Оюунлаг Оршихуй цуврал уулзалт 51 дэх дугаар ТННЭ-ээс санаачлан Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монгол Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн цуврал арга хэмжээний нэг болгон зохион байгуулах “НУТАГ- Монголчуудын нүүдэллэх ухаан”  үзэсгэлэнтэй холбогдуулан хийгдэж байна.

Ингээд уламжлал ёсоор зочин илтгэгч нартай хийсэн “бие халаах” товч ярилцлагыг хүргэж байна.


Др Байвалын БАТХИШИГ. 2012 онд АНУ-н Kолородагийн Их Сургуульд бэлчээр ба байгалийн экосистемийн Докторын зэрэг хамгаалсан, 2015 онд Тогтвортой Ноос Ноолуурын Олон Улсын Эвсэлийг хамтран үүсгэн байгуулагч, Монгол дах Салбраын захирал.  

  1. Та 2012 онд Монголчуудын “нутаг ухаан” хэмээх үзэл санааг судалсан эрдмийн ажлаараа бэлчээр ба байгалийн экосистемийн Докторын зэрэг хамгаалсан. Нээрээ л нутаг гэхээр уул ус ээж аав дүрслэгдээд зогсохгүй өсөж төрсөн нутгийн ахуй соёл, үүх түүх, амьдрах ухаан түүнийгээ хайрлан хадгалах өвлүүлж уламжлуулах гээд олон мэдрэмж сэтгэлд зэрэг төрдгийг гадаадад суугаа Монголчууд сайн мэдэх байх. Та эрдмийн ажлаараа энэ бүгдийг яаж илэрхийлж харуулсан тухайгаа товч хуучилахгүй юу.

Судалгаандаа энэ сэдвийг хүрээнд дүн шинжилгээ хийнэ гэж огт зориогүй явсан. Уур амьсгал-нийгэм-улс төр-эдийн засгийн хавсармал шинжтэй хүний нөлөөнөөс тохиолдож буй хувьсан өөрчлөлтөд Монголын бэлчээрийн мал аж ахуй эрхэлж буй малчид хэрхэн дасан зохицож, даван туулж буйг судлах зорилготой байсан. Бидэнд өөрт хөгжил дэвшлийн ямар нөөц, мэдлэг, ур чадвар, бололцоо байсан болоод аль нь алдагдаж устаж буйг олон талт шинжлэх ухаан салбар дамнан онол аргазүйг түшин судалсан.

Монгол төдийгүй дэлхий нийтээрээ нүүр тулж байгаа томоохон нийтлэг сорилтууд бидэнд байна. Үндэсний уламжлалт гэх ардын мэдлэг, үйлс ухааныг Орчин үеийн шинжлэх ухааны онол аргазүйтэй харьцуулан харах зорилгоор цогц шинжилгээ хийсэн нь гадаад дотоодыг хөгжлийг холбох, монголынхоо мал аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн гадаадад гаргах, өөрсдийн оршин тогтнох үзэл баримтлалыг дөвийлгөх зэрэг зорилгыг давхар агуулсан.

Үүний тулд 4 жилийн хугацаанд нийт бараг 500 гаруй малчин эгэл хүмүүстэй судалгаагаар уулзаж, 10 удаагийн аялалаар 100 гаруй хоног явснаар би энэ бүхнийг шинжлэх ухааныг хөгжүүлэхэд зориулж байна уу, өөрийнхөө эрдмийн цолоо хүртэх гэж зорьж байна уу, ер нь юуны төлөө вэ гэдэгтээ эргэлзэж эхэлсэн. Хүн-байгалийн шүтэлцээ, найр тавих ёс, уул усаа аргадах, өвөг дээдэс, эх нялхас халамжлах, мал амьтантай зэрэгцээ орших, идээ будаа зооглох, урлаг соёлоо хадгалах, нүүдэл суудал хийх гээд агуу дуусашгүй, барашгүй дадал, үйлс ухаан байгааг хараад орчин үеийн шинжлэх ухааны бүхий л үзэл нь амьдрал дээр зуун зуун жилийн турш нэвтэрч миний болон бидний цусанд шингэж, сэтгэлд хоногшсон байдгийг олж харсан.

  1. Та ТННЭ-г хамтран үүсгэн байгуулагч, газар дээр нь энэ байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлж яваа хүн. Эрдмийн тань ажил хийгээд амьдрал дээр хийж бүтээж яваа хоёр тань нягт холбоотой юм. Тогтвортой хөгжил хийгээд Нутаг үзэл санааны хоорондох уялдааны талаар

