Уулзалт чөлөөт ярилцлага

ErdeneBat

Уулзалт ярилцлага 10 -р сарын 26-ны (Хагас сайн өдөр) 15 цагаас  Rudolf Steiner House Theatre (35 PARK ROAD, NW1 6XT ) буюу МУГЖ Д. Сосорбарамын уулзалт, түрүү жилийн сар шинийн золголт болж байсан газар болохоор боллоо. Та бүхнийг ажил, сургуулиа зохицуулан хүрэлцэн ирж МУ-ын эдийн засгийн өнөөгийн байдал, банк санхүү, боловсролын тогтолцоо гэх зэрэг сонирхолтой сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлж, санал бодлоо солилцохыг урьж байна. Ялангуяа дээрх чиглэлээр ажиллаж, суралцаж буй хүмүүс хүрэлцэн ирэхийг хүсье. Мэдээж уулзалтад бүх насны, ямарч хүн оролцож болохыг хэлүүлтгүй мэдэж байгаа биз ээ!

 

 

Цахим өртөө сүлжээг үндэслэгчдийн нэг, Цахим өртөө холбооны тэргүүн Д. Цэрэнбатын Гоодаль сэтгүүлд өгсөн ярилцлага

Tserenbat

Дүүрэн өнөөдөр

 

Өчигдрөөс, бүр нарийн харвал өчигдрийн, тэрний өмнөх өчигдрүүдээс олсон, гээсэн, цуглуулсан бүхэн өнөөдрийг дүүрэн болгодог. Өнөөдрийг тун удахгүй жаргачих нартай нь, ганцхан цагийн өмнө шаагисан ширүүн бороотой нь, хатуу хэцүү байлаа ч огцом эргэлттэй нь  хүлээн авах тэнхэл бидэнд дандаа байдагсан билүү? Түүнтэй ярилцахад эрч хүч, тэмүүллээр дүүрэн өнөөдөр мэдрэгдэж байлаа. 1999 онд Цахим Өртөө Сүлжээ, 2005 онд Цахим Өртөө Холбоо, 2011 онд Цахим Өртөө дээд сургуулийг үүсгэн байгуулалцсан, Цахим Өртөө Холбоо, Британийн Монголчуудын Холбоонытэргүүн Д. Цэрэнбатыг эх орондоо амралтаараа ирээд байхад нь цаг заваас нь хумслан байж ярилцсанаа танд хүргье.

 

Дашзэвэгийн Цэрэнбат1969 онд Төв аймгийн Батсvмбэр суманд төрсөн. Тус аймгийн Алтанбулаг суманд өсөж торинон 1986 онд сумынхаа 10 жилийн дунд сургуулийг дvvргэж, 1991 онд МУИС-ийг математикч мэргэжлээр төгссөн. Тухайн үед Улс Төрийн Дээд, Төр Нийгмийн Судлалын Академи, Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институт зэргээр нэрлэгдэж байсан, одоогийнхоор Удирдлагын Академид багшилж байжээ. Өдгөө Их Британи улсад Custom NetworksLtdхувийн компанид санхүүгийн менежерийн алба хашдаг.

 

Хүрэлбаатарын Одончимэг: Та үндсэн ажлаасаа гадна олон нийтийн ажил зохион байгуулж, оролцож, гадаадад амьдарч буй монголчуудынхаа төлөө их зүйл хийдэг. Энэ олон ажлыг амжуулахын тулд их л завгүй байдаг биз?

Дашзэвэгийн Цэрэнбат: Олон нийтийн ажлыг сайн дураараа хийж байгаа учир цаг заваа зохицуулах хэрэг гарна. Сэтгэл зорилго  нийлсэн хүмүүстэйгээ хамтран ажиллаж буй учир бие биенээсээ их зүйл суралцаж туршлагажиж байдаг нь сайхан. Цахим өртөөний ажлын хувьд ч тэр, алс холоос царай зүсээ тэр бүр харалцахгүй ч гэлээ удаан хугацаагаар хамт ажиллаад нэг хамт олон бүрэлдчихсэн, бүгд л нэг зүйлийн төлөө санаа нийлээд явж байгаа болохоор цаг зав, боломжоо зохицуулаад энэ бүхнийг амжуулцгаадаг. Миний хувьд, ажил, олон нийттэй холбоотой арга хэмжээг амжуулаад явахад гэр бүлийн маань хүний дэмжлэг их бий.

