2 жил завсарласан наадам хотлоороо цэнгэсэн өргөн боллоо. Энэ жилийн наадамд хүүхэд зочидтойгоо нийлээд нийт 700 орчим наадамчид хуран цугласан нь Лондонгийн хувьд хамгийн олуулаа наадсан наадам болов. Наадамчдын 200 орчим нь Монголыг сонирхогчид, манай хүргэн бэрүүд, тэдний найз нөхөд эзэлж байсан нь баяр наадмыг маань Британичууд хүсэн хүлээдэг сонирхон үздэг, бүр хамтран зохион байгуулдаг арга хэмжээ болж хэлбэршиж буйн илрэл. Наадамд оролцохоор хэдэн зуу, мянган км-ийн цаанаас тухайлбал Монголоос ая эгшигтэйгээ, Шотландаас дээлтэйгээ, Манчестероос майхантайгаа, Нотинхамаас гэртэйгээ, Ливерпуул, Лейстер, Хервортшэйр, Бристолоос галт тэрэг, машинаар найз нөхөд гэр бүлээрээ ирцгээжээ. Наадмын талбайг тойрон 40 гаран асар майхан, гэр 2 эгнээгээр өнгө алаглан босож, тус бүртээ идээ будаагаа засаж, айраг ундаагаа сөгнөж, үндэсний хувцасаараа гоёсон наадамчид бие биенээрээ зочилж, өнгөрсөн 2 жилд өөрсдийнхөө өтөлсөнийг, үр хүүхдүүдийнхээ том болсоныг гайхацгаан сонин сайхнаа дэлгэн суух нь эгээ л Монголдоо очсон мэт. Үүн дээр нэмэгдээд Өвөр Монголчууд, Буриадууд, Хазар Монголчууд цөөнгүй ирсэн нь, барилдсан нь, зоогийн асар ажиллуулсан нь, Монгол үндэстний наадам болох шинжийг бүрдүүлэв.Болд мэргэний майхан, Cusina Catering-н асар талбайн хоёр талд наадмын амттай хуушуураар таслалгүй гэдэс цатгаж, Mоnkutsa ресторан хүйтэн шар айргаар цангаа тайлж, мөхөөлдөсний тэрэг хүүхдүүдийн дараалалд дарагдаж, номын, гар урлалын, гоо сайхны барааны худалдаа энд тэндгүй явагдаж, гэрэл зурагчин П.Баттулгын нүүдэлчин ахуйг үзүүлсэн НУТАГ үзэсгэлэн Монгол ухааныг амтлуулж, балчир хүүхдүүд хэл ус, өнгө зүс ялгалгүй тэрхэн зуур танилцан энэхэн зуур тоглож, хүчтэнгүүд барилдаж, мэргэнүүд харваж, сайхан хувцастнууд холхиж, хүүхдүүд уралдаж, залуус сагс тоглож, зарим нь халамцаж, зарим нь сэтгэлээ нээж, магадгүй зарим нь дурлаж, ёстой нэг шинэ цагийн “Монголын нэг өдөр” наадмын талбайд “зурагдаж” байлаа.
Наадмын бэлтгэл сайн байж гэмээ нь наадам сайхан болдог. Энэ жилийн наадамд сэтгэл зүтгэлээрээ зарим маань их эртнээс бэлдсэн байв. Түүний нэг жишээ нь туг байлаа.
Шинэ туг, суурь бүтсэн түүх
2019 оны наадмаар ашиглагдахад бэрх болсон тугны суурийг хараад Лондонгийн наадамдаа 2 ч удаа зодоглосон залуу бөх Робин маань “дараа жилийн наадамд би та нарт шинэ бат бөх суурь хийж өгнө” гэж амласнаас эхтэй. Ингээд ёстой жинхэнэ есөн хөлт цагаан тугийг бат бөх суурьтай нь хийхээр зориг шулуудсаныг Монгол дах хадам ах Ган Дизайн компанийн захирал М.Эрдэнэбаатар нь дэмжиж зэвэрч хуучирдаггүй алтадмал ган хүрээтэй асаж бадарсан дөлийг алхан хээтэй суурь хүрээтэй нь урлан, цагаан адууны сүүлний хамт Монголоос Англи руу каргодон илгээснээр, түүнд таарах бат бөх эвхэгдэж хураагддаг суурийг инженерийн ухаан ашиглан Робин маань бүтээснээр энэ жилийн болоод ирэх он жилүүдийн Лондонгийн наадмыг чимэх туг маань бэлэн болсон түүхтэй. Модон суурийг бүрэх шаргал унжлагатай ногоон даавуун бүрээсийг Роз маань урлав.