Тогтвортой хөгжил гэдгийн энгийн үгээр оршин тогтнох чанар гэж ойлгож болно. Нутаг ухаан бол аливаа зүйлсийг цул бүхлээр харах, бүрэлдэхүүн хэсгээр нь ойлгож хүлээн авах ухаан юм. Энэ нь хайрцлагдсан мэдлэг биш, харин сфер буюу бүхлээр нь харилцан шүтэлцээ хамаарлыг бодолцох ухаан юм байна. Сүүлийн үеийн тогтвортой олон хөгжлийн чиг хандлагад бидний ертөнцийг үзэх үзэл шууд тохироод байна гэж хэлж болно. Тиймээс тайлбар гаргахад, ажил үүргээ хийхэд гадны үг нэр томьёо, гадны онолын зэрэгцээ өөрсдийнхөө түүх үндэстэн нутгийн онцлогоо үгүйсгэлгүйгээр харин бүр товойлгож, урлаг, боловсрол, төсөл, худалдаа арилжаа гэх мэт бүх талбарт тусгах хэрэгтэй. Үүний нэг жишээ илрэл ТННЭ (Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл)  болж байна.

Удахгүй Лондонд та бүхэнтэй уулзаж өөрийн судалгаа шинжилгээний ажил болоод өдөр тутмын ажил үйлсийнхээ талаар ярилцаж, санал бодлоо солилцох гэж буй даа туйлын баяртай байна. Энэ дашрамд биднийг дэмжин хамтран ажиллаж буй Элчин сайдын яамны хамт олонд мөн мөн Оюунлаг Оршихуй цувралдаа урьж оролцуулж буй Та бүхэнд гүнээ талархаж байгааг минь хүлээн авна уу!


Гэрэл зурагчин Пүрвээгийн БАТТУЛГА Сэтгүүлч мэргэжилтэй. 1994 оноос гэрэл зураг авч эхэлсэн. Нүүдэлчин ахуй, монгол угсаатны өв соёлын чиглэлээр бичиж нийтэлдэг, фото цувралууд авдаг. Гэрэл зургийн бүтээлүүдээрээ 2016, 2019 онуудад Англи, АНУ-д хатарсан үзэсгэлэнд оролцож байсан. 2015 онд монгол үндэсний хөгжмийн зэмсгүүд болон бүсгүй хүнийг илэрхийлсэн “Хос эгшиг” үзэсгэлэн ном гаргасан. Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн даргын сонгуультай. 2018 оноос “Монгол угсаатны өв соёлын “ЭГЭЛ” төсөл”-ийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд SFA-тай хамтран “НУТАГ-монголчуудын нүүдэллэх ухаан” гэрэл зургийн цомог, үзэсгэлэнг Та бүхэнд дэлгэж байна.

  1. Та малчин түмний эргэх дөрвөн цагт малынхаа аясыг даган нүүдэллэх ухаан , өнөө хэр оршин байгаа ахуй соёлыг харуулсан гэрэл зураг, бичлэгийн арвин их сантай болжээ. Уг нь та чинь сэтгүүлч, нийтлэлч атал гэрэл зураг руу орж явчихсан байх юм. Санаа сэдэл яаж төрөв, хэдэн жил энэ чиглэлээр ажиллаж байна даа.

Уг нь би сэтгүүлч болох хүсэлтэй байлаа. 1995 онд тухайн үеийн Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд ажилд орохоор очиход  “Гэрэл зургийн сурвалжлагчаар ажилла” гэсэн. Тэгээд л нэг мэдэхэд л “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” зэрэг өдөр тутмын сонинд 10 орчим жил гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласан байв. 2005 оноос мөн л өдөр тутмын сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, орлогч эрхлэгч зэрэг бичдэг сэтгүүл зүйн чиглэлээр цөөнгүй жил буюу 2012 он хүртэл ажиллажээ. 2012 оноос өөрийн фото студийг байгуулж үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл явуулж байгаа ч сонинд ажиллаж байсан сэтгэл зүй, тэр дадал зуршлаа их үгүйлдэг юм билээ. Угаас өөрийн өссөн ахуй, уламжлалт өв соёл, нүүдэлчдийн эгэл энгийн хэрнээ аугаа гэж итгэдэг тэрхүү ухааныг дарсан гэрэл зурагтаа ч, бичсэн нийтлэл сурвалжлагдаа ч аль болох орхигдуулахгүйг хичээдэг байсан нь явсаар 2018 оноос “Монгол угсаатны өв соёлын “ЭГЭЛ” төсөл”-өө санаачлан эхлүүлэхэд хүргэсэн болов уу. Уламжлалт монгол өв соёл гэдэг бүдгэрч, алсарч байгаа энэ сэдэв агуулга дэндүү том, дэндүү өргөн ойлголт юм. Сэдэв бүр дээр ажиллахад хамгийн багадаа дөрвөн жил ноцолдож байж зах зухыг нь гадарлах юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Миний тухайд “Нүүдэл” гэсэн дэд сэдвээр өнгөрсөн хугацаанд ажиллаа. Үүнийгээ нэг тайлагнах, алдаа оноогоо олж харах гэсэн хүсэл маань доктор Б.Батхишигийн “Нутаг ухаан” гэсэн эрдмийн ажлын агуулга, мөн чанартай нэг цэгт огтлолцож байна гэсэн итгэл үнэмшлээр “НУТАГ- Монголчуудын нүүдэллэх ухаан”  ном, үзэсгэлэнгээ дэлгэхээр зориглоод байна.