 

Х.О. Эх орноосоо гараад арван хэдэн жил болчихжээ. Анх ямар ямар шугамаар Их Британид очсон бэ? Тэнд яаж идээшиж дасав?

Д.Ц. Би 1997 онд нутгаас гарсан. Англид очих нь 1999 оны нэг сар. Англи хүнтэй гэрлэсэн нь тийш явах шалтгаан болсон хэрэг. Гэр бүлийнхээ хүнтэй танилцах үедээ би одоогийн Удирдлагын академид багшилж байлаа. Эхнэрийн маань ажил манай сургууль дотор байрлаж байсан. Нэг удаа нэг найз маань “Манай мэрэгжилтэн найзтайгаа морь унамаар байна гэнэ, чи гэрээдээ авч яваач” гэж гуйсан юм. Тэгээд л хөдөөгүүр долоо хоног явж, газар үзүүлж, морь унуулах үедээ бид морин дэл дээр танилцаж дотноссон доо.

Бид одоо Английн Саррей (Surrey) мужид амьдардаг. 2000 онд Кингстоны их сургуульд эдийн засгийн загварчлалаар мастерын зэрэг хамгаалсан. Сурахынхаа хажуугаар дэлгүүрийн лангуунд бараа өрөхөөс эхлээд тамхины компанид бичиг хэрэг хөтлөх гээд элдэв ажил хийж орчиндоо дасаж, хамт ажиллаж буй хүмүүсийнхээ харилцаа, ажлын арга барилаас нь суралцаж, хэлээ зүгшрүүлж тэр зүгийн иргэншилд дасаж байлаа. Одоо энэ ажиллаж буй компанидаа ороод 10 жил болж байна.

 

Х.О. Гаднаас ирж буй хүнд бүү хэл, эндээ амьдарч байгаа бидэнд ч улс орон өөрчлөгдөж байгаа нь илт мэдрэгдэж байна. Таны хувьд Монголдоо ирээд буцахдаа юу ажигладаг вэ?

Д.Ц. Эх орноосоо хол амьдрахад мэдээж нутгаа их үгүйлнэ. Хүн гэдэг хаана мэндэлсэн, тийшээгээ л тэмүүлдэг амьтан байх. Бага нас минь хөдөө өнгөрсөн болоод тэр үү, эх орноо үгүйлэх, санах үед хөдөө өссөн бага насны  гэгээн дурсамжууд орж ирдэг. Багадаа адуучин болохыг мөрөөддөг хүүхэд байсан, Англид очиж амьдрана гэж зүүдлээ ч үгүй явсан хэрэг.

17 настайдаа оюутан болж хотод ном сурахаар орж ирж байлаа. Барилга байшин нь нүд татаж, автобусны үнэр нь хүртэл гоё юм шиг санагдана.

Монголд маань ардчилсан хувьсгал ялж, шилжилтийн үе ирж бид чинь үзэж туулаагүй мөрөөдлийн нийгмээ байгуулах гэж хир буртаг төдийлөн суугаагүй сэтгэл зүтгэлээр ид алдаж онон үзэлцэж байхад нутгаасаа гарсан тул нийгмийн сэтгэлгээ ч, ахуйн хэрэглээ ч одооныхоос тэс өөр байсныг санаж байна.

1, 2 жилдээ нэг эргээд ирэхэд хөдөө маань нэг их өөрчилөгдөөгүй дурсамж сэдрээгээд сайхан л байдаг юм. Хөдөөний хүмүүсийн амьдрал технологийн хөгжил, нийгмийн харьцаагаа дагаад дээшилж өөрчлөгджээ.