Шинэ сайдын сэтгэл шингэсэн, олноороо идэвхийлсэн наадам
Шинээр томилгодон ирсэн элчин сайд Б.Энхсүх Британийн Монголчуудынхаа наадмыг дэлгэр сайхан хийхийг ихэд хичээж наадмын Зохион байгуулах комиссийг 5 сард элчин сайдын яамнаа бүрдүүлэн ажил үүргээ хэлэлцэн Британи дахь Монголчуудын байгууллага ч өмнөх наадмуудыг хамтран хийдэг уламжлалуудаараа чиглэл чиглэлийн ажлуудаа хуваан авч наадмын бэлтгэл ажилдаа орсон. Сайд элчин сайдын яамны нэрэмжит Түрүү бөхийн цомыг санаачилж, мөн наадмаа өргөн дэлгэр болгох хөшүүрэг болгон анх удаа наадамчдаас нэг азтай үзэгчийг тасалбарын дугаараар шалгаруулж Франкфурт-Улаанбаатар-Франкфуртын чиглэлийн нислэгийн тийзээр ивээн тэтгэн урамшуулахаар болов.
Наадмын комисст багтдаг Англи дахь Үндэсний Бөх Сонирхогчдын Клуб, Шагайн Холбоо, Сагсан бөмбөгийн MONBRIT клуб, Гүйгчдийн Клуб, Beauty Broadway saloon, Anir Anun Clinic, МУСТА М.Мөнзоригт, Д.Очирбат , Ж.Отгонбаяр, Халиунаа, Ж.Ганзориг, Монгол улсын Соёлын элч Ж.Өнөрмаа, Азаа Студийн Азаа захирал, ЖСтудиМН-ын Ганзориг, Др.Саранзаяа, Х.Бадрал нар гээд хийж гүйцэтгэж ирсэн дор бүрийн ажлаа хариуцан авч идэвхийлэн бэлдэж ажиллав.
Урлагийн одуудаар дүүрэн наадмын нээлт
Наадмын урлагийн тоглолт гэдэг тэр өдрийн хөөр баярын эхлэл байдаг. Нээлт сайхан болбол наадам сайхан болчихдог нягууртай тул жил бүрийн урлагийн тоглолтыг найруулдаг МУСТА М.Мөнхзоригт маань энэ жил олон одуудын явдал суудлыг тааруулан Лондонгийн наадмын нээлтээ ёстой өдрөө биш жилээ даах хэмжээнд зохион байгуулжээ. Олон зүйлсийн тохироо бүрдэж ёстой юм цаанаасаа гэдэг шиг л юм болсон аж. Ингээд Зууны манлай поп дуучин МУГЖ Б.Сарантуяа, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрийн найрал дуучин Э.Амарсайн, нэрд гарч буй авъяаслаг уран бүтээлч, дуучин Наагий нарын ая дуутай, МУСТАжилтан Ш.Батболд, залуу уран бүтээлч Ц.Сэлэнгэ нарын мэргэжлийн хөтлөгчтэй наадам гэдэг үнэхээр наадамчин түмний сэтгэлийг баясгасан тоглолт бололгүй яахав. Зоригоо маань ч үндэсний бүжгээр нээлтээ чимэглэж, Mongolian Community Orgnaisation-н авъаяслаг хүүхдүүдийн урлагын үзүүлбэрүүд эцэг эх, наадамчин олноо баясгав. Урлагийн тоглолтууд, ерөөс наадмын бүхий л хөг аязыг Британийн Монголчууд андахгүй ДЖ Цогоо маань тун сайхан найруулан гүйцэтгэлээ.
Өрсөлдөөн ихтэй, шинэ ангилалтай Үндэсний бөхийн барилдаан
Өмнөх жилүүдийн наадамд нэгийн даваанд 32 бөхөө дүүргэх гэж хүүхдүүдийг ч хүртэл гаргадаг байсан бол энэ жил залуус санаачилгатай, идэвхитэй байснаар бөх арвинтай сайхан наадам боллоо. Төв аймгийн Баян сумын харъяат Манчестерийн суугуул сумын заан Б.Батбилэг Лондонгийнхоо наадамд 2 дахь удаагаа түрүүлж Элчин сайдын нэрэмжит шилжин явах цомыг гардсан анхны түрүү бөх болов. Үзүүр бөхөөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул Манчестерийн суугуул А.Ганболд тодров. Сүүлийн жилүүдэд хаа холын Манчестераас байнга бөхчүүдээ дагуулан ирж барилдан хэдэнтээ шөвгөрсөн тэрээр энэ жил үзүүрлэж Лондонгийн начин цол хүртэж буй нь энэ.
