцээ жижиглэнгийн үнэ нэмэгдэхийн зэрэгцээ энэ төрлийн барааны реклам телевизээр гарахгүй болсон. Харин тамхины хор уршгийн талаар, тамхиа хаяхыг хүсвэл хаана хандаж тусламж авах талаар мэдээлэл түгээгдэх нь ихссэн байна.  Ийнхүү архи, тамхийг хориглохгүй ч гэсэн бодлогоороо ард түмнээ хамгаалах эрүүл аж төрөх орчинг бий болгож байна.

Гэтэл Монголд хямд архи, тамхи үйлдвэрлэдэг компаниуд улам нэмэгдэж байгаа нь харамсалтай. Хэдийгээр үндэсний үйлдвэрлэлийн асуудал хөндөгдөж буй ч архи согтууруулах ундааг рекламдах, тухайлбал, шинэ болор архины нээлт гэж томоохон арга хэмжээ Туул голын хөвөөнд зохиогдон энэ үйл ажиллагаанд ихэнх нь залуучууд хүрэлцэн ирж, рок попын одууд дуулцгааж байсныг санаж байна.  Түүнчлэн манай архины компаниудийн танилцуулга нь ичмээр байдаг. Архиа заавал л залуухан хагас нүцгэн эмэгтэйг оролцуулан рекламддагыг юу гэж ойлгох вэ.

Бидний хувьд нийгэмд ялангуяа,  монголын ирээдүй болох залуучуудыг бүрэн хүмүүжихэд нөлөө үзүүлдэг “ёс зүйгүй ” үйл ажиллагаанаас холхон байх нь зүйтэй

Мэдээллийн эх: www.tsahimurtuu.mnЦахим Өртөө Сүлжээний вэб хуудас