Хотын хувьд хэрхэн өөрчилөгдснийг байшин барилга, машин тэргээс нь эхлээд харж болж байна. Гэхдээ “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гэсэн сэтгэлээр их хандсанаас хот маань тэлэлгүй хумигдаж боомилогдон дотроосоо идэгдэн, элгээ эвхэн тарчилж буй амьтан мэт дүрслэгдэх юм. Мөнгө ашгийн төлөөх өрсөлдөөн дунд хотын, ялангуяа хүний амьдрал нилээд орхигджээ дээ. Баруунд иймэрхүү амьдрал олон зуун жилийн өмнө тохиолдож байсан байдаг. Лондон гэж ямар заваан хот байж хэдэн сая хүнээ тахал өвчнөөр алдаж байж ойлгож ухаарсан, Парисчууд байж ядахдаа хаанаа түлхэн унагаж хувьгал хийж байж шинэ үеийг авчирсан зэргийн тухай “Дэлхийн заваан хотууд” гэсэн ВВС-ийн хийсэн цуврал нэвтрүүлгээс үзэж болно. Өнөө үе нь өмнөх үеийнхээ шуналын харгайгаар байгаль нийгэмдээ учирсан хор уршигийг арилгах гэж янз бүрээр үзэж байна. “Туршлагыг май гээд өвлүүлж болдоггүй” гэдэг ч мэдлэг оюуныг амархан хүргэх түгээх боломжтой өнөө цагт бид заавал тиймэрхүү замыг туулж зовж зүдэрч байж болохгүйгээ толгойгоо шаан байж ойлгох албагүй л санагддаг.

Бидэнд эх орноо гэсэн үнэн ч сэтгэл, харилцан итгэлцэл хүндлэл юу юунаас чухал байна уу даа.

Хөгжил гэдэг хүнээсээ эхлэх ёстойг одоо хаа сайгүй ярих болсон. Иргэн хүн нь захын хүний үгэнд хууртахгүй мэдлэг оюунтай, буруу зөвийг ялгах хүмүүжил  сэтгэлтэй болж  төлөвшсөн байх нь улс орны тогтвортой хөгжилийн үндэс байх аа.

 

Гэхдээ л сайн муу хэлж хэлэгдэж буй Монголдоо ирээд унтах завгүй шахам долоо хоночихоод буцахад ч өчнөөн их энерги, хийж бүтээх санал сэдэл авсан байдаг. Хүний өсөж төрсөн газар, эх орон гэдэг их өөр.  Хүйн холбоотой байдаг гэдэг нь үнэн хэрэг байх.

 

Х.О. Тэгвэл хүнийг яаж, ямар замаар хөгжүүлэх нь зөв гэж та боддог вэ?

Д.Ц. Гадаадад, жишээлбэл, хоёр хүүхдийнхээ хичээл сургуулиас харж байхад Их Британид шашин нь нилээд том үүрэг гүйцэтгэж байх шиг санагддаг. Хүүхдүүдэд сургуульд оронгуут нь алив зүйлсийг шашны номлол талаас нь заана. Анги ахиад  шинжлэх ухааны ойлголттой болохоороо аливаа юмны учир шалтгааныг ойлгох тал дээр үзэл бодол нь өөрчлөгдөх ч хүн байхын ерөнхий үнэт зүйл нь тэнд л төлөвшдөг шиг байна.

Нөгөө талаас хууль. Тэнд нийгэм хүмүүсийн харилцааг хуулиар зохицуулсаар олон зуун жил өнгөрч.  Хүнд сайн сайхан сэтгэлээс гадна  ямар нэгэн сиймхий олдвол муу зүйл хийх сэдэл заяагдмал байдаг болтой. Тэгэхээр хуулиар барихаас ч аргагүй. Гэхдээ  хууль гэдэг хүний сэтгэлийн доторхи олон зүйлийг багтааж яахан чадах билээ.

 

Сайн сайхныг бодож хичээж амьдрал ахуйнхаа дадал болгоход багаас авсан хүмүүжил их чухал. Иймээс хүнийг мэдлэг оюунтай, амласандаа үнэнч хүнлэг хүн болгож өсгөхөд өрхийн хүмүүжил, нийтээр олгогдох  боловсролоос л эхэлнэ. Аливаад сэтгэлээсээ ханддаг, бие биедээ баяр хөөр бэлэглэсэн халуун дулаан уур амьсгалыг бий болгохын төлөө ажиллаж амьдарч чадаж байвал юутай сайхан.

 

Х.О. Их Британид, ер нь гадаадад амьдарч буй монголчуудын өмнө тулгарч буй хамгийн том асуудал юу вэ?

