Цас будралгүй бороо асгарсан
Цагаан биш ногоон өнгө зонхилсон
Шинэ оны зааг дах Лондонд
Дүн өвлийн Монголдоо мэт баярлацгаая
Хот хотоос олуулаа ирээрэй,
Хорь гучуулаа хөтлөлцөн ирээрэй.
Нас, хүйс ялгалгүй цуг ирээрэй,
Найз нөхдөө үлдээлгүй хамт ирээрэй.
Таны лавлаа асуултууд ба бидний үглээ хариултууд
Хаана болно гэв?
Лондон хотын баруун этгээдэд орших
Ёслол баяр түгээмэл зохиогддог
Хаммерсмит дүүрэг дэх нийтийн өргөөний
Хамгийн том Их танхимд зохиогдоно.
1000 хүн ч багтах зориулалтын энэ танхимд
Магад 400 зочин ирнэ хэмээн ширээ засагдана
Хэдээс эхлэх юм бол, цагтаа биз?
Уллаж хойш суулгуй 7 цагт ирвэл
Уртаашаа 8 цаг хүртэл үргэлжлэх
“Улаан хивсний ёслол”-д багтаж
Улаан цагаан дарсаар та дөрөө чангална
Учирч золгоогүй удсан нөхөдтэйгөө
Сatch up болж амжина
Шинэ жилийн цэнгүүн яг л 8 цагт эхлэнэ
Шилирч хоцорвол та л дутуу баярлана
Идэж уух юм юу байгаа юм бол, Тасалбартаа багтсан биз дээ?
Шарсан мах, амтат зууш
Шампаан дарс, ундаа, жимс
Нэгээс 40 хүртэл дугаарлагдан
Нилэнхүй танхимыг дүүргэн засагдсан
Баярын ширээ бүхэнд тавигдана
Тасалбарын үнэ £35-д бүгд багтана
Хөтөлбөрт нь яг юу байгаа юм бол?
Ил гаргаж бүгдийг дэлгэх “онц” хориотой ч
Энд бас “хорхой” хөдөлгөх хэдэн санаа дурдая
Элчин сайдын нээлтээр эхэлж
Элдэв сюрприз араасаа дагуулах
Шинэ жилийн баярын цэнгүүнээр Та
Уламжлал ёсоор Өвлийн өвгөнтэйгээ уулзана
Улиран одогч оны дурсамжуудаа сэдрээнэ
Олон хотын танигдаагүй авъяастнууд ил гарахыг үзнэ
Олимпийн алдартнуудынхаа мэндчилгээг толидоно
Эх орон тань та нарыгаа мартаагүйг харна
Эх орноо ч та бас санаж буйгаа мэдрэнэ
За тэгээд хадуурвал
Тасалбарын дугаараар азтан тодрохыг харан цагаахан атаархна
Тааж мэдэмгүй олон сайхан үзүүлбэрт эрхгүй баясан цэнгэнэ
Хэн нэг нь магадгүй хайраа илэрхийлэхийг итгэж ядан сонсоно
Хорвоогийн хамгийн гоо бүсгүй гэдгээ мэдрэн догдлон ичингүйрнэ .
Цаашлаад жаахан нууц дэлгэхэд
Цахилгаан хөгжимтэй хамтлаг хоёр ч байгаа гэнэ лээ
Цахилж эргэлдэх бүжгийн аяууд ч тэд амьдаар нь тоглоно гэнэ лээ
Залгаад диско эхэлж дэлбэ авах юм гэсэн…
За энэнээс ихийг ярьвал хэрэгт орох нь ээ
Хэн хэн зохион байгуулж байна?
Элчин сайдын яамнаас чигийг зурж, Монголчуудын Холбоо ерөнхийлөн зохицуулж,
Acton MongolPub, Нотингхамийн Монголчууд, Их Британи дах Монголын Бизнес Худалдааны Зөвлөл гардан оролцож,
Монголын Соёлын Төв, Lingua Global, SemonCashmere, Broadway Beauty, MM Export Service team дэмжлэг үзүүлж,
Фейсбоокийн UK-zar, байгууллагуудын цахим хуудас цаашлаад та бидний утасны зурвас, аман яриа зар мэдээлэл түгээх медиа талбараар ажиллаж байна
Өөр олон хувь хүн ажил байвал туслая хэмээж буйд талархан үйл хэрэг өрнөж хүн хүч хэрэгтэй болох үед хэл дуулгая хэмээн нөөцөлсөн буй
Нэмэгдэн оролцох байгууллагад нээлттэй гэдгийг энд бас дурдая
Танаас хүсэх бидний хүсэлт
Ширээ бүхэнд захиж хэлэхэд:
Шарсан махыг хирчиж бусдадаа түгээх
Шампаан дарсаа буудуулж тэнцүү хундагалах
Баяр цэнгээний хөгийг олох увидастай
Буруу хазгайг засан тохинуулах чадвартай
Найрын “ловон” тус бүр нэгийг томилж
Намба ёсыг алдалгүй сайхан баярлаарай
Албан байгууллага, омог бүлгүүдэд уриалахад
Өөрийн гэсэн өнгө утгатай
Өрөөл хараад баясах агуулгатай
Жилийн турш тохиолдсон зүйлсээ
Зураглан үзүүлж бүтээсэн
Ханийн сонин тус бүр нэгийг
Хамт олноороо урлан авчираарай
Олны таашаалд хүрсэн нэг самбарыг
Онцолж сонгон Өвөө шагнана гэлээ
Нэмэж дуулгахад:
Баярын сэтгэлээ хөглөх идээний дээжийг
Багадуулалгүй ихдүүлэлгүй хүртэхийг хүсвэл
Шар айраг, улаан цагаан дарс,
Сайн чанарын виски, водка, коктейль
Тунгаар нь бас шилээр нь
Танд борлуулах үйлчилгээ тэнд явагдана
Цагтаа эхэлж суналгүй тарах энэ жилийн баярын цэнгүүн
Цалгиж халгисан баяр хөөрөөр дүүрэн байж
Эрдэмд шамдсан оюутан залууст сурч мэдэхийн их эрч
Эд хурааж амьдрал төвхнүүлэх нэгэнд ажиллаж бүтээхийн их хүч бэлэглэх болтугай!