Шөвгийн 4-д мөн олон жил Лондонгийн наадамдаа хүч бяраа үзүүлэн наадамчин олноо баясгаж буй Говь-Алтай аймгийн Гуулин сумын харьяат сумын заан Д.Баасандорж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат Лондонгийн начин П. Ганзориг нар шалгарав.
Монгол бөхийн төрлөөр хар багаасаа цамц дээлээ уралцаж өссөн Монголчууд л хамгийн сайн барилддаг. Тиймээс ч бие хаа томтой, бяр тэнхээ ихтэй ч гадны бөхчүүд ихэнхдээ 1,2 даваанаас цааш явдагүй. Лондонгийн наадамд Монгол бөхийн бүрэн өмсгөлтэй, сүүлийн 2,3 жил тогтмол барилдаж буй Элбиз, Робин зэрэг гадаад бөхчүүд бий. Манай бусад хүргэд, залуус ч сонирхон нэгийн даваанд гарч ирдэг. Иймд нэг талаар Монгол бөхөө илүүтэй сурталчилах, нөгөө талаар наадмаа амархан дуусгаад урамгүйхэн буцаахгүйн тулд барилдаан мэх ойролцоо гадаад бөхчүүдээ хооронд нь барилдуулсан Гадаад бөхчүүдийн тусгай барилдаан энэ жилээс эхлэн зохион байгуулахаар Наадмын комисс шийдсэн байв. Ингээд энэ жил 6 бөх бүртгүүлэн барилдсанаас Лондонгийн наадамд өмнө нэгэнтээ шөвгөрч Лондонгийн начин цол хүртсэн, Турк угсааны Британи иргэн Элбиз Бисон түрүүлж, Английн иргэн Робин Фелл үзүүрлэн Өвөр Монголын бөх Хушууч, Элбэг нар шөвгийн дөрөвт шалгарлаа. Ирэх жил энэ ангилалын бөхийн барилдаан илүү олныг хамрах шинжтэй нь үзэж суусан зарим хүргэд маань Монгол бөхийн өмсгөл авчруулах талаар эхнэр болон найз охиддоо өгүүлж буйгаас тодорхой болов.
Хүүхдийн барилдаан насны 2 ангилалаар болж 7-10 насны ангилалд Хүдэрсүрэн овогтой Баярсүрэн түрүүлж, Баасанжавын Joshua үзүүрлэлээ. 11-16 насны ангилалд Г.Тэлмүүн түрүүлж, Ариунболд үзүүрлэж, С. Ананд, Очир нар шөвгөрлөө. Хүүхдүүийн барилдааны үзүүр түрүүнд сагсан бөмбөгийн МОНБРИТ клуб, нэрэмжит Өргөмжлөл урамшууллаа гардуулав.
Англид төрж өссөн ч ах нараа даган наадмын зүлэг ногоон дэмжээндээ гарч гараа дэвээ, барилдаанд суралцаж буй эдгээр хүүхдүүд маань ирэх жилийн наадмуудын бөхийн барилдааны залгамж халаанууд юм.
Энэ жилийн баяр наадмаар наадмын бөхийг сүүлийн жилүүдэд тогтвортой сайн засаж буй засуул Хүдэрбаатар, С.Шинэбаяр нар Хүндэт засуулын өргөмжлөл гардууллаа.
Үзүүлэн тоглолттой Үндэсний шагайн харваа
Британи дахь Монголчуудын Үндэсний Шагайн Харвааны Холбоо уламжлал ёсоор баяр наадмын нэрэмжит шагайн харваагаа зохион байгуулж аваргуудаа тодруулахдаа шигшээ тоглолтоо наадмын талбайн голд тус Холбооны Тэргүүн М.Машбаярын тайлбартайгаар тоглож үндэсний энэхүү өв уламжлалаа наадамчин олонд сурталчлан таниуллаа. Энэ жилийн харваанд Британид ирээд удаагүй байгаа Архангай аймгийн харьяат залуу харваач Т.Намхайдорж 16 онож тэргүүн байр Алтан медаль, мөнгөн шагнал 14 оносон С.Лхагвадорж(Дави) М.Машбаяр нар сум уралдаж удаах байруудыг эзэлж медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа. 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй БМШХ энэ жил тэмдэглэлт ойн баяраа тохиолдуулан Шагайн Холбооны нэрэмжит бусад олон төрлийн уралдаан тэмцээнүүдийг Британи дахь спортын бусад клубуудтэйгээ хамтран зохион байгуулж Британи дахь Монголчуудаа нэгтгэсэн сайхан санал санаачилга гарган ажиллаж буй нь бахдууштай.