  1. Хөдөө явж байхад бодогддог, харамсдаг хийгээд бахархадаг зүйл юу байдаг вэ.

Хаана уламжлалт нүүдэл байна, ердийн хөсгөөр хэн нүүж байна, тэдний нүүдэл хэзээ хөдлөх вэ гэдгийг өөрийнхөө хэр хэмжээнд судлан тогтоож, болж өгвөл тэрхүү малчидтай урьдчилан холбоо барьж, нийслэлээс багаа бүрдүүлэн хийгээд цор ганцаараа гарч давхин, зураг дүрс бичлэг хийсээр олон TB (терабайт) сан бүрдүүлжээ. Ингэж явах зуур хүүхэд залуус гэлтгүй идэр дунд насныхан, төв суурин бараадан олон жил болсон ахмадууд өв соёлоо, оноосон нэр хэл хэллэгээ, зан үйл ёс заншлаа, дом шившилгээ, эдлэл хэрэглэлээ орхигдуулан, мартан гээж байгаа нь алхам тутамд анзаарагддаг нь сэтгэл эмзэглүүлдэг. Гэвч хэдий ховордсон ч гэлээ өнөөдөр тэмээндээ нуруу ачин элсэн манханаа давж буй, үхэр шараа тэргэнд хөллөн нэг талдаа 300 км 10 хоног нүүн өвлийн отор хийж байгаа хангай нутгийнхан, гаднаа 50 гаруй тэмээн тэрэгтэй гавьяат малчин өвгөн байгаа зэрэг нь намайг нэг талаар аз жаргалтай, бахархалтай болгодог. Азтай ч гэж хэлж болох юм. Миний энэ нүүдэл сэдвээр авч үлдээж буй гэрэл зургийн сан урлагийн бүтээл (зөвхөн маш цөөхөн нь) байж болох ч ирээдүйд, бүр ойрын ирээдүйд, 15-20 жилийн дараа залууст, эрдэмтэн судлаачдад судлагдахуун, өв болон үлдэнэ гэж итгэж байна. Хөдөөх малчдын хэл яриа, эдлэл хэрэглэл, хувцас хунар хэдийгээр маш хурдацтай өөрчлөгдөж байгаа нь цагийн аяс биз ээ. Хэдий ийм ч гэлээ цаад угандаа, мөн чанартаа, сэтгэл зүрхэндээ монгол малчдад нүүдэлчин ухаан нь, нутаг ухаан нь бат нот хадаатай байдаг билээ.

  1. Та бүтээлүүдээрээ зургийн цомог гаргаж байна. Монголын байгаль орчин нүүдэлчин ахуйг үзүүлсэн зурагт цомгууд нилээд байдаг Таны бүтээлийн ялгарах онцлог юу байна

Сэтгүүлчээр ажиллаж байсны давуу тал маань аливаа зураг, цуврал бүтээлд зөв өгсөн, зөв оноосон тайлбар байдаг. Ямар нэгэн кадр сайн тайлбартай байж, түүнтэйгээ хоршин нийлж чадвал өөрийн үүргээ 100 хувь биелүүлэх тэр тал руугаа дөхдөг болов уу гэж боддог. Мөн тайлбар гэдэг уянгын халил, уран зохиол гэхээсээ баримт, мэдээлэл байж чадвал илүү сонирхолтой болно гэж ч итгэдэг. “НУТАГ- Монголчуудын нүүдэллэх ухаан”  ном цомог маань шинжлэх ухаанч тайлбар, тухайн нүүдэлч малчдын хэлсэн үг санаа, эрдэмтэн судлаачдын тодорхойлолт ойллого зэргээр баяжуулах гэж хичээснээрээ ялгарах байх аа. Мөн куратортой хамтарч ажилласнаараа онцлог болж чадсан болов уу. Өөрийн кадрууд өөрт хэт таалагдах, тухайн зураг авсан үндсэн үйл явдалдаа автах зэргээр сонголтын алдаа гаргах нь элбэг байдаг. Тэр бүхнээс зайлсхийж чадсан хэмээн найдаж байна. Ном үзэсгэлэнгийн маань куратороор энэ удаа Англи дах Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа ажиллаж байгаад талархал илэрхийлье.

  1. Яг та бид 2-г энэ яриагаа цахим хэлбэрээр солилцон байтал та Англид ирж амжихгүй болчихлоо.

Харамсалтай нь тэглээ. Гэхдээ цахим хэлбэрээр оролцох боломж бий болж байна. Ингэж оролцох техникийн нөхцлөөр хангах болсон Британид суугаа Элчин сайд Б.Энхсүхэд гүнээ талархаж буйгаа илэрхийлье

 

Leave a Reply

Your email address will not be published.