Д.Ц. Хүн болгонд л бэрхшээл, асуудал тулгарна, энэ нь хаана амьдарч байна гэдгээс нэг их хамаарахгүй л дээ. Яг гадаадад амьдарч буй монголчуудын хувьд гэвэл нэн түрүүн хэл, соёлын асуудал байна. Монголчууд гадагш гарч эхэлснээс хойш 10, 20 жил өнгөрсөн нь бүхэл бүтэн нэг үе өсөж өндийх цаг хугацаа. Сурч боловсрох, ажиллах, амьдралд хөлөө олох гэж зүтгэж байсан анх очсон үетэй нь харьцуулахад харьцангуй ажил амьдрал нь тогтворжчихсон хүмүүс нилээд бий. Тэдний хувьд хамгийн том асуудал бол үр хүүхэд нь монгол хэл, соёлоо мартчих вий гэсэн эмзэглэл. Эх орноосоо хол байгаа ч өөрсдийг нь бий болгож буй хэл соёл, уламжлалаасаа үр хүүхдүүдээ холдуулчих вий гэсэн зовинол нэгэнт бий болчихоод байна.

 

Гадаадын улс орнууд дах монголчуудын холбоод, байгууллагууд энэ тал дээр анхаарч, хийж байгаа ажлууд бий. Монголын тусгаар тогтнолын нэг асуудал яах тул төрийн нэгдсэн, тууштай бодлого дэмжлэг энэ тал дээр зайлшгүй чухал. Наад зах нь гадаадад төрж, өсөж буй хүүхдүүдэд хэрхэн монгол хэл заах вэ, ямар сурах бичиг ашиглах, яаж шалгаж дүгнэх талаар нэгдсэн тогтолцоотой байхсан.

 

Бас нэг асуудал бол манай улс хуулиараа давхар иргэншилтэй байхыг зөвшөөрдөггүй. Миний хувьд ч үүнээс болж тулгарах асуудал бий. Би Британид оршин суух визатэй ч тэндэхийн иргэншил аваагүй тул наад зах нь Европын аль нэг орон руу явахад заавал виз авах хэрэг гарна, тэр хэмжээгээр цаг зав зарцуулна. Заримдаа татгалзсан хариу авна. Амьдралын шаардлагаар гадны иргэн болчихсон Монголчууд олон бий, Үүнийг албаныхан ч сайн мэдэж буй. Тэгэхээр хууль бусаар л болохоос давхар иргэншил бол бодит үзэгдэл болчихсон хэрэг. Үүнийг нэг тийш нь болгоод, хуулийн талаас шийдэх цаг болсон санаггддаг. Цахим Өртөөчдийн ярьдаг мөнхийн сэдвүүдийн нэг нь бас энэ л дээ.

 

Х.О. “Цахим өртөө” байгуулагдаад 14 жил болчихож. Дэлхийн өнцөг булан бvрт суугаа монголчуудыг хооронд нь холбох, санал бодлоо хуваалцахад том хувь нэмэр оруулсан сүлжээ. Анх хэрхэн байгуулагдсан бэ?

Д.Ц. “Цахим өртөө”-нөөс өмнөАвстралид амьдарч байсан доктор Мянган гуайн байгуулсан  “Монгол холбоо” гээд сүлжээ байсан юм. 1998 онд Барбадост амьдарч байхдаа Ш.Баатар андад хөтлөгдөн тэр сүлжээнд нэгдэж, санал бодлоо хуваалцдаг байлаа. Тэр цагаас гадаадад суугаа Монголчууд интернэтээр дамжин танилцаж  оршин суугаа газар нутгийнхаа сонин хачин, хvмүүсийн амьдрал ахуй, хөгжил дэвшил, шинэ технологи зэрэг vзсэн, сонссонообие биедээ сонирхуулж, тэр бүхнээс Монголдоо хэрэгжvvлэх талаар хэлэлцээ санаа бодлоо их солилцдог байсан даа. Тэр үед л туршлага, шинэ санаанаасаа бие биетэйгээ хуваалцах, түүнийгээ хэрэгжүүлэх мэдээлэл солилцооны талбар болохуйц гадаад, дотоодод байгаа монголчуудаа нэгтгэсэн сүлжээ байгуулах санаа төрж найз нөхөдтэйгөө ярилцсаар 1999 оны 5 сарын 31-д тухайн үед Японд суралцаж байсан А.Амарбаяр андын сургуулийн сервер дээр сүлжээг бид анх байгуулж байлаа. Сүлжээ гэдэг үүсгчихээр өөрөө ажиллаад эхэлдэггүй хүн хоорондын харилцаа% итгэлцэл нөхөрлөл дээр тулгуурлан оршин тогтнох учиртай тул эхний хэдэн сар хөл гарыг нь олуулах гэж хөхүүл хүүхэдтэй хүн шиг их л ачаалалтай ажилласан санагддаг юм. Сүлжээндээ санал бодлоо хуваалцаж буй хүмүүст хариулах, урамшуулах гээд өргөжүүлэх талаар их мэрийсэн. Гишүүдийн тоо зуу даваад сүлжээгээ гэсэн идэвхитэй бүлэг үүсэж хэлбэршснээр өөрөө ажиллаад байх хэмжээнд хүрсэн. Цахим Өртөө олон залуусын төлөвшиж хүмүүжихэд үүргээ өгсөн газар гэдгийг тэд нарын эргээд биичиж буй захидлуудаас харж болно. Байнга буцалж оргилоод байхгүй ч энэ сүлжээнд зөвхөн мэдлэгт суурилсан харилцан хүндлэл бүхий хүн хоорондын харьцаа үүсэж хэлбэршсэн санагддаг.