Нас насны ангилалд хурдан хүүхдүүдийн тоос боссон уралдаанууд
Жил бүрийн наадам эхлэнгүүт хурдан хүүхдүүдээ сойж ирсэн уяач эцэг эхчүүд хүүхдийн уралдаан хэдэн цагт хаана болохыг асуух нь ихсэжээ. Энэ жил хурдан хүлгийн тоо улам олширч 100 гаруй хурдан хүүхдүүд 5 насны ангилалд уралдаж будилаан маргаангүй бүгд одтой сайхан давхицгаалаа. Уралдааныг уламжлал болгон зохион байгуулж буй Британи дахь Монгол гүйгчдын клуб ч бэлтгэлээ тун сайн базаасан нь харагдана.
Шагналын сангаа босгож эхний байруудад медальтай, бүх хүүхдэд гарын бэлэгтэй энэ наадамд уралдсан хүүхэд бүр урамтай хөөртэй байсан нь наадмыг улам баяр хөөртэй болгов. Ихэнхи “морьдын” хувьд уралдаанд эзэлсэн байр хамаагүй ууттай бэлгийн чамин нь наадамд ирсэн баяр хөөрийн эх аж.
Ингээд нас насны анлилал бүртээ эхний 3 байранд дараах хурдан хүүхдүүд эзэлж алт мөнгө хүрэл медаль өргөмжлөл бэлгийн хамт хүртлээ.
4-5 насны уралдаанд:
1- Өнөмөнх, 2- Ананд, 3- Маралжин
6-7 насны уралдаанд:
1- Шоон, 2- Мөнх Оргил, 3- Очирбатын Нандин & Баярбатын Нандин (давхцсан)
8-9 насны уралдаанд:
1- Түвшинбаяр, 2- Нарангоо, 3- Дөлгөөн
10-13 насны уралдаанд:
1- Жордон, 2- Максим, 3- Хүслэн
14-16 насны уралдаанд:
1- Даяан, 2- Тэнүүн, 3- Саяан
Наадмын өнгө Сайхан хувцастнууд
Наадамчид өнгө алагласан, хийц загвар сайхантай үндэсний хувцастай наадах нь тэр жилийн наадмын өнгө төрх, баяр хөөрийн нэгэн илэрхийлэл, Монголоо сурталчлах нэгэн хэлбэр болдог. Баяр наадмаар үндэсний хувцасаараа гоёж ирдэг, түүнийг нь урамшуулан шагнадаг уламжлал тогтсон. Энэ маань жилээс жилд өргөжин, наадамчдын гоёо ч улам бүр загварлаг өнгөлөг болж, энэ арга хэмжээг ивээн тэтгэгч, зохион байгуулагчид ч нэмэгдэн хамтран ажиллах болов. Өмнөх жилүүдийн тэмцээнийг ивээн тэтгэж зохион байгуулагч Broadway Beauty Saloon дээр Лондонгийн Fulham дүүрэгт олон жил ажилллаж буй Золзаяа захиралтай Anir Anun Clinic-ийн хамт олон хамтран зохион байгууллаа.
Хүүхэд, насанд хүрэгсэд, хос, гэр бүл гэсэн 4 ангилалаар шалгаруулж ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлэг Өргөмжлөл гардуулав. Байр эзэлсэн сайхан хувцастнуудын нэрсүүд хараахан ирээгүй тул зургуудаас үзээрэй.
3 онооны гоц мэргэдүүд тодров
Энэ жил сагсан бөмбөгийн МОНБРИТ клубээс залуус охидын дунд сагсан бөмбөгийн 3 онооны мэргэн буудагч шалгаруулах хөгжөөнт тоглоомыг зохион байгуулсан нь онц өрсөлдөөнтэй, гоц сонирхолтой болжээ. Уламжлал болон тогтох буй заа.
Сайдын шагнал Жилийн азтан
Энэ жилийн наадамчдын хамгийн азтай үзэгч тасалбарын дугаараараа элчин сайдын гарын шагнал эх нутагтаа ирж буцах МИАТ-н нислэгийн тийзийг С.Болд хожиж 9 сарын 1-ээс 12 сарын 31-ны хооронд эх орондоо зочилоод ирэх эрхийн бичгээр шагнагдав. Азтай одтой сайхан наадсан Болддоо халуун баяр хүргэе!