Бид мөн “Цахим улаач” нэртэй онлайн сэтгүүл гаргаж байлаа. Эхлээд цаасан дээр гаргахаар төлөвлөж байсан ч тодорхой редакцгүй, Монголд хариуцах хүнгүй учир АНУ-д суугаа Ш.Баатар анд маань эрхлэн интернэтээр хорин хэдэн дугаар гаргасан нь тухайн үедээ одоогийн энэ олон портал сайтуудын үүргийг ямар нэг хэмжээгээр гүйцэтгэж байжээ.

 

Х.О. Facebook, Twitter гээд хил хязгааргүй, асар олон хүнийг холбосон нийгмийн сүлжээ хүчээ авч, цахим ертөнц бидний амьдралын салшгүй хэсэг болчихлоо. “Цахим өртөө” цаашид чиглэлээ өөрчлөх үү?

Д.Ц. “Цахим өртөө” маань зөвхөн сүлжээгээр хязгаарлахгүй, ТББ, улмаар дээд сургуультай болж ч үзлээ. Энэ сүлжээгээр дамжуулан бие биетэйгээ санал бодлоо солилцсон, танилцсан нэг үе бүрэлдчихсэн байдаг нь мэдрэгддэг. “Цахим өртөө” сүлжээнд оргил үедээ бол 6000-7000 хүн бүртгэгдэж байв. Тэдний хувьд одоо яг улс орны ачааг үүрч яваа насныхан. Цахим Өртөө гээд хэлэхээр их багаар мэддэг уншдаг байсан байгаа хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл манай сүлжээтэй холбоотой, харьяалагддаг олон хүн гадаадад ч, Монголд ч бий. Тэгэхээр хамтраад, зөвлөлдөөд ямар нэгэн юм хийе гэхэд өөрийн гэсэн хөрс бүрэлдчихсэн байна гэсэн үг. Мэдээж хөрсөнд тохирох зөв үр суулгаж сайн арчилж байж үр дүнг нь хүртэнэ. Тэр тал дээр анхааран ажиллах чухал байна. Бидэнд алдаж эндсэн туршлагууд ч бий. Тэр бүгдээсээ суралцаад цаашид мэдлэг оюунд суурилсан бизнес тухайлбал сошиал интерпрайз хэлбэрээр нийгмийн оюун санаа мэдлэг оюуныг дээшлүүлэхэд чиглэсэн юмс хийх бодол байна.

2005 оноос Британийн монголчууд санаачлан, цахим өртөөний бүрдүүлсэн хөрсөн дээр суурилан “Монгол орны хөгжилд” www.md-forum.euчуулга уулзалтыг бид тасралтгүй 9 жил зохион байгууллаа. Энэ маань овоо хөл гараа олоод баруунд сурч буй Монголчуудын мэдлэг оюуны нэг чуулган болж хэлбэршиж байна. 10 дах чуулганаа Монголдоо хийцгээх юм. Энэ мэт хамтдаа хийж ирсэн, бодсон, төлөвлөсөн, зорьсон ажил бидэнд бий.

 

Үндэсний бахархал гэгч иргэн хүний зүрх сэтгэлд шингэсэн зөв үйлийнх нь ундарга хүч болж байхаас амтай бүхэн цэцэрхэж, арчаагүй явдлаа нуух арга хэрэгсэл биш байгаасай” гэж тэрбээр блогтоо бичжээ. Эх орноо гэсэн сэтгэл, хичээл зүтгэл, идэвх санаачилга, сайхан бүхний төлөөх тэмүүллээрээ тэр өөрийнхөө төдийгүй олон хүний өнөөдрийг дүүрэн байлгахын төлөө зорьж явна.