Талархал
Баяр наадмын бэлтгэл ажиллагаанд тусалж дэмжин наадмын талбайн холбогдолтой бүхий л асуудлыг шийдэж өгсөн Элчин сайд Б.Энхсүх, наадамдаа оролцож амжилгүй үүрэгт ажилаа дуусгаад нутаг буцсан Консул иргэдийн асуудал хариуцсан 1-р нарийн бичгийн дарга Г.Энхтуяа нартаа, Элчин сайдын яамны хамт олондоо гүнээ талархая.
Лондонгийн наадмыг ая эгшигээрээ сэрээн нээж, баяр хөөр, омогшил бахархалыг бэлэглэсэн Зууны Манлай поп дуучин МУГЖ Б.Сарантуяа, дуучин Э.Амарсайн, дуучин Наки, уран бүтээлч, хөтлөгч МУСТА, Ш.Батболд, Ц.Сэлэнгэ нартаа чин сэтгэлээсээ баярлалаа.
Наадмын бүхий л үйл ажиллагааны ая эгшгийг тохируулан найруулж наадамчин олныхоо сэтгэлийг Монгол наадмаар нь бүтэн өдөр хөглөн наадуулсан DJ Цогоодоо гүнээ талархая.
Дээдэлж залах сайхан тугийг хийж ирүүлсэн М.Эрдэнэбаатар захиралтай Ган Дизайн компанийн хамт олон, ирэх он жилүүдэд хэрэглэгдэх бат бэх суурь хийж өгсөн Робин, суурийг бүрэх шаргал унжлагатай ногоон даавуун бүрээсийг урлаж өгсөн Роз нартаа баярлалаа.
Наадмын үйл ажиллагааны Цахилгааны эх үүсвэр моторын тасралтгүй ажиллагааг бий болгож засаж сэлбэж өгсөн инженер Даваадорждоо баярлалаа.
Наадмын ажиллагааг өөрсдөө өчүүхэн ч баярлах завгүй сурвалжилж, үргэлжүүлэн мэдээллээ боловсруулан хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд хүргэж буй Азаа Студийн Ц.Азхүү, ЖСтудиМН-ын У.Ганориг хөтлөгч Др.М.Саранзаяа нартаа баярлалаа
Наадмыг зохион байгуулах багт орон гар сэтгэл нийлэн ажилласан Лондонгийн заан Ц.Батбаяр тэргүүнтэй Англи дахь Үндэсний Бөх Сонирхогчдын Клуб, Тод мэргэн М.Машбаяр тэргүүнтэй Британи дах Үндэсний Шагайн Холбоо, С.Батсайхан, С.Урангоо нараар ахлуулсан Сагсан бөмбөгийн MONBRIT клубын хамт олон, Д.Үднаран ахлагчтай Англи дахь Гүйгчдийн Клуб, С.Оюумаа ахлагтай Beauty Broadway saloon-ны хамт олон, Золзаяа захиралтай Anir Anun Clinic, Соёлын элч Ж.Өнөрмаа, МУСТА М.Мөнхзоригт, Д.Очирбат, Х.Бадрал, П.Энхсугар нартаа чин сэтгэлээсээ талархая!
Жил бүрийн наадмыг алдагдалгүй байлгах амаргүй ажлын хамгийн ачаалалтай хэсэг болох тасалбар таслах үүргийг гардан авч өдөржин ажилласан Британи дахь Гар бөмбөг сонирхогчдын клубын ахлагч З.Отгонбаяр, Соёлын элч Г.Халиунаа нартаа болон хамтран ажилласан Ж.Ганзориг нартаа онцгойлон талархая!
Наадмын өдөр үзэгч олноо баясган наранд шарагдаж өдөржин хүчит бөхөө зассан, хүндэт засуул Тэгшээ, Хүдрээ, Шинээ,… нартаа цол дуудсан уран сайханч Мэндбаяр, МУСТА Ш.Батболд нартаа гүнээ талархая!
Ил харагддаггүй ч энэ бүхний ард байдаг хүргэн, бэрүүддээ машид баярлалаа!
Эмх журамтай, энх мэнд, дэлгэр сайхан наадсан наадамчин олондоо баярлалаа!
Ирэх жилийн наадмаараа эргэн уулзацгаая!
————-
Azaa studio:
GstudioMN:
Khadaa Chuluunbat:
Тоймыг хураангуйлсан Д.Цэрэнбат