Элчин сайд Н.Тулга Хюго Сваиртай уулзжээ

Elchin Said TulgaМонгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга Британийн Гадаад хэрэг, Хамтын нөхөрлөлийн яамны Төрийн сайд, Парламентын гишүүн Хюго Сваиртай 7 сарын 29-нд уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа болон хоёр орны хоорондын улс төр, эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, боловсрол, соёл урлагийн салбарын харилцааг цаашид идэвхжүүлэх зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвээр ярилцлаа.
Мөн Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жил Британийн Гадаад хэргийн сайд Уиллиам Хейгийн болон бусад айлчлалын талаар ярилцсан төдийгүй ирэх онд хоёр талаас хэрэгжүүлэх айлчлалууд, бусад арга хэмжээний тухай санал солилцов.
Энэ үеэр Британийн Засгийн газраас тус улсын хувийн хэвшил гадаад улс орнуудад хөрөнгө оруулалт хийх, тэр дундаа Монголын зах зээлд бизнес хийх боломжийг өргөжүүлэхийн төлөө манай талтай тууштай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг илэрхийлж, Монголын бизнес эрхлэгчид Британид үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулах орон зай, зах зээл нээлттэй байгаа тухай мэдээллээ.
Түүнчлэн, боловсрол, соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг хоёр тал хоёулаа эрмэлзэж байгаагаа илэрхийлээд, эхний ээлжинд Монгол оюутнуудад Британийн Засгийн газраас олгодог Чевнингийн сургалтын тэтгэлгийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэн, энэ талаар анхаарч ажиллахаа нотлов.

А.АМАР
 
Эх сурвалж: www.news.mn

Лондонгийн Монгол Наадам – 2013

Британийн Монголчуудын Баяр Наадмын ажиллагаа 7 сарын 13-нд Лондон хотын баруун урд дүүрэг дах Wimbledon Ground зүлэг ногоон талбайд ёслол төгөлдөр боллоо.

Наадмын ажиллагааг Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголчуудын Холбооноос Британи дах Монгол Оюутны Холбоо, Mongolia Connect Group,  Broadway Beauty saloon, Mongol Pub, MM Service Ltd зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулав.

Мотортон хөлөглөсөн Монгол наадмын нээлт

Газар газартаа зохицуулан гадаадад суугаа Монголчууд маань нааддаг. Лондонгийн наадмын энэ жилийн нээлт нэгэн сюрприз байсан нь задгай машинаар цагаан тугаа залж зургаан мотоциклоор хамгаалуулан наадмын талбайд Толин хулын аянд довтолгон орж ирсэн явдал байв. Цөөхөн хоногт өөрийн боломжиндоо тулгуурлан танил нөхдөө дуудан энэхүү өвөрмөц аргаар туг залах санааг урлагийн тоглолтын найруулагч М.Мөнзоригт маань гарган найруулсан нь наадамчдын сэтгэлд нийцэж уухайн түрлэгээр мялаалгав. Туг залсны дараа элчин сайдл Н.Тулга наадмын ажиллагааг нээж үг хэлснээр 2013 оны Британийн Монголчуудын баяр наадмын ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ.

Наадмын нээлтийн ажиллагааг Оюунчимэг эгч, Давааням нар хөтлөж,  морин хуурын татлага, төгөлдөр хуурын ая эгшиг, эрийн гурван наадмын үе залган оршихийн бэлэгдэл үзүүлбэр, Даваанямын зохиосон ая дууны мэндчилгээгээр урлагийн тоглолт бүрджээ.

Мөн Төвдийн ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэгч, залуу дуучин Намцо наадмын ажиллагааг дэмжин ая дуугаа өргөв.

 

Хүн бүр харах бөхтэй хүчит бөхийн барилдаан

Энэ жилийн наадамд залуус маань элдвээр гуйлгаж цоровдуулалгүй өөрсдийн идэвхээр олноороо барилдсан нь майхан бүр өөрсдийн харах бөхтэй болгож наадмын бөхийг сонирхолтой өргөн түмний оролцоотой болголоо. Бөхийн давааны боорцогийг Монгол Пабны Болдоогийн гэр бүл амттай сайхан хийжээ.

 

Монголчууд аа, сонгуульдаа идэвхитэй оролцоцгооё!

Click to youtube videoЭх нутгаасаа алс хол суун, эх орныхоо хөгжилд оюун хөдөлмөрөөрөө үнэлшгүй их хувь нэмэр оруулж буй монголчууд аа! Дэлхийг бүрхэн байгаа монголчуудын холбоод, сүлжээнүүд ээ!
Та бүхэнд хандан гаргасан энэхүү УРИАЛГА-г дэмжиж нэгдээрэй! Дэмжиж байгаа бол бүгд хойш суулгүй шэйр, ритвит, лайк хийж түгээгээрэй!

Please share & Retweet!

Монгол урлаг соёл, монгол хоолны өдөрлөг бoлoв

Британийн Монголчууд 5 дугаар сарын 16-ны өдөр Лондон хотын Олон Улсын Оюутны Байранд (ОУОБ) Монголын урлаг соёл, монгол хоолны өдрийг амжилттай зохион байгууллаа. Лондон хотод суралцах хугацаандаа уг байранд амьдарч байсан үе үеийн оюутан сурагч болон тэдний гэр бүлд 90-д оноос хойш тусалж дэмжиж байсан энэхүү байрны хамт олон, мөн одоо амьдарч байгаа газар газрын оюутануудтай Монгол салхийг амтлуулсан таатай сайхан үдшийг бүгд хамтдаа баясан өнгөрүүллээ. ОУОБ-ны захирлууд болох Петр Анвил, Кевин Койн, Жон Волф нарын хувьд энэхүү монгол ахуйг мэдэрсэн орой анхны тохиол  нь байгаагүй юм. Тэд 2011 онд Монголд айлчлан очиж ОУОБ-д амьдарч байгаад Монгол орондоо эргэн очиж төрийн болон хувийн секторт сурсан мэдсэнээ амжилттай  хэрэгжүүлэн амьдарч буй оюутнууд, тэдний гэр бүл нийлсэн 30-aaд хүмүүстэй уулзахын ялдамд, Монголд байх хугацаандaa монгол ахуй, монгол соёлтой танилцаж монголчууд бидэнд сэтгэлийн гүнээс таатай сайхан хандах болсон билээ.

Лондон хотын ОУОБ –д болсон эл үйл ажиллагаанд Лондон дахь Монголын урлаг соёл, Лингуа Глобал ХХК, Британийн Монголчуудын Холбоо, Британийн Монгол Оюутнуудын Холбооны төлөөлөгч гишүүд оролцон монгол соёлоо сурталчилахад хувь нэмэр оруулсан юм. Үүнээс гадна Монгол Пабны хамт олон амттай сайхан монгол хоолоор, мөн ОУОБ-д амьдран суугаа монгол гэр бүлүүд  идээний дээж Чингис, Соёмбо архиар хүрэлцэн ирэгсдийг дайлж баярлуулсныг дурьдах нь зүйтэй байх. Ийм тааламжтай сайхан үдшийг зохион байгуулсан Ж. Өнөрмаадаа (Лингуа Глобал ХХК/БМХ) болон ОУОБ-н ажилчид, албан хаагчид, тэр дундаа Кевин Койн, Ами Хэер, Алекс  Менас мөн тэдний арын багийханд талархаж буйгаа илэрхийлье. Хүрэлцэн ирсэн зочдыг баясгасан Майкл Ормистон (хөөмий), М. Мөнхзориг (Бүжиг / Бөхийн үзүүлбэр), О. Одгэрэл (Морин хуурч ), Ц. Батбаяр (монгол баатар/бөхийн үзүүлбэр), Х. Улсболд (бөхийн тайлбарлагч, засуул/БМОХ), Д. Ням (бөхийн засуул), Б. Цэрэнбат (бөхийн  зодог шуудаг, дээл хувцас/БМХ), Сэргэлэн (монгол баатрын өмсгөл) нартаа баярлалаа. Мөн гэрэл зураг авч, бэлтгэлийн ажилд тусалсан Ц. Азхүү, У. Ганзориг болон тэдний гэр бүл, тус арга хэмжээн дээр Монгол хувцсаараа гоёж үдшийн чимэг болсон хамгийн бяцхан зочин Г. Ирмүүн, Монгол хоолны амтыг гадаад зочдод үзүүлэн биднийг дайлсан Д. Болд, Алтан болон тэдний багийханд талархал илэрхийлье.

Арга хэмжээний зургуудыг эндээс сонирхоорой:  http://mongolianartlondon.wordpress.com/